Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 375

 

 

 

 

 

 

 

                                                         

 

У.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/03844 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч У.Өын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК, С.Б, Д.З нарт холбогдох

 

Барьцааны гэрээг халхавчилан хийсэн 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэг хашааны газрын үнийг С.Б, Д.З нараас тус бүр 185 571 140 төгрөгийг гаргуулах, Д.З, С.Б нар нь “Санаачлага хороолол” төслийг хулгайлан төслийн эзний зөвшөөрөлгүй М ХХК-д худалдсаны гэм хорын хохиролд М ХХК, Д.З нараас тус бүр 185 571 140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:А.Э, Д.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Ц

Хариуцагч Д.Згийн өмгөөлөгч Р.П

Хариуцагч С.Бийн өмгөөлөгч Д.Ц

Хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч У.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, У.Ө нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн иргэд газар өмчлөгч иргэдийн санаачлагад тулгуурлан гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, 40 000 орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар нэгдэн 2006 онд “Санаачлага хороолол” ТТБ-ыг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүтгүүлэн үйл ажилгаагаа эхлүүлсэн. Тухайн үед  С ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Уиргэн С.Бэд итгэж байсан учир 2007 онд өөрийн хүү У.Өтай хамтран Улсын бүртгэлийн Г-2204006414 дугаартай газрыг барьцаанд эхлээд 5 000 000 төгрөгийг дараа нь нэмж нийт 30 000 000 төгрөгийг иргэн С.Бээс зээлж авсан. Иргэн Д.Уламнэмэхийн хүү У.Өт С.Б нь  С ТББ-ын санаачлагыг дэмжинэ гэсэн амлалт өгч өөрийн хувийн өмчлөлийн газрыг барьцаалан 000017113 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2204006415 дугаартай, нэгж талбарын 186453104566434 дугаар бүхий 700 м.кв газрыг С.Бэд бэлэглэсэн байна. Иргэн С.Б нь  С ТББ-ын “Санаачлага хороолол”ХХК болгох, 66 айлын 12 давхар орон сууц барих бүх талын зөвшөөрөл, судалгаа, экспертизийн дүгнэлт гарах хүртэл оролцож иргэн У.Өт өгч байсан амлалтаа биелүүлж, барилга барих хөрөнгө босгохоор гадаад, дотоодын байгууллагатай харилцан ажиллаж “Бэлэглэгч”-ийн итгэлийг хүлээсэн. Гэтэл 2015 оны 01 дүгээр сараас “Санаачлага хороолол” ХХК-ийн 2012 оны 000000150 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-тэй, өмнө нь У.Өаас С.Бэд бэлэглэсэн газар дээр үл мэдэгдэх хүмүүс барилгын талбай засан өндөр хайс хашаагаар хүрээлүүлсэн барилга барьж эхэлсэн. ...Энэ үед нэгэнт өмчлөгдсөн газар дээрээ барилга барих боломжтой ойр орчмын барилгын 7 газар бүхий хүмүүсийн урилгаар барилга барих төслийг гаргасан. Ингээд нэг айлын газар 1 байр гээд ашгийн зориулалтаар явж байсан. Ашгийн 1/7 зориулалтаар явж барилга бариулсан хөлсөнд 1 хашаа нь 1 байр болоод дээрээс үлдэх ашгаас 1/7-ийг авах тохиролцоо хийгдсэн. У.Өт 5 000 000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь С.Б зээлдүүлсэн. Зээлийн гэрээний асуудалд У.Ө оролцохоо больсон. У.Ө 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болохоос биш Д.У25 000 000 төгрөг нэмж авсан эсэх асуудлыг мэдээгүй. 5 000 000 төгрөгт 2 хашааны газрыг барьцаалаад авсан. С.Б, Д.З нарын тайлбараар бол “Санаачлага хороолол” гэдгийг огт мэдэхгүй гэдэг. Шүүх дээр явж байх хугацаанд М ХХК орж ирсэн. Төсөл худалдсан гэх баримт гарч ирэхэд 1 100 000 доллараар төслийг худалдаж, худалдсан төсөл нь гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай байгууллагад өмчлөх эрх байдаггүй. У.Ө, Д.Унарын буюу Санаачлага хорооллын хийсэн төсөл юм. Санаачлага хорооллын төсөл дээр гарсан техникийн нөхцөлөөр М ХХК барилга барьсан. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн гэх баримт байдаг. Хариуцагч талын бэлэглэлийн гэрээ нь халхавчилсан, татвараас зугтах зориулалттай. Бэлэглэлийн гэрээний асуудал нь үнэн сэтгэлээсээ бэлэглэсэн эсвэл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн барьцааны гэрээ, зээлийн гэрээ, бэлэглэлийн гэрээ нь нэг өдөр, нэг цагт, нэг нотариат, дээр хийгдсэн байдаг. Бид илүү мөнгө аваагүй 5 000 000 төгрөгөөр барьцаалагдсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Хүчингүйд тооцох юм бол үр дагавар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал яригдана. Төслийн асуудал дээр М ХХК худалдан авч байгаа төсөл болон техникийн нөхцөл нь санаачлага хорооллын нэр дээр байсан. У.Ө нь ямар ч хууль зөрчөөгүй. Харин С.Б, Д.З нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм. Иймд С.Б, Д.З, М ХХК-д холбогдуулан барьцааны гэрээг халхавчилж хийсэн 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үүний үр дагаварт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хашааны газрын үнийг С.Б, Д.З нараас хувь тэнцүүлэн С.Бээс 185 571 140 төгрөг, Д.Згаас 185 571 140 төгрөгийг гаргуулах, Д.З, С.Б нар нь “Санаачлага хороолол” төслийг хулгайлан зөвшөөрөлгүй “Морнинг стар лэнд ”ХХК-д худалдсаны гэм хорын хохиролд М ХХК, Д.З нараас тус бүр 185 571 140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр У.Ө, С.Б нарын хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19-443 тоот 700 м.кв газрыг бэлэглэлийн гэрээ байгуулагдсан бөгөөд мөн У.Ө, С.Б нарын хооронд 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ Консулын 19-443А тоот 542 м.кв газар дээр байгуулагдсан. Консулын 19-443А тоот 542 м.кв газрыг барьцаалсан асуудал шийдэгдсэн нь халхавчилсан гэж үзэхээргүй байна. Хавтаст хэрэгт 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрын 1322 тоот хүчин төгөлдөр шийдвэр авагдсан бөгөөд дээрх шийдвэрээр Консулын 19-443А тоот 542 м.кв газраас үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдсан байдаг. Түүнчлэн дээрх шийдвэр бүхий иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4 тоот шүүхийн тогтоол гарсан бөгөөд дээрх маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 19-443 тоот 700 м.кв газрын асуудлын талаар дурьдагдаагүй болно. Консулын 19-443 тоот 700 м.кв газар нь 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр У.Ө, С.Б нарын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоогүй болох нь хангалттай баримтаар нотлогдсон. Тодруулбал Улсын бүртгэлийн Г-2204006415 дугаартай, 700 м.кв газрын төлбөрийг нь төлж авсан байх бөгөөд нэхэмжлэгч болон түүний эцэг, эх нь нэгэнт бусдад шилжүүлж өгсөн газрынхаа асуудлаар 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэртэй хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргахдаа У.Ө, С.Шийпель, Д.Унар зээлийн гэрээнд барьцаалсан Консулын 19-443А тоот 542 м.кв газрыг үндэслэн техникийн нөхцлүүд авч, улмаар барилгын ажил эхлэх зөвшөөрөл авсан талаараа бичиж байсан нь дээрх хоёр газар хоорондоо хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг тодруулсан шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Ө нь 2007 оны 09 дүгээр сарын 18-нд бэлэглэлийн гэрээг зээлийн барьцаанд шилжүүлсэн гэх 700 м.кв газрын талаар 8 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 03-нд шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байх тул нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээтэй холбоотойгоор шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгч нь намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэг хашааны үнэ гэж 185 571 140 төгрөг нэхэмжилж буй нь ойлгомжгүй, үндэслэлгүй. 2007 онд У.Өын аав Д.Унь 700 м.кв газрыг 30 000 000 төгрөгөөр худалдан аваач бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлье гэж гуйхаар нь уг газрыг худалдан авсан ба нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлж өгсөн болно. Тухайн үед миний бие 2007 оны 09 дүгээр сарын 10-нд эхнэр Д.Згийн данснаас 25 000 000 төгрөг авч Д.Уламнэмэхийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны өр төлбөрийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нь 2007 онд хариуцагч надаас зээлж авсан 30 000 000 төгрөгийн зээлийн барьцаа болгож 2 газрыг барьцаалсан юм бол 2011 онд уг зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлээд дууссан. Хэрэгт авагдсан 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Д.З болон М ХХК-ийн хооронд байгуулсан “Төсөл худалдах, худалдан авах гэрээ” нь нэхэмжлэгч этгээдэд огт хамааралгүй юм. Уг гэрээгээр миний эхнэр Д.З өөрийн өмчлөлийн газар дээр баригдах 210 айлын орон сууцын төслийг М ХХК-д худалдсан болно. Нэхэмжлэгч нь уг төсөлтэй холбогдуулан аливаа нэгэн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч Д.Болормаа, М.Шинэбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Санаачлага хороолол” ХХК-ийн эдийн бус хөрөнгө болох барилгын ажлын зөвшөөрөл, зураг төсөл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл холбогдох эөвшөөрлүүдийг анх 2007 онд Нийслэлийн засаг даргын 347 тоот захирамжийг үндэслэн тус тус авсан байдаг. Тодруулбал “Санаачлага хороолол” ХХК төслийн эскиз зургийн барилгын хэмжээ нь 15*24м,15*21м, 39.5*33 м, мөн 29.9*13.2м, 19*18м, 19.5*33м гэж тус тус гаргасан эскиз зурагтай. 2008 оны 210 айлын, эскиз зураг нь П хэлбэртэй байдаг. Мөн “Санаачлага хороолол” ХХК-ийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байсан. Энэ мэт “Санаачлага хороолол” ХХК-ийн эдийн бус хөрөнгийн агуулга тодорхойлогдоно. Харин “Морнинг стар лэнд" ХХК-ийн барилгын ажил нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/246 тоот захирамжийг үндэслэн барилгын техникийн нөхцлүүд, архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №120/2015-ны Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус авсан. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2017 оны 12 дугаар гарын 30-ны өдөр хүртэл байдаг. Тус барилгын хэмжээ нь 17*50м, 17*36.0м, Г хэлбэрийн 2 блок орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэсэн. М ХХК нь эдийн бус хөрөнгөө үл хөдлөх эд хөрөнгө болгон хэрэгжүүлсэн. "Морнинг стар лэнд” ХХК нь хариуцагч Д.Зтай 2012 онд хуульд заасан үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллагаас лавлаж асуусны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Гэрээний талууд хууль болон гэрээнд заасан эрх, үүргээ бүрэн гүйцэтгэсэн бөгөөд М ХХК нь нэхэмжлэгч У.Өт гэм хор учруулах үндэслэл байхгүй. 2012 оны 08 дугаар сард хууль ёсны өмчлөгч болох Д.Зтай худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед нэхэмжлэгч У.Ө, хариуцагч С.Б нарын хооронд газрын маргаан байгаа, энэ талаар М ХХК-д мэдээлэл байгаагүй, мөн тухайн газар нь гуравдагч этгээдэд барьцаалаагүй, худалдаагүй, эрхийн зөрчилгүй болохыг нотолсон. Улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн газрын лавлагаагаар нотлогдож байсан. У.Өын нэр дээр үл хөдлөх хөрөнгө болох газрын бүртгэл байгаагүй тул М ХХК нь хуульд заасан шударга өмчлөгч болно. Мөн барилгын ажлын төслийг М ХХК нь өөрийн нэр дээр эрх бүхий газруудаас холбогдох зөвшөөрлүүдийг шинээр авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэх үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Б, Д.З, М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч У.Өын барьцааны гэрээг халхавчилан хийсэн 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоны үр дагаварт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэг хашааны газрын үнийг С.Б, Д.З нараас хувь тэнцүүлэн С.Бээс 185 571 140 төгрөг, Д.Згаас 185 571 140 төгрөгийг гаргуулах, Д.З, С.Б нар нь санаачлага хороолол төслийг хулгайлан төслийн эзний зөвшөөрөлгүй М ХХК-д худалдсаны гэм хорын хохиролд хулгайн төслийг төслийн эзний зөвшөөрөлгүй худалдан авсан М ХХК-иас 185 571 140 төгрөг, хулгайн төсөл худалдсаны гэм хорын хохиролд Д.Згаас 185 571 140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 032 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, У.Өнөрбат болон өмгөөлөгч Т.Цэрэндагва нар давж заалдах гомдолдоо: “...Бэлэглэлийн гэрээг ямар зорилгоор шилжүүлсэн талаар анхан шатны шүүх дүгнэлт өгч чадаагүй. Тухайн газрын эрхийн асуудал нь нэг газар, нэг орон сууц гэсэн үндэслэлээр орон сууц барих зориулалтаар өмчлөх эрхээ авч орон сууц барихаар төсөл зохион, шаардлагатай зөвшөөрлүүдээ авч хөрөнгө оруулагч олдвол шууд барилга барихад бэлэн болгосон газар юм. Ингээд 5 000 000 төгрөг зээлээд хоёр газраа нэгийг нь бэлэглэлээр, нөгөөг нь барьцаагаар үлдээсэн. Орон сууцгүй хүн, орон сууцны үнэ бүхий газраа ямар зорилгоор бэлэглэсэн үйлдлийг шүүх үнэн зөв үнэлж чадаагүй. Шүүх У.Өыг “Санаачлага хороолол” төсөлтэй холбогдуулан шаардах эрхгүй гэжээ. “Санаачлага хороолол” төслийн эрхийг У.Өт шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. "Морнинг стар лэнд" ХХК нь барилгын ажил эхлэхдээ  С ТББ-д олгогдсон зөвшөөрлийн дагуу барилгын ажлыг эхлээд барилгын ажил дуусах үед зөвшөөрлөө өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Энэ талаар шүүх дүгнэлт өгч чадаагүй. Мөн уг төсөл ямар төрлийн ажил гүйцэтгэх байсан, аль газарт, ямар байршилд хэрэгжиж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогддог бөгөөд түүний хүрээнд "Санаачлага хороолол" ТББ-ын нэр дээр төсөл хэрэгжихтэй холбоотой зөвшөөрөл, техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, тэр ч бүү хэл барилгын ажил эхлэх. үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хүртэл гарсан байсныг харж болохоор байна

...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Болд "Санаачлага хороолол ТББ-ын тэргүүн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байх бөгөөд тухайн үед буюу 2006 онд үйлчилж байсан, одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн бус байгууллагын тухай /1997/ оны хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй болохыг заажээ. Г.Болдыг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгосон гэх баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн "Санаачлага хороолол" ХХК-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч нь Д.Уболохыг хэрэгт авагдсан баримтаас тогтоох боломжтой байхад нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Түүнчлэн хариуцагч Д.Згийн зүгээс хариуцагч "Морнинг стар лэнд" ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулан "Санаачлага хороолол" төслийг худалдах үед "Санаачлага хороолол" ХХК-ийн нэр дээр 1 жилийн хугацаанд хүчинтэй, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 000000150 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл" хүчинтэй байсныг харгалзан үзээгүй байна.

Дээрх дурдсан үндэслэлүүдээс харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг бүрэн тогтоож шалгаагүй бөгөөд төслийг хариуцагч Д.З бусдад худалдах эрхтэй байсан эсэхийг тодруулаагүй, төслийг хэн өмчлөх, захиран зарцуулах эрхтэй байсан, бэлэглэлийн гэрээг ямар зорилгоор байгуулсан болох, төсөл хэрэгжих газар дээрх барилгын холбогдох зөвшөөрлүүдийг төрийн байгууллагаас олгоод байдаг, гэтэл доорх газар нь төсөл хэрэгжүүлэгчийн нэр дээр биш өөр хүний нэр дээр байгаад байгаа нь ямар шалтгаантай болох, хариуцагч нар нь төсөлд ямар ч хамааралгүй этгээдүүд юм бол яагаад "Санаачлага хороолол" ХХК газар дээр нь төсөл хэрэгжүүлж эхлээд байсан, тэдний хооронд ямар хамаарал байсан болох зэрэг нөхцөл байдлуудыг шүүхээс шалгаж тогтоосны үндсэн дээр энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байхад энэхүү асуудлуудыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

У.Өын төлөөлөн нэхэмжлэгч У.Өнөрбат нь хариуцагч С.Бэд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээний зүйл болох газрыг буцаан олгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.З, М ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн эцсийн байдлаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээг халхавчлан хийсэн 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэг хашааны газрын үнэд С.Б, Д.З нараас тус бүр 185 571 140 төгрөг гаргуулах, Д.З, С.Б нар нь “Санаачлага хороолол” төслийг хулгайлан төслийн эзний зөвшөөрөлгүй М ХХК-д худалдсаны гэм хорын хохиролд М ХХК, Д.З нараас тус бүр 185 571 140 төгрөг гаргуулахаар тодруулсныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Талуудын маргаантай холбоотой 2 байршил бүхий газрын эзэмшил, өмчлөлийн талаарх баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байх бөгөөд шүүхээс уг нотлох баримтуудын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.  

700 м.кв талбай бүхий Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443 тоотод байрлах газрыг 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Д.Уламнэмэх, У.Өнөрбат, У.Хүдэрбат нараас У.Өт, 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр У.Өаас С.Бэд, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээгээр С.Бээс Д.Зягийн өмчлөлд тус тус шилжсэн болох нь хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн 00008836, 000017111, 000022522, 000083310 тоот гэрчилгээ, иргэнд өмчлүүлсэн газрын хувийн хэрэг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 8/1451, 2017 оны 8/1659 тоот албан бичиг, газар худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /I-хх 6, 7, 91-134, II-хх 126, III-хх 88/

542 м.кв Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443а тоот хаягт байрлалтай газрын хувьд нэхэмжлэгч У.Ө нь 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр С.Бтэй зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1.8 хувийн хүүтэйгээр зээлдэхээр харилцан тохирч, уг гэрээнд нэмэлтээр “дээрх гэрээний нөхцөлөөр барьцаагаар хорин таван сая төгрөг нэмж, нийт /30 000 000/ гучин сая төгрөг хүлээн авав. Д.Уламнэмэх, С.Шийпель” гэсэн тэмдэглэгээ хийж, мөн өдөр зохигчид “Барьцааны гэрээ”-гээр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443а тоот хаягт байрлалтай, 542 м.кв талбай бүхий газрыг барьцаалжээ.

Зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаартай шийдвэрээр У.Ө, С.Шийпэл, Д.Унараас зээлийн төлбөрт 53 100 000 төгрөгийг гаргуулан С.Бэд олгож, барьцааны зүйл болох 542 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг газрыг иргэн Л.Түвшинзаяа 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан авч 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Д.Зд бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар 06-ны өдрийн 1322 дугаартай шийдвэр, албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2008 оны 7/1953 тоот албан бичиг, газар бэлэглэлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /I-хх 8-10, 22, 23, 78-80, III-хх 84, 90/

Шүүх дээрх нотлох баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж, У.Ө С.Б нарын хооронд 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан “Барьцааны гэрээ”-г халхавчлах зорилгоор мөн өдрийн бэлэглэх гэрээг байгуулсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэн, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварт хариуцагч С.Б, Д.З нараас тус бүр 185 571 140 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Хариуцагч Д.З нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 441А, 441Б, 442, 443А, 443, 444А, 444 тоот хаягт байрлалтай газруудын эзэмших, өмчлөх эрхийг иргэдээс газар худалдах, худалдан авах, бэлэглэх гэрээгээр шилжүүлэн авч, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн төсөл худалдах, худалдан авах гэрээний дагуу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны 14 дүгээр хорооллын 6 дугаар хэсэг дэх 210 айлын орон сууцны барилгын төслийг М ХХК-д худалдсан үйл баримт нь хэрэгт авагдсан газар худалдах, худалдан авах гэрээ, газар бэлэглэлийн гэрээ, төсөл худалдах, худалдан авах гэрээ, хариуцагчр нарын гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон байна. /II-хх 60, 61, 111, 112, III-хх 33, 47, 48, 71-73, 84-91, 165, 166, 221-225/

Нэхэмжлэгч У.Ө нь “Санаачлага хороолол” төрийн бус байгууллага, “Санаачлага хороолол” ХХК-ийн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй байсан эсэх, хариуцагч талтай газар болон орон сууцны барилгын төслийг шилжүүлэх, худалдах, хамтран ажиллах талаар байгуулсан гэрээ, хэлцлийг нотлох баримтаар шүүхэд гаргаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Д.З, М ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Төсөл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулагдсанаас хойш буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Санаачлага хороолол” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Унь орон сууцны төслийн эрхийг У.Өт шилжүүлсэн агуулгатай албан бичиг /II-хх 108/ үйлдсэнийг У.Ө нь “Санаачлага хороолол”-ын 210 айлын орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй тул шүүх түүнийг уг төсөлтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Нөгөөтэйгүүр “Санаачлага хороолол” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 347 тоот захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Санаачлага хороолол”-ын 348 айлын орон сууцны барилгын зориулалтаар олгогдсон 700 м.кв талбай газарт 29.9м х 13.2м, 19м х 18м, 19.5м х 33м-н хэмжээтэй барилгын зураг төслийг “Тэнхлэг тулгуур” ХХК боловсруулсан нь хэрэгт авагдсан 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн БЗД/01/09 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 479/2010 дугаартай зураг төсөл, хайгуул, судалгааны ажлын улсын экспертизийн дүгнэлт, Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Барилга байгууламжийн ажлын зураг төсөлд эрүүл ахуй, халдвар судлалын хяналт хийсэн дүгнэлт, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн техникийн нөхцөл, орон сууцны 14 дүгээр хорооллын 6 дугаар хэсгийн санаачлага хорооллын техникийн зураг төсөл  зэрэг нотлох баримтаар,

М ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 тоот захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц барих зориулалтаар олгогдсон 4 177 м.кв талбайтай газарт 17.0м х 50.0м, 17.0м х 36.0м Г хэлбэрийн 2 блок орон сууцны барилга, 35.0м х 35.0м үйлчилгээ, далд зогсоолын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн үйл баримт нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2013/351 дугаартай архитектур, төлөвлөлтийн даалгавар, 42/2014 дугаартай эрчим хүчний техникийн нөхцөл, 471/16 дугаартай УСУГ-ын техникийн нөхцөл, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн холбоожуулах техникийн нөхцөл, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн цахилгаан хамгамжийн техникийн нөхцөл, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас хариуцагч Д.З болон М ХХК нь санаачлага хорооллын төслийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан, улмаар тэдний гэм буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол учруулсан гэх байдал харагдахгүй байх бөгөөд анхан шатны шүүх эдгээр үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хулгайлан бусдад худалдсаны гэм хорын хохирол  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/03844 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4 032 790 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

                        ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                       

     Д.ЦОГТСАЙХАН