Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 186

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч С.Батсайхан түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Шаргалжуут овогт Сүхбатын Батсайханд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526020578 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Шаргалжуут овогт Сүхбатын Батсайхан, /РД:ЧЕ84092270/ 1984 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Цайзын 15 дугаар гудамжны 176б тоотод оршин суудаг, хөгжимийн Сингал хамтлагийн ахлагч, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны “Жуух бичиг”-ээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй.

 

 Шүүгдэгч  С.Батсайхан нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагаас 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны Оранж март нэртэй хүнсний дэлгүүрт Х.Бямбааг архи зээлээр өгсөнгүй гэх ялимгүй зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

 Мөн шүүгдэгч С.Батсайхан нь “Батлан даалтанд өгөх” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргож мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Батсайхан мэдүүлэхдээ: “Би дэлгүүрт ороод валютаар архи авъя гэхэд худалдагч нь хуурамч байна гээд уурлаад байсан. Би зээлээр архи авъя гэж хэлээгүй. Бусад зүйл нь яллах дүгнэлтэд бичигдсэн нь үнэн зөв” гэв.

Шүүгдэгч С.Батсайхан нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагаас 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны Оранж март нэртэй хүнсний дэлгүүрт Х.Бямбааг архи зээлээр өгсөнгүй гэх ялимгүй зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч  Х.Бямбаагийн “Би тухайн өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн орой өөрийн хүнсний дэлгүүр болох Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 302 дугаар байранд байрладаг “Оранж март” нэртэй хүнсний дэлгүүрт оройн 23 цагийн орчимд өөрийн бэр болох Ганжаргалтай хамт байсан юм. Тэгтэл гаднаас 2 залуу орж ирээд “ ... архи авъя, зээлчих” гээд байсан.  ... Тэгж байснаа би орцны жижүүрийг дуудаж “энэ хүн дэлгүүр хаалгахгүй байна” гэж хэлтэл орцны жижүүр Батсүх орж ирэхэд “... намайг нүүрэн тус газар луу цохиж миний нүүрийг хавдгасан. Мөн гарнаас зуурсан” юм. Гарнаас зуурснаас болж гарын шуу зулгарч, улайсан, боосон хүзүү цус хурж улайсан байсан. Мөн хацар шанаа хэсэгт хавдаж, цус хурсан байсан ба намайг зодчихоод зугтаачихсан юм. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Ямар нэг гомдол санал байхгүй. ...Би гомдолтой байна. Тухайн залууд зодуулж авсан гэмтэл одоо гайгүй байна. Харин зүрх өвдөөд, толгой өвдөөд байгаа учир гомдолтой байна. ...Надад тэр залуугаас нэхэмжлээд байх зүйл байхгүй. Өөрийнхөө ухамсараар л надаас уучлалт гуйх болов уу гэж бодож байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Б.Оргилсайханы “Би тухайн өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 24-ний орой ажлын цаг дуусаад өөрийн найз болох Батсайхантай уулзаад манай гэрийн ойролцоо байдаг нэг пабад орж суугаад хүн тус бүрийн 4 шил пиво уусан юм. ... Тэгээд бид хоёр нилээд согтолттой ороод пиво зээлээч гэж хэлсэн. ... Тэгтэл  нөгөө кассчин эгч манай найз Батсайхан руу эхэлж дайраад та нарт зээлэхгүй муу сайн архичид минь гэж хэлээд гар зайл гээд байсан.  ... Тэгтэл Батсайхан өөдөөс нь хэрэлдээд юу гээд байгаа авгай вэ гэж маргалдаж байхад нь Батсайханг татаж авч гараад гэрийнхээ доод талын дэлгүүрээс пиво зээлж аваад гэр лүүгээ орж уугаад Батсайхан манайд хоноод өглөө хамт Батсайхантай гэрээсээ гарахад нөгөө кассчин эгчийн хүүхэдтэй нь таарсан юмаа. Тэгээд тэр хүүхэд нь Батсайхантай маргалдаж хэрэлдээд байсан ба тэр хүүхэд нь би өөрийг чинь цагдаад хандсан байгаа, манай ээжийг яагаад зодож байгаа юм бэ гээд л дайраад байсан ба мөн л Батсайханы хувцаснаас нь зуурчихаад тавихгүй байхаар нь гарыг нь тавиулаад цааш явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Ө.Баярцэцэгийн “... Тэгтэл гаднаас 2 эрэгтэй хүн орж ирээд архи зээлээч гэж манай ээжээс асуухаар нь манайх хааж байна, архи пиво зээлэхгүй гэж хэлээд хаалгаа хаах гэтэл нь хаалгыг нь хаалгахгүй зуурчихаад байсан. Хаалганаас зуурсан байсан гарнаас нь бариад автал манай ээжийн баруун шанаа хэсэг рүү нэг залуу нь маш хүчтэй цохьсон юм байна лээ. Тэгтэл ээж маань газар унасан гэж хэлж байсан. ... Мөн манай бэр болох Ганжаргалыг цохих гээд дайраад байсан гэж Ганжаргал манай дүүд хэлснийг дүү маань надад хэлсэн. ... би ээж дээрээ явж очиход баруун шанаа нь улайсан бага зэрэг хавдсан байдалтай, цээжин хэсэгтээ улаан эрээн болсон байдалтай. Мөн гарын шуу хэсэг нь гарын мөрний хэсэг орж зулгарсан байдалтай, биеийн байдал нь муу тархи нь өвдчихсөн, огиж бөөлжүүлээд мөн даралт нь ихэссэн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/

Гэрч Ө.Бямбабаярын “... би гэрээсээ гарч дэлгүүр лүү орох гээд явж байтал дэлгүүрийн гадна манай ээж хүнд зодуулчихлаа гээд нөгөө хүнээ хайгаад явж байгаа бололтой байсан. ... гэрлүүгээ ороод ээжийг харахад гарын шуу нь зулгарсан, зүүн шанаа хэсэг нь хавдсан. Мөн хүзүү нь уруулсан улайсан байдалтай байсан. Нүүрэн дээр нь цохиулаад улайсан ором нь байсан юмаа. ... Манай ээжийг архи зээлүүлсэнгүй гээд цохиж зодсон юм байна лээ. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй байсан юм байна лээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Д.Батсүхийн “...тэр 2 залуугийн нэг нь архи зээлээч гээд байсан. Харин нөгөө эмэгтэй чамд зээлэхгүй гээд байсан ба үүнээсээ болж маргалдаад байсан. Тэгтэл нөгөө 2 залуугийн нэг нь лангуун дээр байсан архинаас нэгийг аваад энгэртээ хийсэн. Тэгэхэд нь нөгөө эмэгтэй чи яаж байгаа юм, наад архиа тавь гэж хэлтэл тэр эрэгтэй нөгөө эмэгтэйг гараараа нүүрэн тус газар луу нь цохиж  авах үед нь би салгах гэж очоод дийлэхгүй байсан ба гаднаас тэр эмэгтэйгийн хүргэн нь гэх Мөөгий гэдэг залуу гаднаас орж ирээд нөгөө залууг цохиж аваад цагдаа дуудаад цагдаа нар ирээд тэр залууг аваад явсан юм аа. Тэгээд л түүнээс хойш юу болсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. ... Тухайн үед харахад гар нь хөхөрсөн нүүрэн тус газарт нь цохьсон учраас нүүр нь хавдаад хүзүү нь улайсан байсан ба өөрөө ёолоод уйлаад байсан. Ил харагдах тийм л гэмтэл учирсан байсан. Түүнээс далд ямар гэмтэл учирсан эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/

Гэрч Ц.Тэлмүүн-Очирын “Надад хэлэхдээ би дэлгүүрт нэг эмэгтэйг алгадчихсан юмаа, өөр ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлж байсан. Би энэ тухай батлан даалтанд авахдаа л мэдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6421 дугаартай:

1. Бямбаагийн биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэхь хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 31 дүгээр хуудас/

Шинжээч эмч Д.Мөнхбатын “... Бямбаагийн биед учирсан гэмтэл 3-аас доошгүй удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/

“Хохирогч Х.Бямбаад учирсан бүх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйдчлэлээр  үүсгэгдэнэ. 6421 тоот дүгнэлтэнд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гэж андуурагдаж бичигдсэн байна. Х.Бямбаад 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр дээрхи гэмтлүүд нь үүсгэгдэнэ гэдгээ өмнөх мэдүүлэгт өгчихсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Батсайхан нь “Батлан даалтанд өгөх” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргож мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

С.Батсайханыг Цогтхүүгийн Тэлмүүн-Очир, Энхбаясгалангийн Хулан нарын батлан даалтад өгөх тухай “Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол”. /хэргийн 33 дугаар хуудас/

2015  оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай Эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай Прокурорын тогтоол. /хэргийн 69 дүгээр хуудас/

Эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай цагдаагийн байгууллагын ASAP сангийн бүртгэлийн хуудас. /хэргийн 70-72 дугаар хуудас/

Гэрч Э.Хулангийн “Би Батсайхантай 2009 оноос хойш Сигнал нэртэй хамтлагт хамтран уран бүтээл хийж байсан. Тэрнээс хойш найзуудын харилцаатай. 2015 оны 06 дугаар сард Батсайхан над руу яриад Цагдаагийн газар асуудалд орчихоод гарах гэсэн чинь батлан даалтанд авах хэрэгтэй болоод байна, би яаралтай ажилтай байна, ирэх хүн байхгүй болчихоод байна, Цагдаагийн газар хүрээд ирээч гээд дуудсан. Намайг Цагдаагийн газар очиход хөгжимчин Тэлмүүн-Очир ирсэн байсан. Бид хоёр Цагдаагийн газар батлан даалтанд авах хүсэл бичиг өгөөд Батсайханыг авч гарсан. ... Би Батсайханыг хаана байгаа газрыг мэдэхгүй байна. Батсайхантай хамгийн сүүлд 2015 оны 08 дугаар сард Хөвсгөл аймаг руу тоглолтоор хамт явсан. Тэрнээс хойш огт уулзаагүй, холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 76 дугаар хуудас/

Гэрч Ц.Тэлмүүн-Очирын “2015 оны 09 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн Прокурорын байгууллагаас Батсайханыг асууж байсан. Би тухайн үед Батсайхантай холбогдоход хөдөө ажлаар явчихсэн байна гэж хэлж байсан. Би Батсайханд Прокурорын байгууллагаас асууж байгаа талаар хэлсэн чинь за ойлголоо, би өөрөө ярья гэж хэлсэн. Би Батсайхантай хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сард нэг удаа уулзсан. Тухайн үед энэ хэргийн талаар шийдэгдсэн байгаа, чам руу дахиж ярихгүй байх гэж надад хэлсэн. Би Батсайханыг одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна, гар утас руу нь холбогдох гэхэд утсаа салгасан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 77 дугаар хуудас/

С.Батсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч С.Батсайханы үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжтэй бөгөөд уг гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд түүний танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж  байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.1 дэх хэсэгт заасан Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэсэн заалтад хамаарч байх тул түүнд оногдуулах ялаас мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хасах нь зүйтэй байна.

Мөн тэрээр танхайрах гэмт хэрэгт шалгагдаж байхдаа прокурорын хяналтаас оргох гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Батсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 53 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

Хохирогч Х.Бямбаагийн “... Надад тэр залуугаас нэхэмжлээд байх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/ мөн  “Хэргийн материалтай уншиж танилцлаа, ямар нэгэн санал, хүсэлт байхгүй” гэсэн  баримт /хэргийн 47 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч С.Батсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Батсайхан нь цагдан хоригдсон хоригдсон хоноггүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаргалжуут овогт Сүхбатын Батсайханыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд,

 прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. С.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар  3 /гурав/ жил  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар С.Батсайханд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж,  1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар С.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн С.Батсайханы эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Батсайханд оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар С.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Батсайханд оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.     

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар С.Батсайхан нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.Батсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй     

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Батсайханд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ