Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/03554

 

2023 оны 10 сарын 06 өдөр                       Дугаар 102/ШШ2023/03554                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч “Г” СӨХ ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч “М.А” ХХК

 

Хариуцагч Б.С холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны төлбөр 7.770.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянаад     

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Н.И.Т Э.Н

Х “М.А” ХХК-ийн төлөөлөгч М.С

Хариуцагч Б.С итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У

ТОДОРХОЙЛОХ нь:

        

 1.Нэхэмжлэгч Г СӨХ, хариуцагч М.А ХХК, Б.С холбогдуулан СӨХ-ны төлбөр 7.770.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

          2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

          3.Н.И.Т Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Нэхэмжлэгч 7.770.200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. М.А ХХК болон Б.С2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх төлөгдөөгүй СӨХ-ны төлбөрийг нэхэж байна. 2019, 2020 оны төлбөрийг 50 хувиар багасгаж төлүүлсэн.

         Үүнээс хойш төлөөгүй боловч үүнийг нэхэмжлэхгүй.

         Зөвхөн 2015-2019 оны төлбөрийг шаардаж байна.

         М.А ХХК-тай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 2021 оноос эхлэн, 1 метр квадрат талбайг 600 төгрөгөөр бодож, сард 111.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Харин 2015-2019 он хүртэлх төлбөр сард 185.000 төгрөг буюу тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 01 дугаартай Тогтоолын нэгдүгээр хавсралтаар тогтоосон аж ахуйн нэгж, саун массажнаас 1 метр квадрат талбайг 1000 төгрөг тооцож авдаг болсон.

         Хариуцагч Б.С 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, оффисын зориулалттай үйл ажиллагааг явуулдаг бол 1 метр квадрат талбайг 600 төгрөг байхаар тогтоосон.

           Дурдсан тогтоолын хавсралтын дагуу 00000 он хүртэлх төлбөрийг тооцон тус аж ахуйн нэгжийн ашиглалтын талбай 00000 метр квадрат талбайг сард 185.000 төгрөгөөр тооцсон. 0000 оны 11, 12 сар, 2016 он, 2017 он, 2018 он, 2019 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын төлөгдөөгүй төлбөр нийт 7.770.000 төгрөг болж байгааг нэхэмжилсэн.

          Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар сууц худалдан авагч, сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан учраас орон сууцыг худалдаж авахаас өмнө СӨХ, тог цахилгаан гэх мэт аливаа өр төлбөртэй эсэхийг шалгаж худалдан авах үүрэгтэй байсан.

         Энэ үүргийг биелүүлээгүй тохиолдолд өр төлбөрийг хариуцах өнөөдрийн байдлаарх өмчлөгчөөс нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 7.770. 200 төгрөгийг хангаж өгнө үү, гэжээ.

         4.М.А ХХК-ийн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Хариуцагч М.А ХХК энэ талбайд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг.

Нэхэмжлэлийн шаардлага өмнөх онуудын СӨХ-ийн төлбөрийг хариуцах ямар ч үүрэггүй.

Бидэнд хамааралгүй гэж үзэж байна. Харамсалтай байна.

Манай компани 2020 онд засвар хийж, 2021 онд байранд нүүж ирсэн. Тэгэхээр Г СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

СӨХ өмнө нь энэ төлбөрөө нэхэмжилж ажил хийж байхгүй яасан бэ?

Тэгсэн бол энэ асуудал үүсэхгүй байсан. Өөрсдийнхөн хариуцлагагүй үйлдэл, гэжээ.

 

        5.Хариуцагч Б.С итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Лавлагаанаас харахад Б.С 2019 оны 05 дугаар сард тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр заасан нь өөрийн өмчлөлд байгаа орон сууцын үүргийг хэлж байна.

Харин Б.С 2019 онд өмчлөх эрхээ бүртгүүлснээр СӨХ тэдний хооронд эрх үүрэг үүсэж байна.

Гэтэл түүнээс өмнөх төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагчтай ямар ч хамааралгүй гэж үзэж байна.

Мөн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлд ерөнхий хугацаа 10 жил байх бөгөөд энэ зүйлийн 75 дугаар зүйлийн 75.2.3. дахь хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагын хугацаа 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дурдвал 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт сууц өмгчлөгчийн эрх үүргийг зааж мөн 16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дахь заалт дээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно гэсэн ба дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр заасан.

Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад хавтаст хэргийн 16 дугаар тал дээр 1 метр квадрат талбайг 0000 төгрөгөөр тооцсон 000 оны Удирдах зөвлөлийн тогтоол байна.

Гэхдээ хуульд зааснаар энэ асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдэх ёстой.

Иймээс хуулийн заалтын дагуу бус удирдах зөвлөлийн гишүүдийн тогтоосон өмнөх өмчлөгчийн үүрэг төлбөр тооцоог нэхэж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

           6.Хавтас хэрэгтцугларсан нотлох баримтууд:

 

           7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Н олгосон итгэмжлэл, хэрэглэгчийн төлбөр төлөх дэлгэрэнгүй хуулга, Г СӨХ-ны гэрчилгээ, Б.Г Г СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилсон тушаал, Б.Г иргэний үнэмлэхний хуулбар, Г СӨХ-ны Удирдах зөвлөлийн 00 дугаартай Тогтоол, хавсралтын хамт,

 

           8.Хариуцагчаас М.А ХХК-ийн төлөөлөгч М.Сүнжидмаагийн иргэний үнэмлэхний хуулбар , хариу тайлбар

 

          9. Хариуцагч Б.С М.М олгосон итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн лавлагааг өгчээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

        1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         2.Н.И.Т Э.Н нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хуульд зааснаар сууц худалдан авагч, сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө сууцтай холбоотой биелэгдээгүй үүргийг лавлах үүрэгтэй бөгөөд үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцах учраас СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй” гэж тайлбарлав.

 

         4.Хариуцагч М.А ХХК-ийн төлөөлөгч М.С “Манай компани тус талбайд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг. 2021 онд байранд нүүж ирсэн. Төлбөрийг хариуцах үндэслэлгүй” гэж, 

 

        5.Хариуцагч Б.С итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М “Хариуцагч 2019 онд өмчлөх эрхээ бүртгүүлснээр СӨХ-ны хооронд эрх, үүрэг үүссэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж татгалзлаа илэрхийлэв.

 

       6.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

        7.”Г” Сууц өмчлөгчдийн холбоог 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн,151 дугаартай гэрчилгээг олгож тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хурлын шийдвэрээр Б.Г гүйцэтгэх захирлаар томилсон болох нь нотлогдож байна.

 

      8.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал Б.Гантөмөр холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

       9.Хариуцагч Б.С өмчлөлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 00000 эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаартай, ........ дүүрэг, 0 дугаар хороолол, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 00 дүгээр байрны 0дугаар орцод байрлах үйлчилгээний зориулалттай, 185.5 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө Г СӨХ-нд харъяалагддаг нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

           

       10.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр заасны дагуу оршин суугчид төлөх үүрэгтэй байна.

 

      11.Талуудын тайлбар, бичгийн баримтуудаас үзэхэд, хариуцагч М.А ХХК, Б.С байгуулсан түрээсийн гэрээний дагуу СӨХ-ны төлбөрийг төлж байгаа, хариуцагч Б.Ситгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 онд үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан өмнөх өмчлөгчийн төлбөрийг төлөх ёсгүй гэж мэтгэлцэж байгаа боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг мөн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо байхаар тодорхойлж заасан байх тул 0000000 хэрэглэгчийн дугаартай бильярид, сауны зориулалтаар ашигладаж байгаа дээрх үл хөдлөх хөрөнгийн 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал төлөгдөөгүй төлбөр 7.770.200 төгрөгийг хариуцагч Б.С төлөх үүрэгтэй байна.

    12.Харин хариуцагч М.А ХХК үйлчилгээний талбайг түрээслэх гэрээг 2021 онд өмчлөгч Б.С байгуулан одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа талаар талуудын хэн аль маргахгүй байна.

    13.Иймээс хариуцагч М.А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.С холбогдох шаардлагыг хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

     14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.523 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     

        115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     

        1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г СӨХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.С холбогдох СӨХ-ны төлбөр 7.770.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.523 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

      

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АРИУНАА