Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/03761

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 19 өдөр                        Дугаар 102/ШШ2023/03761               Улаанбаатар хот

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч  “Т” банк ХК-ийн нэхэмжлэлтэй         

 

 Хариуцагч А.Ч холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 22.294.713 төгрөг 21 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад     

                        

Шүүх хуралдаанд оролцогчид:

Н.и.т Б.Ц

Хариуцагч А.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А

ТОДОРХОЙЛОХ нь:

       

        1.Нэхэмжлэгч Т банк, хариуцагч А.Ч холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 22.294.713 төгрөг 21 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

  

2.Нэхэмжлэг нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

         3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Т банк, хариуцагч Т.А, А.Ч нартай 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 00000 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 18.820.000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл зээлсэн.Зээлдэгч Т.А нас барсан учраас хариуцагч А.Ч үндсэн зээлд 13.718.518 төгрөг 17 мөнгө, хүүгийн төлбөрт 7.827.448 төгрөг 19 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 748.746 төгрөг 85 мөнгө,  нийт 22.294.713 төгрөг 21 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн  шаардлагаа дэмжиж байна.

         Надад эвлэрэх эрх өгөх боломжгүй учраас зээлийн хүүг багасгаж чадахгүй байна. Шүүхийн шийдвэр яаж ч гарсан цаашдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөхгүйгээр хариуцагчийн боломжид тааруулж, зээл төлөлтийн хуваарийг харилцан  тохиролцоод яваад байж болно, гэжээ.

 

 

4.Хариуцагч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үндсэн зээлийг миний аав авсан нь үнэн. Тухайн үед би өөрөө ажилгүй байсан ч батлан даалт хийж гарын үсэг зурсан.

Энэ хугацаанд ковидын нөхцөл байдал үүсэж ажилтай хүн ажилтайгаа үлдэхэд хэцүү болсон.

Аавыг нас барахад Т банк-аас шүүхэд хандсан байсан бол ийм их хэмжээний хүү бодогдохгүй байсан.

Зээлээ төлнө, хүүг нь зогсоогоод өгөөч гэхэд заавал шүүхээр орж байж хүү зогсоно гэж хэлсэн. Би өөрөө байр түрээсэлж амьдардаг.

Сарын цалингаасаа байрны түрээсийн мөнгө, амьжиргааны зардлаа үлдээж банкийг хохиролгүй болгож үндсэн зээлийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй.

         Аавыгаа нас барснаас хоёр сарын дараа очиж уулзсан.

        Тухайн үед аав маань дулааны цахилгаан станцад ажиллаж байгаад намайг оронд нь ажилд авна гэж хэлсэн.

          Ингээд энэ ажилдаа орвол төлнө гэж хэлсэн ч байгууллага намайг ажилд авахаа больсон гэдэг хариу өгч одоог хүртэл хүлээж байна.

          Энэ байгууллага намайг авахаа больсон. Орлогогүй боллоо гэж хэлж байсан ч түүнээс хойш холбоо бариагүй.

Үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд гэрээ цуцлагдаж хүү зогсох байсан. Надад цалингаас гар дээр 000000-00000 төгрөг ирдэг үүнээс түрээсийн төлбөр, амьжиргааны зардлаа авч үлдэхээр 000.000 төгрөг илүү гарна.

 Үүнээсээ үндсэн зээлийг төлнө гэж бодож байгаа гэв.

Энэ талаар мэдээгүй. Шүүх хуралдаан зарлагдаад өмгөөлөгчид хандахад гэрээ цуцлагдах боломжтой байсан талаар хэлсэн.

Тухайн үед зээлийн гэрээ дээр гарын үсэг зурсан болохоос надад уг зээлийн гэрээ ч байхгүй.

Аав маань зурчих, цалингаасаа төлнө гэж хэлсэн болохоор гарын үсгээ зурж өгөөд явсан, гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

      1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

      2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ца шаардах эрхийн үндэслэлээ “Зээлдэгч Т.А нас барсан. Харин хамтран зээлдэгч А.Ч гэрээний үүргээ зөрчиж зээлийг төлөхгүй байгаа тул зээлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд хандасан”  гэж тайлбарлав.

 

      3.Хариуцагч А.Ч “Зээлийг би аваагүй. Тухайн үед би оюутан байсан. Аав маань банкнаас хамтран зээлдэгч хэрэгтэй гэж байна гарын үсгээ зураад өгөөч гэхээр нь зурсан. Гэтэл аав нас барж надаас энэ мөнгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаа боловч нэгэнт хамтрангаар гарын үсэг зурсан болохоор үндсэн мөнгийг сард хувааж төлөхийг зөвшөөрнө. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төөлөхгүй. Би хаягтаа амьдарч байсан. Аавыг нас барснаас сарын дараа энэ талаар банкинд мэдэгдсэн. Гэтэл 2,3 жил өнгөрсөн хойно мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна” гэж татгалзлаа илэрхийлэв.

 

         4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

      

         5.Нэхэмжлэгч Т банк, хариуцагч Т.А, А.Ч нартай 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 000000 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 18.820.000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн нь гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

         6.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

     

         7. Нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 3 хуудсанд авагдсан 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгогдсон Улсын бүртгэлийн 000000, регистрийн 00000 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

         8.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

        9.Зохигчдын тайлбар, нас барсны гэрчилгээгээр зээлдэгч Т.А 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барсан нь тогтоогдож байна.

 

         10.Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4, 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Т.А хэдийгээр нас барсан боловч зээлийн төлбөрийн үлдэгдлийг хариуцагч А.Ч төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр зээл авсан, төлж байсан талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг багасгах талаар мэтгэлцэн зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн нь тогтоогдож байх тул зээлийг төлөх үүрэгтэй.

       

         11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзал болсон талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч зээлдэгчийг нас барсныг мэдсэн, гэрээний хугацаа дууссан байхад зээлийн төлөлтийн талаар арга хэмжээ аваагүй, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан эсэх мөн хариуцагч зээлийг авч ашиглаагүй гэх тайлбараа нотлох баримтаар нотлож чадахгүй байх тул хариуцагчаас үндсэн зээлд 13.718.518 төгрөг 17 мөнгө, хүүд 3.913.724 төгрөг 10 мөнгө нийт 17.632.242 төгрөг 27 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдсэн 4.662.400 төгрөг 29 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       

         12.Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаартай “Тогтоол”-ын 8 дугаарт банк, банк бус, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж зааснаар зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү 748.746 төгрөг 85 мөнгийг чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

           13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 269.423 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 17.632.242 төгрөг 27 мөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 246.111 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

           115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

        

     1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ч зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 17.632.242 төгрөг 27 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банк-д олгож, үлдсэн 4.662.400 төгрөг 29 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.

        

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 269.423 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 246.111 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА