Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/06

 

              2026         01          12                                           2026/ШЦТ/06

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Бсум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

Улсын яллагчД.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц

Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн Ч-дхолбогдох эрүүгийн 254.....дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны 6 дугаар сарын 18ы өдөр Д аймгийн С суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Б У-ын баяжуулах үйлдвэрийн Э х цехэд цахилгаанчин ажилтай, ам бүл 1, Х аймгийн Бсумын 3 дугаар баг Г-ийн 718 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Б овогт Э-ийн Ч /РД:ЕА00000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ч нь 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Б сумын 3 дугаар баг Г-ийн 7-718 тоотод хохирогч Н.А-г өөрийн гэр рүүгээ оруулах зорилгоор түүнийг татаж, чангаан зууралдан маргалдах явцдаа  хохирогчийн зүүн гарыг угзран татаж, түүний гарыг хаалганы цүүнд урж, Н.А-ийн эрүүл мэндэд “зүүн бугалганд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт”  бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч мэдүүлэхдээ: “...Би Н.А-ийн эгч П.Бын хашаанд гэр бариад амьдарч байсан юм. Н.А бид хоёр танилцаад 1 жил гаруй хугацаа болсон, найз нөхдийн холбоотой. 2025 оны 6 дугаар сарын 07-ны өглөө ажлаасаа буугаад ирэхэд П.Бынд Н.А ирчихсэн пиво уугаад сууж байсан. Тэгээд амралтын өдөр юм чинь гурвуулаа пиво ууя гэж ярилцаад манай гэр рүү гурвуулаа орсон. Би мах чанаад бид гурав 2 том пиво, Н.А 4 лааз пиво уусан. Дуусаад П.Б гэртээ орж амарлаа гээд гарсан. Н.А бид хоёр манайд амарсан ба би унтчихсан байсан. Нэг сэртэл Н.А хөл нүцгэн гэрээс гарах гэж байсан, мөн машинаа жолоодоод явлаа гээд байсан. Тухайн үед 16 цаг болж байсан байх. Тэгээд би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гээд, мөн гутлаа өмс гээд футболкноос нь татсан. Тэгэхэд Н.А хаалганаас зуурсан байдалтай байсан. Тэгээд татах хооронд хаалганы цүүнд зүүн гарын бугалга нь урагдсан. Тэгээд эмнэлэг дуудъя гэхэд Н.А нь чамд хамаагүй, би дүү нараа дуудна гээд байсан. Тэгээд би бинт, тамедин энэ тэрийг нь авч өгсөн. Би Н.Ат гэмтлийг санаатайгаар учруулаагүй. ...Н.Атой эмчилгээний зардлын талаар ярилцаж тохиролцоод 3 сая төгрөг өгөхөөр тохиролцож  байсан, тэгээд 1 сая төгрөгийг түүний дансанд 8 дугаар сард шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 2 сая төгрөгийг мөнгөөр өгөх боломжгүй тул өөрийн 4 ханатай гэрээ өгөхөөр мөн тохиролцсон байсан. Энэ тохиролцоо хэвээрээ байгаа, би 4 ханатай гэрээ өгнөө, одоо би гэрт амьдрахгүй байгаа...” гэв.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний охин элэгний хатуурал өвчтэй байсан ба У хотод үзүүлэхэд 1 сарын настай байна гэж хэлсэн юм билээ, түүнийгээ бидэнд хэлээгүй байж байгаад бие нь өвдөөд эмнэлэгт очоод эмчилгээ хийлгэж байгаад өөд болсон юм. ...Би энэ хоёрыг суух гэж байна гэж ойлгодог байсан. Энэ хүү манайд ирж унтдаг байсан. 1 жил гаруй болсон. Яагаад найзын холбоотой гэж худал хэлээд байна вэ? Манай охин 6 дугаар сараас хойш гар нь өвдөөд ажил хийж чадаагүй байж байгаад 11 сард нас барсан. Гарных нь гэмтсэн хэсгийн судсанд нь бохир орсон байна гээд зүсэлт хийлгүүлж эмчлүүлж байсан. Гараа У хот руу, Х аймаг руу мөн Б сумынхаа эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Миний охин “Г-ийн шилмэл” ХХК-д ахлах тогоочоор ажиллаж байсан ба гараа гэмтсэнээс хойш ажлаа хийх гээд хөдлөхөөр л гар нь хавдаад огт болохгүй байсан. Тиймээс ажлаа хийж чадахгүй юм байна гээд ажлаасаа гарсан. Тэгээд машины болон банкны зээлээ төлөхөд хүндрэл үүсч би 500,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өгч байсан.

...Охин маань эмчилгээний зардлын баримтуудыг бүгдийг цаасан дээр наагаад бэлдсэн байсан. Тэгээд Э.Чтай уулзах гээд намайг дагуулаад явсан. Би машин дотор үлдээд Э.Ч, охин Н.А нар нь хуучин захиргааны байранд өмгөөлөгч байлцуулж уулзаад эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгөхөөр тохиролцлоо гэж охин минь  гарч ирээд надад хэлсэн. Тэгээд юунд нь итгэсэн юм, баримтуудаа шүүхэд өг гэхэд тохиролцсоон, хэрэггүй ээ ээж гэж хэлж байсан. Одоо тэр баримтуудыг нь би гаргаж өгөх гээд олохгүй байна. Тохиролцсоныхоо дараа Э.Ч нэхүүлж байж 1 сая төгрөг өгсөн, энэ талаар охин минь хэлж байсан. Тэгээд Э.Ч 2 хүүхдийн тэтгэлэг болон банкны зээл төлдөг юм байнаа ээж, үлдсэн 2 сая төгрөгийг мөнгөөр өгөх боломжгүй байна гээд өөрийн амьдарч байсан 4 ханатай гэрээ өгье гэнээ гэж охин минь надад хэлж байсан. Би ч одоо гэрээр яахав дээ. Охиныхоо ясыг өндөлзүүлээд яахав дээ гээд би гомдолгүй гэж хэлж байгаа юм. Гэхдээ тохиролцсон 2 сая төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв. 

 

Эрүүгийн 254..........дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн       19-26 дугаар хуудас/

2.Хохирогч Н.А-ийн “...Би 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байсан. Тэгсэн манай эгч залгаад хүрээд ирээ гэхээр нь 10 цагийн үед очсон. Тэгээд гэрийнх нь хажуу айлд ороод Ч манай эгч Б бид 3 уусан. Тэгээд эгчийн гэрлүү орсон. Тэгээд эгч би унтлаа гэхээр нь би харилаа гээд гарсан чинь Ч  манай гэрлүү оръё гээд чангаагаад би орохгүй гэсэн чинь татаад татаж байхдаа гэрийн хаалганы цүүнд миний гарыг татаад тэгсэн гараа харсан чинь гар урагдчихсан байсан. Тэгээд эгчийн гэрлүү ороод түргэн дуудаад өгчихөөч гэсэн чинь тоохгүй байсан, нилээн согтчихсон байсан. Тэгээд манай дүүг дуудчих гээд дуудуулаад эмнэлэг орж үзүүлсэн. Чтай 2003 онд дүүгээрээ дамжуулж танилцаж байсан. Би бол касс нэртэй лаазтай 4 ширхэг пиво уусан. Тэр 2-ыг хэр уусныг сайн мэдэхгүй байна. Би ямартай ч гэрлүүгээ харих гээд эгчийнхээс гарсан, тэгсэн чинь гэнэт гэрлүү оръё гээд тэгэхээр нь би орохгүй харилаа гэсэн гарнаас татаад байсан. Яагаад тэгсэнийг нь мэдэхгүй байна. Би сэтгэл санааны хохирол тогтоолгоно. Би гомдолтой байна. Би ажилдаа явахгүй байгаа тэр хугацаан дахь мөнгө, эм тарианы мөнгө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 5 дугаар хуудас/

3.Гэрч П.Бын “...Би 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдөр А-ын хамт гэртээ байж байсан чинь манай хажуу гэрийн Ч гэх залуу Сэнгүр нэртэй 2.4 литрийн пиво 2 ширхэг, Сэрүүн нэртэй 2.4 литрийн пиво 1 ширхэгийн гэртээ авч ирээд манай гэрт ууя гэхээр нь гэрт уухгүй гээд Чын гэрт орж уусан. Ууж байх үед манай дүү А хажууд лаазтай касс нэртэй пиво уугаад сууж байсан. Яг хэдийг уусныг нь сайн мэдэхгүй ээ. Тэгээд ууж дуусчихаад би унтлаа гээд гэрлүүгээ орсон, тэр 2 тэндээ үлдсэн. Тэгээд гэртээ унтаж байхад ёоё гээд ороод ирсэн. Тэгээд би босоод чи яачихсан юм бэ? өөрөө ингэчихсэн юм уу? Ч ингэсэн юм уу? гэсэн чинь намайг гэрээс гарах гэж байхад татаад гэрийн цүүнд урчихсан гэсэн. Тэгээд түргэн дуудаад өг эсхүл дүүг маань дуудаад өг гэсэн. Тэгээд би уучихсан юм чинь түргэн дуудаад яах вэ гээд дүүг нь дуудаад дүү нь эмнэлэг аваад явсан. Тэгээд эмнэлэгт үзүүлчихээд цагдаа нартай цуг ирсэн. ...Ч нь манай А-ын найз юм, тэгээд л танилцаж байсан юм. Хашаа газар байхгүй гээд өвөл байсан, тэгэхээр нь би хашаандаа буулгасан. Сэнгүр нэртэй 2 том пиво, Сэрүүн нэртэй 1 том пиво Ч бид 2 хувааж уусан. А касс нэртэй лаазтай пиво 5 ширхэгийг уусан. Намайг гэрлүү ороход хэр их уусан юм сайн мэдэхгүй байна...А, Ч 2 хайр сэтгэлийн холбоотой гэж боддог, сүүлийн 2,3 cap зугтаагаад ердөө харьцахаа больчихсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 75 дугаар хуудас/

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нын “...Хохирогч Н.А нь элэгний өвчтэй байсан юм. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байгаад бие өвдөөд байна гэхээр нь эмнэлэг явсан чинь эмнэлэг дээр очоод эмчлүүлж байгаад өөд болсон. А нь өмнө нь шүүх хуралд орохдоо Ч гэх залуутай 3,000,000 төгрөгөөр тохиролцсон, тэр мөнгийг нь гаргуулж авна, өөр гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 137 дугаар хуудас/

5.Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 45 дугаар хуудас/

6.Х аймгийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №ЕГ0725/8180 дугаартай шинжээчийн 1. Н.А-ийн биед зүүн бугалгад зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт   /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:

7.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээс “...Н.А нь Э.Ч нэх залуу намайг гэрээс гарах гэж байхад татаж байгаад гэмтээсэн...” гэх /хх-ийн 1 дүгээр нүүр/

8.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоос: “...гэрээс гарах гэж байхад гарнаас татаад...” гэх /2 дугаар хуудас/

9.Шүүгдэгч Э.Чын гэрчээр өгсөн: “...хөл нүцгэн гарна гээд байхаар нь гэрт амраг гэж бодоод гарнаас нь татсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

10.Шүүгдэгч Э.Чын яллагдагчаар өгсөн: “...өөрийн гэр рүүгээ оруулах зорилгоор маргалдаж, ...татсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг        /хх-ийн 37 дугаар хуудас/

11. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын БУ-ын баяжуулах үйлдвэрийн “...Э.Ч нь тус үйлдвэрийн Э х цехийн Цахилгааны албаны цахилгаанчнаар томилогдон, тус үйлдвэрт 2 жил 3 сар ажиллаж байгаа” гэх тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр тал/

12.Гэрч С.Б-ийн өгсөн: “...Э.Ч нь төлөв даруу, дуу цөөтэй, хүнд тусархуу, томоотой залуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгч Э.Чад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Ч нь 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Бсумын 3 дугаар баг Г-ийн 7-718 тоотод хохирогч Н.А-г өөрийн гэр рүүгээ оруулах зорилгоор түүнийг татаж, чангаан зууралдан маргалдах явцдаа  хохирогчийн зүүн гарыг угзран татаж, түүний гарыг хаалганы цүүнд урж, Н.А-ийн эрүүл мэндэд “зүүн бугалганд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт”  бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...Энэ гэмт хэрэг нь хохирогчийг гэрээс гарах явцад болсон хэрэг. Гэртээ оруулах гээд татсан гэдгийг хохирогч мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн татсан үйлдэл, хохирогчийн гэмтэл хоёрын хооронд  шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналтай...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг. Шүүгдэгч Э.Чын хохирогчийг гэрээс хөл нүцгэн гаргахгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж хориглон татсан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах гэсэн санаатай үйлдэл биш юм. Субъектив нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс гэмт хэргийн шинжгүй. Улсын яллагчийн яриад байгаа шиг гаднаас гэр рүүгээ оруулах гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэрч П.Б мэдүүлсэн. Хохирогч болон гэрч П.Бын мэдүүлэг зөрүүтэй. Хохирогч цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “гэрээс гарах гэж байхад татсан” гэж, харин хохирогчоор мэдүүлэхдээ “...манай гэрлүү оръё гэж чангаагаад би орохгүй гэсэн чинь татаад...” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Хэн нь худал мэдүүлэг өгсөн болохыг хөдөлбөргүй нотлоогүй.

Объектив, субъектив талын шинж хоёулаа хангагдаж байж гэмт хэргийн нөхцөл байдал хангагдана. Хөл нүцгэн гаргахгүй, тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй л гэж татсан. Энэ нөхцөл байдал хөдлөшгүй тогтоогдсон. Н.А-г гэмтээчихье, хохироочихъё гэсэн санаа бодол байгаагүй. Дан ганц объектив талын шинжээр хэргийг шийдвэрлэж болохгүй, хууль ёсны зарчим алдагдана. Хэрэгт Н.А, Э.Ч нар муудалцсан гэсэн зүйл байхгүй. Шүүгдэгч болон гэрч П.Бын мэдүүлэг таарч байгаа. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй байдал үүсч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 24 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай тогтоолд: “...гэм буруутай эсэхэд...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ гэж тайлбарласан.

 

Тухайн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Э.Ч, хохирогч Н.А, гэрч П.Б нараас өөр хүн байгаагүй бөгөөд тэдгээрээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авчээ.

 

Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримт хүрэлцээтэй, эдгээр нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгчийн мэдүүлсэнчлэн хохирогч Н.А-ийн гэрээс гарна гээд хаалганаас зуурсан үйлдэл, шүүгдэгч Э.Чын гэрээс гаргахгүй гээд татсан үйлдлээс дүгнэхэд тэдний хооронд гэрээс гарна, гаргахгүй гэх маргаан үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн татаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй, түүнийг хүсч үйлдсэн, энэхүү татах үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд буюу зүүн гарын бугалгад зүсэгдсэн шарх гэмтэл учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Ч, хохирогч Н.А нар нь хайр сэтгэлийн холбоотой бөгөөд сүүлийн 2,3 сар зугтаагаад ерөөсөө харьцахаа больчихсон байсан гэх гэрч П.Бын мэдүүлэг, “П.Б энэ 2-ыг эвлэрүүлэх санаатай л дуудсан байх...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Э.Ч, хохирогч Н.А нарын харилцаа тухайн үед хэвийн бус, үл ойлголцлын шинжтэй, маргаантай байсныг дурдах нь зүйтэй.  

        

Шүүгдэгчийн татах үйлдлийн улмаас хохирогчийн зүүн гарын бугалга гэрийн хаалганы цүүнд зүсэгдэж хөнгөн хохирол учирсан, эдгээр үйлдэл хооронд шалтгаант холбоотой, шүүгдэгч нь энэхүү үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг ба  гагцхүү гэм буруугийн хэлбэрийн хувьд маргадаг.

 

Шүүгдэгч Э.Ч нь өөрийн үйлдлийг буюу хохирогч Н.А-г гэрээс гаргахгүй гэж татаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, улмаар  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Э.Ч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болох шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Э-ийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын дотно харилцаатай байсан, тухайн цаг хугацаанд муудалцаж, хохирогч нь шүүгдэгчтэй уулзахгүй зугтааж байсан гэх сэргээн тогтоогдсон үйл баримт, мөн шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:  

1.Гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-ийн биед зүүн гарын бугалганд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт”  бүхий  бүхий гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би гомдолтой байна. Би ажилдаа явахгүй байгаа тэр хугацаан дахь мөнгө, эм тарианы мөнгө гаргуулж авмаар байна” гэж,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н  нь “...Ч гэх залуутай 3,000,000 төгрөгөөр тохиролцсон, тэр мөнгийг нь гаргуулж авна, өөр гомдол санал байхгүй...” тус тус гэж мэдүүлжээ. /хх-ийн 5, 137 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.Ч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгөхөөр тохиролцож, 1 сая төгрөгийг 8 дугаар сард шилжүүлэн өгсөн, харин үлдэгдэл 2 сая төгрөгийг мөнгөөр өгөх боломжгүй тул өөрийн амьдарч байсан 4 ханатай гэрийг өгөхөөр мөн тохиролцсон, энэхүү тохиролцоо хэвээрээ, би өгнө...” гэж мэдүүлсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...3 сая төгрөгөөр тохиролцсон ба 1 сая төгрөгийг нэхүүлж байж өгсөн, үлдэгдэл 2 сая төгрөгийг мөнгөөр өгөх боломжгүй тул өөрийн амьдарч байсан 4 ханатай гэрээ өгөхөөр тохиролцлоо гэж миний охин надад хэлсэн...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 

Ийнхүү тохиролцсонтой холбоотойгоор хохирогч нь эмчилгээний зардлын баримтуудыг хэрэгт хавсаргуулаагүй талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Ч нь хохирогчид 1,000,000 (нэг сая) төгрөгийг  хохирогчийн ХААН банкин дахь 5946........ тоот дансанд 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн болох нь ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсанчлан хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй боловч шүүгдэгч, хохирогч нар нь дээрх хохирол төлбөрийн талаар тохиролцсон байдлыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 2 сая төгрөгийг шүүгдэгч Э.Чаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нд олгохоор шүүх шийдвэрлэлээ.

2.Хохирогч Н.А нь энэ гэмт хэргийн улмаас 2025 онд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 131,334 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна.         Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасныг үндэслэн шүүгдэгч Э.Чаас дээрх төлбөрийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгохоор улсын яллагч дүгнэлтээ танилцуулав.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Хохирогч суурь өвчтэй байсан. Тухайн цаг хугацаанд ямар өвчнөөр эмнэлэгт үзүүлсэн болох нь тодорхойгүй. Тиймээс таамаглалд үндэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэж улсын яллагчтай мэтгэлцэв.

 

           Гэмт хэрэг 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн үед гарсан ба хохирогч Н.А нь мөн өдрийн 18:35 цагт эмнэлгийн яаралтай тусламж авсан болох нь хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан 1599 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас”-т бичигдсэн “Зүүн гарын бугалга орчим 20 см орчим зүсэгдсэн шархтай, булчин гэмтээгүй, өөхөн давхарга болон арьс гэмтсэн. Ил шарханд цус тогтоох 19 ширхэг зангилаат оёдол тавив. Өвдөлт намдаах эмийн эмчилгээ хийж, эмчилгээ зөвлөж буцаав” гэх эмчийн үзлэгээр тогтоогдож байна.

 

           Мөн хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл”-ээр хохирогч Н.А нь 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Х аймгийн Бсумын ХНЭ-ийн яаралтай тусламжаар 115,227 төгрөгийн, 6 дугаар сарын 09-ний өдөр амбулаторийн хяналтын үзлэгээр 16,107 төгрөгийн, нийт 131,334 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байна.   

          

           Иймд шүүгдэгч Э.Чаас 131,334 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгохоор шийдвэрлэв.                        

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн ажилтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 2 сарын хугацаагаар Бсумын нутаг дэвсгэрээс явахыг хориглон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь сард 1,6 сая төгрөгийн цалинтай ба шүүхийн шийдвэрээр 2 хүүхдийн тэтгэлэг төлдөг, банкны зээл төлдөг, энэ орлого хүрдэггүй гэх түүний тайлбарыг үндэслэн торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Улсын яллагч хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн мөртлөө тухайн гэмт хэргийн хамгийн хүнд шийтгэлийг санал болгож байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хохиролд 1 сая төгрөг төлсөн, үлдсэн 2 сая төгрөгийн хохирлыг хэрхэн төлөхөө бодитоор илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ажил эрхэлдэг, тогтсон орлоготой, цехээс цехийн хооронд явж ажилладаг, Зүүн цагаан дэлийн уурхай нь Д аймгийн нутаг дэвсгэрт харъяалагддаг, сүлжээ тасардаг зэргээс шалтгаалан зорчих эрхийг хязгаарлах ял зөрчигдөх магадлалтай тул 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү...” гэв.

 

Уг гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар хуульчилжээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. 

 

Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Э.Ч нь 43 настай, БУ-ын баяжуулах үйлдвэрийн Э х цехэд цахилгаанчин ажилтай, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдов.

 

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, цахилгаанчнаар ажилладаг, аймаг болон цех хооронд томилолтоор явж ажилладаг гэх ажлын онцгой нөхцөл байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуугаар, хохирогчийн биед хөнгөн хохирол  учруулсан, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролд 1 сая төгрөг төлсөн, үлдсэн 2 сая төгрөгийг хэрхэн нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний эрхэлсэн тодорхой ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлав.

 

           Шүүгдэгч Э.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Чад урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Э-ийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э-ийн Ч-д450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чад оногдуулсан 450,000 төгрөгийн  торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай. 

5.Шүүгдэгч Э.Ч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чаас 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт П-ийн Н-д олгосугай.

7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Чаас 131,334 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгосугай.

8.Шүүгдэгч Э.Чад урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ