| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/04352/И |
| Дугаар | 101/ШШ2023/04691 |
| Огноо | 2023-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2023/04691
| 2023 10 27 | 101/ШШ2023/04691 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: Б.Бнарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,296,072.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,
Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Б, Б.Б нар нь Хтай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ201743073700 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №201743073700 тоот барьцааны гэрээ байгуулж 12,100,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 4,960,000 төгрөг, зээлийн хүүнээс 1,409,254.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 1,961.25 төгрөг, нийт 6,371,216.18 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг үндэслэн зээлдэгч нарт холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд зээлийн гэрээний төлбөрт 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,140,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,155,055.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,001,017.28 төгрөг, нийт 19,296,072.63 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Б миний бие Хны зээлээс зөвхөн үндсэн зээлийг сард 400,000 төгрөгөөр төлж барагдуулах болно. Одоогоор би эрхэлсэн ажилгүй, гурван хүүхдийн минь аав орхиод явсан тул өөр ямар ч төлөх боломжгүй. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлнө гэхэд хүндрэлтэй байгаа тул төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн Барьцааны гэрээ, мөн өдрийн Хны гүйлгээний баримт, Б.Б болон Б.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн бүртгэлийн карт, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдлүүд, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлүүд, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.Бын гаргасан өргөдөл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүдийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нар нь хариу тайлбараа ирүүлж, хариуцагч Б.Бгийн итгэмжлэл, өөр бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Б.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,140,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,155,055.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,001,017.28 төгрөг, нийт 19,296,072.63 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
ХХХК нь хэлбэрээ өөрчилж, нээлттэй хувьцаат компани болж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгожээ.
2. Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Бгийн итгэмжэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,140,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй буюу одоогоор би эрхэлсэн ажилгүй, гурван хүүхдийн хамт амьдардаг гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. ХХХК нь Б.Б, Б.Б нартай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ201743073700 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 12,100,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хариуцагч нар нь зээлж авсан, зээл авснаас хойш үндсэн зээлээс 4,960,000 төгрөг, хүүд 1,409,254.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,961.25 төгрөг, нийт 6,371,216.18 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн бүртгэлийн карт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
3б. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлийг төлөх хуваарьтай байсан боловч зээлдэгч нар нь удаа дараа зээл төлөх хуваарийг зөрчиж байсан болох нь тогтоогдсон, гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон боловч нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлээ төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн, мөн зохигчид удаа дараа уулзалт хийж, төлбөрийг төлүүлэх талаар харилцан тохиролцож, сард төлөх төлбөрийн хэмжээг 250,000 төгрөг зэргээр тохирсоны дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хариуцагч нарын төлсөн төлбөрийг үндсэн зээлд суутган хассан, мөн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 1,394,331 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 109,000 төгрөгийг тус тус үндсэн зээлийн төлбөрт суутган хасч, зээлдүүлэгч нь зээлдэгчийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, түүнд боломж олгосон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
4. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар ХХХК-тай Б.Б, Б.Б нар нь зээлийн гэрээг байгуулсан, хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд хариуцагч Б.Б нь нөхрөөсөө салсан, орлогогүй байгаа зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцна.
5. Хариуцагч нар нь 12,100,000 төгрөгийн зээлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ХХХК-иас авч, зээлдүүлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар гаргуулахаар шаарджээ.
5а. Жилийн хүү 21,6 хувь ба 2017.05.31-2023.05.15 өдөр хүртэл 6 жилийн хүүг тооцвол 1 жилд төлөх хүү 2,613,600 төгрөг ба 6 жилээр үржүүлэхэд 15,681,600 төгрөг гарахаар байна, гэхдээ хариуцагчийн төлсөн төлөлтийг нэхэмжлэгч нь үндсэн зээлээс хасч явсан тул нийт төлөх хүүгийн хэмжээ 12,564,310.27 төгрөг болж, үүнээс хүүд төлсөн 1,409,254.93 төгрөгийг хасч, 11,155,055.34 төгрөгийг хүүд нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.
5б. Зээлийн гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд тохиролцсон тул нэмэгдүүлсэн хүүд 1,001,017.28 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.
6. Хариуцагч Б.Б нь нөхрөөсөө салсан, орлогогүй байгаа зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч энэхүү тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нөгөөтэйгүүр тодорхой орлогогүй байгаа зэрэг шалтгаан нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 254,431 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 19,296,072.63 /арван есөн сая хоёр зуун ерэн зургаан мянга далан хоёр төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 254,431 /хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ