Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2023/0024

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: А.Н,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Т нарын хоорондын  төрийн албаны  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н, түүний өмгөөлөгч Х.З, Л.Б /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1.Нэхэмжлэгч А.Н нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “А.Н сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/27 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” -оор маргаж байна.

           2. Маргаан бүхий захирамжаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.Н нь хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдсон нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2022 оны  12 дугаар сарын 23-ны  өдрөөс эхлэн үүрэгт ажлаас огцруулсан.

           3.Уг 2022 оны 12 дугаар  сарын 23-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг нэхэмжлэгч А.Н нь12 дугаар  сарын 29-ний өдөр хүлээн авсан ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр  тушаалаар байгуулсан ажлын хэсэг 01 дүгээр сарын 06-ны өдөр Дэлүүн сумын Засаг даргын ажлыг хүлээлцүүлснээр нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч  тус шүүхэд 2023 оны 01 дүгээр  сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч А.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие А.Н нь 2020 оноос 2022 оны 12 дугаар сарын 23-ыг хүртэл Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндэслэлээр Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолоор, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/40 дугаартай захирамжаар томилогдон үр бүтээлтэй ажиллаж ирсэн.

А.Н намайг Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 62 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч бичиг баримт ашигласан гэх хэрэгт холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан төрийн албанд ажиллах эрхийг хасахгүйгээр шийдвэрлэсэн. Торгуулийн 800 000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн ба Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/04 дүгээр тогтоол гарч надтай холбоотой эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Торгуулийн мөнгийг төлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, ял шийтгэлгүй болсон байхад аймгийн Засаг даргын орлогч Х.А 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б/27 тоот захирамж гаргаж намайг ажлаас огцруулсан нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

Аймгийн Засаг даргын орлогч Х.А 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж, улс төржиж, нэг талыг баримтлан гаргасан.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 тоот захирамжаа гаргахдаа 66 дугаар зүйлийн 66.1, 64.2.1, 64.5 дахь хэсгийг баримталж Дэлүүн сумын Засаг даргыг огцруулж, Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг сумын Засаг даргын орлогч Б.С даалгасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д заасан дээд шатны Засаг дарга нь энэ хуулийн 64.2-т зааснаар сумын Засаг даргыг огцруулахдаа зохих шатны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй процессын  алдаа гаргасан байгаа  тул илт хууль бус захирамж гаргасан болохыг тогтоож өгнө үү.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дээд шатны Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байхад дээд шатны Засаг даргын орлогчийн бүрэн эрхэд  сумын Засаг даргыг огцруулж, чөлөөлөх, томилох, сахилгын арга хэмжээ авах тухай хуульчлаагүй байна.

Аймгийн Засаг даргын орлогч Х.А 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2-01/207 тоот шүүхэд гаргасан тайлбартаа А.Нийг Засаг даргаас огцруулахаас өмнө сонсох ажиллагаа явуулсан гэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулахаар хуульчилсан байхад хууль зөрчиж сонсгол зохион байгуулаагүй, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөөгүй, гарсан саналыг захиргааны шийдвэрт тусгаагүй байна.

Засаг даргын орлогч Х.А сонсох ажиллагаа явуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2-01/1699 дугаартай бичгийг миний бие 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 12 дугаар сарын 22-ны өдөр хариугаа бичгээр авч очиж, Засаг даргын орлогч Х.А өрөөнд биечлэн уулзаад тайлбараа хэлсэн.Тухайн үед Х.А албаны өрөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.М, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.А, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ж болон миний бие байсан. Тухайн үед Х.А дарга “танд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй,хэрэв Захиргааны хэргийн шүүхээс ажилдаа эгүүлэн тогтоогдож ирвэл томилоход татгалзах зүйлгүй” гэсэн. Намайг чөлөөлсөн Б/27 тоот захирамжийг би тайлбараа өгөхөөс өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байна. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед надад захирамжаа аваарай гэсэн. Гэхдээ би захирамжийг аваагүй. Гэнэт намайг огцруулсан захирамж гаргасанд гомдолтой байна. Тухайн үед сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэл хөтөлж, надад хугацаа өгсөн бол бас өөр асуудал байсан.

Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ээлжит 12 дугаар хуралдаанаа хууль ёсны дагуу зарлан хуралдуулж , 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас гарсан сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 61 тогтоол болон аймгийн Засаг даргын орлогч Х.А Дэлүүн сумын Засаг даргыг огцруулсан тухай Б/27 тоот захирамжийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан. Тус хуралдааныг аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүчинтэй гэж тогтоосон. Аймгийн Засаг даргын орлогч Х.А Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд ноцтой халдаж байна.

А.Н миний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх, үнэнч шударгаар хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.А 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар “Сумын Засаг даргыг огцруулах тухай”  илт хууль бус захирамж гаргасан болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах, нэхэмжлэгч А.Нийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан. Б/27 тоот захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” бол илт хууль акт болно гэж заасан.

Үндэслэлийн хувьд Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, мэргэжлийн болон хууль зүйн зөвлөгөө авах боломжуудаар хангах үүргээ хэрэгжүүлээгүй,захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхээр хангаагүй нь А.Нийн хууль ёсны эрх ,ашиг сонирхлыг зөрчиж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаас батламжилсан боловч Засаг даргын бүрэн эрх, Засаг даргын орлогчийн бүрэн эрх гэдгийг тусгайлан хуульчилсан. Засаг даргын орлогчийн бүрэн эрхэд хамаарах асуудалд Засаг даргыг чөлөөлөх эрхийг зохицуулаагүй. Тийм учраас илт хууль бус шийдвэр гэдэг нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулиар, Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ял шийтгэлгүйд тооцох хугацаа гэж байхгүй болсон. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож,  800000 төгрөгөөр торгосон. Ялгүй байх хугацаа гэж байхгүй болсон учраас 800000 төгрөгийн торгуулийг төлснөөр А.Н ял шийтгэлгүй болсон. Дахин гэмт хэрэг үйлдэх юм бол энэ үргэлжилсэн буюу давтан үйлдэл гэж байхгүй учраас анх удаагийн гэмт хэрэг гэж явна. Тийм учраас ялгүй байх гэдэг ойлголт яригдахгүй. Тийм учраас Б/27 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоож өгөхийг хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дэлүүн сумын Засаг дарга А.Нийг аймгийн Засаг даргын орлогч Х.А 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 тоот захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон” гэсэн үндэслэлээр огцруулсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-дАймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.3.5. ялгүй байх” гэсэн шаардлага тавьсан. А.Нийг Дэлүүн сумын Засаг даргаас огцруулсан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ялтай байсан уу, ялгүй байсан уу гэдэгт дүгнэлт хийх ёстой байсан. Нотлох баримтаар шинжлэн судлуулсан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь тогтоогдсон. Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн тухай хуульд “ялтай байдал” гэдэг нь байхгүй болсон. Ялыг эдэлж дуусгаснаар ялгүй болно. Тийм учраас А.Н нь торгох ялыг бүрэн эдэлж дууссан өдрөөс эхлэн ялтай гэж үзэх боломжгүй, ялгүй болсон. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.5-д ялгүй байх гэсэн шаардлага байна. Түүнээс биш урьд өмнө нь гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн явдал  нь огцруулах үндэслэл болохгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

5.Хариуцагч аймгийн Засаг дарга  хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ө.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж буй А.Н нь хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдсон нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2022/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна” гэж дээд шатны Засаг даргад бүрэн эрхийг олгосон. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх заалтад Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол дээд шатны Засаг дарга огцруулахаар заасан байх тул Дэлүүн сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан.Нэхэмжлэгч маань Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон учраас аймгийн Засаг дарга огцруулах шийдвэр гаргасан.

Огцруулахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагааг бичгээр, амаар, утсаар тайлбар авахаар зохицуулагдсан. Үүний дагуу нэхэмжлэгчээс бичгээр тайлбар авч сонсох ажиллагаа явуулсан.

Иймд Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Нийг үүрэгт ажлаас огцруулсан шийдвэр бол хууль ёсны шийдвэр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “А.Нийг сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/27 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “А.Нийг сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/27 дугаар  захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг тус тус үндэслэн Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж буй  А.Н нь хуурамч диплом ашиглан  сумын Засаг даргаар томилогдсон нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэсэн үндэслэлээр сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан байна.

           3. Төрийн албаны тухай хууль / Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: 11.1.9.бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчгэж тус тус зохицуулснаас үзэхэд төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бүх шатны Засаг даргын эрх зүйн байдлыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох хуулиар  тогтоохоор хуульчилжээ.

4.Бүх шатны Засаг даргын  бүрэн эрх, баталгаа,  Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах зэрэг асуудал  буюу эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцааг  зохицуулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд /Шинэчилсэн найруулга/ Засаг даргыг чөлөөлөх, огцруулах  үндэслэл, уг асуудлаар  санал болон шийдвэр гаргах журмын талаар  дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/  64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна: 64.2.1.Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон; 64.2.2.хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн; 64.2.3.энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан; 64.2.4.Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан; 64.2.5.энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр”, 64.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ”, 64.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй” гэж тус тус заасан.

Эдгээр заалтуудаас үзэхэд аймгийн Засаг дарга нь сумын Хурлаас 64.2.3-т зааснаар Засаг даргыг огцруулах санал гаргасан тохиолдолд огцруулах эсэхийг шийдвэрлэхээр,харин үүнээс бусад тохиолдолд буюу 64.2.1, 64.2.2, 64.2.5-т заасан үндэслэлээр  сумын Засаг даргыг өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна.

5.Баян-Өлгий аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/62  дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар А.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан  “Хуурамч диплом болохыг  мэдсээр байж ашиглах”  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 2 дах заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ДШМ/31 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  “А.Н” гэснийг “А.Н” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн,Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын  нийт шүүгчийн  хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 716 дугаар тогтоолоор шүүгдэгч А.Нт холбогдох эрүүгийн хэргийг  Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  хэлэлцүүлэхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 64-73 дах тал/ тогтоогдсон ба анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05/15833 дугаартай  албан бичгээр “...гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь  шүүхээр эцэслэн тогтоогдсон байхад А.Нийг Дэлүүн сумын Засаг даргаар  ажиллуулж, түүнд цалин хөлс олгож байгаа нь  бусдад давуу байдал олгосон гэж үзэх, улмаар хариуцлага хүлээлгэх үндэслэлийг бий болгож байх тул  хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд  дээр дурдсан хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч ажиллахыг үүгээр танд зөвлөмж болгож байна. Зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээний талаарх биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны дотор  ирүүлнэ үү”  гэж  Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б  зөвлөмж хүргүүлсэн  нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн 76-77 дах тал/  тогтоогдсон болно.

6.Дээрх байдлаар Дэлүүн сумын Засаг дарга А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан  “Хуурамч диплом болохыг  мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон тул  түүнийг  өөрийн санаачилгаар огцруулсан  аймгийн Засаг даргын  2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  Б/27 дугаар  захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.3-д заасантай тус тус нийцэж байх тул  нэхэмжлэгчийн “сумын Засаг даргыг огцруулахад зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй, процессын  алдаа гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч талаас “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.1-т заасан тохиолдол нь шүүхээс гэм буруутайд тооцож, ялаа эдэлж дуусаагүй байгааг ойлгох ба эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 000 төгрөгийн торгуулийг төлсөн тул ял шийтгэлгүй болсон, мөн  шийтгэх тогтоолоор нийтийн  албанд ажиллах эрхийг хасаагүй  тул огцруулах үндэслэл болохгүй” гэж маргасан.

Засаг даргын эрх зүйн байдал, тодруулбал түүнийг чөлөөлөх, огцруулах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон” гэсэн үндэслэлээр Дэлүүн сумын Засаг даргаар ажиллаж байсан  А.Нийг  албан тушаалаас нь аймгийн Засаг даргын шийдвэрээр огцруулсан  бөгөөд энэхүү маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Засаг даргад нэр дэвшигчид тавигдах “ялгүй байх” гэсэн шаардлага болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор А.Нт нийтийн  албанд ажиллах эрхийг хасах ял оногдуулаагүй нь хамааралгүй гэж үзлээ.

7.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 64 дүгээр зүйлийн 64.5-д “Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж тус тус заасан.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 215 дугаар захирамжийн /Хавтаст хэргийн 113 дах тал/ 1 дэх заалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.1-д заасныг үндэслэн Д.Б Баян-Өлгий аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлж, 2 дах заалтаар Баян-Өлгий аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.А даалгажээ.

Нэхэмжлэгчээс  “аймгийн Засаг  даргын орлогчид сумын Засаг даргыг чөлөөлөх, огцруулах бүрэн эрх байхгүй” гэж  маргасан ба дээр дурдсанаар дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулах шийдвэр гаргах  бүрэн эрхтэй, мөн дээд шатны Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн  бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээхээр хуульчилсан.

Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.А аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаанд  гаргасан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “А.Нийг сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/27 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 64 дүгээр зүйлийн 64.5, 66 дугаар зүйлийн 66.1-д заасантай  тус тус нийцсэн байх тул өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй байна.

8.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:27.4.1.сонсгол зохион байгуулах;27.4.2.саналыг бичгээр авах;27.4.3.биечлэн уулзах;27.4.4.утсаар санал авах;27.4.5.цахим хэлбэрээр санал авах;27.4.6.төлөөлөгчөөр дамжуулан санал авах;27.4.7.бусад” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 110-112 дах тал/ нэхэмжлэгч А.Нийг огцруулах тухай шийдвэр гаргахаас өмнө аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2-01/1699 дугаар албан бичгээр тухайн нөхцөл байдлын талаар тайлбар ирүүлэх  талаар мэдэгдсэнээр Дэлүүн сумын Засаг дарга  А.Н нь 2022 оны 12 дугаар сарын  22-ны өдрийн 1/317 дугаар албан бичгээр тайлбараа ирүүлсэн  нь тогтоогдсон буюу саналыг бичгээр авах хэлбэрээр сонсох ажиллагааг явуулсан байх тул  “сонсох ажиллагаа явуулаагүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй  гэж үзлээ.

Мөн  Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд тус тус зааснаар захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөлийг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.

Гэвч тухайн тохиолдолд Дэлүүн сумын Засаг дарга А.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байснаас гадна нэхэмжлэгч нь дээрх 2022 оны 12 дугаар сарын  22-ны өдрийн 1/317 дугаар албан бичгээр  гаргасан тайлбартаа захиргааны шийдвэр гаргахаас өмнө  нотлох баримт гаргах, хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах талаар  тусгаагүй,   өөрөөр хэлбэл ийм санал, хүсэлт гаргаагүй байх тул “нотлох баримт гаргаж өгөх,өмгөөлөгч авах эрхээр хангаагүй” гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

9. Нэхэмжлэгч талаас “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01  дүгээр сарын 18-ны өдрийн  71 дүгээр тогтоолоор  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “А.Нийг сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/27 дугаар захирамжийг хүлээн авахаас татгалзсан, уг тогтоол хүчин төгөлдөр байгаа тул тогтоолыг биелүүлэх үүрэгтэй” гэсэн тайлбар гаргасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийн талаар зохицуулсан,мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж тус тус  заасан.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас бүрэн эрхийн хүрээнд, хуульд заасан үндэслэлээр гаргасан Дэлүүн сумын Засаг даргыг огцруулах  тухай шийдвэрийг хуульд заасан эрх бүхий этгээдээс хүчингүй болгоогүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд  уг шийдвэрийг хүлээн авах эсэх талаар  шийдвэр гаргах эрх хэмжээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

10.Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны акт болох  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “А.Нийг сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/27 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 64 дүгээр зүйлийн 64.2.1,64.3, 64.5,66 дугаар зүйлийн 66.1-д заасантай  тус тус нийцсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй тул  нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/  64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.3, 64.5, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Нийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “А.Нийг сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/27 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох“ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ