| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2023/03932/И |
| Дугаар | 182/ШШ2023/03218 |
| Огноо | 2023-11-15 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2023/03218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.О- -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ТБ- ТБАГУТҮГазар /регистрийн дугаар 9081577, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд И.Будбаяр/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,704,740 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярзул,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Б ТБ-д холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,704,740 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.Хариуцагч Б ТБ- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00832 дугаар шийдвэрийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Д.О-г урьд эрхэлж байсан албан тушаал Чихмэл боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн магадлал гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн албан мэдэгдэл ирүүлсний дагуу ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Д.О- нь энэ хугацаанд биеэр ирж уулзаж, ажилд орох хүсэл сонирхлоо илэрхийлж байгаагүй. Д.О- нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус музейд Чихмэл боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон бөгөөд Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд эд хөрөнгийн хохирол буюу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Чихмэл боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн албан тушаал тодорхойлолтод мөн түүний ажлын чиг үүрэгт бүртгэл хөтлөх, сар, жилийн ажлын тайланг хүлээлгэн өгөх, цуглуулга болон түүнтэй холбоотой баримт материалыг хүлээлгэн өгөх, удирдлагыг эрхэлсэн ажлын хүрээнд үнэн зөв мэдээллээр хангах гэх мэт үүргийг хүлээсэн. 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Чихмэл боловсруулалтын лабораторид хийсэн Дотоод хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмжөөр 5.4-т чонын арьс 1 ширхэг, тарваганы арьс 31 ширхэг цуглуулга дутсан нөхцөл байдал тогтоогдож, тухайн үед Д.О- уг дүгнэлттэй танилцаж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй” гэж заасан бөгөөд Д.О нь ажил хөдөлмөр эрхлээгүй тул цалин7,704,740 төгрөгийг олгохгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00832 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00857 дугаар магадлал, Б ТБ-н захирлын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 тоот Д.О-г ажилд эгүүлэн томилох тухай тушаал, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 67 дугаар шийдвэр, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/09-1018 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагага дуусгавар болсон тухай тогтоол, Хаан банкны депозит дансны хуулга, Хариуцагчаас хариу тайлбар, Б ТБ-н захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/91 тоот Д.О-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал зэргийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Б ТБ-д холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,704,740 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацааны цалингаа шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Б ТБ- нь нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь заалтад гүйцэтгэсэн ажил үүрэгт тохирсон цалин хөлс авах эрхтэй гэж заасан байтал Д.О- нь ажил хөдөлмөр эрхлээгүй тул цалинг олгохгүй гэж маргаж байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00832 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00857 дугаар магадлал, Б ТБ-н захирлын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 тоот Д.О-г ажилд эгүүлэн томилох тухай тушаал, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 67 дугаар шийдвэр, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/09-1018 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагага дуусгавар болсон тухай тогтоол, Хаан банкны депозит дансны хуулга, Хариуцагчаас хариу тайлбар, Б ТБ-н захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/91 тоот Д.О-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Хариуцагч Б ТБ-н захирлын 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өдрийн Б/87 тоот тушаалаар Д.О-г ажилд эгүүлэн томилсон тухайд талууд маргаагүй.
8.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дцгаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00832 дугаар шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ийг урьд эрхэлж байсан ажил буюу Б ТБ-н Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,450,476 төгрөгийг Б ТБ-гээс гаргуулж Д.О-д олгож, 1,919,158 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Б ТБ-д даалгасугай” гэж шийдвэрлэжээ. /хх-ийн 43-48 тал/
9.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00857 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 39-42 тал/
10.Хариуцагч Б ТБ- нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс тушаал гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор шаардаж, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд хандсан байна.
11.Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрийг хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 тоот Д.О-г ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол, Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 22, 38-39 тал/
13.Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.
14.Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00832 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00857 дугаар магадлалын заалтыг биелүүлээгүй буюу 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 тоот тушаалаар ажилд томилох хүртэл ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
15.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00832 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.О-гийн ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 1,199,357.78 /3,598,064.35 : 3 сар = 1,199,357.78/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 62,135 /1,335,923 төгрөг : 60 хоног = 57,112.27/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.
16.Иймд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 124 өдрийн олговорт /нэг өдрийн цалинг 62,135 төгрөг х 124 өдөр/ нийт 7,704,740 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.
17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 233,566 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ТБ-гээс 7,704,740 /долоон сая долоон зуун дөрвөн мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Б ТБ-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч Б ТБ-гээс улсын тэмдэгтийн хураамжид 138,226 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ