Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2023/02982

 

 

 

 

 

 

 

 

 

   2023      10        25

                       182/ШШ2023/02982

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Д- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт төлсөн 2,248,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагва-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч М ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт төлсөн 2,248,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагва-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр МБЗИТ 3-3583 дугаар гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлдүүлэгчид 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлж, мөн Crown маркийн 6750 улмын дугаартай автомашиныг барьцаалж гэрээ байгуулсан. 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр М ХХК-д 19,618,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэрээгээр 17,370,000 төгрөг төлөхөөс 2,248,000 төгрөгийг илүү төлсөн тул буцаан гаргуулна гэв.

 

2.Хариуцагч М ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д-тэй МБЗИТ 3-3583 дугаар гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлдүүлэгчид 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, авто зогсоолын төлбөрт 2,000 төгрөг, алданги 0,5 хувиар төлөхөөр гэрээ байгуулж, мөн Crown маркийн ** улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Уг гэрээний 2.2-т “Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдэлээс алданги 0,5 хувиар үл маргах журмаар төлнө” гэж заасны дагуу  зээлийн гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлтийг авсан тул ямар нэгэн илүү төлбөр аваагүй. Мөн гэрээний 3.2.2-т зааснаар зээлдэгчээс зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх бүрт эхний ээлжинд зогсоолын төлбөр алданги, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө гэж зааснаар харилцагч дутуу төлбөр хийсэн өдрөөр алдангийг зогсоож байсан. Д.Д-д сар бүр гэрээний заалтуудыг сануулан түүний нягтлан Анухатанд мэдэгдсэн. Д.Д- нь зээл хаах үед хуримтлагдсан алдангийг дутуу хийсэн тул үлдэгдэл 748,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Алданги гаргуулж байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасан нэмэгдүүлсэн хүү төлөхтэй адил байхаар тохиролцсон гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20/243 дугаартай зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Төлбөрийн шилжүүлгийн баримтуудыг,

Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Харилцагчийн дэлгэрэнгүй тооцоо, хариу тайлбар зэрэг бичгийн баримтыг  шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч М ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт төлсөн 2,248,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул үндэслэлгүйгээр илүү төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.  

 

5.Хариуцагч М ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: Зээлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зээлийг төлүүлсэн тул буруугүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр МБЗИТ 3-3583 дугаартай зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Төлбөрийн шилжүүлгийн баримтууд, Харилцагчийн дэлгэрэнгүй тооцоо, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч М ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр МБЗИТ 3-3583 дугаар зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь зээлдүүлэгчид 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, Crown маркийн ** УНИ улсын дугаартай автомашиныг барьцаалахаар тохиролцсон байх ба М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011587120 дугаар бүхий гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг хуулийн этгээдийн тэмдэглэлгээ хийгджээ. /хх-15 тал/

8.Талууд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр МБЗИТ 3-3583 дугаар зээлийн гэрээг бичгээр хийсэн, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул М ХХК болон Д.Д- нарын хооронд байгуулагдсан уг гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

9.Нэхэмжлэгч Д.Д- нь үндсэн зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, зээлийн 6 сарын хүүгийн төлбөрт 3,150,000 төгрөг, зогсоолын төлбөрт 362,000 төгрөгийг төлөх, зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэлээс 0,5 хувиар алданги үл маргах журмаар төлөх үүрэг хүлээсэн бөгөөд зээлдэгч Д.Д- хугацаанаас өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийг төлж дуусгасан үйл баримт тогтоогдож байна.

 

10.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заажээ.

 

11.Хариуцагч М ХХК, зээлдэгч Д.Д- нар зээлийн гэрээний 1.4.Зогсоолын төлбөр, 2.2.Зээл буцаан төлөх хувиарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдэлээс алданги 0,5 хувиар үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон байна.

 

12.Зээлдүүлэгч барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдах ажиллагаа явагдана. Хуулиар тодорхойлсон бүрэн эрхийнхээ хүрээнд хийвэл зохих үйл ажиллагааг явуулаагүй, улмаар үүрэг гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй явдлыг шаардах эрхээ  алдангийн хэмжээгээр ихэсгэж байгаа нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

13.Хариуцагч М ХХК нь нотлох баримтаар “Харилцагч Д.Д-гийн  дэлгэрэнгүй тооцоо” гэх баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримтаар  зээлдүүлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөх хугацааг 7 хоног хэтрүүлсэн алданги 75,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөх хугацааг 4 хоног хэтрүүлсэн алданги 225,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөх хугацааг 16 хоног хэтрүүлсэн алданги 415,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөх хугацааг 13 хоног хэтрүүлсэн алданги 975,000 төгрөг, нийт 1,690,000 төгрөгийн алданги тооцож төлүүлжээ.

 

14.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байвал уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

 

15.Зээлдэгч Д.Д- нь дээрх гэрээгээр үндсэн зээлд 15,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,100,000 төгрөг, зогсоолын төлбөрт 266,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн болох нь хариуцагч М ХХК-д нийт 19,600,000 төгрөг төлсөн талаарх хэрэгт авагдсан “Харилцагч Д.Д-гийн дэлгэрэнгүй тооцоо”-ны баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-21 тал/

 

16.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагч М ХХК-иас 2,248,000 төгрөгийг зээлдэгчээс илүү тооцон авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэгч Д.Д-д олгох үндэстэй.

 

17.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,918 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 50,918 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгох нь хуульд нийцнэ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 2,248,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,918 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50,918 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ