Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/04655

 

 

 

 

 

 

 

 

2023 10 26 101/ШШ2023/04655

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* дүүрэг, ******* дүгээр хороо, *********** гудамж,   ****тоот хаягт оршин суух ****** овогт*********-ийн  С /Регистрийн дугаар:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*********дүүрэг,********* дүгээр хороо, к*********гудамж, *********тоот хаягт оршин суух ********* овогт Б.Ц/Регистрийн дугаар: *********/-т холбогдох,

 

Хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Га

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.С нь 2006 онд Т.Т-тэй анилцаж хамтран амьдрах болсон. Улмаар 2007 оны 05 дугаар сарын 30-нд охин Т.Н, 2017 оны 06 дугаар сарын 25-нд хүү Т.З, нар мэндэлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 27-нд гэр бүлээ батлуулсан. Нөхөр маань багаасаа унаж татдаг өвчтэй байсан ба уг өвчнөөрөө 2020 оны 05 дугаар сарын 30-нд нас барсан юм. Ажил явдлын дараа хадам ээж Б.Ц хүүгийнхээ хашаа, байшинг би авна, чи эгч дээрээ оч гээд хөөж туух болсон. Иймээс Би хоёр хүүхдээ авч явж эгчийндээ амьдарч байна. Миний талийгаач нөхөр Т.Тийн нэр дээр *********** **** дүүрэг 14 дүгээр хороо *****гудамж, ****тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний 372 м.кв өмчилсөн газар, *********** **** дүүрэг 14 дүгээр хороо *****гудамж, ****тоот хаягт байрлах 48 м.кв өмчлөлийн хувийн сууц бүртгэлтэй байдаг. Миний хувьд охин, хүү нарын хамт өв залгамжлах эрхтэй гэж үзэж байгаа ба энэ тухайгаа хадам ээж Б.Цт удаа дараа хэлсэн. Гэтэл хадам ээж маань миний хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд газар, байшингийн гэрчилгээний хуулбар болон эх хувийг ч надад өгөхгүй байгаа юм. Би харьяа дүүргийн нотариатад хүсэлт гаргасан бөгөөд газар болон үл хөдлөхийн гэрчилгээний эх хувь, өвлөх хүмүүс хоорондоо маргаангүй байх ёстой гэсэн. Гэтэл хадам ээж маань бичиг баримтуудаа өгөхгүй бүүр надтай уулзах ч үгүй хөөж явуулаад байгаа. Үл ойлголцсон асуудлыг шийдье гэхээр чамд ямар ч хөрөнгө өв залгамжилж очих боломж байхгүй, 2 хүүхдэдээ бол өгнө гэх байдлаар маргаантай байгаа учраас шүүхэд хандсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өв залгамжлагч гэж төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд, эхнэр, нөхөр, ээж, аав зэрэг эдгээр талууд хууль ёсны өв залгамжлагч мөн юм. Иймд *********** **** дүүрэг 14 дүгээр хороо *****гудамж, ****тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний 372 м.кв өмчилсөн газар, *********** **** дүүрэг 14 дүгээр хороо *****гудамж, ****тоот хаягт байрлах 48 м.кв өмчлөлийн хувийн орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар охин Т.Н, хүү Т.Т, эхнэр С.С нарыг тогтоож өгнө үү гэв.

 

2.1. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Б.Ц би 1957 онд төрсөн. Одоо 67 настай, ой 8 сартайдаа асрамжийн газарт хүргэгдсэн. Сургуулиа төгсөөд ШУА-д 28 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Надад ямар ч ах дүү байдаггүй. Хүнтэй сууж 4 хүүхэдтэй болсон. Дөрвүүлэнг нь сургууль соёлыг нь төгсгөсөн. Том хүү Т.Т багадаа их сэргэлэн цовоо, ажилтай, хүн инээлгэсэн хүүхэд байсан. Эмнэлэгт хэвтэж өвдөж байгаагүй, эрүүл өссөн. Багадаа унаж татдаг байгаагүй. Би эх нь, тийм юм мэдэхгүй юмаа. Том болоод бүх шинжилгээ нь эрүүл гараад ********* Улсад ажиллаж байгаад ирсэн. 1 дүгээрт унаж татдаг хүнийг *********т ажилчнаар явуулахгүй, худал. 2 дугаарт унаж татдаг хүнтэй мэдсээр байж хүн суухгүй. С.С надтай хүүгийн маань хашаа байшингийн талаар нэг ч бүр нэг ч удаа хэлж ярилцаж байгаагүй, худал бичсэн. Би хүүдээ хайртай. 2 ачдаа ч хайртай. Би тэд нараас юм харамлахгүй. 5 сард 2 ач охиныг маань аваад ирэхэд би саначихсан байсан учраас баярлаад уйлсан. Чи яагаад алга болчхов. Энэ хашаа байшинг зарчихъя доо. Тэгээд элдэв сайхан юм яриад би гаргаж өгөөд явуулсан. Ямар ч хөөж туух юм гараагүй. Ер нь би хааяа л нэг хүрээд ирэхэд нь баярладаг. Түүнээс 3 жилийн дотор 3 удаа л манайд ирсэн. Би тэр болгонд нь огт хөөж тууж байгаагүй. Тэрийг батлах олон хүн бий. Хүүг маань эмнэлэгт байхад эмч нь С.Сг ухаан алдаад үхэж байгаа хүн авч ирсэн, өчигдрөөс хойш ийм байдалтай байгаа гэсэн, эртхэн түргэн дуудахгүй яасан юм бэ гэж загнаж байсан. Эмч эгчээ танай хүү чинь гадны нөлөөтэй гээд, чи юу өгсөн, тэрийгээ одоо аваад ир гээд манай охиныг хамт явуулсан. Эмч бид хоёр хүлээж байсан. Эмч нь ийм бие муутай хүнийг үхэж байхад нь олон цаг гэртээ байлгасан байна. Өдөр 1 цагт ирсэн. Царай нь хөхөвтөр туяа орсон байсан. Энэ эхнэр нь асуудалтай байж болзошгүй гэсэн. Тэр 2 нэг шилтэй юм авч ирсэн. Эмч үнэрлэж үзээд энэ чинь юу юм бэ, өвчтэй хүн яаж тэсэх юм бэ, эртхэн эмчид хандахгүй яасан юм бэ, ээжид нь яагаад хэл дуулгаагүй юм бэ, чамд ямар нэгэн санаа байхгүй байлгүй дээ гэсэн. С.С би утасдсан, утсаа авахгүй байсан гэж байсан. Би тэр өдрүүдэд хүүхэд хараад гэрээсээ огт гараагүй. Утас ч дуугараагүй, бүр огт дуугараагүй, гэрийн утас ч дуугараагүй. Харин орой дуугарахад нь авсан. 7 цаг л болж байсан. Төгөлдөр эмнэлэгт муудаад ирлээ гэсэн. Өдөр 1 хагаст эмнэлэгт ирээд 08:05-д орой амьсгал хураасан. Тэр олон цагийн хооронд үхэл амьдралтай байхад нь над руу утасдсан гэж худал хэлэхийн оронд эгч рүү нь утасдвал болох л байсан. Энэ хүн ер нь л санаатай байж дээ. Эгчийнх нь утас байнга л нээлттэй байдаг. Бид хоёроос айгаад утасдаагүй л байхгүй юу. Тэр үед би Сд их гомдсон. Би замын турш уйлаад эмнэлэгт очиход хүү маань сэхээнд орсон байсан. Намайг ороход 5-6 ах нар нь ирчихсэн зогсож байсан. С дунд нь маш их айсан байдалтай зогсож байсан. Би хүү дээрээ очоод хөлөөс нь дээш барихад хөрж эхэлчихсэн. Би С руу харсан, дальдчаад байсан, үүнд чи л буруутай гэдгийг эх хүн зөнгөөрөө л мэддэг юм байна лээ. Эмч нь надад эгчээ би хүүг чинь аврах гэж их л оролдлоо, даанч оройтуулж авч ирсэн. Одоо шүүх эмнэлэг, сэргийлэх дуудна гэсэн. Би одоо нэгэнт өнгөрч дээ, хүүгийн минь сүнс нь харж байгаа, бага ач маань их жоохон хөхөөрөө гэж хэлсэн. Энэ тэр юм дуудаад хэрэггүй гэхэд эмч их л дургүй, С руу харахгүй байв. Намайг эмнэлгээс гарч ирэхэд С эгчийгээ дагуулчихсан зогсож байсан. Би эмчтэй юу ярьснаа тэр хоёрт хэлсэн. Тэд мэдэж л байгаа. Тэгээд хүүгийнхээ гэрт ирэхэд манай охин зул асаасан байсан. С гэртээ ч ороогүй, эгч ах нарынхаа хамт явсан байсан. Миний хүүг гаргасан өдөр С 2 ахтайгаа ирсэн. Тэд бид мөнгөгүй гэсэн. Бид та нараас өнгө авахгүй гээд өөрсдөө бүгдийг авч хөдөөлүүлсэн. Тэр урд өдөр нь 2 ахынх нь дэргэд хэлэх үгээ хэлсэн. Тэгэхэд гомдсондоо хэлэх гэж байсан бүгдийг хэлсэн. Би Сд гомдсондоо хэдэн үг хэлснээс хөөж туугаагүй. Би тэгэх ч хүн биш. Хүүг маань гаргадаг өдөр цайллагаас идэж уугаад л тэгээд яваад 49 хоног ирээгүй. Дунд нь 2-3 ирсэн. Тэгээд явахад нь би огт хөөж туугаагүй. Худал бичиж, худал ярьдагт нь би гайхсан. Группэд орохоос нь өмнө эдэнд хоол унд бид л зөөдөг байсан. Би тор дүүрэн хоол ундтай хэд хоноод л хүүгийнх рүүгээ явдаг байсан. С манайд ирснээс хойш нэг ч удаа ажил хийж байгаагүй. Өөрөө их олон ах эгчтэй ч тэд нь бүгд байр сууриа олчихсон, машин тэрэгтэй болчихсон. Чинээлэг амьдардаг гэж ярьдаг. Ах дүү нар чинь чамд тусалдаггүй юм уу гэхэд дуугүй л байдаг байсан. Би тэрийг нэг ч удаа загнаж дарамталж байгаагүй. Тэр ч надтай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Тэр бид хоёрын хооронд одоог хүртэл тийм зүйл байхгүй. Гэхдээ сүүлийн үед оюуны чадамжгүй татаж унадаг хүүг маань дандаа тийрч унаган дагзаар нь газар шал мөргүүлж ухаан алдуулж байхыг би олон удаа харж байсан. Би энэ хоёрын амьдралд оролцдоггүй. Юм хэлье гэвч хүүгийнхээ үгэнд ороод дуугүй л байдаг байсан. Группэд оруулж өгснөөс хойш би учиргүй хоол унд зөөхөө больсон. Гэхдээ ч зүгээр байдаггүй байсан. Намайг тэднийд очоод явахад автобусны буудал хүргэхдээ их олон юм ярьсан, их айдаг болсноо, намайг тийрч унагадаг болсноос хойш толгой минь бүр ч их өвддөг, орон гаран болсон доо ээжээ, би удахгүй байхаа, Сд намайг ингэж ярьсныг битгий хэлээрэй, та чадвал ойр ойрхон ирж байгаарай гэж анх удаа тэрний тухай ээждээ ярьсан даа. 7 хоногийн дараа нас барсан. Тэгэхэд нь би чи бүүр давруулчихсан, үг хэлүүлдэггүй байсан гэсэн. *********оос ирэхдээ толгой нь их өвддөг болсон байсан. Монголдоо ирээд 2-3 жилийн дараа татаж унадаг болсон. Та намайг группэд оруулж өгсөнд их баярладаг шүү, группийн 280, 2 хүүхдийн мөнгөөр хоосон хонохгүй амьдарч байна гээд гэнэт их уйлсан. Би ч бас дагаад уйлчихсан. Хүүгийн минь аминд энэ авгай орно доо, нэг хүүхэд дээрээ салдаг байсан юм гэж том эгч нь дандаа ярьдаг байсан. Тэр ч ёсоор нь болсон доо. Хамар хашааны хүмүүс нь Төгөлдөр дандаа акурк түүж явах юм, группийн мөнгө авдаг биз дээ, би их өрөвддөг гэхэд нь би тэдэнд хүүг минь ажиглаж байгаарай гэхээс өөр яах вэ дээ. Миний хүү эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг байсан ч сэтгэл санааны хувьд их хүнд, толгой нь их өвддөг. Группийн мөнгөөр нь эмийг нь авч өгөхөө больсон байсан. Би өөрөө амьдарч байсан 2 өрөө байраа зарж эгч, хүргэн ах /тэд бас мөнгө өгсөн/ хашаа байшин авч өгсөн, бичиг баримт нь ч байгаа. Тэр байранд хүү маань аавтайгаа амьдарч байгаад Налайх руу ажлаар яваад ирэхдээ Сг дүүтэй нь аваад ирсэн байсан. Дүүг нь хашаандаа гэр бариад суулгасан байсан. Түүнийг анх хараад бие зарс хийгээд нүдэнд их хүйтэн дорой эмэгтэй байсан. Энэ зүгээр л миний анхны сэтгэгдэл. Миний хүүгийн үхэлд буруутай байж нас барсан хойно нь 3 жил 4 сарын дараа эхийг нь элдвээр гүтгэн доромжилж байна. Шүүх прокурор ямар ч тогтоол хуулийн дагуу гаргаж болно. Хүүг минь тархины өвчтэйг мэдсээр байж хэл амаар элдвээр доромжилж группийн мөнгөөр эмийг нь ч авч өгөхгүй, сүүлийн үед авч өгөхөө больсон гэж надад хэлсэн. Хүүгийн минь дүү нь 2023 оны 06 сарын 10-ны өдөр өвчнөөр нас барсан, 07 сарын 28-ны өдөр 49 хоног нь болсон. Энэ өдөр шүүхийн бичиг надад ирсэн. Ингэж зүрхэндээ цусаар уйлж шаналж явахад хашаа байшин шүүх болоод зовлон дээр зовлон нэмээд явж байдаг. Эх хүн хүүхдээ урдаа оруулах шиг шаналал байдаггүй юм байна. Надад ач төрүүлж өгсөн гэж хайрлаж явдаг байхад хүүг минь үхэлд хүргэсэн. Тэр дагзаар нь савж унаган ухаан алдуулдаг байснаа, мөн хортой архи өгч үхэлд нь бүр ойртуулсан нь үнэн. Тэр миний хүүд хэрцгий хандаж байснаас би тэр авгайд хатуу үг хэлж байгаагүй. Би 2 ачдаа хайртай, тэднийгээ хараад л уйлчихдаг. Тэднийг гомдоохгүй, туслах л юмсан гэж бодож явдаг. Тэд том болоод эмээдээ гомдоно шүү дээ. 5 сард С ирээд сая өнгөрдөг хүүг маань сураад байсан, энэ 2 бие биедээ дургүй, яасан юм болдоо гэж бодсон. Орой нь хүүгээ ирэхэд нь чи худал ярьж болохгүй шүү, ахыг чинь яасныг чи мэдэж байгаа биз, үнэнийг л хэлээрэй гэхэд таныг байхгүй хойгуур ирсэн, надад архи авч өгөөд энэ хашаа байшингийн бичгийг ээжээсээ авч өгвөл би чамайг шагнана, зөндөө мөнгө өгч шүү, одоо хоёулаа хэзээ уулзах вэ гэсэн. Тэгээд өнөөдөр ирнэ гэдгийг мэдэж байсан учраас би өдөр ирээгүй юм, би айсан, С эгч их муу хүн байна лээ гэсэн. Тэр өдрөөс хойш сарын дараа өвчнөөр нас барсан. Хашаа, газрын зураг надад байх ч үгүй. Би тэд нар шиг шүүхийг басамжилж байгаа юм шиг худал зүйл бичээгүй. Хөршүүд нөгөө урд нь өнгөрсөн талийгаач хүүгийн чинь авгай энд ирж өөрөө амьдарч байсан байж архи, элс шороо цацдаг болсон шүү, анхааралтай байгаарай, цацаж байхыг нь манай охин харсан гэсэн. Миний хөл, гар хугархай, мөн бөөрний дутагдал, дандаа бөөрний даралт хөдөлдөг. Тэнгэрийн янзаар л амьдардаг, байнга л хэвтэрт байдаг. Би өөрөө байраа зарж хүүдээ хашаа байшин авч өгч өөрөө гудамжинд гарах нь холгүй, түрээсийн байруудаар охиноо дагаж олон жил боллоо. Бие ч хүрэхээ болилоо, би зарсан байрныхаа мөнгийг авмаар байна гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2023.04.25-ны өдрийн итгэмжлэл /хх-4/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, төрөл садангийн лавлагаа /хх-6-7/, Т.Тийн эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-8/, хүү Т.З-ын төрсний гэрчилгээ /хх-9/, охин Т.Ны төрсний гэрчилгээ /хх-10/, Т.Т, С.С нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-11/, Т.Тийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-12/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-13-14/, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугаа газрын тодорхойлолт /хх-15/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-42/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар /хх-26-29/, нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2886 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх-30/, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-31/, 2023.05.19-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ /хх-32/, ********* дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2023.08.22-ны өдрийн тодорхойлолт /хх-34/, ********* дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2023.08.02-ны өдрийн 625 дугаар тодорхойлолт /хх-35/, ******** дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2023.08.04-ны 637 дугаар тодорхойлолт /хх-36/, Б.Цын үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-37/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.   Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Б.Цт холбогдуулан Улаанбаатар хот, ****** дүүрэг, ***** дүгээр хороо, ******** гудамж, *** тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Г-************* дугаарт бүртгэлтэй, 372 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ***************** дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагчаар С.С, хүү******** ******** , охин Т.Н нарыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцыг худалдан авсан эх үүсвэр нь Б.Цын хөрөнгөөс үүдэлтэй хөрөнгө, С.Сгийн буруутай үйлдэл хүү Т.Тийн нас барах шалтгаан болсон гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. С.С, Т.Т нар нь 2006 оноос хамтран амьдарч 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2007 оны 5 дугаар сарын 30-нд охин Б******** овогт Т-ийн Н/Регистрийн дугаар******** , 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү ******** овогт Т-ийн З  /Регистрийн дугаар ******** 1/ нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-5, 6, 7, 9, 10, 11/

 

5. ******** овогт Т-ын Т /Регистрийн дугаар:******** / нь 38 настайдаа 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт өвчнөөр нас барсан болох нь ******** дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-16/

 

6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан дахь эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаагаар Т.Тийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Г-******** дугаарт бүртгэлтэй, *********** **** дүүрэг 14 дүгээр хороо *****гудамж, ****тоот хаягт байрлалтай 372 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ***************** дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдож байна. /хх-8/

 

7. Нэхэмжлэгч С.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүү, охин хоёрын хамт хууль ёсны өв залгамжлагчийн хувьд нөхөр Т.Тийн нэр дээр бүртгэлтэй дээр дурдсан хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн боловч хариуцагч буюу Т.Тийн төрсөн эх Б.Цтой хөрөнгийн маргаантай асуудал үүссэний улмаас шүүхэд хандсан гэж тайлбарласан.

 

8. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

 

Нэхэмжлэгч С.С, охин Т.Н, хүү Т.З, хариуцагч Б.Ц нарын хэн аль нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Т.Тийн хууль ёсны өвлөгч байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ асуудлаар маргаагүй.

 

Харин хариуцагчийн зүгээс нас барагч Т.Тийн нэр дээр бүртгэлтэй газар, хувийн сууцны хөрөнгийн эх үүсвэр нь Б.Цын хөрөнгөөс үүдэлтэй гэсэн асуудал нь маргааны зүйл болжээ.

 

9. Хариуцагч нь өөрийн байрыг зарж хүү Т.Тт хашаа, байшин худалдаж авч өгсөн гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн тайлбар, татгалзал тогтоогдохгүй байна.

 

10. Мөн хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч С.Сг нас барагч Т.Тийг тийрч унаган дагзаар нь газар шал мөргүүлж ухаан алдуулдаг байсан, группийн мөнгөөр эмийг нь авч өгөхөө больсон, архи өгч үхэлд нь улам ойртуулсан гэх тайлбарыг гарган маргасан.

 

Иргэний хуулийн 517.1-д заасны дагуу өвлөгч өвлөх эрхээ алдахад өвлүүлэгчийг санаатайгаар алсан, нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх шаардлагатай.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2886 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор Т.Тийн үхэл нь гадны нөлөөтэй байсан эсэхийг тогтоолгох гомдлын дагуу хянан шалгаж ..гадны нөлөөгүй нас барсан болох нь тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. /хх-30/

 

Дээр дурдсан прокурорын тогтоолоор нас барагч Т.Тийн үхэл нь гадны нөлөөгүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч С.Сгийн буруутай үйлдлийн улмаас Т.Т нас барсан гэж үзэх үндэслэлгүй ба нэхэмжлэгчийг нас барагчийн үхэлд буруутай гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн нас барагчийн эхнэр С.С, охин Т.Н, хүү Т.З нарыг Т.Тийн өмчлөлд бүртгэлтэй Улаанбаатар хот, ****** дүүрэг, ***** дүгээр хороо, ******** гудамж, *** тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-************* дугаарт бүртгэлтэй, 372 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ***************** дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөн хариуцагч Б.Ц нь нас барагч Т.Тийн төрсөн эхийн хувьд хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг дурдах нь зүйтэй.

 

12. Нэхэмжлэгчийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус амины эрхээс үүсэлтэй эд хөрөнгийн эрх, үүргийн харилцааны үр дагаврыг шийдвэрлэх маргаан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бус нэхэмжлэл гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлүүлэх нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Цт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаарх баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч тал хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

14. Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...Би өөрөө байраа зарж хүүдээ хашаа байшин авч өгч өөрөө гудамжинд гарах нь холгүй, түрээсийн байруудаар охиноо дагаж олон жил боллоо. ...би зарсан байрныхаа мөнгийг авмаар байна гэсэн боловч өөрийн хариу тайлбарт дурдсан уг асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг баримтлан нас барагч Боржигин овогт Т.Т /Регистрийн дугаар:**********/-ийн өмчлөлд бүртгэлтэй Улаанбаатар хот, ****** дүүрэг, ***** дүгээр хороо, ******** гудамж, *** тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Г-************* дугаарт бүртгэлтэй, 372 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ***************** дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагч нь эхнэр Харчин овогт Сашагийн С /Регистрийн дугаар:***********/, охин Боржигин овогт Т.Н /Регистрийн дугаар ***********/, хүү Боржигин овогт Т.З /Регистрийн дугаар *********/ нар мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хариуцагчБ.Ц /Регистрийн дугаар:****************/ нь нас барагч Боржигин овогт Т.Т /Регистрийн дугаар:**********/-ийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Сд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР