Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/884

 

П.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлчимэг,

хохирогч Ү.Ү,

шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлээр П.Эд холбогдох 2007003840069 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Мөр овгийн Пүрэвдашийн Э, 1984 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид ачигч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт -оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураалгаж, 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            Шүүгдэгч П.Э нь согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр - тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоор нь шал мөргүүлэх зэргээр зодож биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн 2020 оны 7 дугаар сарын 11, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд - тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Үийг зодсон,

            мөн 2020 оны 7 дугаар сарын 26, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 22-03 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг зодож, гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: П.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас, шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж өөрчилж, шүүгдэгч Мөр овогтой Пүрэвдашийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч П.Э нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 98 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолтой танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д “Эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилсан атал шүүх шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсны дараа уг ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд “Хууль хэрэглэх журам”-ыг зохицуулсан бөгөөд 12 дугаар зүйлийн 12.5 дугаар зүйлд “Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэжээ. Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. ...” гэж заасан нь шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хорих ял эдлүүлэх байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэр гаргах ойлголт юм. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Э нь согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр - тоот гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоор нь шал мөргүүлэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 7 дугаар сарын 11, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд - тоот гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Үийг зодсон,

мөн 2020 оны 7 дугаар сарын 26, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 22-03 тоот гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Ү.Үгийн “...2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ээжтэй маргалдаад гараараа цохиж байсан. Дараа нь 2020 оны 7 дугаар 16-ны өдөр гадаа тоглож байгаад ороод иртэл над руу уурлаад зүүн хөл рүү хоёр удаа өшиглөж байсан. ...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр аав ажлаасаа орж ирээд гэрт ганцаараа архи ууж байгаад хуруугаараа миний нуруу, бөөр хэсэгт хатгаж аваад, миний хамар дотор юм гарсан байсан чинь гараараа хөндөөд намайг уйлуулсан. Намайг гараараа түлхээд байхаар нь “та холдооч” гээд түлхсэн чинь “яаж байгаа ал, пизда вэ” гээд баруун гараараа миний нүд, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, үснээс зулгааж байгаад шал мөргүүлсэн. Тэгсэн чинь манай ээж салгаад холдуулсан чинь ээжийг хөлөөрөө өшиглөсөн. ...” /хх 16/ гэсэн,

хохирогч П.Үийн “...2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр - тоот гэртээ наадам гээд хонь авчирсан байсан. Дэлгүүр яваад ирэх хооронд гэдсийг нь нохойд өгчихсөн байхаар нь “яаж байгаа юм бэ” гэтэл П.Э “яадаг юм” гээд уурлаад хэрүүл маргаан үүссэн. Тэгээд намайг босоод гарах гэтэл нуруу хэсэгт хоёр удаа өшиглөсөн. ...Манай нөхөр өмнө нь 2020 оны 7 дугаар сард наадмын үеэр - тоот гэртээ ганцаараа архи уугаад надтай маргалдаад миний нуруу, бөөр хэсэг рүү өшиглөж биед халдаж байсан. Тухайн үед надад гэмтэл учраагүй тул би цагдаа болон эмнэлэгт хандаагүй. ...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр охин Үгийн нуруу хэсэг рүү нь хуруугаараа хатгаад байхаар нь охин “та болиоч” гэтэл хамрыг нь чимхээд уйлуулчихсан. Ү Эд “та болиоч дээ хүн өвтгөөд байх юм”“ гээд түлхтэл халтираад уначихсан. Тэгээд Э босож ирээд уурлаад Үгийн нүүрэн тус газар нь 2 удаа алгадаад, үснээс нь зулгааж байгаад шал мөргүүлсэн. ...Тэгээд Э Үгийн зүүн нүд, хацар хэсэг рүү нь дахиад нэг удаа алгадахаар нь би “болиоч дээ” гэсэн чинь миний баруун гуя, өгзөг орчим нэг удаа өшиглөхөөр нь би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 26/ гэсэн,

шүүгдэгч П.Эийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нисэхийн 22-03 тоот гэртээ хонины мах янзалж байтал эхнэр Ү дэлгүүр явчихаад орж ирээд “хонины гэдсийг яагаад хаяж байгаа юм” гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би Үийн нуруу хэсэгт гараараа 2 удаа цохиж байсан. ...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр согтуудаа охин Үгоо эрхлүүлэх гээд хамрыг нь чимхтэл намайг түлхээд унагаачихаар нь би уурандаа нүүрэн тус хэсэгт нь хоёр удаа алгадчихсан. ...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр охин Үг 23 цаг 40 минутын орчим гаднаас орж ирэхээр нь “орой болсон хойно гадуур дүүгээ дагуулаад тоглоод яваад байх юм. Өдөр гадаа тоглож болдоггүй юм уу” гээд зүүн хөл хэсэгт нь хоёр удаа өшиглөж байсан. ...” /хх 33-34, 55-56/ гэсэн мэдүүлгүүд,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгсбуянгийн 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 659 дугаартай “...Ү.Үгийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 26/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 659 дугаартай “Ү.Үгийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. ...” /хх 44/ гэсэн дүгнэлтүүд,

            гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/, гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх11/, яаралтай түргэн тусламжийн хуудас /хх 39-40/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-62-64/,хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 65-69/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 70-74/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-93-96/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Эрдэнтөрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч П.Эийн 2020 оны 7 дугаар сарын 11, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд - тоот гэртээ эхнэр П.Үийг зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

2020 оны 7 дугаар сарын 26, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 22-03 тоот гэртээ өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг зодсон, мөн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр - тоот гэртээ өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үг нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоор нь шал мөргүүлэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Прокурор С.Цэрэндалай “...Шүүх шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсны дараа уг ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна. ...Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. ...” гэж заасан нь шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хорих ял эдлүүлэх байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэр гаргах ойлголт юм. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.Эд холбогдох хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ тохиолдолд шүүгдэгч П.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлаас хамаарч, түүнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Эд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлжээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүгдэгч П.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, насанд хүрээгүй хохирогч Ү.Ү, хохирогч П.Ү нар “гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байна.

Дээрх тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

 

Энэ зүйлд заасан шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна” гэж,

мөн хэсгийн 22.4.1-т “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж тус тус заасан хэм хэмжээний хүрээнд тайлбарлана.

 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан хэм хэмжээг хэрэглэх ойлголт нь шүүгдэгч П.Эрдэнтөрд холбогдох хэргийн хувьд, шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсоны дараа ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурор С.Цэрэндалайн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч П.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ