Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2023/00544

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2023/00544

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 156/2023/00389/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, нэхэмжлэгч *******,  хариуцагч******* аймгийн******* сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох, ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцон гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч:*******,*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Хэнчбиш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 2017.09.01-ний өдөр математикийн багшийн ажилд орж байсан юм. Миний бие ажилд орсон цагаасаа хийсэн ажилдаа үнэнчээр сурагчидынхаа хичээл боловсролд анхаарч хичээнгүй ажиллаж байсан. Гаргасан амжилтуудаа дурьдвал 2018 онд Хойд бусийн багш нарын шатрын тамцээнд 2 дугаар байр, 2022 онд******* аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн багш нарын спортын наадмын шатрын төрөлд 2 дугаар байр, 2023 онд миний бэлтгэсэн сурагч Ингүүн аймгийн математикийн төрөлжсөн олимпиадад 3 дугаар байр тус тус эзэлж амжилт гаргаж байсан. Би сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, сурагчидтай зуй зохистой харилцаж, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл манай сургуулийн сургалтын менежерийн зүгээс намайг ялгаварлан гадуурхаж, гаргасан амжилтыг маань сайшаахгүй сурагчдын дунд болон багш нарын дунд надад зориулж хараалын үгээр харааж загнах, хийсэн ажлыг маань үгүйсгэх, хамт олны дунд нэр хүнд унагаах үйлдлийг удаа дараа гаргадаг байсан. Мөн байнга "ажлаас гар, ажлаа өг, чиний эсрэг баримт бүрдүүлж байгаа" гэх зэргээр дарамталж, хүүхдүүдийн дэргэд надад гар хүрч байсан. Миний илүү цаг болон ажилласан хоногийг хасаж хөдөлмөрлөх эрхийг маань удаа дараа зөрчиж, бие болон сэтгал зүйн дарамтад байлгадаг байсан. Ингээд 2023.04.24-ний едер "ажлаас чөлөөлөх тухай" тушаал гаргаж намайг ажлаас халсан. Уг тушаалыг гаргаж өгөхөөс 7 хоногийн өмнөөс сургуулийн захирал намайг "Чи маргааш ажилдаа ирэхгүй шүү, новш минь" гэж надад хэлж дарамталж байсан. Ингэзд би уг 2023.04.24-ний өдрийн Б/15 дугаартай******* сумын Ерөнхий Боловсролын сургуулийн захиралын тушаалыг аваад 30 хоногийн дотор буюу 2023.05.18-ны өдөр******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст уг тушаалыг хууль бус гэж үзэж байгаа талаараа өргөдөл өгөхөд тус комиссын дарга Д.Март нь "хүлээж авахаас татгалзаж, дараагийн шатанд ханд" гэж хэлсэн. Би уг өргөдлөө өгснөөс хойш ажлын 10 хоног хүлээгээд дараагийн шатанд хандсан. Ингээд би 2023.06.02-ны өдөр ХЭнтий аймгийн******* сумын хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө өгч тус комиссын хариуг бичгээр авсны эцэст шүүхэд хандаж байгаа болно. 2023.04.24-ний едрийн Б/15 дугаартай тушаал нь намайг "ажлын хариуцлага алдсан, эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болсон" гэдэг үндэслэлээр гарсан байсан бөгөөд би ажлын хариуцлага алдсан, эрхалсэн ажилдаа ажилдаа тэнцэхгүй болоогүй, уг тушаал нь хуулийн дагуу гаргаагүй үндэслэлгүй тушаал байна гэж үзэж байгаа тул******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023.04.24-ний өдрийн Б/15 дугаартай тушаалыг хучингүй болгож, урьд эрхэлж байсан******* сумын еренхий боловсролын сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс шүүхийн эцсийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцон гаргуулж өгнө үү. Өнөөдрийн байдлаар миний ажилгүй байсан хугацааны цалин 2.700.000 төгрөг болж байгаа бөгөөд уг үнийн дүнд тэмдэгтийн хураамж төлсөн болно гэв.  

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1.Багш ******* нь 7-11 дүгээр ангийн 8 бүлэгт математикийн хичээлийг заадаг ба хичээлийн жилийн туршид мөрдөх сургалтын хөтөлбөрөө баталгаажуулахгүй, анги бүрт орох ээлжит хичээлийн төлөвлөлтийг огт хийхгүй бэлтгэлгүйгээр хичээлд ордог. Дотоод журмын 4.2.2 т зааснаар "Багш бүр мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг тухайн улирлын хичээл эхлэхээс 2-3 хоногийн өмнө батлуулсан байна. Ээлжит хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж орно" гэсэн заалтыг хэрэгжүүлэх тухай ойлголт байхгүй бөгөөд энэ талаар байнга шаардлага тавихаар дарамталсан загнасан гэж сургалтын менежерийг буруутгаж, өөрийгөө өмгөөлсөн байна. Энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа хүн багшийн ажлыг хэрхэн хариуцлагатайгаар хийх нь тодорхой. Ингэснээрээ тухайн хичээлийг ямар ч чанаргүй заасан болж оромдохын сацуу сурагчидтай ажиллахгүй самбарт 3-5 тоо бичиж өгөөд цагийг нөхцөөдөг бөгөөд бэлтгэлийг хангах төлөвлөлттэй байх тухай удаа дараалан зөвлөхөд "за хийнэ ээ, үзүүлнэ ээ" л гэж хэлнэ. Тэгээд л байхгүй. Ээлжит хичээлийг төлөвлөлтгүй заахыг ямар ч түвшинд хүлээн зөвшөөрөхгүй байдаг атал энэ багш яаж ч хэлээд нэмэргүй ийм л байдалтай явсаар ирсэн нь туйлын харамсалтай. Бэлтгэлгүй төлөвлөөгүй хичээлийг ном бариад хэлж өгч байгаа багшийн үр дүнг салбарт ажилладаг хүн болон багш сурагчид эцаг эх цөм ойлгох агаад залуу хунийг дэмжин тусалж, олон л хүн хэлж зөвлөж анхааруулж үзсэн ч ямар ч өөрчлөлт гарахгүй, сурагчид анги ахих тусам улам дортож байна. Энэ бол маш хариуцлагагүй байдал. 2. Багшийн өдөр тутам хөтлөх бичиг баримтыг хөтөлдөггүй бөгөөд хамгийн чухал зуйл болох журналаа хэдэн сар улирлаар нь хөтлөхгүй, сурагчдын ирц бүртгэхгүй явсаар шаардуулсаар улирал болон бутан жилийг дуусгадаг зантай. Тэр журналаа хөтөлдөггүйг мөн тухай бүр татсан файлыг хавсаргасан байгаа. Яалт ч үгүй хичээлийн жил дуусаж, сургуулийн систем хаах болоход нөхөн оруулдаг нь үнэн болохыг баримтууд харуулна. Багш цахим орчинд ажиллах чадвар тааруу, 4.2.11-д зааснаар мэргэжил ур чадвараа хөгжүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж байгааг илтгэнэ. Энэ нь нэг удаагийн тохиолдол бус байнга л ийм байдалтай байдаг. Менежерийн зүгээс дарамталсан, гар хүрсэн гэх ташаа мэдээллийг зөвшөөрөхгүй. 3. Энэ багш хэдийгээр ШУТИС-ийг инженер мэргэжлээр 2008-2014 онд суралцаж төгсөөд, Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн математикийн ангид 2 жил суралцсан болохоор багшлах арга зүй болон хүүхэдтэй ажиллах арга барилын талаас учир дутагдалтайг ойлгож, АЗНэгдэл болон мэргэжил нэгт багш нарын хичээлд суух, хамтран ажиллах, харилцан суралцах өргөн боломжуудыг багшдаа олгодог ч өөрөө үнэндээ хичээхгүй, урсгалаараа явж хегжихгүй шавь нартаа гологдож хоцрогдож байна. Багшийн математик сэтгэлгээ сайтай, шатар сайн тоглодог хувь хүний сайхан чанарыг үгүйсгээгүй байнга дэмжих хэдий ч өөртөө дүгнэлт хийх, өөрийгөө дайчлах тал дээр сул байдгийг хамт олон хүртэл мэднэ. Сургалтын менежерийн зүгээс сардаа 2-3 удаа хичээлд сууж, санал солилцон, зөвлөгөө өгөхөд хүлээж авах ч цаашид өөртөө өөрчлөлт хийх, хичээх сэдэлгүй хэвээр үргэлжилдэг нь ордог олон анги сурагчдынхаа сурах итгэлийн галыг бөхөөж математикт дур сонирхолгүй болоход нөлөөлж байна. 4. Дотоод журмын 4.2.14-т заасан "Шаардлагатай бус тохиолдолд хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх"-ыг манай багш хэлсэн ч ойлгохгүй байгааг сурагчид нотолдог. Хичээлийн 40 минутыг бүтэн ашиглахгүй, хоцорно, өглөө унтаад хичээлд ирэхгүй цагаар тасална, утасдуулж ирнэ. Хичээл орж буй ангидаа самбарт бодлого бичиж өгчөөд утсаараа тоглоод суучихна. 9в ангид хаалгаа түгжүүлээд ангиараа утас тоглуулна. Ийм байдалтай сууж байхад дэргэд нь очиход мэдэхгүй, хүүе гээд нудрахад цочиж байх тохиолдолтой зөндөө таарна. Математикийн хичээл дээр ордог ангиудаас үргэлж гомдол ирдэг. Багшийн тухай сурагчдын өгсөн бичиг өргөдөл гомдол тэмдэглэлүүд дээр буй. Багшийн маань харах өнцөг бараан талдаа байхаар үргэлж бусдыг буруутгадаг л даа. АУБ нар ангидаа ороогүй цагийг тухай бүр мэдэгддэг болохоор цагаар тасалсан хичээлүүдийг бүртгэж явдаг. Өөрт нь хэлэхэд ямар нэгэн тайлбар өгөх ба нөхөж заана гэж зарим үед хариулт өгдөг. 5. Багш ээлжит хичээлдээ хэзээ ч ямар ч үзүүлэн , тарааж өгөх материал хэрэглэдэггүй, сурагчдад ялгаатай түвшний даалгавар өгөх, сэдэлжүүлэх , хичээлээ сонирхолтой заах үйлийг хийдэггүй , зөвхөн самбар шохой сурах бичиг 3-тай ажилладаг нь орчин үеийн хүүхдийн суралцах идэвхтэй байх сэдэл тэмүүллийг төрүүлэхгүй, тэдний эрэлт хэрэгцээнд нийцэхгүй гологдоод байдгаа ойлгодоггүй. Цахим үзүүлэн хэрэглэгдэхүүний тухайд энэ хичээлийн жилд 1 удаа нээлттэй хичээлд хэрэглэсэн нь сонирхолтой байсан бөгөөд хийе говал болохоор ч өөрөө хичээдэггүйд л оршиж байгаа юм. Анх ажилд ороход түшиж авсан сургалтын менежер Энхцэцэг, хамт ажиллаж байгаад тэтгэвэрт суусан******* багш нар хэрэглэж байсан бүх үзүүлэн , хэрэглэгдэхүүнээ бүгдийг математикийн багш нарт үлдээсэн ч тэндээс нэг ч удаа хэрэглэдэггүйг хамт ажилладаг багш нь мэдэж, санал болгон тусалж хэлсэн ч ач холбогдол өгөхгүй тул орхисон байдаг. 6. Сурагчдыг үнэлэх дүгнэх, нэгжийн үнэлгээ хийх үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, сурагчдад явцын үнэлгээ тавихгүй, төвшинг тогтоох шалгалт авахгүй явсаар улирлын эцэст баримтгүй дүн гаргадаг гэдэг гомдол сурагчдаас ирдэг. Мөн багшийн улирлын эцэст гаргадан дүн хөндлөнгийн болон бусад шалгалтууд дээр өндөр хазайлттай байдаг нь үнэлгээ бодитой биш гэдгийг нотлохын сацуу сурагчдыг худал дүн хуурмаг байдалд сургасан гэж үзэх үндэслэлтай байна. Түүний нотолгоог 10б ангийн эцэг эхчүүд үйлдэж өгсөн баримт буй. 7. Сурагчидтай ажиллах багшийн харилцаа эв дүйн хувьд сайжрах боломжууд байгаа ч өөрчлөлт гардаггүй. Аман халбэрээр цохисон, алгадсан, гар хүрсэн, юмаар ороолгосон гэх гомдлууд байнга ирэх ч аль болох ойлголцуулаад хүүхдийн өөрийн бурууг ухааруулаад багшид дахиж ийм үйлдэл гаргахгүй байхыг хэлж өгдөг. Тэр бүхнийг баримтжуулж авдаггүй ээ , харин айхтар гэмтээж бэртээгээгүй болохоор элдэв мууг бодолгүй тэгээд л орхидог юм. Хүүхдийн ч буруу үе зөндөө байх болохоор багшаа хамгаалсаар өөгшүүлсэн ч байж болох талтай. Хамгийн сүүлийн жишээ 8б ангийн А гэдэг охины биед хурсан цохисон гэх гомдлыг утсаар түүний ах А сургуулийн захиралд хэлж, анхааруулга өгснөө захирал хэлж байсныг санаж байна. Нотломж нь захиралд буй. 8. Энэ хичээлийн жилд хамгийн их хичээлд нь сууж анхаарал тавьсан анги бол 11А. Дунд ангид орохоос нь эхлэн 6 жил зааж буй анги нь бөгөөд ангиараа эсэргүүцээд хичээлээ хийхгүй , тоглоод өөр юм хийгээд , зарим нь хаяад гараад тасалчихдаг болсон учраас АУБ тай хамтран математикийн хичээлийн чанарыг сайжруулахад анхаарал тавьсан ч амжилтад хурч чадаагүй. Ирэх жил ЭЕШ өгөх хүүхдүүд атал сонгоноо таслаад тайлбараа " Багш юу ч заахгүй, утсаа ноцоод суудаг, цагийн гарз" гэдэг. Хүүхдүүд нь тасалж явчхаад багш ангидаа 2 хүүхэдтэй завсарлах цаг хүлээгээд сууж байхтай таарч, өөрт нь хэлэхэд хүүхдүүд буруутай, сурах бичиг буруутай....хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй л байдаг. Энэ анги удаа дараа гомдлоо илэрхийлж ТТШ аван бид хамтдаа хуралдаж, ойлголцолд хүрэн ахиц гаргахыг оролдсон ч хүүхдүүдтэй маргалдаад, хүүхдүүд бүх бурууг нь хэлсэн ч хүлээн зөвшөөрөхгүй байсаар дуусгасан хурлын тэмдэглэл энд хүргэгдэж буй материал дотор байгаа болно. Олон хүүхэд дотор хичээл зүтгэлтэй 3-4 хүүхэд байх агаад тэдэнтэй л ажилладаг, бусдыг хаядаг гэх гомдол тасардаггүй... тэр бүхнийг тоочсоноос хүүхдүүдтэй уулзвал үнэн мөнийг хэлдэг дээ. 9. Багш ******* нь цагаар олон удаа хичээл тасалсныг тухай бүр бүртгэж, заагаагүй цагт оруулан тоолж тооцоог хийдэг. Заагаагүй хичээлийг заасан гэж цалин өгөх боломжгүйг манай багш ойлгох учиртай. Ажлаа тасалсан, архи уусан тохиолдлууд байна. 2022 оны 9 сарын 6-ны мягмар гарагт ажлын өдөр таслан архи ууж, тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулж байсан байна. Мөн 2023 оны 1 сарын 30, 31-ний удээс өмнө ирж, ирцээ бүртгүүлэн хичээлээ ороод үдээс хойш цагуудаа тасалж алга болсон ба 2 сарын 1нд өглөө таслаад ирэхгүй болохоор СНА-г гэр лүү нь очуулахад архи уусан байдалтай согтуу байхад дуудаж авчирсан. Тэрээр ажлын цагаар архи ууж алга болсноо өөрөө хүлээн зөвшөөрч арга хэмжээ авагдаж байв. Мэр сэр тасалж хоцорч алга болдгийг тухай бүр өөрт нь хэлээд л өнгөрүүлж байсан болохоор энэ удаад яалт ч үгүй арга хэмжээ авагдсан. 10. Багшийн заадаг ангиуд агуулгын хоцрогдолд орсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн тул ахлах ангиудад нь хичээлийн хуваарь дээр давтлагын цагийг зориуд тавьж өгсөн нь хүүхдүүдийг бүрнээр нь байлгах, хариуцлагатайгаар хоцрогдлоо нөхөх цаг болгон гаргаж өгсөн бөгөөд энэ нь цалинд тооцогдохгүй шүү гэдгийг ойлгуулсаар байтал багш илүү цагийн хөлс авна гэж нэхсэн явдал гарсан нь хүүхдийн төлөө ажиллах биш мөнгөний л төлөө мэт сэтгэгдэл төрүүлэх ч ярилцаад ойлголцсон гэж боддог. Мөн хичээлийн бус цагаар давтлага өгөх, сул сурагчидтай ажиллахыг сануулдаг ч багш ирж ажилладаггүй. Харин мөнгөтой давтлага өгдөг гэх гомдлыг АУБ нар гаргаж түүний мөрөөр тодруулга хийхэд мөнгийг буцааж өгсөн, авна гэж зүгээр хэлсэн гээд өнгөрч байсан болно. 11. Цалин болон цаг хассан тухай гомдлын тухайд: Багшийн 20 минутаас дээш хоцорч орсон болон тасалсан цагийг орсонд тооцоогүй нь үнэн болно. Дотоод журмын дагуу хувь тооцож цалинг хасуулах арга хэмжээ аваагүй, хувьд нь сануулдаг. Хичээл орохгүй тасалдаг хоцордог тухай хурлын тэмдэглэлд бүх л ордог ангийн багш нар ярьсан байгаа. 12р сард хичээл дууссанаас хойш чөлөө авсан үгүй нь тодорхойгүй ажлын байранд ирээгүй 7 өдрөөр бүртгэсэн тул цалин бичих боломжгүй байсан болно. Мөн 11р сард амаар чөлөө авсан гээд 7 өдөр ажилд ирээгүй гэдэг тайлбарыг менежер өгсөн болно. 12. Сүүлийн жилүүдэд 3 захирал солигдоход тэр бүр л Мөнхтөрийн тухай өргөдөл гомдол хол ам гарч байсан ч шинэ удирдлагууд итгэл үзүүлсэн, мөн ах нь захирлуудад асуудал гарах бүрт л ямар нэгэн байдлаар ханддаг зэрэг шалтгаанаас болоод ямар нэг арга хэмжээ аваагүй байгаад захирлууд солигдсоор энд хүрч сүүлдээ багш нар, эцэг эхчүүд туйлдаа хурч хэл ам тасрахаа больсон. Ах нь багш П.О-г оройн цагаар утсаар загнаж дорожилсон нь буруу ташаа мэдээлэл ахдаа өгдгөөс үүдэлтэйг хурал дээр ярилцаж өөрт нь ойлгуулсан гэж бодож байна. Зарим багш нар хэл амнаас нь төвөгшөөгөөд хүүхэд хохироод байж байхыг хүлээн зөвшөөрөөд чимээгүй байдаг болсон нь хамгийн харамсалтай. (Ханбүүвэй гэдэг сурагчийг зодсоныг АУБ нь нуусан, жижүүр багш мэдэж хэлсэн) 13. Сургалтын менежерийн зүгээс хамгийн их уулздаг хөөцөлддөг хэлдэг сануулдаг, зарим үед тэвчээр барагдаж загнадаг учраас өнөөдөр хамгийн муу хүнээр тодорхойлогдож байна гэж үзэж байна. Бодит амьдрал дээрхийг дүгнэвэл ганц хүнийг буруутгах биш, олон олон хүүхдийг математикийн сургалтаар хоцрогдолд оруулаад хөгжүүлэхгүй өөрөө ч хөгжихгүй байдалд оруулчхаад байгааг нийт эцэг эх сурагчид тодорхойлно гэж үзэж байна гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/15 дугаартай *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /1хм-н 9-р тал/, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр******* аймгийн******* сумын ЕБС-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл /1хм-ийн 10-р тал/, 2023 оны 06 сарын 02-ны өдөр******* аймгийн******* сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан өргөдөл /1 хм-ийн 11-р тал/, 2023 оны 06 сарын 02-ны өдөр******* аймгийн******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны шийдвэр /1 хм-ийн 13-р тал/, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ / 1хм-ийн 14-15-р тал/, 2017-2023 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хм-ийн 16-17-р тал/, Илүү цаг болон хоног хассан тооцоо /1хм-ийн 18-20-р тал/, Цалингийн мэдээлэл /1хм-ийн 21-30-р тал/, зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Эцэг эх, сурагчдын гаргасан өргөдөл 10б /хм-ийн 140-141/, 9в ангийн өргөдөл /хм 144-145 тал/, 10 а, 10б ангийн сурагчидтай хийсэн уулзалтын тэмдэглэл/хм-ийн 146-147-р тал/, Түвшин тогтоох шалгалтын анализ /хм-149-150-р тал/,******* сумын ЕБС-ийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл /хм-ийн 152-158-р тал/, Дотоод хяналт, үнэлгээний ажилтан Э.Банзрагчийн тэмдэглэл/ хм-ийн 160-р тал/Абгш нарын цахим журмналаа хөтөлсөн байдал / хм-ийн 161-163-р тал/,******* ЕБС-д гаргасан *******ийн өргөдөл / хм-ийн 167-р тал/, Багш Мөнхтөрийн математикийн сургалт зохион байгуулдаг ангийн сурлагын үзүүлэлтийн танилцуулга /хм-ийн 168-175-р тал/,******* аймгийн Бидэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 3 сарын 28-ны өдрийн А/18 дугаартай хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комиссыг шинэчлэн батлах тухай тушаал /хм-ийн 176-178-р тал/, сураг Дөлгөөнмөрөн, Д.Сүхбат нарын бичгэн баримт /хм-ийн 179-180-р тал/, Шийтгэлийн хуудас /хм-ийн 198-р тал/,******* аймгийн******* сумын ЕБС-ын дотоод журам

5. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Д.Нарантуяа,Д.Гэрэлтуяа, Ш.Ганхуяг, Ц.Болормаа нараас мэдүүлэг авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь******* аймгийн биндэр сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцон гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлэн******* аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажилд орж, 2023 оны 4 сарын 24-ний өдрийг хүртэл ажиллажээ. Тэрээр ажиллаж байх хугацаандаа хичээнгүй ажиллаж, сурагчдынхаа хичээл боловсролд анхаар ажиллаж байсан ба ямар нэгэн зөрчил гаргаагүй, байхад ажлаас чөлөөлсөн тул гомдолтой байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын хариуцлага алдсан,эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй, хүүхэд зоддог, ажлын цагаар буюу хичээлийн цагаас үргэлж хоцордог гэх мэт зөрчлүүдийг удаа дараа гаргадаг тул ажлаас чөлөөлсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь нэхэмжлэгчийг сургалтын менежер Тамжид гэх хүнтэй хувийн таарамжгүй харьцаатай байсан ба тэрээр өөрийн ойр тойрны бүлэг хүмүүстэй нийлж, хавчиж гадуурхсаар байгаад нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн гэж ажлаас чөлөөлөх болсон шалтгааныг зааж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

Ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн хуулийн 123.2Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг******* аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.13, 4.3.16.4-т заасан зөрчлүүдийг гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарладаг ба Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.13-т Сахилга батын зөрчил гаргасан, дотоод дүрэм зөрчсөн сурагчидтай ажиллах, хүүхэд хамгааллын бодлого, Монгол улсын Засгийн газрын 276 дугаар тогтоол, А/243-р тушаал, А/608 журам зөрчсөн багшид сургуулийн захиргаанаас анхааруулах ба шаардлагатай гэж үзвэл захирлын тушаалаар хөдөлмөрийн хуулийн дагуу хариуцлага тооцно гэж, мөн журмын 4.3.16.4-т Хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж Ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилчдад хүлээлгэх хариуцлагыг нэрлэн заажээ. Энэ журамтай нэхэмжлэгч нь 2021 оны 11 сарын 03-ны өдөр танилцаж өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Нэхэмжлэгч ******* нь ажилдаа хариуцлагагүй ханддаг, заах арга барил муу, ур чадвараа дээшлүүлдэггүй, хүүхэдтэй зүй бус харьцдаг, хичээлээсээ хоцордог, энэ нь сурагдчын сурлагын амжилтанд сөргөөр нөлөөлдөг болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх ба түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болжээ.

Тухайлбал 2023 оны 4 сарын 21-ний өдөр хуралдсан******* сумын ЕБС-ын захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд багш *******ийн талаар ярилцсан байдал /1-р хатвасын 153-158-р тал/, Түвшин тогтоох шалгалтын анализ 10а анги гүйцэтгэлийн хувь 17.3 хувь, 10б анги гүйцэтгэлийн хувь 46.7 хувь, Массын олипиадын шалгалтын анализ гүйцэтгэл 11а анги 26.63 хувь /1-р хм-ийн 169-р тал/, 10б анги 4.6 хувь /1-р хм-ийн 170-р тал/, 10а анги гүйцэтгэл 3.1 хувь, 9в анги гүйцэтгэл 29 хувь /1-р хм-ийн 172-р тал/, 8б анги гүйцэтгэл 17 хувь, 7б анги гүйцэтгэл 12 хувь, 7а анги гүйцэтгэл 8.5 хувь гэж тус тус дүгнэгдсэн байна.

Мөн цахим журнал хөтөлсөн байдал 2020-2021 оны 1-р улиралд Багшийн тэмдэглэл 0 хувь, 2022-2023 оны хагас жил буюу 2022 оны 12 сарын 27-ны өдрийн байдлаар 0 хувийн үзүүлэлтэй /1-р хм-ийн 161-163-р тал/ байсан байна. Энэ нь Бага, дунд боловсролын тухай хуулийн /2002 оны хууль, 2023 оны 7 сарын 7-ны өдрөөс хүчингүй болсон ба нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх үед мөрдөгдөж байсан/ 22 дугаар зүйлийн 22.1.4сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хичээлийн хуваарь, үргэлжлэх хугацааг мөрдөх; мөн хуулийн 22.1.3.бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг мөрдөж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх зэрэг багшийн үүргээ биелүүлэхгүй байсан гэж үзэхээр байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны 8 сарын 01-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар батлагдсан Сургалтын төлөвлөгөө батлах тухай тушаалын 2-р хавсралтанд Дунд ангид буюу 6-9-р ангид математик 561 цаг гэж, мөн тушаалын 3-р хавсралтанд Ахлан анги буюу 10-12-р ангид математик 297 цаг гэж хамгийн өндөр буюу олон цагаар хичээллэхээр зааснаас дүгнэхэд математикийн хичээл нь дунд, ахлах ангид голлох хичээл гэдэг нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл энэ тушаалын хавсралтанд заагдсан бусад хичээлээс дунд анги 2 дахин их цаг математикын хичээл орохоор, ахлах анги ойролцоогоор 1.5 дахин их цагаар бусад хичээлээс олон цагаар хичээллэж байхаар заасан нь энэ хичээл голлох хичээл мөн болох нь харагдаж байна. Гэтэл энэ голлох хичээлийг үр дүнгүй зааж бидний ирээдүй болсон хүүхдүүдийг хохироож байгаа нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн үйлдлийг буруутгах боломжгүй байна.

Тухайлбал хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгчийг дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний ажлын үр дүн, үргэлжилсэн сахилгын зөрчилд тохирсон байна гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй буюу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах байгууллагат хандаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргадаг. Гэвч нэхэмжлэгч нь******* аймгийн******* сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд 2023 оны 6 сарын 2-нд өргөдөл гаргасан байх ба энэ өргөдлийн хариуцг тус маргаан зохицуулах хороо шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг / 1-р хм-ийн 13-р тал/ өгсөн байх тул хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасан Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл 154.2Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн хуулийн 154.2.1хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргахаар зохицуулсан.

Нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг 2023 оны 4 сарын 24-ний өдөр авч урьдчилан шийдвэрлэх журмаар******* аймгийн******* сумын ЕБС-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 5 сарын 18-ны өдөр өргөдөл гаргасныг /1-р хм-ийн 10-р тал/ шийдвэрлэхгүй байсан тул******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 6 сарын 02-ны өдөр өргөдөл гаргасан нь хуульд нийцсэн байх тул шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн болно.

Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүх маргааны шийдвэрлэхээр хуульчилсан байх тул хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 58 100 төгрөг, 70200 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 128 148 төгрөг, нийт 256 448 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд шүүхэд гаргаж буй зарим нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр хуульчилсан ба нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэл нь тус хуулийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэг учраас улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256 448 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар*******ийн******* аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан Ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256 448 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ