Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/03093 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Б-д холбогдох  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 628 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгч Н.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э

Хариуцагч: Л.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Н нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэн Л.Бтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулан, 600 000 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. Ингээд уг зээлийг Хаан банк дахь Л.Бгийн эзэмшлийн 5447014497 тоот дансанд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200 000 000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 390 000 000 төгрөгийг, мөн өдөр Л.Бгийн эзэмшлийн 5026708803 тоот дансанд 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч Л.Бтэй байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлийн хүүг сар бүрийн эцэст төлөхөөр тохиролцсон бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хүүд нийт 50 600 000 төгрөг төлөхөөс 46 000 000 төгрөг төлж, 4 600 000 төгрөгийн хүү төлөөгүй. Мөн үндсэн зээлийн төлбөрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 60 000 000 төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл зээлдэгч Л.Б нь 2018 оны 06 дугаар сараас зээлийн хүүг төлөхөө больсон бөгөөд үндсэн зээлээс төлөх ёстой 60 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд мөн л төлөөгүй. Зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг Л.Бгээс удаа дараа шаардаж, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч тэрээр мэдэгдэлд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тул 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дахин мэдэгдэл хүргүүлж, гэрээнээс татгалзаж байгаа болохоо мэдэгдсэн. Зээлдэгч Л.Б нь дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, зээлдүүлсэн мөнгөө гэрээнээс татгалзах хүртэл хугацааны хүү, алдангийн хамт гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэж зааснаар гэрээнээс татгалзсан тул үндсэн зээл 600 000 000 төгрөг, зээлийн хүү 25 860 000 төгрөг, алданги 14 400 000 төгрөг, нийт 640 260 000 төгрөгийг хариуцагч Л.Бгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь бизнесийн танилын хувиар Х.Баттулга гэх залуутай уулзан хамтран ажиллах талаар ярилцаж хэд хэдэн удаа уулзсаны дараа түүний хувьцаа эзэмшдэг Хааны харгуй ХХК нь их хэмжээний зээл авахаар төлөвлөж байгаа ч барьцаа хөрөнгө дутаад байгаа талаар ярьж, Л.Б нь өөрийн хөрөнгүүдээ барьцаалж зээл авахад нь туслах, цаашид хамтран ажиллахаар тохирсон. Ингээд өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг болон хувьцааг нь эзэмшдэг Мүгэн констракшн ХХК-ийн эд хөрөнгүүдийг Хөгжлийн банкны барьцаанд тавьж, Хааны харгуй ХХК-ийг зээл авахад нь тусалсан болно. Хааны харгуй ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсныхаа дараа хувьцаа эзэмшигч Ц.Нийн нэрээр надад 600 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Би зээлээ гэрээнд заасны дагуу төлж байтал Хааны харгуй ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Х.Баттулга утсаар яриад зээлээ миний дансаар төлөөрэй гэсний дагуу эхний төлбөр 60 000 000 төгрөгийг хүүгийн хамт түүний дансанд төлсөн. Хэдийгээр энэ гэрээг Ц.Нтэй байгуулсан боловч зээлийн эх үүсвэр нь Хааны харгуй ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгө байсан тул уг компаниас авсан юм. Энэ зээлийн талаар Хааны харгуй ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Баттулга болон Ц.Баатарбилэг нартай ярилцаж байсан тул Х.Баттулга нь миний данс руу шилжүүлээрэй гэхээр нь би тэр хүний дансанд мөнгө шилжүүлсэн. Гэрээ цуцлах талаар мэдэгдлийг Ц.Нээс хүлээн авсан. Харин хариу мэдэгдэлд Х.Баттулгад шилжүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа бол алданги шаардах эрхгүй. Иймд Ц.Нийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Бгээс 623 640 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нт олгож, үлдэх 5 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3 359 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 3 276 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгч Н.Нарангуа нар давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Миний бие Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн болон хувьцааг нь эзэмшдэг компанийхаа эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгүүдийг барьцаалж, Х ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад нь тусалсан ба зээлийн эх үүсвэрээс нь 600 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатайгаар сарын 1 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан. Зээлийг гэрээний хавсралтад заасан хугацаанд саадгүй төлж ирсэн ба 2018 оны 05 дугаар сараас Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан гарч, улмаар зээлийг хувьцаа эзэмшигч Х.Б өөрийнхөө дансанд төлөхийг шаардсан. Ингээд нийт 46 000 000 төгрөгийг Ц.Нийн дансанд, 66 000 000 төгрөгийг Х.Б дансанд нийт 112 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд цаашид ч зээлээ хэвийн төлж барагдуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл Ц.Нээс 2017 оны 07 дугаар сарын 30-ны мэдэгдэл ирсэн ба Х.Баттулгын дансаар 66 000 000 төгрөгийг төлсөн талаарх хариу мэдэгдлийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн. Ингээд цаашид зээлийг эргэлзээгүй тодорхой нэг дансанд төлмөөр байна гэдгээ илэрхийлсэн боловч хариу өгөөгүй. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар тодорхойгүй нөхцөл байдал үүссэнээс зээлийг эргэн төлөлтийн хугацаанд нь төлөх боломжийг зээлдүүлэгч нар буюу Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар алдагдуулж зөрчил үүссгэсэн. Иймээс тухай зээлийн гэрээ болон зээл эргэн төлөлттэй холбоотой асуудлаар ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах үүднээс нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгүүлэх хүсэлтийг шүүхээс хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Ц.Н нь хариуцагч Л.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 640 260 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 628 840 000 төгрөг болгосныг хариуцагч зээлийн үндсэн төлбөрт 540 000 000 төгрөг, хүү 6 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн эргэн төлөлт болох 66 000 000 төгрөгийг Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Баттулгын дансанд шилжүүлсэн гэж тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.Баттулгыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх, маргааны зүйлийн талаар Х.Баттулгын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж урьдчилсан дүгнэлт хийн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ.

 

Учир нь хариуцагч нь өөрийн тайлбартай холбоотойгоор нотлох баримтаар Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Х ХХК-ийн дүрэм зэргийг шүүхэд гаргаж өгсөн байх ба уг компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар Ц.Н, Х.Баттулга нар бүртгэлтэй байна. Энэ тохиолдолд 66 000 000 төгрөгийг хэрхэн юунд шилжүүлсэн талаар Х.Баттулгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулж, түүнээс тайлбар авах нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байсан гэж үзэхээр байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/03093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Бгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 517 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН