Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч Д.Соёлзул,

шүүгдэгч Н.Б*******

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б*******т холбогдох эрүүгийн 2515002330274 дугаартай, 304/2026/0012/Э индекстэй хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш******* овгийн Н*******ын Б******* /РД: ........../.

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Б******* нь нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багт байрлах хохирогч Ц.С*******ийн гэрт очиж хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Ц.С*******ийн нүүр хэсэг рүү өшиглөж, зодсон үйлдлийн улмаас түүний биед “...тархины доргилт, зүүн хөмсөгний сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515002330274 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллы шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б******* нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багт байрлах хохирогч Ц.С*******ийн гэрт очиж хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Ц.С*******ийн нүүр хэсэг рүү өшиглөж, зодсон үйлдлийн улмаас түүний биед “...тархины доргилт, зүүн хөмсөгний сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Ц.С*******ийн “…Б******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд гэрийн урд байрлах буйдан дээр суусан. Орж ирчхээд Н*******ээс тамхи байна уу? гээд байн байн асуугаад байхаар нь би Наа чинь чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэж Б*******тай маргалдсан. Маргалдаж байх үед гэрийн хойно байрлах орны зүүн талын хөлийн харалдаа сууж байтал асаалттай байсан лааг хөлөөрөө миний зүүн нүдний дээд тал руу нэг удаа өшиглөсөн, өшиглөх үедээ бакалтай байсан. Намайг өшиглөсний дараа их цус гараад байхаар нь подволкоороо дараад унтах гэж хэвтсэн. Намайг өшиглөчхөөд бакалаа тайлаад Н*******ийн тавчикийг өмсөөд манайхаас гараад явсан. Б******* зүүн хөлөөрөө миний зүүн нудний дээд тал руу нэг удаа өшиглөсөн, өшиглөх үедээ бакалан гуталтай байсан. …Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж 7 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Одоогоор надад зовуурь байхгүй байна. Эмнэлгийн байгууллагаас намайг унаж, татдаг болж магадгүй шүү гэж хэлсэн. Би сэтгэцийн гэм хорын дүгнэлт, сэтгэл санаанд учирсан хохирлоо тогтоолгох шаардлагагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгоно” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Г.Н*******ийн “...Би 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр баг Д*******ийн ... тоотод байрлах өөрийн гэртэй оройны 11 цагийн үед амрах гээд байж байтал Ц.С******* гаднаас орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд миний хөлийн үзүүрт суухад нь би унтаач гээд өөрийнхөө араар хэвтүүлсэн, араас нь удалгүй Н.Б******* орж ирээд надаас тамхи асуухад нь ягаан өнгийн цамцны халааснаас 1 ширхэг тамхи гаргаж өгсөн. Тэрний дараа бас надаас гал асуухад надад одоо байхгүй байна наад шургуулгаараа хар гэж хэлчхээд унтсан. Тэр үед Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өглөөний 09 цагийн үед сэрээд хамтран амьдрагч Ц.С*******ийг харсан чинь зүүн хөмсөгний дээд тал нь ярагдсан, хэвтэж байсан газарт нь их цус гоожсон байхаар нь хүүеээ чи чинь яачихсан юм бэ? гэж асуух үед Б******* нүүр лүү өшиглөсөн гэж хэлсэн. Би тэр шарх, гэмтлийг яаж авсан, хэн ийм шарх, гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна. Өглөө сэрээд харахад тийм зүйл болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч Д.Цын “2025 оны 07 дугаар сарын 8-ны өдөр Булган аймгийн аймгийн Б******* сумын 4 дүгээр баг Ц д ...... тоотод өөрийн гэртэй байж байтал ....... дугаараас Ц.С******* залгахад нь автал "Хөгшин нь хүнд зодуулчихлаа" гэхээр нь би Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр баг Д*******ийн ... тоотод оршин суух Ц.С******* найзындаа иртэл гэрийн хойд хэсэгт байрлах модон орон дээрээ маш их цус болцон хэвтэж байсан, яваад очтол толгой тархи нь нил цус болцон байсан, тэгээд би цагдаа дуудсан юм уу гэж асуусан чинь юм дугарахгүй байсан. Яагаад ийм болчихвоо гэтэл Б*******, Б******* /Н.Б*******/гэж муухан сул дуугаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн БУЛ0725/234 дугаартай “…Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. Тархины доргилт, сорви гэмтэл нь нийтдээ болон тус бүрдээ хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,

Н.Б*******ын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн үйлдсэн гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа, би тухайн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Би хохирогч Ц.С*******ийн биед учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан хохирол болох 2,149,904 төгрөгийг төлж хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б******* нь “наа чинь чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэж хэлсний улмаас хохирогч Ц.С*******ийн биед халдаж зодсон үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Н.Б******* нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж хүсэж үйлдсэний улмаас хохирогч Ц.С*******ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Булган аймгийн Прокурорын газар хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэв.

Иймд шүүх шүүгдэгч Н.Б*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, төлбөрийн талаар:

Шүүгдэгч Н.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С мөрдөн шалгах ажиллы шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн бол иргэний нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 2,149,904 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Н.Б*******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.Б******* нь дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдал тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар санал гаргасныг шүүгдэгч Н.Б******* танилцаж хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллы гаргуулах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* овогт Н*******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч Н.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллы зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гантулгад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ