Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 376

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмааг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03829 дугаар шүүхийн шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Год холбогдох

 

Т ХХК болон Л.Г нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр амаар хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Б

Хариуцагч: Л.Г

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Л.Г 2012 оны 4 сард манай компанийн Төв аймгийн Баян суманд байрлах Баян-Шанд шохойн чулууны уурхайд жолоочоор, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерээр, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс уурхайн даргын үүрэгт ажилд тус тус томилсон. Гэтэл уурхайн дарга Л.Г тухайн ажлыг хийж байх үедээ компанийн хөрөнгөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Манай компани 2015 онд “Стройка” ХХК-д шохой нийлүүлсэн үнийн дүнгийн авлагатай байсан. С ХХКнь “И Эн Пи” ХХК-иас авлагатай байсан бөгөөд уг авлагадаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 байрны 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон. Ингээд С ХХКнь “И Эн Пи” ХХК-иас авах 2 өрөө орон сууцыг манай компанид өрөндөө өгөхөөр болж, ажиллагааг хөнгөвчлөх үүднээс С ХХКнь “И Эн Пи” ХХК-нд орон сууцыг шаардах эрхээ манай компанид шилжүүлсэн. Гэтэл уурхайн дарга Л.Г үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан боловч өнөөдрийг хүртэл Т ХХК-д шилжүүлэхээс тодорхой шалтгаангүй татгалзаж байна. Иймд хариуцагч Л.Гоос үндэслэлгүй хөрөнгөжсөн 2 өрөө орон сууцыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Манай компанийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2018 оны 12 сарын 11-ний өдөр дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай зүгээс өмнө нь гаргасан Л.Гоос 71 328 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Т ХХКболон Л.Г нарын хоорондын 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Л.Г болон “И Эн Пи” ХХК нарын хоорондын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ зэргийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 дүгээр байрны хоёр өрөө орон сууцыг Л.Гоос гаргуулах гэж өөрчилсөн бөгөөд уг шаардлагын нэг үндэслэл болох Л.Г болон “И Эн Пи” ХХК нарын хоорондын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээс татгалзаж, Т ХХК болон Л.Г нарын хооронд амаар байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр буюу хуульд заасан хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзэж орон сууцыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр буцаан гаргуулах шаардлага гаргасан. Компанийн зүгээс бусдаас 62 049 800 төгрөгийн авлагадаа авах орон сууцыг Л.Г худалдаж авах санал гаргасныг хүлээн авч, амаар харилцан тохиролцсон. Ингээд хариуцагчид уг орон сууцыг шилжүүлж өгөх үүргээ биелүүлсэн ба харин хариуцагчаас үнэ төлөх үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаанд хариуцагчаас 22 250 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлснийг хүлээн зөвшөөч байна. Мөн “И Эн Пи” ХХК-нд 9 278 200 төгрөг төлснийг зөвшөөрч байгаа. Манай зүгээс авсан 22 250 000 төгрөг болон “И Эн Пи” ХХК-нд төлсөн 9 278 200 төгрөгийн хамт буцаан төлөх болно. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар батлуулна гэсэн хуульд заасан хэлбэрийг зөрчиж талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээг амаар хийсэн тул энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл байх бөгөөд анхнаасаа хэлцлийг хийгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар авсан зүйлээ харилцан буцааж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж орон сууцыг буцаан гаргуулах шаардлага гаргаж байгаа болно гэжээ. 

Хариуцагч Л.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байгууллагад найзынхаа хүсэлтээр ажилд орсон. Чамайг 2 өрөө байртай болгож өгнө гэсэн. Бараг амь насаараа дэнчин тавьж, 2 өрөө байрны төлөө ажилласан. Одоо эрүүл мэндийн хувьд хавдартай болж хохироод үлдэж байна. Т ХХК-ийн захирал н.Нямсүрэн гуай байрны үнийг 100 хувь чөлөөлж чадахгүй байна. Байрны үнийн 50 хувийг намайг төл 50 хувийг байгууллагаас төлнө гээд бид нар амаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би 32 024 900 төгрөг төлөх байснаас өөрийн боломжийн хэмжээгээр нийт 22 250 000 төгрөгийг нэхэмжлэгчид орон сууцны үнэд төлсөн. Мөн нэхэмжлэгчтэй тохиролцсон орон сууц 62 049 800 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд би “И Эн Пи” ХХК-тай ярилцаад арай илүү м.кв-тай орон сууцыг авахаар болж илүү м.кв-ын үнэд “И Эн Пи” ХХК-нд 9 278 000 төгрөг төлсөн. Ингээд н.Нямсүрэн захиралтай бичгээр тооцоо нийлэхэд 10 000 000 орчим төгрөг дутуу байсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болж ажлаасаа гарсан. Ингээд надаас 71 000 000 төгрөг нэхэмжилж байснаа одоо орон сууц нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Гоос Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 дүгээр байрны 75 тоот 2 өрөө орон сууц буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 514 590 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Т ХХК нь Л.Гтой амаар харилцан тохиролцсоны дагуу маргааны зүйл болж буй орон сууцыг Л.Гын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үндэслэл болж буй үүргийн хэлцэл нь бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Иймд эд хөрөнгө шилжүүлсэн этгээд буюу Т ХХК нь хөрөнгө олж авсан этгээд болох Л.Гоос Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар орон сууцыг буцаан шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэхэд тавигдах хуулийн шаардлага гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, талуудаас ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангасан байх тул маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Л.Год холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 2 өрөө орон сууц гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулах хэлбэрийн шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл учраас 2 өрөө орон сууцаа буцаан гаргуулна гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэргийн 12-15 дугаар тал дахь И ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалгаар барьж худалдаж, худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т ХХК нь И ХХК-тай хоорондын тооцоогоор авах авлагад  2 өрөө орон сууц И ХХК-аас авахаар харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг шаардах эрх үүсчээ.

 Тэрээр нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу авах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн компанийн ажилтан буюу хариуцагч Л.Гын нэр дээр гаргаж  өгөхийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 049 тоот албан бичгээр И ХХК-д мэдэгдсэнээр 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Л.Гын өмчлөх эрхийг баталгаажуулсан гэрчилгээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар олгосон, хариуцагч нь орон сууцны төлбөрт 22 250 000 төгрөг нэхэмжлэгчид, 9 728 200 төгрөг И ХХК-д төлсөн байх бөгөөд холбогдох баримтууд хэргийн 31, 127, 179 талд авагдсан байна. Зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй. 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Л.Г нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бус, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт буруу, харин нэхэмжлэгч нь И ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг буюу орон сууц шаардах эрхээ худалдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 84.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө шаардах эрх нь хөдлөх эд хөрөнгөд хамаарах бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхийг худалдсан харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч Л.Г маргаан бүхий орон сууцыг хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр өмчлөлдөө шилжүүлэн авсан байх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03829 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН