Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

   

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Галбадрах,

шүүгдэгч М.Дагвадорж түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Олонбулаг овогт Мунаагийн Дагвадоржид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624001017 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1959 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймаг Зүүнхангай суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инжежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 19 дүгээр байр 43 тоотод оршин суух хаягтай, Сум дундын 26 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 11.520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Олонбулаг овогт Мунаагийн Дагвадорж. /РД:ЦЗ59042010/

 

  Шүүгдэгч М.Дагвадорж нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сайншанд-Улаанбаатар  чиглэлийн суудлын 285 дугаар галт тэрэгний 20 дугаар вагоны 28 дугаар местэнд зорчин явахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, догшин авирлаж иргэн Л.Буяннямын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дагвадорж мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.

Шүүгдэгч М.Дагвадорж нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сайншанд-Улаанбаатар  чиглэлийн суудлын 285 дугаар галт тэрэгний 20 дугаар вагоны 28 дугаар местэнд зорчин явахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, догшин авирлаж иргэн Л.Буяннямын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Л.Буяннямын “Би ... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орой 21 цагийн Улаанбаатр орох галт тэргэнд билет авч зээ охин Цолмонгарвуутай хамт вагонд суусан юм. Вагонд суугаад өөрийнхөө местэн дээр очоод байж байгаад билетээ байна уу, үгүй юу гээд шалгах гээд иргэний үнэмлэх, билетээ гаргаад ширээн дээр тавьчихсан байтал нэг танихгүй залуу авчихаар нь хөөе чи чинь яаж  байнаа наад иргэний үнэмлэх, билетийг минь өгөөч гэсэн чинь над руу чулуудчихсан. Тэгээд удалгүй голын местний нэг жаахан охин орны дэвсгэрээ засаж байгаад эмээ булангаас нь бариарай  гэхээр нь даавууг нь барьж өгч байхад суудалны булан дээр сууж байсан нөгөө залуу чинь миний гар руу өшиглөчихсөн. Тэгтэл гар маань ян гээд янгинаад явчихсан ёо ёо гэхэд вагоны үйлчлэгч нь ирээд яасан бэ гэхэд нь гар руу энэ залуу өшиглөчихлөө гэж хэлсэн юм. Тэгээд л хоёр цагдаа ирээд нөгөө залууг чинь барьж аваад явсан. Тэр залуу согтуу байсан байна лээ. Ингээд нөгөө хоёр цагдаа маань гаран дээр маань хүйтэн жин тавьж өгөөд үйлчлэгч нь яаж байна гэж асуусаар байгаад Улаанбаатар хотод ирсэн. Намайг буцаад Сайншанд руу явахад надад та сайн яваарай уучлаарай гээд 50.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал гээд байх юу байхав дээ. Надтай ирээд уулзаад учирвал болж л байна. Шүүх прокурор гээд яах юм бэ, миний хүүхэд шиг л хүн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Даринчулууны “Би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний орой Сайншандаас Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэгний 20 дугаар вагонд зорчих тасалбар  авч, зорчиж явах замд миний суусан местэнд нэг настай эмээ, өөр бас нэг эрэгтэй хүн сууж явсан. Явж байх замд нөгөө эмгэн цүнхнээсээ чихэр гаргаж зорчигч нарт нэг нэг ширхэг чихэр өгсөн ба тэр эрэгтэй хүнд бас нэг чихэр өгсөн. Гэтэл нөгөө эрэгтэй хүн тэр эмгэний өгсөн чихрийг нь өөдөөс нь шидчихсэн. ... Тэгээд тэр эмгэн одоо билет шалгах дөхөж байгаа гээд цүнхээ онгойлгоод бичиг баримтаа гаргаад иртэл тэр эрэгтэй хүн юу юугүй тэр эмгэний үнэмлэхийг булаагаад авсан. Тэр үед эмгэн хүү минь яагаад бичиг баримт авчихваа одоо шалгуулна, би амралтын билеттэй явдаг хүн гэж байсан. Тэгээд нөгөө эрэгтэй хүн эмгэний өөдөөс салаавч өгөөд чи юу юм бэ гэх зэргээр хэлээд байсан ба эмгэн өөдөөс нь чи яасан сонин хүүхэд вэ над шиг 80 нас дөхөж яваа хүнтэй хэрүүл хийгээд байдаг гэж байтал нөгөө эрэгтэй суугаа чигээрээ  тэр эмгэний гар  руу өшиглөж харагдсан. Тэгээд тэр эмгэн яаж  байгаа хүн бэ гар гээд  хашгирч үйлчлэгч цагдаагаа дуудаарай гэсэн.  ... Тэр эмгэн вагоны хажуу гурван местний доод талд сууж байсан ба нөгөө эрэгтэй хүн голын местний доор захад сууж явсан. Тэр үедээ сууж байхад нь гар руу нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Б.Наранцацралын “... Эмгэн билетээ шалгуулах гээд иргэний үнэмлэхээ гаргаад ирэхэд тэр эрэгтэй хүн үнэмлэхийг нь булаагаад авсан. Тэгж яваад нэг мэдэхэд тэр эрэгтэй хүн эмгэний гар луу өшиглөсөн тэр үед эмгэн яаж байгаа хүүхэд вэ гар өвдөөд байна гэхээр нь  би гарыг нь барьж байгаад үйлчлэгчээс нойтон даавуу авч гар дээр нь жин тавьж өгсөн. ... Эмгэний баруун талын гарны хурууны ойролцоо үений хавьцаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Гэрч Ч.Дашдэмбэрэлийн “... 20 дугаар вагоны үйлчлэгч Энхтуяа “хөгшин настай хүнийг зодчихлоо” гэж дуудлага өгсний дагуу 20 дугаар вагонд очиход хөгшин настай эгч нь гараа бариад боочихсон, нэг архи үнэртүүлсэн залуу нь тонгойгоод сууж байсан. ... Бичиг баримтыг нь шалгаж үзэхэд Мунаагийн Дагвадорж гэдэг хүн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15229 тоот:

            “1. Л.Буяннямын биед баруун гарын сарвууны 2, 3 дугаар шивнүүрийн хугарал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч М.Дагвадоржийн үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжтэй бөгөөд бусдын биед гэмтэл учруулж буюу догшин авирлаж үйлдсэн учир хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

 Шүүгдэгч М.Дагвадорж нь урьд Сум дундын 26 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 11.520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ.     

Тэрээр уг торгуулийн ялаа эдэлж дууссан тухай 2014 оны 01 сарын 07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 99/01 дугаартай тогтоолоор нотлогдож байна.

Иймд М.Дагвадоржийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт гэмт хэрэгт ялтай байх хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Түүний урьд шийтгүүлсэн хэргийн ял хэрэгсэхгүй болсон тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч Л.Буяннямд шүүгдэгч М.Дагвадорж нь нийт 1.000.000 төгрөгийг хохирлын төлбөрт шилжүүлсэн болох нь орлогын мэдүүлгүүдээр /хэргийн 78 дугаар хуудас/ тогтоогдсон, мөн 50.000 төгрөгийг хохирогчид бэлнээр өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/ болон хохирогч Л.Буяннямын “санал гомдол байхгүй ээ, тэр хүн миний гомдлыг бүрэн барагдуулсан” гэсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж дүгнэлээ.

  Шүүгдэгч М.Дагвадорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан түүнийг шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олонбулаг овогт Мунаагийн Дагвадоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар М.Дагвадоржийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Дагвадоржийг оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар М.Дагвадорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Дагвадоржид оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, М.Дагвадоржид тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар М.Дагвадорж нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Дагвадоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй     

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Дагвадоржид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ