| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/04946/И |
| Дугаар | 183/шш2023/01739 |
| Огноо | 2023-05-29 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 183/шш2023/01739
| 2023 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2023/01739 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Э гудамж, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар **********, У овогтой Б-ын С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Нархан хотхоны ** дугаар байр, ***** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, Г констракшн ХХК-д холбогдох,
Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ******, Г.Л гудамж, ** байрны *** тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч ** констракшн ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ******, Г.Л гудамж, *** байрны *** тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Г констракшн ХХК-ийн ерөнхий захирал Д.Ц-тэй 2016/12-08 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, орон сууцны төлбөр ********** төгрөгийг төлж Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** дугаар хороолол *******, Г.Л гудамж, *** байрны ** дүгээр орц, ** давхар, *** тоот орон сууцыг хүлээн авч, орон сууцанд амьдарч байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй байгаа. Улмаар миний бие тус шүүхэд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ************ дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ************** дугаар шийдвэрээр хариуцагч "Г констракшн" ХХК, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Ц-ийг эрэн сурвалжилж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн ** дүгээр хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хариуцагчийг Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Нархан хотхоны ** дугаар байр, ***** тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг болохыг тогтоогоод байна. Хариуцагчид өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах талаар утсаар болон амаар удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй өөрийн хууль ёсоор төлбөр мөнгийг бүрэн төлж худалдаж авсан орон сууцны үл хөдлөх эд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй маш ихээр хохирч байх тул шүүхийн журмаар өмчлөгчөөр тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол *****, Г.Л гудамж, *** байрны *** тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.С-ийн нэхэмжлэлийг манай байгууллага бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Б.С нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л гудамж, *** байрны дугаар орц *** тоот орон сууцны ********* төгрөгийг төлсөн иймээс тус нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г констракшн ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ******, Г.Л гудамж, *** байрны *** тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлд Г банк ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. Тус байр нь Г констракшн ХХК Г банк ХХК-тай байгуулсан зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээл нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаж байгаа тул Г банкнаас уг байрны өмчлөгчөөр тогтоохыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч Ус амин эрдэнэ нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ус сувгийн удирдах газар нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулахын тулд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, Г.Л гудамж, ** болон ** байрыг бариулах ажил гүйцэтгэх гэрээг Г констракшн ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, хамтран ажилласан ба тус орон сууцыг улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулсан. Г констракшн ХХК нь тус *** айлын орон сууц болон авто зогсоолоос ** хувийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд үүнд ** айлын орон сууц, ** хувийн автозогсоол болон нэг давхрын үйлчилгээний зориулалттай талбай багтаж байгаа. Манай төрийн бус байгууллага нь Ус сувгийн удирдах газрын ажилчдын орон сууц захиалагчдын төлөөллөөс бүрдсэн, тэдгээрийн эрх, ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүднээс байгуулагдсан. Хэдийгээр дээрх байршилд баригдсан ** давхар барилгын газрын гэрчилгээ, дуусаагүй барилгын гэрчилгээ нь манай төрийн бус байгууллагын нэр дээр бүртгэлтэй боловч гэрээнд зааснаар Г констракшн ХХК нь тухайн байрнаас тодорхой тооны байруудыг захиран зарцуулах эрхтэй тул иргэн Б.С-ийн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэгт манай байгууллага гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 475.200 төгрөг төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ****** тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ********* дугаартай шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн ******* дугаартай албан тоот, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэгчээс Ц.Б олгосон итгэмжлэл, Г банк ХХК-ийн Ус амин эрдэнэ НҮТББ-д 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай баримтын хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэгчээс Ц.Б олгосон итгэмжлэлийн хуулбар зэргийг тус тус ирүүлсэн.
6. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тус компаниас Ц.Б олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г банк ХХК-иас Б.Б, Ө.С нарт олгосон итгэмжлэл, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ********* дугаартай Г констракшн ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ********** дугаартай Ирээдүйд хийж болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ************ дугаартай Ипотекийн гэрээний хуулбар зэргийг ирүүлсэн.
8. Бие даасан шаардлага шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ус амин эрдэнэ НҮТББ-иас ******** дугаартай 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тус компанид олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн Баянзүрх дүүргийн Улсны бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот албан бичгээр Ус амин эрдэнэ ГҮТББ-ын ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Иргэн Б.С нь Г констракшн ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ********* дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ********, Г.Л гудамж, *** байрны *** тоотод байрлах, ***** м.кв талбай бүхий, ** өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ** м.кв-ын үнэ ******* төгрөг буюу *********** төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч уг гэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 4.1.4-д Захиалагч захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн гэрээний 4.2.2-т Барилгын Улсын комиссоос ашиглалтанд хүлээн авахыг зөвшөөрсөн акт гаргасны дараа гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлсний үндсэн дээр захиалсан орон сууцын байрыг хүлээн авах эрхтэй гэж заасан нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.
3. Хариуцагч Г констракшн ХХК нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
Хэдийгээр тухайн орон сууцны барилга нь гуравдагч этгээд Ус амин эрдэнэ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэр дээр бүртгэлтэй, мөн Г банк ХХК-тай Г констракшн ХХК-ийн байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт бүртгэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч хариуцагч Г констракшн ХХК нь тухайн барьцаа хөрөнгөд ноогдох зээлийн төлбөрийг төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчилэн чөлөөлөх боломжтой.
Тодруулбал, шүүх дээрх шаардлагыг хангаснаар 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ********* тоот Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл болон 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн *********** тоот Ипотекийн гэрээ-ний хүчин төгөлдөр байдалд болон гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно.
4. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол *****, Г.Л гудамж, ** байрны ** дугаар орцны ** дүгээр давхрын *** тоотод байрлах, *** м.кв талбай бүхий, ** өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэрэгэ констракшн ХХК-иас ****** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгоно.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ус амин эрдэнэ нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ******, Г.Л гудамж, ** байрны ** дугаар орцны ** дүгээр давхрын ** тоотод байрлах, ** м.кв талбай бүхий, ** өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г констракшн ХХК-иас ******** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА