Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2023/03119

 

   2023      11        06

                       182/ШШ2023/03119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар.

 

Нэхэмжлэгч: У.О- ын нэхэмжлэлтэй.

 

Хариуцагч: Э ХК -д холбогдох

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Алтанцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа,

Хариуцагчийн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, С.Мандахтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.О- нь хариуцагч Э ХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

         1.Нэхэмжлэгч У.О- шүүхэд болон түүний төлөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Цагаан Овоо баг хаягт байрлах Э ХК-ийн уурхайд гүйцэтгэх захирлын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6/387 тоот тушаалаар уурхайн ложистикийн хэлтсийн нүүрс ачилтын ажилтнаар анх ажилд ороод нүүрс тээврийн пүүлэгч жинлэгчээр 9 дэх ажиллаж, урьд өмнө ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/232 тоот тушаалаар “2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байраа зөвшөөрөлгүй орхиж, ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй, тухайн өдрийн удирдах ажилтны үүрэг даалгавраар өгөөгүй ажлыг дур мэдэн гүйцэтгэх явцад осолд дөхсөн тохиолдол гаргаж хариуцлагагүй хандсан” гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 23:30 цагийн үед албан хаагчдын цайны цаг болсон тул цайндаа орохоор ажлын байрнаасаа гарч, үйлчилгээний тээврийн хэрэгсэл дээр очсон. Тухайн үед бусад ажилчид хараахан цуглаж амжаагүй байсан тул уурхайн үүдэнд байдаг хүнсний дэлгүүрээс тараг аваад ирье гэж жолоочийг гуйсан. Жолооч Саранцогт зөвшөөрсөн тул машинд нь сууж хөдлөөд уурхайн хашааны үүдний орчим ачилтын шаланз маркийн автомашины ард зогсож байтал өмнөх машин ухраад бидний сууж явсан машиныг мөргөж, осол гаргасан. Энэ асуудлыг удирдлагуудад мэдэгдэх үүргийн дагуу мэдэгдэж, болсон асуудлын талаар хяналт шалгалт явагдсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгсөн. У.О- нь Хөдөлмөрийн хуулинд заасан цайны цагаараа цайндаа орохоор явж байсан бөгөөд өөр ажлыг дур мэдэн гүйцэтгээгүй, осолд нөлөөлөөгүй, тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй тул үүнийг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох сахилгын зөрчил биш бөгөөд намайг ялимгүй зүйлээр шалтаглан ажлаас халж, ажлын байрыг булааж байна гэж үзэж гомдолтой байна. Тухайн үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ээж маань нас барсан, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр буяны ажлыг дөнгөж дуусгаад байж байх үед ажлаас халсан гэж мэдэгдсэн. Үүнээс болж сэтгэл санааны байдал цочролд орж гүн хямралд орсноос нүүр амны хэсэгт муруйлт өгсөн. У.О- нь ганц охинтой, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд тэтгэвэрт гарахад 2 жил дутуу байхад ажлаас халагдсан нь амьдралын байдлыг улам хүндрүүлж, тэтгэвэрт гарах үед олгогддог урамшуулал тэтгэлэг хасагдах нөхцөл байдлын хор уршиг үүсч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах коммис, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тохиролцоогүй тул шүүхэд хандаж байна. Иймд Э ХК-ийн салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтэн албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 79,184,930 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.  

 

          2.Хариуцагч Э ХК шүүхэд болон төлөөлөгч Х.Эрдэнэцогт, С.Мандахтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.О- нь Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/387 дугаар тушаалаар Уурхайн логистикийн хэлтсийн нүүрс ачилтын ажилтнаар анх томилогдсон бөгөөд Салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, компанийн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах үүргийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид өгсөн. Энэ хүрээнд Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаалаар компанийн үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний хайгуул, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарч, үйл ажиллагааны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг нийт ажилчдад үүрэг болгосон. Түүнчлэн, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр Үйлдвэрлэлийн оюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаалын 3 заалтаар компанийн нийт ажилчдыг компанийн дэг журам, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор холбогдох хэм хэмжээг сахин биелүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл ажилтан У.О- нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шөнийн ээлжинд ажилллаж байхдаа 23:45 минутад постын дэлгүүр явсан байдаг. Ингэхдээ зохицуулагч Э.С-ын хамт LV026 9279 УНЕ Улсын дугаартай автомашинаар явж, 8 дугаар постны зогсоолд ухрах үйлдэл хийх үедээ LV455 паркын дугаартай автомашины ухрах үйлдэл хийхтэй зэрэгцэж, LV026 автомашиныг мөргүүлсэн тохиолдол гаргасан нь дээрх А/89 дүгээр тушаалын 3.1-д "ажилтнууд ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан холбогдох хууль, тогтоомж, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, заавар, горимтой танилцаж, сайтар судлан, ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээ биелүүлэх", 3.3-т "компанийн өмч хөрөнгө, техник тоног төхөөрөмж, эд материал, мэдээ мэдээллийг албан бус зорилгоор ашиглахгүй, ажлын цагаар хувийн ажлыг хийхгүй байх", 3.6-д "уурхайн уулын ажлын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа талбай болон нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сахилга хариуцлагыг чангатгаж, үйлдвэрлэлийн осол, осол дөхсөн тохиолдол гарахаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг мөрдөн ажиллах, 3.7-д "үйлдвэрлэл, борлуулалт, тээвэрлэлт, хөдөлмөрийн сахилга хариуцлага, зохион байгуулалтын хүрээнд компанийн хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил үүргийн байнгын бэлэн байдлыг алдагдуулахгүй байх" гэсэн заалтуудыг зөрчсөн. Үйлдвэрлэл, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 24 цаг тасралтгүй хэвийн явагдаж байхад Наряд даалгавраар ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтнууд ажлын бэлэн байдлаа бүх талаар хангаж ажиллах үүрэгтэй. Хамтын гэрээний 1.8.11-д зааснаар "Биологийн нөхөн сэргээлтийн цаг" гэж салбарын ажилтнуудын цайны цагийг ойлгох ба цайны цаг нь 1-р ээлж нь 60 минут, 2-р ээлж нь 30 минут үргэлжилдэг бөгөөд удирдах ажилтнаас өгсөн чиг үүрэг болон наряд даалгавраас бусад ажлыг дур мэдэн гүйцэтгэж, удирдах ажилтандаа мэдэгдээгүй хувийн ажлаар Э.С-ын хамт явах үедээ Гаалийн хяналтын бүсийн шалган нэвтрүүлэх 08 постын талбайд машинаа байрлуулж осол дөхсөн тохиолдол гаргасан нь ажлын байран дээрх ажил үүргээ гүйцэтгэсэн үйлдэл биш, мөн шалган нэвтрүүлэх 08 постын гадна байрлах дэлгүүр нь уурхайн бүсийн хамгаалалтын хашааны гадна байрладаг тул ажлын байр буюу уурхайн бүсийг орхиж явсан үйлдэл юм. Э ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд ажилтан бүр сахилга хариуцлагаа чангатгаж ажиллах байтал удирдах ажилтандаа мэдэгдэхгүйгээр ажлын байрыг орхиж явсан, цаашлаад осол дөхсөн тохиолдол гарахад хүргэсэн У.О-ийг ажлын байраа зөвшөөрөлгүй орхиж, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, тухайн өдрийн удирдах ажилтны ажлын үүрэг даалгавраар өгөөгүй ажлыг дур мэдэн гүйцэтгэх явцад осол дөхсөн тохиолдол гаргаж хариуцлагагүй хандсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд У.О-ийн Э ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, "Э" Хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/232 тоот тушаал, Оршин суугаа хаягын бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 55 дугаар шийдвэр, М/2022/0915 тоот Хөдөлмөрийн гэрээ, Б/387 дугаар Ажилд томилох тухай тушаал, Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо, итгэмжлэл,  Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Нууцын баталгаа, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам /хуулбар/, Хэвтэн эмчлүүлэгчийн карт, гэрэл зураг 3 ширхэг зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Монгол улсын Их хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 тоот Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоол, "Э" Хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр Үйлдвэрлэлийн оюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаал, Э Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/378 тоот Ажилтнуудыг ажилд томилох тухай тушаал, хавсралт, Хөдөлмөрийн  2020/с-113 тоот, М/2022/0915 тоот гэрээнүүд, Ажлын байрны тодорхойлолт, Э ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журам шинэчлэн батлах тухай 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 тоот тушаал, хавсралт, Судалгааны 2022 оны 04 дүгээр  сарын 01-ний өдрийн тайлан, Түвшин саруул ХХК-ийн гэмтлийн үнэлгээний 3,800,000 төгрөгийн нэхэмжлэх, Э ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ, Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаал, У.О-ийн цалин хөлсний лавлагаа, Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/387 тоот У.О-ийг ажилд томилох тухай тушаал, Ажлын байрны тодорхойлолт, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/124 тоот  Хөдөлмөрийн дотоод  журам шинэчлэн батлах тухай тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод  журам, Э ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын “Салбарын ажилтнуудын наряд, даалгаврын журам батлах тухай” 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/44 тоот тушаал, мөн захирлын “Шуурхай удирдлагын хэлтсийн автомашины үйлчилгээг зохицуулах журам батлах тухай” 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/61 тоот тушаал, хариу тайлбар зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн.

         Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх “Э ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам”-ыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч У.О- нь хариуцагч Э ХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй тул ажлаас чөлөөлөх тухай Б/232 тоот тушаал үндэслэлгүй. Ажилтан дур мэдэн өөр ажлыг гүйцэтгээгүй, осолд нөлөөлөөгүй, тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй. Сахилгын зөрчил гаргаагүй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Э ХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ажилтан У.О- нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа  23 цаг 45 минутад постын дэлгүүр рүү зохицуулагч Э.С-ын машинаар явж, 8 дугаар постын зогсоолд ухрах үйлдэл хийхдээ LV455 маркийн машиныг мөргүүлсэн тохиолдол гаргаж, 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл тогтоогдсон. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолд заасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг шуурхай авч ажиллах үүрэгтэй гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, "Э" Хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/232 тоот тушаал, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 55 тоот хуралдааны шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Монгол улсын Их хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 тоот Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоол, "Э" Хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр Үйлдвэрлэлийн оюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаал, Э Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/1378 тоот Ажилтнуудыг ажилд томилох тухай тушаал, хавсралт, Хөдөлмөрийн  гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Э ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журам шинэчлэн батлах тухай 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 тоот тушаал, хавсралт, Судалгааны 2022 оны 04 дүгээр  сарын 01-ний өдрийн тайлан, Түвшин саруул ХХК-ийн гэмтлийн үнэлгээний 3,800,000 төгрөгийн нэхэмжлэх, Э ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ, Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаал, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/124 тоот  Хөдөлмөрийн дотоод  журам шинэчлэн батлах тухай тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод  журам, Э ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын “Салбарын ажилтнуудын наряд, даалгаврын журам батлах тухай” 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/44 тоот тушаал, мөн захирлын “Шуурхай удирдлагын хэлтсийн автомашины үйлчилгээг зохицуулах журам батлах тухай” 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/61 тоот тушаал, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Ажил олгогч нь ажилтан У.О-ийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын Б/387 тоот тушаалаар Уурхайн логистикийн  хэлтсийн Нүүрс ачилтын ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ. /хх-105 тал/

 

8.Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/232 дугаар тушаалаар Засгийн Газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай А/683 дугаар тушаалын 1, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Үйлдвэрлэлийн оюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаал А/89 дүгээр тушаалын 3.1, 3.3, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ажлын байраа зөвшөөрөлгүй орхиж, Ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, тухайн өдрийн удирдах ажилтны ажлын үүрэг даалгавраар өгөөгүй ажлыг дур мэдэн гүйцэтгэх явцад осолд дөхсөн тохиолдол гаргаж хариуцлагагүй хандсан тул ажилтан У.О-ийг  Э ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, Уурхайн логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна. /хх-6 тал/

 

9.Ажил олгогч нь Э ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журам шинэчлэн батлах тухай 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 тоот тушаалаар Салбарын үйл ажиллагаатай холбоотой Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмыг  тушаалын хавсралтаар шинэчлэн баталсан байжээ. /хх- 45-65 тал/

 

10.Ажил олгогчийн 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Судалгааны тайлан”-д 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 23:30 минут, ШНЦ №8 постын зогсоолд Кэрс ХХК-ийн LV455  5186 УБХ улсын дугаартай автомашины жолооч ухрах үйлдэл хийхдээ ЭТТ ХК-ийн 9279 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөсөн. ЭТТ ХК-ийн 9279 УНЕ улсын дугаартай /LV-026/ автомашины буруу талын урд хаалга, крылон хонхойсон. Тохиолдлын тодорхойлолт: 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 18:30 цагт Кэрс ХХК-ийн ХАБ-ийн мэргэжилтэн М.О- нь төслийн үйл ажиллагааны менежрээс өдөр тутмын ажлын болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг авч ажилд гарсан. 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 23:30 цагийн үед LV455  5186 УБХ улсын дугаартай автомашинаар ажилчдын хоол авахаар ШНЦ №8 постын дотор талын зогсоолд буруу парклан ухрах үйлдэл хийх үедээ ард зогсон парклах үйлдэл хийж байсан ЭТТ ХК-ийн /LV-026/ 9279 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж буруу талын урд хаалга, крылоныг гэмтээсэн. 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагт ЭТТ ХК-ийн талбайн зохицуулагч Э.С- нь НАЛХ-ийн талбайн мастер Бөхболдоос наряд авч ажилд гарсан. 23:20 цагийн үед АБМ О- ШНЦ №8-ийн дэлгүүр рүү хүргээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу хүргэж, постын дотор талын зогсоолд машиныг ухраах парклах үед LV455  5186 УБХ улсын дугаартай автомашин ухарч, баруун хойд талаараа /LV-026/ 9279 УНЕ улсын дугаартай автомашины баруун урд хаалга хэсэг рүү мөргөсөн. Хүн бэртэж гэмтээгүй. ХАБ-ийн мэргэжилтэн, мастераас зөвшөөрөл авч зам талбайг чөлөөлсөн. Суурь шалтгаан: Нарядын бус ажил хийсэн. /LV-026/ дур мэдэн ажилтан суулгаж дэлгүүр явсан.

“Мэдэгдлийн хуудас”-нд Э.С-оос 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед мастераас наряд авч ажилд гарсан. Ажлаа хийж явахад 22:30 цагийн үед АБМ О- залгаж дэлгүүр орох хэрэгтэй байна завтай болохоороо ирээрэй гэж ярьсан. Тухайн үед склад 7 руу барууны 20ш машин оруулж байсан. Оруулж дуусаад 23:20 цагийн орчимд АБМ О-ийг ажлын байрнаас нь очиж аваад 8-р постын паркын талбайд зогсож байсан LV455 машины араар дарж зогсоод ухрах үйлдэл хийх гэтэл LV455 машин ухарч ирэн жолоочийн эсрэг талаас мөргөсөн. Миний бие LV-026 парк дугаартай машин барьж явсан” гэж,

“Мэдэгдлийн хуудас”-нд М.О-аас 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2-р ээлжинд зүүн 8 дугаар овоолгын урд талд машин парклаж байх үед 8-р постон дээр шөнийн хоол ирсэн гэх мэдээллээр хоол авах зорилгоор пост орсон. 8-р постын зогсоолд очин урд хэсгээр зогсон хоолоо авч ухрахаар дуут дохиог өгсөн, толинд харах үед тоосжилтын улмаас толь цонх тоосонд дарагдсан байсан учир хойд хэсэг хангалттай сайн харагдаагүй. Тухайн үед радио станцаар хэн нэгэн надаас зөвшөөрөл аваагүй учир ухрах үйлдэл хийсэн. Ойролцоогоор 50см-60см ухрах үед хойно юм мөргөж зогссон даруйд буун харахад LV-026 баруун талын хаалга бага зэрэг хонхойсон харагдаж байсан учир эвдрэл гэмтэл гараагүй байна гэж бодон автомашиныг урагшлуулан эвдрэлийг бүрэн харж ЭТТ ХАБ Ариунтулгад мэдэгдэн дуудлага өгсөн” гэж бичигдсэн байна. /хх- 65-84 тал/

 

11.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд “... Ажилтан У.О- дур мэдэн өөр ажлыг гүйцэтгээгүй, осолд нөлөөлөөгүй, тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй. Сахилгын зөрчил гаргаагүй” гэж тайлбарлаж мэтгэлцэв.

 

12.Ажил олгогч Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/124 тоот  тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод  журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.Компанийн төв оффист долоо хоногийн ердийн ажлын цаг нь 40, өдрийн үргэлжлэх ердийн ажлын цаг 8 байна. 6.3.Салбарын үйл ажиллагаа 24 цагаар тасралтгүй үргэлжилнэ. 6.4.Салбарын ажилтан уурхайд 14 хоног ажиллаж, 14 хоног амарна. 6.8.Салбарт болон Цагаан хад гаалийн хяналтын бүсэд цайны завсарлага 1 цаг байна. Хамтын гэрээнд заасан аюулгүй ажиллагааны цагаар уурхайн шөнийн уртын ээлжийн горимоор ажиллаж байгаа ажилтнуудад 30 минутын түр амрах завсарлага өгнө. Аюулгүй ажиллагааны цагт шөнийн 04 цаг 00 минутаас 04 цаг 30 минут хүртэлх хугацааг тооцно” гэж, Э ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЭТТ-2022/1023 тоот хамтын гэрээ”-ний 1.8.11.”Биологийн нөхөн сэргээлтийн цаг” гэж салбарын ажилтнуудын цайны цагийг ойлгох бөгөөд цайны цаг нь 1-р ээлж нь 60 минут, 2-р ээлж нь 30 минут  үргэлжилнэ. 6.11.Салбарын ажилтан зөвхөн бичгийн нарядаар ажил гүйцэтгэнэ.” гэж заажээ.

 

13.Мөн Э ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/44 тоот тушаалаар баталсан “Салбарын ажилтнуудын наряд, даалгаврын журам”-ын 7.1.Наряд даалгавраар ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтнууд ажлын бэлэн байдлаа бүх талаар хангаагүй, энэ тухайгаа удирдах ажилтанд мэдэгдээгүй, нарядын хуудсанд гарын үсэг зурахгүйгээр ажлаа эхлүүлэх болон ажлаа дуусгахыг хориглоно, мөн 7.2.Салбарын ажилтнууд нь ажлын байрны тодорхойлолт, удирдах ажилтнаас өгсөн чиг үүрэг болон наряд даалгавраас бусад ажил үүрэг дур мэдэн гүйцэтгэхийг хориглоно” гэж, Э ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/61 тоот тушаалаар баталсан “Шуурхай удирдлагын хэлтсийн автомашины үйлчилгээг зохицуулах журам”-ын 2.1.1.Үйлчилгээний автомашин: Салбарын хэлтэс, нэгжүүдийн ажлын хэрэгцээнд үйлчлэх 12 хүртэлх хүний суудалтай, LV парк дугаар бүхий суудлын автомашин, бага оврын автобусыг хамруулна. Мөн 2.2.Салбарын хэлтэс нэгжүүд ажлын шаардлагаар 6 хүртэл цагийн хугацаатайгаар ШУХ-ээс автомашин авч ашиглах тохиолдолд ШУХ-ийн 75050000, 86681072 дугаарт утасдаж захиалга өгнө. 6 цагаас дээш хугацаагаар автомашин авч ашиглах тохиолдолд энэ журмын хоёрдугаар хавсралт дахь “Автомашин захиалгын хуудас”-ыг бөглөж, ДХИ-т цаасан хэлбэрээр болон Dispatcher2@erdenestt.mn хаягт цахим хэлбэрээр ирүүлнэ” гэж зохицуулжээ.   

 

14.Ажилтан У.О- нь ажлын байраа зөвшөөрөлгүй орхиж, Ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, тухайн өдрийн удирдах ажилтны ажлын үүрэг даалгавраар өгөөгүй ажлыг дур мэдэн гүйцэтгэх явцад осолд дөхсөн тохиолдол гаргаж хариуцлагагүй хандсан, удирдах ажилтны зөвшөөрөлгүй уурхайн бүсээс гарсан болох нь ажил олгогчийн 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Судалгааны тайлан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/232 дугаар тушаал үндэслэл бүхий гэж үзнэ.

 

15.БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дэх заалтад “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай” гэж заасан бөгөөд энэ зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолыг эрх бүхий этгээд буюу Монгол Улсын Засгийн газраас гаргасан байна. 

 

16.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн 1.Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Э ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай; 2.Э ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилон ажиллуулсугай; 3.Онцгой дэглэмийн хугацаанд Э ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараахь албан тушаалтанд даалгасугай; 3.1.компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад; 3.2.Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай асгийн тоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгасан. /хх-34 тал/

 

17.Ийнхүү Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат онцгой дэглэмийн хугацаанд компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилох, чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ нийтлэг баримталдаг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

 

18.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.

 

19.Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн, Хөдөлмөр,нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс /2023 оны 01, 02, 03 дугаар сар/ 10,986,358.84 төгрөгийг 21,5 хувааж, өдөрт 510,993 төгрөг х145 өдөр/ нийт 74,093,985 төгрөг шаардах эрхтэй байсан бөгөөд 5,090,945 төгрөгийг илүү тооцсон байна.

 

20.Ажилтан У.О-ийг Э ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, Уурхайн логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/232 дугаар тушаал үндэслэлтэй байх тул хариуцагч Э ХК-д холбогдох үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Салбарын Нүүрс ачилт, Уурхайн логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 79,184,930 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч У.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх үзлээ.

 

21.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагч Э ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/232 дугаар тушаалын үндэслэлийг няцаах, үгүйсгэх баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

22.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.БНМАУ-ын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1-т заасныг баримтлан  хариуцагч Э ХК-д холбогдох үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Салбарын Нүүрс ачилт, Уурхайн логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 79,184,930 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч У.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ