| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/01985/И |
| Дугаар | 101/ШШ2023/04397 |
| Огноо | 2023-10-11 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/04397
| 2023 10 11 | 101/ШШ2023/04397 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М холбогдох
Зуучлалын хөлс 3,366,000 төгрөг, алданги 1,683,000 төгрөг, нийт 5,049,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн гэрээнээс учирсан хохирол 17,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,
Хариуцагч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р Сарital үл хөдлөх хөрөнгө зуучлалын брокер оффис болох А ХХК нь 2018 оны 0 сарын 10-ны өдөр иргэн Б.Мтой Үл хөдлөх хөрөнгө зуучлах гэрээ байгуулсан. Зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зуучлагч Л.Б нь зуучлуулагч Б.Мын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 153,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан худалдан авагч иргэн Э.Бд зуучлан холбон өгч зуучлуулагч Б.М нь итгэмжлэгдсэн төлөөлөгч эцэг болох Г.Баар дамжуулан худалдан авагчтай 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өмчлөх эрх баталгаажин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Э.Бын нэр дээр бүртгэгдэн гарч зуучлалын үйл ажиллагааны үүрэг дуусгавар болж, гэрээний дагуу зуучлуулагч зуучлалын хөлс төлөх үүрэгтэй болсон юм. Зуучлалын гэрээний 3.3 дахь заалтанд Гэрээний 3.1 дэх заалтанд заасан зуучлалын хөлсийг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш урьдчилгаа төлбөр зуучлалын дансанд шилжсэн тухайн өдөртөө багтаан төлнө гэж заасны дагуу бид зуучлуулагчаас гэрээний 3.1 дэх заалтанд заасны дагуу үйлчилгээний хөлс болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнэ болох 153,000,000 төгрөгийн 2,2 хувь болох 3,366,000 /НӨАТ-тэй дүн/ төгрөгийг төлөхийг нэхэмжлэлээр биечлэн, утсаар, мэссэнжэрээр хандсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд зуучлалын хөлс 3,366,000 /НӨАТ-тэй дүн/ төгрөг, гэрээний 5.2 дахь заалтад заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь болох хоногийн 16,830 төгрөгийг үүрэг гүйцэтгэх 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 1,683,000 төгрөг, нийт 5,049,000 төгрөгийг зуучлуулагч Б.Моос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.М нь 2018 оны 0 сарын 10-ны өдөр А ХХК-ийн Хан-Уул дүүрэ, 0 хороо, г хотхон, Х-1 хаягт байрлах Р Capital үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын агент болох Л.Б гэх хүнтэй өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 0 хороо, 13312 Х, 0 байр, 133 тоот хаягт байршилтай 70,30 мк талбайтай, амины орон сууцаа 170,000,000 төгрөгөөр үнэлж зуучлуулах гэрээнд тусган тус гэрээг байгуулсан болно. Гэвч миний аав болох Г.Бтай миний бие Америкийн нэгдсэн улсыг зорьсон хойгуур надад мэдэгдэлгүй аавыг маань группэд байдаг хөгшин бие муутайг нь далимдуулж тохиролцоонд хүрэхийг ятган миний аавдаа дамжуулсан худалдан борлуулж, захиран зарцуулах нотариатаар баталгаажсан итгэмжлэлээр баталгаа болгож 153,000,000 төгрөгөөр үнэлж мөн зуучлалын хөлсийг худалдан авагч талаар төлүүлэн үнэлгээнээс хасуулж болно хэмээн тохиролцоондоо тусгаж зуучлан борлуулсан байдаг. Тус орон сууцыг анх 160,000,000 төгрөгөөр үнэлж, тус Л.Б гэх агентаар дамжуулж худалдаж авсан байдаг, мөн дээрээс нь тус байранд төлбөрийн үлдэгдэл байсныг төлсөн, мөн төлөх ёсгүй татварыг төлсөн байдаг талаар өөрөө мэдэж байсан.
Иймд миний бие удаа дараа тус агентаас болж мөнгө санхүүгээр хохирсон, мөн аавтай минь тохиролцсон тохиролцоондоо хүрээгүй гэх учир тус шүүхэд ирсэн нэхэмжлэлийг эрс татгалзаж, зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Миний бие Б.М нь 2018 оны 0 сарын 10-ны өдөр А ХХК-тай буюу Р сарital үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 6.1 дүгээр зүйлд Зуучлуулагч нь зуучлагчид өөрийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 170,000,000 төгрөгийн хооронд, эсвэл бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу тухайн үед тохиролцсон үнээр худалдан борлуулах нөхцөлөөр гэрээ байгуулах гэж заасан байна. Харин намайг байхгүйг далимдуулан аав Г.Быг хуурч үйлчилгээний хөлс болох гэрээний 4.1-д заасан 3,740,000 төгрөгийг худалдан авагч талаар төлүүлнэ хэмээн 17,000,000 төгрөгийн ноцтой хохирол учруулсан болно. Тус байгуулсан гэрээний 8.1-д Аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа хохирол учруулсан тохиолдолд бодит хохирлыг буруутай тал нь нөхөн төлнө, мөн гэрээний 9.1-д Зуучлагч гэрээг зөрчиж, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажилласан болох нь тогтоогдвол зуучлалын хөлс, шагнал авах, гарсан зардлаа нөхөн төлүүлэх эрхээ алдана гэж заасан байна. Мөн А ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж тухайн гэрээг дуусгасан тухай нотлох баримтандаа хавсаргажээ, тийм байхад одоо манай талаас 5,049,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм.
Иймд А ХХК-иас 17,000,000 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч А ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн төрсөн эцэг болох Г.Б нь Баянзүрх дүүргийн 0 хороо, Х 0 байрны 133 тоот хаягт байршилтай 70.30 мкв амины орон сууцыг манай үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаар зуучлуулан худалдах саналаа илэрхийлсэний дагуу уг орон сууцны өмчлөгч Б.Мтой 2018 оны 0 сарын 10-ны өдөр №ЭХ/18-145 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зарыг дотоод сүлжээ болон бусад олон нийтэд нээлттэй зарын сайтуудад байршуулж худалдан авагч нарт санал болгосон. Нэхэмжпэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах саналыг хүлээн авсан худалдан авагч Э.Бд 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр орон сууцыг танилцуулсан бөгөөд үүний дагуу хариуцагч Б.Мын итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Б, Э.Б нар нь орон сууцыг 153,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж худалдан авагч талд өмчлөлийг шилжүүлсэн болно. Нэхэмжпэгч компани нь 2018 оны 0 сарын 10-ны өдөр №ЭХ/18-145 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-нд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд худалдагч тал өөрийн хүсэл зоригоо илэрхийлж үл хөдлөх эд хөрөнгийг 153,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 28ж2-2/947 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэл, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 0 сарын 10-ны өдрийн ЭХ/18-145 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/, Орон сууц худалдан авах санал /хуулбар/, гэрээ дүгнэсэн акт /хуулбар/, худалдах-худалдан авах гэрээ /хуулбар/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /хуулбар/, баталгаа /хуулбар/, 101/ШЗ2020/00185 дугаартай захирамж /хуулбар/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2020/00185 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, Орон сууц худалдан авах санал, 2019 оны 0 сарын 05-ны өдрийн Ремакс монголиа бүсийн ёс зүйн хорооны шийдвэр, Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 0 сарын 21-ний өдрийн шилжүүлэгийн мэдээлэл, Remax-ийн зар, А ХХК-ийн нэхэмжлэх, хүснэгт, Худалдаа хөгжлийн банкны А ХХК-ийн дансны хуулга, Хаан банкны Э.Бын депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагчийн хариу тайлбар, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Г.Б болон Э.Б нарын иргэний үнэмлэх, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, Т.Нгийн иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Мын гадаад паспортыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
6. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрч Г.Баас авсан мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЭХ/17-244 дугаартай энгийн зуучлалын гэрээ, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1297 дугаартай албан бичгээр 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Улаанбаатар хотын банкны мемориалын баримт, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Г.Б болон Э.Б нарын иргэний үнэмлэх, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Мод холбогдуулан зуучлалын хөлс 3,300,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг, нийт 4,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зуучлалын хөлс 3,366,000 төгрөг, алданги 1,683,000 төгрөг, нийт 5,049,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ.
2. Хариуцагч Б.М нь удаа дараа нэхэмжлэгчээс болж мөнгө санхүүгээр хохирсон, мөн аавтай минь тохиролцсон тохиролцоондоо хүрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, тэрээр гэрээнээс учирсан хохиролд 17,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь 2018 оны 0 сарын 10-ны өдөр №ЭХ/18-145 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-нд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд худалдагч тал өөрийн хүсэл зоригоо илэрхийлж үл хөдлөх эд хөрөнгийг 153,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Баянзүрх дүүрэг, 0 хороо, 13312 Х, 0 байрны 133 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 70,30 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.М нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдэн, 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
Б.М нь дээрх орон сууцыг ...бусдад худалдах, ... холбогдох гэрээг нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлээс лавлагаа авах, төлбөр тооцоо авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Г.Бд олгосон байна.
4б. А ХХК-ийн Хан-Уул дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгө зуучлалын Р Capital брокер оффисийн агент болон Б.М нарын хооронд 2018 оны 0 сарын 10-ны өдөр ЭХ/18-145 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-г 2019 оны 0 сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулжээ.
Энэхүү гэрээний хугацаанд Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр АНУ явж, 2019 оны 0 сарын 28-ны Монгол Улсад ирсэн болох нь түүний гадаад паспортаар тогтоогдож байна.
4в. Дээрх гэрээний 6.1-д зааснаар зуучлуулагч буюу Б.М нь зуучлагч А ХХК-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 170,000,000 төгрөгийн хооронд, эсвэл бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу тухайн үед тохиролцсон үнээр худалдан борлуулах нөхцлөөр гэрээ байгуулах санал гаргах эрхийг энэхүү гэрээгээр өөрийн эрх, хүсэл сонирхлын дагуу хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэн Э.Б нь орон сууцыг 153,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ремаксад гаргасан болох нь Орон сууц худалдан авах санал-аар тогтоогдож байх бөгөөд улмаар Б.Мыг төлөөлөн Г.Б нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Э.Бтай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Э.Бд олгогдож, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар Б.Мын өмчлөх эрх дуусгавар болж, өмчлөх эрх шинэ өмчлөгч Э.Бд үүссэн байна.
Ийнхүү Э.Б нь орон сууцыг 153,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг гаргаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 135,000,000 төгрөгөөр байгуулсан ба энэхүү өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл 18,000,000 төгрөгт Э.Б нь өөрийн эзэмшлийн 0 УБУ улсын дугаартай, тоёота приус маркийн автомашиныг бусдад худалдах, худалдан авах гэрээ хийх, нэр шилжүүлэх, зээлийн барьцаанд тавих зэрэг эрхийг 3 сарын хугацаатай олгосон итгэмжлэл үйлдсэн, улмаар 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Э.Б нь Т.Нтэй Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээний үнийг 18,000,000 төгрөгөөр тохирсон байна.
Эдгээрээс үзвэл Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь иргэн Э.Бын орон сууцыг 153,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг хүлээн зөвшөөрч, дээрх гэрээ болон үйлдлүүдийг хийсэн гэж үзэхээр, мөн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөөгүй талаар маргаан гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зуучлалын гэрээ байгуулагдсан, зуучлагч А ХХК нь дээр дурдсанаар гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин зуучлуулагч Б.М нь гэрээний дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
6. А ХХК-ийн Б.Мод холбогдуулан зуучлалын хөлс 4,455,000 төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлд шүүх 2019 оны 0 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2020/00185 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
6а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Мыг эрэн сурвалжлуулахаар А ХХК нь хүсэлт гаргаж, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/00224 дугаартай шийдвэрийн дагуу Б.Мыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж, цагдаагийн байгууллага хаяг тогтоогдсон үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагааг дуусгавар болгосон болох нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 28ж2-2/947 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний хугацаа 2019 оны 0 сарын 10-ны өдөр дууссан, улмаар нэхэмжлэгч нь мөн оныхоо 11 сард шүүхэд зуучлалын хөлс шаардсан нэхэмжлэлийг гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба энэхүү хугацаанаас хойш 3 жилийн хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан, эсхүл хариуцагч нь ямар нэгэн баталгааг нэхэмжлэгчид гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч А ХХК нь хэзээ нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэрлэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлсэн байна.
8. Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 0 сарын 10-ны өдрийн ЭХ/18-145 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-ний 9.1-д Зуучлагч гэрээг зөрчиж, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажилласан болох нь тогтоогдвол зуучлалын хөлс, шагнал авах, гарсан зардлаа нөхөн төлүүлэх эрхээ алдана гэж заасан байх бөгөөд зуучлагч А ХХК нь гэрээнд заасан эрх, үүргийг зөрчиж, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажилласан болох нь дээр дурдсан үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн гэрээний 6.1-д зааснаар Б.М нь А ХХК-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 170,000,000 төгрөгийн хооронд, эсвэл бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу тухайн үед тохиролцсон үнээр худалдан борлуулах нөхцлөөр гэрээ байгуулах санал гаргах эрхийг энэхүү гэрээгээр өөрийн эрх, хүсэл сонирхлын дагуу хүлээн зөвшөөрсөн, худалдан авагч тодорхой санал гаргасныг түүний өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч, орон сууцыг 153,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл 170,000,000 төгрөгөөр зарах байсан орон сууцыг 153,000,000 төгрөгөөр зарахаар зуучилж, хохирол учруулсаны зөрүү 17,000,000 төгрөгөөр зуучлуулагч хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн тэмдэглэл үйлдэх ёстой байсан гэдгийн хувьд худалдан авагч үнийн саналаа өгч, түүний дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Б.Мод холбогдуулан гаргасан Зуучлалын хөлс 3,366,000 төгрөг, алданги 1,683,000 төгрөг, нийт 5,049,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б.Мын нэхэмжлэгч А ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохирол 17,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,725 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ