Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

 

 

        

 

       

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч  Санаа Гяльцем-Самдан Алексеевич, түүний өмгөөлөгч Б.Ариунболд,

орчуулагч Э.Одхүү,

шинжээч эмч Н.Энхцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Санаа Гяльцем-Самдан Алексеевичид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626021616 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Оросын холбооны Улсын иргэн, Санаа Гяльцем-Самдан Алексеевич, /РД:ПД65-1834585/ 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Оросын холбооны улсын Хөндэргэй хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдохын өмнө Аварга дээд сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 66-06 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

  Шүүгдэгч Санаа Гяльцем Самдан Алексеевич нь 2016 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Баасанбатыг  араас нь чулуу барьж ирсэний улмаас унагааж, зүүн хөлөн дээр нь гишгэж бие махбодид нь хүндэвтэр зэргийн буюу эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний урд цагираг холбоосны бүрэн урагдал бүхий гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Санаа Гяльцем-Самдан Алексеевич шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд энэ талаар мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хэрэгт цуглуулсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Баасанбатын “Би 2016 оны  05 дугаар сарын 19-ний орой найз Наранбилэг, Амартүвшин нарын хамт хороололд хоол идчихээд 2, 2 пиво уучихаад 05 дугаар сарын 20-ны  шөнө 03 цагийн үед Амартүвшингийн байрны буланд зогсож байсан чинь 4-5 залуу бид нарын хажуугаар өнгөрөхдөө Амартүвшингийн эхнэр Наранбилэг рүү яг юу ярьсныг мэдэхгүй юм яриад өнгөрөхөөр нь би тэр залуучуудын араас ганцаараа очихдоо замаасаа нэг жижиг чулуу аваад очиход хоёр залуу нь нэг шатны хажуу руу шээж байх шиг байсан, тэгээд би тэр  шатных нь хажууханд зогсож байсан чинь нэг залуу нь намайг тонгорч унагаад хөлөн дээр гишгээд зугтаасан.

... Би яг санаатайгаар намайг зодож цохьсон гэж үзэхгүй байна. ... Араас нь чулуу барьж очоод зүгээр зогсож байсан чинь тэр залуу шээж байгаад намайг гэнэт харсандаа айгаад холдуулах гэж байгаад үүрч унагаад хөлөн дээр гишгээд зугтаасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

“... Намайг нэг тонгорч унагаад хөлөн дээр гишгээд зугтаасан. Хөлөн дээр гишгэхэд л тус гэмтэл учирсан байхаа тэгэхээс өөрөөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. ... Гэхдээ яг над руу харж байгаад гишгэсэн асуудал байхгүй. Тэгэхээр нь би санаатайгаар миний хөлөн дээр гишгэсэн гэж бодохгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 75-76 дугаар хуудас/

 

Гэрч Б.Амартүвшингийн “... Баасанбат намайг дуудаад орилохоор нь би гүйгээд очсон чинь Баасанбат газар уначихсан нөгөө 5 залуугийн 3 залуу нь тойроод зогссон харагдаж байхаар нь би орилоод гүйгээд очсон чинь 3 залуу зугтаасан  тэгэхээр нь би араас нь хөөсөнд өөдөөс чулуу шидээд байхаар нь би цагдаа дуудаад тэгээд цагдаа хурдан ирсэндээ 1 залууг нь барьж авсан. Тэгэхэд Баасанбатын зүүн хөл нь гишгэж болохгүй байхаар нь бид нар такси барьж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн.

... Яг хэдэн хүн юугаар яаж цохиж зодсоныг хараагүй намайг гүйгээд очсон чинь гурван залуу зугтаасан”гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Санаа Гяльцем-Самдан Алексеевичийн мөрдөн байцаалтад яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлд “Би урьд мэдүүлсэн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Дахин дахин нэг зүйлээ давтаж мэдүүлэх нь шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 137 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Санаа Гяльцем-Самдан Алексеевич нь урьд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... Саян бид хоёр шээж байсан чинь нэг залуу нь чулуу бариад ирэхээр нь би зүгээр мөрлөж унагаад зугтаасан гэхдээ би тухайн үедээ санаатайгаар тэр хүнийг унагаж гэмтээе гэж бодоогүй зүгээр түлхээд холдуулаад зугтаая гэж бодсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/

“... Тухайн үед би бөхийсхийгээд гэдэс хэсэг рүү нь мөрөөрөө мөрлөж түлхээд зугтаасан. Би гар хөлөөрөө татаж зуурч ноцолдож унагаасан асуудалгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 95 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Санаа Гяльцем-Самдан Алексеевич нь Б.Баасанбатыг чулуу бариад өөр лүү ирэхэд түлхэж унагаад зугтаахдаа хөл дээр нь гишгэж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын биемахбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн гэм буруугийн шууд, шууд бус санаатай хэлбэргүй буюу субьектив санаа зорилгогүй байсан байна гэж дүгнэлээ.

 

Тухайлбал Санаа Гяльцем-Самдан Алексеевич нь шатны хажуу руу бие засаад зогсож байхад нь түүн рүү хохирогч Б.Баасанбат чулуу барьж ирсэн бөгөөд түүнийг өөрөөсөө холдуулж буюу түлхэж унагаад зугтаахдаа хөл дээр гишгэсэн нь шүүгдэгч тухайн үед өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэрэг гарсан нөхцөл байдлын улмаас хохирогчийн биед гэмтэл учирна гэдгийг ухамсарлах боломжгүй, зөвхөн чулуу барьж өөр лүү нь ирсэн хүнээс зугтаах гэсэн санаа зорилготой үйлдэл байсан бөгөөд зугтаах үйлдэл хийхдээ хөл дээр нь гишгэж гэмтэл учруулжээ.

Түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршигийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэсэн заалтад хамааруулах үндэслэлтэй юм.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаар шүүгдэгч Санаа Гяльцем-Самдан Алексеевичийн хохирогч Б.Баасанбатын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүй байх хууль зүйн үндэслэлтэй  байна.  

Шүүгдэгч Санаа Гяльцем-Самдан Алексеевичийг гэм буруугүйгээр бусдын биемахбодид хүндэвтэр гэмтэл болох хор уршиг учруулсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Санаа Гяльцем-Самдан Алексеевичид холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхих хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7170 тоот дүгнэлтэнд:

“1. Баасанбатын биед зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний урд цагираг холбоосны бүрэн урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.                                                                                                               

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.” гэсэн нь /хэргийн 32 дугаар хуудас/ Санаа Гяльцем Самдан Алексеевичийн хохирогч Б.Баасанбатад учруулсан хор уршиг гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Санаа Гяльцем Самдан Алексеевич нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Санаа Гяльцем Самдан Алексеевичид холбогдох 201626021616 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож Санаа Гяльцем-Самдан Алексеевичийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Санаа Гяльцем-Самдан Алексеевич нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь хэсэгт  зааснаар энэ хэрэгт иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар Санаа Гяльцем-Самдан Алексеевичид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Санаа Гяльцем-Самдан Алексеевичид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ