Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0052/З |
Дугаар | 128/ШШ2023/0472 |
Огноо | 2023-05-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2023/0472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г*******ийн Н*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Хариуцагч: *******а,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г, Д.Л,
Маргааны төрөл: Г.Н*******д гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан *******ын шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улмаар *******ын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/973 дугаар тушаалаар Г.Н*******г үүрэгт ажилдаа хайнга хандаж, гаалийн хяналт шалгалтыг хууль журмын дагуу зохион байгуулаагүйгээс бусдад бараа тээврийн хэрэгсэлд ногдуулах татвараас зайлсхийж, уг бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх боломжийг олгосон гэх үндэслэлээр гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.
Харин нэхэмжлэгч дээрх хариуг ирэхээс өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
“*******ь гаалийн газрын хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албанаас халсан *******ын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/973 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д болон Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар сахилгын шийтгэлийг гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан тохируулж ногдуулаагүй, сонсох ажиллагааны журам зөрчсөн.
Иймд *******ын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/973 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
“*******ь гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Г.Н******* нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 37.1.18 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан "Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт, Монгол улсын сайд, ******* дарга, ******* даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.3 дахь заалт, *******ын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам"-ын 5 дугаар зүйлийн 5.41 дэх хэсгийг тус тус зөрчиж үүрэгт ажилдаа хайнга хандаж, гаалийн хяналт шалгалтыг хууль журмын дагуу зохион байгуулаагүйгээс бусдад бараа тээврийн хэрэгсэлд ногдуулах татвараас зайлсхийж, уг бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх боломжийг олгосон тул гаалийн албанаас халсан болно.
Иймээс иргэн Г.Н*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалын 1 дүгээр зорилтын хүрээнд 1-т гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, тусгай бүсийн дэглэм, журмыг сахиулах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, 2-т гаалийн хилээр нэвтрүүлэх өдөр тутам зохион байгуулах. шаардлагатай тохиолдолд гаалийн хяналт шалгалтад оролцох үүрэгтэй. Гаалийн хяналт шалгалт нь зөвхөн улсын байцаагч оролцохгүй. Эрсдэлийг тооцоолж улсын ахлах байцаагч оролцох боломжтой учраас хилийн боомтод гаалийн улсын ахлах байцаагчаар ахлуулж 5-6 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилуулж ажиллуулдаг. 3-т Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулж, хураах, гаалийн хяналт, шалгалт худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой асуудлаар гаалийн харилцаанд оролцогчдод мэргэжил арга зүйн зөвлөмж үзүүлэх юм. Улсын ахлах байцаагч нь өглөөний 8 цагаас оройны 8 цаг хүртэл 12 цагийн турш удирдах ажилтны алба гүйцэтгэж байгаа. Г.Н******* нь удирдаж байгаа хүний хувьд чөлөө өгөх, барааг дахин шалгах эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Гаалийн улсын ахлах байцаагч нь хяналт тавих бүрэн боломжтой юм.
Г.Н******* нь технологи ажиллагааны дагуу ажиллаагүй нь миний буруу гэсэн нь мэдүүлэгтээ хувийн сэдлээр гуйлтаар албан ажилдаа хандсан гэдэг нь өөрийнх нь өгсөн тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. н.П байцаагч мөн сахилгын хороонд тайлбар мэдүүлэг өгсөн. Ахлах гэдэг бол 6-7 хүн удирддаг, гаалийн хууль бус зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёстой. Гэтэл удирдуулж байгаа хүмүүст хууль бус үүрэг даалгавар өгч үүрэг гүйцэтгэж байгаа нь буруу юм.
Г.Н*******д авч болох боломжит арга хэмжээ нь сахилгын шийтгэл байсан. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж А*******т мэдүүлэх, эрүүгийн журмаар шалгуулбал ажлаас халсан байх шаардлагатай. Тэгэхгүй бол дахин эдгээр зөрчлөө гаргаж магадгүй. Хууль бус үүрэг даалгавар гүйцэтгэсэн, хийх ёстой хийгээгүй үндэслэлээр тухайн өдрийн ээлжид гарсан бүх байцаагч нарт сахилгын шийтгэл оногдуулсан. *******ын тушаалаар албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр А******* руу хүргүүлсэн. Гаалийн ерөнхий газраас А******* руу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01-2/445 дугаар мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн утга нь Алтанбулаг боомтоор 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 80- УБМ улсын дугаартай Мицүбиши Кантер гэдэг маркийн машин улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлсэн нь тогтоогдож холбогдох гаалийн улсын байцаагч нарт сахилгын хариуцлага тооцсон. Гаалийн улсын ахлах байцаагч Г.Н******* нь гаалийн бүрдүүлэлт хийх татвар ногдуулах талаар барааны эзэн н.Гтай 99 дугаарын утсаар холбогдоход татварын мөнгийг танай татварын байцаагч авсан. Мөнгө авсан байцаагчаар төлүүлнэ үү гэсэн утга илэрхийлж, нөхөн бүрдүүлэлт хийж татвар төлөхөөс татгалзсан байна. Энэхүү үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байх тул харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүллээ гэсэн байдаг. Одоо шалгагдаж байгаа.” гэв.
Тэгтэл н.П байцаагчийг гаргаад явуулах талаар үүрэг чиглэл өгсөн байдаг. Энэ талаар сахилгын хорооны хуралдаанаар нэхэмжлэгч өөрөө мэдүүлсэн байдаг. Тухайн үеийн процесс 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр болсон Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газраас тухайн асуудалтай холбогдуулан тайлбар авч ажиллагаа явуулсан. Зөрчил гаргаснаас хойш 2-3 сарын хугацаанд сахилгын зөрчил гаргасан талаар хүлээн зөвшөөрөөгүй байсан бол энэ талаар нотлох байсан. Нэхэмжлэлд дурдсанчлан сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг нь энэ хугацаагаар няцаагддаг. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сахилгын хорооны хурал хуралдсан. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Г.Н******* зөрчил гаргаагүй гэж үзсэн бол аливаа нэг хэлбэрээр үүнийгээ нотлох хугацаа хангалттай байсан. Харин ч сахилгын хорооны хуралдаанаар зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан *******ь Алтанбулаг боомтоор 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 80 УБМ улсын дугаартай автомашин ачаа тээвэрлэн ОХУ-ын талаас улсын хилээр нэвтрэхдээ гаалийн байгууллагад бүртгүүлээгүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй буюу үүрэгт ажилдаа хайнга хандаж, гаалийн хяналт шалгалтыг хууль журмын дагуу зохион байгуулаагүйгээс бусдад бараа тээврийн хэрэгсэлд ногдуулах татвараас зайлсхийж, уг бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх боломжийг олгосон гэж Г.Н*******г гаалийн албанаас халсан *******ын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/973 дугаар тушаал хуульд нийцжээ.
Учир нь *******ь Алтанбулаг боомтоор 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 80 УБМ улсын дугаартай автомашин ачаа тээвэрлэн ОХУ-ын талаас улсын хилээр нэвтрэхдээ гаалийн байгууллагад бүртгүүлээгүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй болох нь хэрэгт авагдсан сахилгын зөрчлийг шалгасан баримтууд болон Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 203 дугаар дотоод зурвас зэрэг баримтаар нотлогдож байна.
Ийнхүү хилийн боомтоор гаалийн бүрдүүлэлт хийлгүй авто тээврийн хэрэгсэл, барааг нэвтрүүлсэн нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12.“"гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг;”, 9 дүгээр зүйлийн 9.1.“Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.”, 24 дүгээр зүйлийн 24.1.“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.”, 24.2.”Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ.” гэж заасныг зөрчсөн, *******ын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдасан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын “Гурав” дахь хэсэгт заасан авто замаар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах зохицуулалтад нийцээгүй байна.
Дээрх гаалийн хяналтыг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах нь нэхэмжлэгчийн гүйцэтгэх чиг үүрэг болох нь албан тушаалын тодорхойлолтоор тогтоогджээ.
Мөн Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т зааснаар сахилгын шийтгэлийг гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан ногдуулах бөгөөд сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэхгүй бөгөөд зөрчлийн шинж байдлыг шийтгэлийн төрлийг сонгох нь эрх нь хариуцагчид байна.
Учир нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн асуудлыг Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны хурлаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гарсны дагуу Сахилгын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэж маргаан бүхий тушаал гаргасныг заавал сахилгын хэрэг үүсгэн шийдвэрлэх байсан гэж буруутгах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 284 дүгээр зүйлийн 284.1, 284.1.5, 284.2, 284.3-д заасныг тус тус баримтлан иргэн Г.Н*******гаас *******ад холбогдуулан гаргасан “*******ын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/973 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН