| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2023/00502/И |
| Дугаар | 103/ШШ2023/00505 |
| Огноо | 2023-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2023/00505
| 2023 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2023/00505 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ айл төвийн 1 давхарт байрлах, ББТ санхүүгийн нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 07 тоотод оршин суух, Мянгад овогт Чулуунбаатарын Баасанжаргал, Боржгон овогт Юрагийн Ганбат нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,036,776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Адъяа, Г.Санжаадорж
Хариуцагч: Ч.Баасанжаргал
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага ББТ санхүүгийн нэгдэл ХХК нь хариуцагч Ч.Баасанжаргал, Ю.Ганбат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,036,776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Ч.Баасанжаргал, хамтран зээлдэгч Ю.Ганбат нар нь ББТ санхүүгийн нэгдэл ХХК-тай 2022 оны 9 сарын 23-ны өдөр ЗГ1162130113003640 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,950,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар үндсэн зээлд 700,642 төгрөг, хүүд 386,205 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 55,835 төгрөгийг тус тус төлсөн байна. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 02 сарын 28-ны өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 157 хоног хугацаа хэтрүүлээд байна. ББТ санхүүгийн нэгдэл ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч, хамтран зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч, хамтран зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу 2,036,776 төгрөгийг зээлдэгч Ч.Баасанжаргал, Ю.Ганбат нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбартай сая хурлын өмнө танилцлаа. Өөр маргах зүйлгүй тул ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Баасанжаргал нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг Ю.Ганбат бид 2 хүлээн зөвшөөрч байгаа, сая тайлбараа хурлын өмнө өгсөн. Ю.Ганбат Улаанбаатар хотод томилолттой байгаа тул би ганцаараа хуралд ирсэн гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 47,538 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
3.Хариуцагч Ю.Ганбатад 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд Улаанбаатар хотод томилолттой, очих боломжгүй гэсэн хариуг туслахад өгсөн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ББТ санхүүгийн нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мянгад овогт Чулуунбаатарын Баасанжаргал, Боржгон овогт Юрагийн Ганбат нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,036,776 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баасанжаргал, Ю.Ганбат нараас улсын тэмдэгтийн хураамж 47,538 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББТ санхүүгийн нэгдэл ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ