Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/893

 

 

 

 

          2021            10             7                                                 2021/ДШМ/893

 

П.М, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

шүүгдэгч П.М,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,          

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Мийн  гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч П.М, Д.Э нарт холбогдох 1809039160878 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

П.М нь Д.Этэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны 410 тоот өрөөнд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн У-д “Монгол улсын Ерөнхий сайдтай дотны харилцаа холбоотой тул РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгнө” хэмээн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 100.000 ам.доллар буюу 239.626.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт,

Д.Э нь П.Мтой бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн У-д “эрх бүхий албан тушаалтанд мөнгө өгөх замаар РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 100.000 ам.доллар буюу 239.626.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.М, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шаты шүүх: П.М, Д.Э нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч П.М, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүрийг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.М, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, П.М нь өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.М, Д.Э нар нь шүүхээс тогтоосон тус бүр 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.М, Д.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, П.М, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие П.М нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЩТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс П.М намайг бусдыг буюу хохирогч У Д.Этэй бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгох ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

1. Миний бие хохирогч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн У-ыг хуурч залилан мэхлээгүй. “Би Ерөнхий сайдыг таньдаг” гэж огт яриагүй хохирогч гэх энэ хүн өөрөө “Элбэгдорж Ерөнхийлөгчийн найз, түүнд маш их хэмжээний мөнгө өгсөн” гэж ярьж байсан.

Түүнчлэн Улсын Их Хурлын танхимд түүний өмгөөлөгч нь мөн л Ерөнхийлөгч Элбэгдорж түүнийг залилан мэхэлсэн хэмээн мэдэгдэл хийж байсан.

Ер нь хохирогч нь “Ийст Эжиа Энэржи” ХХК юм уу, Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн У юм уу ойлгомжгүй байна.

            Уг нь би аж ахуйн нэгж болох “Ийст Эжиа Энэржи” ХХК болон манай “Газ Импорт” ХХК-ний хооронд “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г албан ёсоор байгуулсан. Надад хэн нэгнийг хуурч мэхлэх ямар нэг санаа, зорилго байгаагүй. Харин ч ажлыг нь бүтээгээд өгчихвөл дараа нь барилгын салбарт хөрөнгө оруулах түүнээс ч их ашигтай яриа хэлцлийг бид төлөвлөж ярьж байсан. Учир нь миний бие Бүгд Найрамдах Солонгос улс руу бизнесийн үйл ажиллагааг явуулдаг юм. Энэ талаар Д.Э, гэрч Д.Бүдханд, Хүрэлбаатар болон миний бие үнэн зөв, тогтвортойгоор шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсээр ирсэн.

            2. Хэрэв үйлчилгээ үзүүлэх гэрээгээр халхавчилж залилсан гэж үзэж байгаа бол, намайг ч бас мөнгөнийхөө баталгаа болгон ашиглаж залилсан юм байна.

            Хохирогч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн надтай уулзаад надад итгэсэн юм бишээ, харин энэ гэрээг байгуулахаас өмнө Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Энхбат гэгчтэй биечлэн уулзаад түүнд итгэж мөнгөө өгөх болсон. Харин ч намайг мөнгөнийхөө баталгаа болгосон юм байна. Энхбат, Д.Э нар бүтээнэ гээд “Үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг байгуулахаар болсон. Энэ тухай хохирогч өөрөө сайн мэдэж байгаа, хэнд нь итгэсэн эсэхээ хэрэв шүүх хуралд оролцсон бол үнэн мөнөөр нь хэлэх байсан гэж бодож байна.

Уг гэмт хэрэг нь авилга хээл хахуулийн хэрэг үү, эсвэл залилан мэхлэх гэмт хэрэг үү гэдгийг  сайтар шалгаж тогтоогоогүй, ялгаж салгасангүй гэж гомдолтой байна.

3. Мөнгөний тухайд 99.800 ам.доллар авчирсан, 200 ам.долларыг нь банк шимтгэл гээд авсан гэж хэлсэн. 100.000 ам.доллар гэж бичих үү гэхээр нь би гарын үсэг зурж өгсөн. Энэ нь гэрч Бүдханд, Хүрэлбаатар нарын мэдүүлгээр нотлогддог. Д.Эөд би нэг ч доллар дундаас нь авалгүйгээр хүлээлгэж өгсөн. Хохирогчийн орчуулагч хийж байсан Бүдханд нь 10 хувийг нь өгчих гэрээ хийхэд чинь тусаллаа шүү дээ гэж 9.800 ам.долларыг авсан. Ингээд цагийн дараа Д.Э ирж 90.000 ам.долларыг ажил бүтээх хүмүүст өгнө гээд аваад явсан.

Хэд хоногийн дараа үлдэгдэл 10.000 ам.долларыг нь нэхсээр байж авсан. Энэ 10.000 ам.долларыг би үнэхээр л ажлыг нь бүтээчихнэ гэж Энхбат, Д.Эөд итгэж байсан болхоор өөрөөсөө гаргаж өгсөн.

Миний хувьд хохирогч /компани, иргэний өгсөн 99.800 ам.долллараас нэг ч доллар өөртөө авч ашиглаагүй, харин ч өөрөө 10.000 ам.доллараар шатсан. Дээрх явдлыг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэнд гомдолтой байна.

Би хохирогчийг итгүүлж үнэмшүүлж “Ерөнхий сайдыг таньж мэднэ” гэж огт яриагүй, Солонгос иргэн буюу хохирогч нь эрүүгийн гэмт хэрэг болгохын тулд худал зүйл зөндөө хэлсэн байна.

Тухайн үед манай компани 4 тэрбум гаран төгрөгний зээл авсан, бизнесийн үйл ажиллагаа маш сайн явагдаж байсан юм. Бусдыг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулан ашиг олох ямар ч шаардлага байгаагүй, залилан мэхлээд явдаг хүн биш.

4. Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг гэж Улсын Дээд Шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 661 дугаар тогтоолоор хуулийг тайлбарлажээ. Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнд сэдэлт нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл, зорилго байгаагүй. Эд хөрөнгийг нь өөртөө авсан зүйл байхгүйг шүүх анхаарсангүй хавтгайруулан шийдсэнд гомдолтой байна.

Харин ч эдгээр хохирогч, шүүгдэгч нарын дунд 10.000 ам.доллараар би өөрөө мөн хохирсон байгаа.

Шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шударга ёсны зарчимд нийцсэнгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг юм байна. Яг хэн хэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоож чадсангүй гэж гомдолтой байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...хэрэв эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Иймд П.М надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.М нь боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлсэн. Эрчим хүч нийлүүлэх гэрээг байгуулж, 10 жилийн хугацаагаар сунгах боломжтой гэж хохирогч У-д “эрх бүхий албан тушаалтанд мөнгө өгөх замаар РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгнө” хэмээн хуурсан. Энэ нь боломжгүй зүйлийг боломжтой мэтээр бусдыг төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуух замаар 100.000 ам.доллар буюу 239.626.000 төгрөг залилан авсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч П.М, Д.Э нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хуурч бодит байдлыг нууж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Энэ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.Э, П.М нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн У-д “эрх бүхий албан тушаалтанд мөнгө өгөх замаар РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 100.000 ам.доллар буюу 239.626.000 төгрөг залилан авсан болох нь:

“Ийст Эжиа Энержи” ХХК-аас яллагдагч П.Мид 100.000 ам.доллар хүлээлгэж өгсөн тухай бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар /1хх 17/, Үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний хуулбар /1хх 20-24/, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ний болон “Ийст Эжиа Энержи” ХХК-уудын хооронд байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх 109-177/, Эрчим Хүчний Яамны Сайдын 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн а/3130 тоот “Гэрээний хэлцэл хийх” тухай албан бичиг /1хх 184/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Уы “...2018 оны 1 дүгээр сард манай ажилтан Будханд нь Солонгос улсад байхдаа танилцсан дүүгээ ажилд оруулах зорилгоор дагуулж ирж надтай уулзуулсан. Тэгээд тэр залуу намайг Тусгаар тогтнолын ордны 410 тоотод Будханд болон тэр залуугийн хамт бид 3 яваад очтол тэр залуугийн авга ах гэх хүн өрөөндөө ганцаараа сууж байсан. Тэгээд надад өөрийгөө танилцуулахдаа “Солонгос улсад машины аккумлятор хийдэг үйлдвэр байгуулах гэж байгаа” гэсэн. Тэгээд тэр хүн “би Монгол Улсын Ерөнхий сайдтай маш дотно, Засгийн газрын зарим хүмүүстэй хамтарч ажилладаг. Туслах зүйл байвал тусалж болно” гэхээр нь би “Эрчим хүчний зөвшөөрөл авчихсан РРА-ийн гэрээ буюу Эрчим хүч нийлэх гэрээг бэлдээд явж байгаа” гэж хэлсэн. Эрчим хүчний гэрээг 3 жилийн хугацаатай хийдэг, тэгтэл тэр эрэгтэй “би Ерөнхий сайдтай дотно учраас би энэ гэрээг 10 жилээр хийгээд өгье” гэсэн. Тэгээд нөгөө эрэгтэй “10 жилээр гэрээгээ сунгуулахын тулд Эрчим хүчний зохицуулах хороонд бүх бичиг баримтаа бүрдүүлэх ёстой гэж, мөн үүнийг хийхэд ажлын хөлс орно” гэж хэлсэн. ...”яаравчилж хийж өгч байгаа учраас эхлээд 100.000 ам.доллар, ажил дууссаны дараа дахиад 100.000 ам.доллар төлбөр авна” гэхээр нь манай компани тохиролцоод 3 сарын хугацаатай үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээд 100.000 ам.долларыг тэр хүнд өгөхөөр болоод 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр манай гэрт үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээд 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Будханд болон Хун Сон Хун нар нь Тусгаар тогтнолын ордонгийн 410 тоотод мөнгийг бэлнээр аваачиж өгсөн. Тэрнээс хойш холбоо барихгүй, залгахаар утсаа авахгүй, утсаа авахаар “нэг тийшээ явсан байна” гэж хэлдэг байсан. Тэгээд би өөрөө хэл нэвтрэлцэхгүй болохоор ажилтнаараа дамжуулаад асуухад нөгөө хүн нь “Эрчим хүчний зохицуулах хороотой ярьж байгаа, ажил ахицтай байгаа” гэж хэлдэг байсан ба Эрчим хүчний зохицуулах хорооноос шалгаад үзтэл манай компанитай холбоотой ямар нэгэн баримт мэдээлэл байхгүй байсан учраас би намайг залилсан гэж бодоод өргөдөл гаргасан. ...3 жилийн гэрээ хийхээр манай компани Эрчим Хүчний Яамны сайдын батламжийг гаргаж авсан байсан. Тэгтэл энэ хүмүүс 10 жилээр гэрээ хийгээд өгье гэхээр нь манай компани зөвшөөрч энэ хүнд мөнгө өгсөн. ...” /1хх 25-27/,

гэрч Т.Хын “...Би Будханд гэх хүнтэй Солонгос улсад ажиллаж байхдаа танилцсан. Будхандын ажилладаг компанийн захирал нь надаас “гэрээ хийж өгөх боломж байгаа юу” гэж асуусан. Ах маань “материалтай нь танилцъя, ямар ажил хийх гэж байгааг нь тодруулна” гэж хэлэхээр нь би тухайн компаний захирлыг П.М ахтай уулзуулсан. ...П.М ах нөгөө хүнтэй гэрээ хийгээд мөнгийг бэлнээр П.М ахын оффис дээр нөгөө хүмүүс авчирч өгсөн. ...Гэрээгээ хийгээд бэлнээр 99.800 ам.долларыг П.М ахад өгөөд 200 ам.долларыг банк авсан гэж Будханд орчуулж байсан. ...” /1хх 32, 240-241, 2хх 216-217/,

гэрч Д.Бын “...2018 оны 1 дүгээр сард надтай хамт Солонгос улсад ажиллаж амьдарч байсан Хүрлээ гэх залуу Солонгос улсад байхдаа надтай мессенжерээр харьцаад “манай компанид ажилд орно” гэсэн санал тавьсан. Тэгээд манай захиралтай уулзсан. Хэд хэдэн удаа захиралтай уулзаад П.М гэх ах нь “Ерөнхий сайдтай холбоотой байдаг” гэж ярьсан. П.М нь “танай компанид ямар нэгэн байдлаар туслалцаа хэрэгтэй бол надад хэлээрэй” гэхээр нь РРА-н гэрээний талаар хэлээд “РРА-н гэрээг 10 жилээр хийж өгч чадах уу” гэж асуутал П.М “болно, хийж өгч чадна” гээд “үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээд 200.000 орчим ам.доллар болно. Тэр мөнгийг өгөх боломжтой юу” гэж хэлсэн. Манай компаниас зөвшөөрөөд, үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээд, урьдчилгаа 100.000 ам.долларыг өгөөд үлдэгдэл мөнгийг гэрээ хийсний дараа өгөхөөр болсон. ...” /1хх 33/,

гэрч Ч.Эын “...Миний бие Диспетчирийн үндэсний төвийн Арилжааны зохицуулалтын албаны даргаар 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. Манай албаны чиг үүргийн хувьд Цахилгаан эрчим хүчний станцуудтай холбоотой Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулах болон төлбөр тооцооны асуудлыг хариуцан ажилладаг юм. 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Ийст Эжиа энержи” ХХК-иас анх албан бичгээр Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулах хүсэлтээ ирүүлсний дагуу бид судалж эхэлсэн юм. ...2017 оноос эхлэн бичиг баримтын бүрдүүлбэрүүд цэгцэрч ирсэн. ...Энэ компани нь 2017 оны 10 дугаар сард техникийн нөхцөлөө шинээр хийлгэж ирээд дахин гэрээ хийхээр хандсан юм. ...Энэ компаний зүгээс манайд төслийн саналаа ирүүлэхдээ жилийн хугацаатайгаар гэж ирүүлсэн, харин манайх түүнийг нь хүлээн аваад, нягталж шалгаж байгаа ба манай зүгээс ямар нэгэн тодорхой хугацаа зааж санал гаргаагүй байгаа. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрээнүүд ер нь 3 жилийн хугацаатай байдаггүй, их хэмжээний хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төслүүд 10-25 жилийн хугацаагаар хийгддэг. Харин “Ийст эжиа энержи” ХХК-ний гэрээний нөхцөлийн хувьд 25 жилээр байх эсэхийг хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хугацаа, үнэ, тариф гэх мэт олон талуудыг нягталж үзэж байж, гэрээний хэлцлийн явцад шийдвэрлэнэ...” /1хх 178-179/,

гэрч Д.Мгийн “...эхлээд Хүдэрчулуун захирал нь хөөцөлдөж байгаад чимээгүй болсон. Энэ компанийн асуудлаар П.М, Д.Э гэдэг хүмүүс хандаж байгаагүй. Тариф нь өндөр байсан учир Эрчим хүчний зохицуулах хороонд албан бичгээр хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Үнэ тариф нь шийдэгдсэн тохиолдолд энэхүү асуудал шийдэгдэх боломжтой юм. ...” /2хх 138-139/,

яллагдагч Д.Эийн “...П.М нь анх надад тайлбарлахдаа “Ийст Эжиа энержи” нэртэй компани нь Монголд цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаагаар Диспетчерийн Үндэсний төвтэй байгуулаад өгөөч гэж гуйгаад байна чи туслаач гэж олон удаа гуйсан. П.М өөрөө хэлэхдээ “их найдвартай Солонгос” гэж яриад байсан юм. Ингээд би П.Моос 2 удаагийн үйлдлээр эхлээд 90.000 ам.доллар, дараа нь 10.000 ам.долларыг авч нийтдээ 100.000 ам.долларыг авсан. Миний хийх ёстой ажил бол “Ийст Эйжиа энержи” ХХК-ийг Диспетчерийн үндэсний төвтэй 10 жилийн гэрээ байгуулахад нь туслах явдал байсан юм. Би П.Моос 100.000 ам.долларыг аваад ажил бүтээлгэхээр хүмүүст өгсөн ба заримаас нь буцаагаад авсан. Би хэнд өгсөн гэдгээ хэлмээргүй байна. ...” /1хх 195-197, 242-244, 2хх 140, 218-219/,

яллагдагч П.Мийн “...“Ийст Эжиа Энержи” ХХК болон манай “Газ Импорт” ХХК хоёрын хооронд 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Солонгос-Монгол хэл дээр байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ гэрээг “10 жилийн хугацаатай байгуулж өгөх боломж байна уу” гэж надаас хүссэн юм. Энэ гэрээг хэрэв байгуулчих юм бол Хюндэй хүнд аж үйлдвэрээс танай компанид хөрөнгө оруулалт хийж өгнө гэж тохиролцсон юм. Би энэ гэрээг байгуулахад шаардлагатай зардлыг нь гаргаж өгнө гэсэн. Энэ хүсэлт хэд хэдэн удаагийн уулзалт дээр яригдсан болохоор энэ тухай өөрийн танил Д.Эөд хэлэхэд тэрээр “хүмүүстэй ярилцъя, болохоор бол би танд эргэж хэлье” гэсэн юм. Тэгээд түүнээс хойш хэсэг хугацааны дараа Д.Э над руу холбогдоод “арга эвийг нь олоод, мөнгө төгрөгийг нь өгөх юм бол энэ гэрээг нь хүссэн 10 жилийн хугацаагаар нь байгуулж болох юм шиг байна” гэж надад хэлсэн. Би энэ талаар Уд болон тус компаний менежер Будханд нартай ярилцаж цааш нь Д.Этэй ярьж байгаад 2 талын сонирхлыг нийцүүлээд энэ гэрээг байгуулаад өгөх юм бол 200.000 ам.долларыг өгье гэж тохиролцсон. Тэгээд эхний ээлжинд тус мөнгөний 50 хувь буюу 100.000 ам.долларыг урьдчилгаанд авах, өгөхөөр болсон юм. Тэгээд гэрээг би өөрийн компаний нэрээр тэдний компанитай байгуулсан юм. У, Будханд, Д.Э нар нь хоорондоо уулзаж байгаагүй. Надаар бүх зүйл дамжсан. ...Би Д.Эөд 90.000 ам.доллар өгсний дараа Д.Э надад хэлэхдээ үлдэгдэл 10.000 ам.доллар хэрэгтэй байна гэж хэлэхээр нь өөрөөсөө 10.000 ам.доллар гаргаж Д.Эөд өгсөн. ...” /1хх 203-204, 245-247, 2хх 129, 220-221/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.М, Д.Э нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч П.М, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч П.М, Д.Э нарт 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.М “...авилга хээл хахуулийн хэрэг үү, эсвэл залилан мэхлэх гэмт хэрэг үү гэдгийг  сайтар шалгаж тогтоогоогүй, ялгаж салгасангүй гэж гомдолтой байна. Иймд П.М надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан буюу хуурах, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч П.М, Д.Э нарын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул авилга, хээл хахуулийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч П.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                  ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ