Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 377

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмааг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03578 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 885 200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 8 596 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Ц

Хариуцагчийн төлөөлөгч: Ш.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь 2012 оноос 2014 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд манай компаниас барилгын төмөр материалыг 37 удаа төлбөрийг нь дараа төлөх нөхцөлтэйгээр зээлээр авсан. Манай компанийн нийт нийлүүлсэн төмөр метариалын үнэ 26 729 600 төгрөгийг 1 удаагийн төлөлтөөр хийж, одоо 25 431 000 төгрөгийн үлдэгдэлтэй, төлбөрөө төлөхгүй байгаа. Хоёр компанийн захирал Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт 3 худаг барьж байгуулан төлбөр тооцоогоо дуусгахаар тохиролцсон боловч нэг удаа өрөмдөөд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай гээд алга болсон. Худгийн бүх зардлыг Э ХХК хариуцах ёстой байгаа. Э ХХК нь төмөр авахдаа байнга компанийн ажилтан н.С, н.Т, н.О, н.Б нараар бичүүлээд авсан нь компанийн бараа материалын бүртгэлийн дэвтэрт бичигдсэн. Иймд Э ХХК-иас төмөр материалын үнэ 25 431 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70 2000 төгрөг, нийт 25 485 200 төгрөгөөс худгийн үнэ 9 600 000 төгрөгийг хасч 15 885 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Х ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай компаниас 25 485 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийг гаргагч Н.Сүхбаатар болон түүний хадам гэх Д.Бямбажав нар нь удаа дараа хууль хяналтын байгууллагад санаатай худал мэдээлэл өгч, манай компанийг өр төлбөртэй мэтээр гүтгэж байгаа. Манай компани нь Х ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 466 000 төгрөгийн труба, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3 078 000 төгрөгийн труба, нийт 14 544 000 төгрөгийн төмөр труба авсан бөгөөд Х ХХК-ийн Төв аймгийн Аргалант сумын нутагт байх тариалангийн талбайд худаг гаргаж өгсөн төлбөрөөс хасахаар 2 тал тохирч байсан юм. Тухайн үед Х ХХК-иас 13 980 000 төгрөгийг худгийн ажлын хөлсөнд суутгаж тооцохоор тохирсон бөгөөд үлдэгдэлд 220 вольтийн гүний насосыг 380 вольтийн насосоор солиулахаар тохирсон. Тохирсон ёсоор бүх ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч Х ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 13-нд 5 415 000 төгрөгийн бараа материал авсан гэж баримт үйлдээд шүүхэд хандсан бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч н.Оюун-Эрдэнэ хуурамчаар үйлдсэн байдаг. Энэ бол Ш.Ганбат миний гарын үсгийг дуурайж зураад шүүхийг төөрөлдүүлэх зорилготой үйлдсэн болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ш.Ганбат миний бие өөрийн Хаан банкны 5087178157 гэх дансаар тус компанийн нягтлан н.Оюун-Эрдэнийн дансанд 2 426 000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлж бараа материал худалдаж авсан. Уг падааны доор нь нэмж 2 000 000 гаруй төгрөг бичээд шүүхэд гаргаж өгсөн. Би тэр үед өөр газар байсан бөгөөд төлбөрийг мобайл банкаар шилжүүлсэн юм. Энэ нь тухайн өдрийн Хаан банкны хуулгаар бүрэн нотлогдож байгаа бөгөөд манай талаас нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Мөн н.Оюун-Эрдэнэ гэрчээр оролцохдоо уг мөнгийг хүлээн авсан талаар мэдүүлсэн тайлбараар тогтоогддог. Ингээд тухайн зарлагын баримтыг засч өөрчилж, үнийн дүнг нь ихэсгэж санхүүгийн тамга, тэмдгээ дараад шүүхэд хандсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1479 тоот прокурорын тогтоолоор бүрэн тогтоогдсон. Манай компани 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 466 000 төгрөг, 2013оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3 078 000 төгрөг, нийт 14 544 000 төгрөгийн труба төмөр авсан бөгөөд үүнийг зөвшөөрч, төлбөрт нь Төв аймгийн Аргалант сумын нутагт гүний худаг гаргаж өгсөн байдлаар төлбөрөө төлсөн нь тогтоогдож байгаа. Бүх бараа материалыг зээлээр авч байсан гэх боловч манай компани бол төлбөрөө төлөөд бараа материалаа авдаг байсан. Э ХХК нь Х ХХК-д төлөх ямар нэгэн өр төлбөр байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт байх Х ХХК-ийн тариалангийн талбайд 219 мм-ийн диаметр бүхий 3 ширхэг гүний худаг өрөмдөхөөр тохирсон. Тохирсон ёсоор уст цэг тогтоохоор газар дээр нь очиход зарим газартаа усны илэрцгүй байсан бөгөөд Х ХХК-ийн захирал Н.Сүхбаатарт албан ёсоор дүгнэлтээ гаргаж өгсөн. Өрөмдлөгийн ажлыг 310 метр гүйцэтгэж, түүнээс усны нөөц сайтай нэг цооногт худгийн гүний насос 380 вт, шүүрийн хоолой, ус дамжуулах хоолой, цахилгаан шить болон бусад холболт, монтаж, кабель, таглаа зэргийг суурилуулж, бүрэн худаг хүлээлгэж өгсөн. Уг ажлыг хйиж гүйцэтгэхэд 18 000 000 төгрөгийн зардал гарсан ба 5 ажилтан 11 хоногийн турш хийж гүйцэтгэсэн. Уг төлбөр тооцоог манай худалдан авсан бараа материалын төлбөрт суутгахаар тохирсон. Иймд Х ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт өрөмдөж гаргасан худгийн ажлын хөлс, материалын зардалд 13 980 000 төгрөг, худгийн цооногт суулгасан 219 мм ган трубаны үнэ 4 050 000 төгрөг, 2 300 литр дизель түлшний үнэ 3 795 000 төгрөг, нийт 21 825 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хоёр талаас шүүхэд хүсэлт гаргаад манай хийж гүйцэтгэсэн ажлыг газар дээр нь очиж үзлэг хийлгээд, шүүхийн шинжээч томилж үнэлгээ хийгдсэн. Уг дүгнэлтээр манай хийж гүйцэтгэсэн ажлыг 23 140 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээг талууд зөвшөөрч, аль аль нь маргаагүй. Иймд Х ХХК-нд хийж гүйцэтгэсэн гүний худгийн өрөмдлөгийн ажлын хөлс, бараа материалын төлбөрөөс өмнөх үүргийн гүйцэтгэл болох 14 544 000 төгрөгийг хасч тооцож, үлдэгдэл 8 596 000 төгрөгийн ажлын хөлсийг Х ХХК-иас гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажав сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...3 худгийн өр зээл яг таарсан гэж тайлбарлаж байна. Гэтэл нэг л худаг гаргасан бөгөөд тэр  худаг нь одоо ажиллаж байгаа. Тариалангийн талбайд биш өөр малын бэлчээрт худаг ухсан байгаа. ...н.Оюун-Эрдэнэ гэх хүн нь хүний гарын үсэг зураад суух хүн биш. Тэгээд түүнийг ажлаас халсан байгаа. Борлуулалтын ажилчид бүгд өөр өөрийн бүртгэлийн тэмдэглэл хөтөлдөг дэвтэртэй байсан. Хариуцагч тал хэд хэдэн зүйл дээр худлаа зүйл ярьж байна” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул  нэхэмжлэгчХ ХХК-ийн хариуцагч Э ХХК-иас 15 885 200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгчХ ХХК-иас 8 596 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажав давж заалдах гомдолдоо: “...Талууд өмнөх өр авлагын тооцоог 2013 оны 10-11 сарын үед тооцоо нийлээд 20 016 000 төгрөгийг үлдэгдэлтэй гэсэн тооцоо гарч "Экспрейс трейд" ХХК энэ төлбөртөө өөрийн зардлаар Х ХХК-ийн эзэмшлийн тариалангийн талбайд 2-3-н худаг гаргаж өгөхөөр амаар тохирсон. “Экспрейс трейд” ХХК иь эхний худгийг 2013 оны намар манай компаний ажлын байрны дэргэд гаргаж өгсөн. Харин дараагийн худгийг тариалангийн талбай дотор гаргуулахаар зааж шав тавьсан боловч энэ газраас ус гарахгүй гээд хариуцагч компани маргаж, тэрээр би өөрийн өрөмдлөг хийсэн газраа ус гарахгүй бол өөрөө хариуцна гээд тэрээр тариалангийн хашаалсан тайлбайгаас гадагш өөр газар 2 удаа өрөмдлөг хийсэн боловч ус гаргаж чадаагүй орхиод явсан. Энэ үйл явцыг шүүхээс хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаар тодорхой харуулсан. Хариуцагч компани манай компаниас турба төмөр зээлээр худалдаж авахдаа компанийн борлуулагч болон нягтлан нарын итгэлийг олж хувийн тооцооны хар дэвтэр дээр тэмдэглүүлж аваад эргэж ирж НӨАТ-ын падаанаа бичүүлж аваад явдаг байдаг. Хариуцагчийн турба төмөр зээлээр худалдаж авсан үйл баримт нь хариуцагчийн тайлбар, мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан байдал, гэрч н.Тогтохбаяр, н.Оюун-Эрдэнэ, н.Буман-Эрдэнэ нарын өдөр тутам хөтөлдөг бараа борлуулалтын дэвтэр, түүнээс түүвэр хийсэн тооцооны хүснэгт зэргээс харагддаг.

Мөн хариуцагч компани 2014 оны 08 дугаар сарын 13-нд 5 415 000 төгрөгийн бараа материалыг аваад явсан байдаг ба үүнийг нотолсон зарлагын падаан байдаг. Зарлагын падаанд бараа материал хүлээн авсан н.Ганбат гэх гарын үсгийг н.Ганбатынх биш гэж дүгнэлт гарсан нь зөв юм. Учир нь тухайн өдөр 5 415 000 төгрөгийн бараа материалыг “Экспрейс трейд” ХХК-ийн н.Ганбат ирж аваагүй гэдгийг мэдэж байгаа. Тус компаниас турба авахаар ирсэн хүн болон машинд борлуулагч ажилтай н.Саранбаатар өгөхөөр байсан боловч тэрээр өөрийн хариуцсан талбайд тэдний авах төмөр байхгүй байсан болохоор н.Саранбаатар компанийн борлуулагч н.Тогтохбаярын хариуцсан талбайгаас ачуулсан байдаг. Энэ нь няглтан бодогч н.Оюун-Эрдэнэ, н.Тогтохбаяр нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд шүүх энэ талаар үнэлэлт өгөөгүй.  Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт хэрэтт авагдсан нотлох баримтын эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулах үүднээс маргаан бүхий бараа материалын зарлагын падаанд зурсан гарын үсэг н.Оюун-Эрдэнэ, мөн Экспрейс трейд ХХК-ийн ажилтан н.Батбилэг нарын гарын үсэгтэй тохирох эсэх талаар шинжилгээ хийлгэх, мөн борлуулагчаар ажиллаж байсан н.Саранбаатарыг гэрчээр асуулгах зэрэг хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. ...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

            НэхэмжлэгчХ ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 885 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт 8 596 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5 415 000 төгрөгийн бараа материалыг хэн хүлээн авч зарлагын баримтад гарын үсэг зурсан талаар тодруулахаар тус компанид борлуулагчаар ажиллаж байсан Б.Саранбаатарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх, нэхэмжлэгч өмнө нь уг хүсэлтээсээ татгалзсан гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Хэрэгт гэрч М.Тогтохбаярын “...2014 оны 08 дугаар сарын 13-нд манай компанийн борлуулагч н.Саранбаатарын хэлснээр 5 415 000 төгрөгийн барааг ачиж өгсөн” гэх, гэрч Э.Оюун-Эрдэнийн “...2014 оны 08 дугаар сарын 13-нд 5 415 000 төгрөгийн барааг зээлээр өгсөн...борлуулагч н.Саранбаатар утсаар захиалга өгөөд н.Тогтохбаярт хэлж хамт ачуулсан...” гэх мэдүүлгүүд авагдсан байх /I-хх 121-126/ ба Б.Саранбаатарыг гэрчээр асуулгах ажиллагаа нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзэхээр байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчХ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

                        ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                       

     Д.ЦОГТСАЙХАН