Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0389

 

  

 

 

2023            04           24                                      128/ШШ2023/0389

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:  Э.Б

Хариуцагч:  ******* Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  В.Б, З.М

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13буюу шинэчилсэн 13 нэгж талбарын дугаартай 6042 м.кв талбайтай газарт “Б*******” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг хариуцагчид даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, З.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* Засаг даргад холбогдох Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13буюу шинэчилсэн 13 нэгж талбарын дугаартай 6042 м.кв талбайтай газарт “Б*******” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий газрын маргааныг хянан шийдвэрлэв.

 

2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.******* Засаг даргын 2014 оны А/52 дугаар захирамжаар “Б*******” ХХК нь Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3761 м.кв болон 1780 м.кв, 8895 м.кв газрын эрхийг “И” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эрх шилжүүлсэн байна.

2.2. ******* Засаг даргын 2016 оны А/207 дугаар захирамжаар “И” ХХК нь Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 133013/0036 нэгж талбарын дугаартай 6615 м.кв. 133013/0035 нэгж талбарын дугаартай 6042 м.кв газруудыг эзэмшсэн байна.

2.3.“Б*******” ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаартай албан бичгээр ******* Газар зохион байгуулалтын албанд хандаж “13******* буюу шинэчилсэн 1 нэгж талбарын дугаартай 6042 м.кв газрыг манай “Б*******” ХХК анхнаасаа эзэмшиж байсан бөгөөд уг газар дээр манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүд байгаа тул газар эзэмших эрхийг шинээр олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.

2.4.******* Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01-08/2938 дугаар албан бичгээр “танай ирүүлсэн материал бүрдэл дутуу байх тул тус хурлаар хэлэлцүүлэх боломжгүй байна. Иймд үйлчилгээний маягтын дагуу материалыг бүрдлийг ханган ******* үйлчилгээний төвүүдэд хандаж хүсэлтээ ирүүлнэ үү” гэсэн хариу өгсөн.

2.5.“Б*******” ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай албан бичгээр ******* Засаг даргад хандаж “13******* буюу шинэчилсэн 1 нэгж талбарын дугаартай 6042 м.кв газрыг “Б*******” ХХК эзэмших хүсэлтийг хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэлт гаргасан.

2.6.******* Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01-08/4003 дугаар албан бичгээр “И” ХХК-ийн ашиглалтад бүртгэлтэй 6042 м.кв газрыг ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 4-189/7680 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул танай компанид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна“ гэсэн хариу өгсөн.

2.7.“Б*******” ХХК-иас анх 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13буюу шинэчилсэн 13 нэгж талбарын дугаартай 6042 м.кв талбайтай газарт “Б*******” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.8.Тус шүүх 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б*******” ХХК-ийн “Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13буюу шинэчилсэн 13 нэгж талбарын дугаартай 6042 м.кв талбайтай газарт “Б*******” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр ******* Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

            3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* Засаг даргын 2014 оны А/52 дугаар захирамжаар “Б*******” ХХК нь Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3761 м.кв болон 1780 м.кв, 8895 м.кв газрын эрхийг “И” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эрх шилжүүлсэн болно. “И*******” ХХК нь манай компанитай байгуулсан дээрх "Хамтран ажиллах гэрээ"-ний хүрээнд шилжүүлэн авсан 13******* тоот нэгж талбарын дугаартай газар дээр төлөвлөгдсөн төсөл хэрэгжиж орон сууцны барилгууд баригдсан бол 13******* тоот нэгж талбарын дугаартай газар дээр төсөл хэрэгжээгүй, ямар нэгэн барилга байгууламж шинээр баригдаагүй бөгөөд уг гэрээ дуусгавар болсон болно.

Энэхүү 13******* тоот нэгж талбарын дугаартай газар дээр манай компанийн 000805086 тоот дугаартай, 676 м.кв талбай бүхий Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 10 тоот дугаартай, 587 м.кв талбай бүхий Үйлчилгээний Зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон бусад үл хөдлөх эд хөрөнгөнүүд тус тус байдаг.

 ******* Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 тоот “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж”-аар 13******* буюу шинэчилсэн 1 нэгж талбарын дугаартай, 6042 м/кв газрыг “И” ХХК-д 4 жилийн хугацаагаар олгосон боловч энэ хугацаанд тус компани нь газрын төлбөр, татвар хураамжийг зохих хугацаанд нь төлөөгүй, хуульд заасан хугацаанд газрын гэрчилгээг сунгуулаагүй, цаашид сунгуулах боломжгүй, зохих ёсоор ашиглахгүй, манай компанид буцаан олгоход татгалзахгүй болохоо бидэнд мэдэгдсэн болно.

Энэхүү 13******* буюу шинэчилсэн 1 нэгж талбарын дугаартай, 6042 м.кв газрыг манай “Б*******” ХХК анхнаасаа эзэмшиж байсан бөгөөд уг газар дээр манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүд байгаа тул газар эзэмших эрхийг шинээр авах хүсэлтийг 2022.06.03-ны өдөр ******* газар зохион байгуулалтын албанд гаргасан. Тус албанаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01-08/2938 дугаартай албан бичгээр манай компаниас гаргасан хүсэлтийг "материалын бүрдэл дутуу" гэх үндэслэлээр "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн хурлаар хэлэлцүүлэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн болно. 5. Манай компанийн зүгээс ******* газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргахдаа "Б*******" ХХК нь Газрын тухай хууль болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын А/156 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Газар эзэмших тухай хүсэлт"-ийн маягт, хавсаргах баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж өгсөн бөгөөд тус газраас "материалын бүрдэл дутуу" гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

******* газар зохион байгуулалтын албанаас 2022.06.03-ны өдөр ирүүлсэн албан бичигт манай компанийн гаргасан хүсэлтийг "материалын бүрдэл дутуу" гэх үндэслэлээр хурлаар хэлэлцүүлэхээс татгалзаж, буцаасан байх боловч хууль болон холбогдох журамд заасан ямар материал дутуу байгаа талаар огт дурдаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т "оролцогчоос гаргасан хүсэлт нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, дутуу бичигдсэн байвал оролцогчид зөвлөгөө өгөх үүрэгтэй" талаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа "бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл"-ийг тодорхой заахаар зохицуулсан байна. Гэтэл ******* газар зохион байгуулалтын албанаас манай компаниас гаргасан хүсэлтийг буцааж, шийдвэрлэхдээ дээрх Захиргааны ерөнхий хууль болон холбогдох журамд заасанд нийцээгүй, актад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу 2022.06.23-ны өдөр ******* засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуг ******* газар зохион байгуулалтын албаны 2022.08.12-ны өдрийн 01-08/4003 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Дээрх гомдлын 01-08/4003 дугаартай хариуд "...Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт "И" ХХК-ийн ашиглалтад бүртгэлтэй 6042 м.кв газрыг ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4-189/7680 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул манай компанид газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна." гэх үндэслэлгүй хариуг өгсөн.

Учир нь ******* газар зохион байгуулалтын албанаас 1 асуудлаар 2 зөрүүтэй хариу өгсөн байх бөгөөд манай компаниас гаргасан газар эзэмших талаар хүсэлтийг шийдвэрлэхдээ "материалын бүрдэл дутуу", уг шийдвэрт гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ "эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн" гэдэг үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Түүнчлэн манай компаниас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргахдаа "И" ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгийг хавсаргасан бөгөөд уг албан бичигт тус компанийн газар ашиглах эрх 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* засаг даргын А\207 дугаартай захирамжаар 4 жилийн хугацаатай олгогдож, улмаар 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон болох нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д "Газар ашиглагчийн эрх, үүрэг"-ийг, 35 дугаар зүйлийн 35.1.5-д "...газар ашиглах эрхийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан тохиолдолд гэрээний хугацаа дуусахад уг газрын үргэлжлүүлэн ашиглахаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргах эрхтэй" талаар зохицуулсан байна. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн хугацаа дууссан бөгөөд сунгуулах талаар хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан байх ба уг зохицуулалт газар ашиглах эрх бүхий этгээдэд мөн адил үйлчилнэ. 13. Гэтэл "И" ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2020 оны 03 дугаар 15-ны өдөр дуусгавар болсон, сунгуулах хүсэлт гаргаагүй болох нь тус компанийн албан бичгээр нотлогдож байхад ******* газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр "И" ХХК-д ******* шийдвэр гүйцэтгэх албанаас хориг тавигдсан гэдэг үндэслэлээр манай компанийн газар эзэмших хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу хариуцагч ******* засаг даргын манай компаниас гаргасан 13******* буюу шинэчилсэн 1 нэгж талбарын дугаартай, 6042 м.кв талбайтай газар эзэмших хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг ******* засаг даргаж даалгаж өгнө үү. гэв.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “И” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ, Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулж өөрийн эзэмшилд байсан 13*******, 13******* тоот нэгж талбарын дугаартай газруудыг шилжүүлсэн бөгөөд “И” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас газар шилүүлэх эрх байдлаар шилжсэн. “И” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу дээрх нэгж талбарын дугаартай газар дээр төлөвлөгдсөн төсөл хэрэгжиж орон сууцуудыг барьж шилжүүлэх, хамтран ажилласны хариу төлбөрт тодорхой тооны орон сууцыг шилжүүлж, тохиролцоо хийгдсэн. Улмаар 13******* тоот нэгж талбарын дугаартай газарт төлөвлөгдсөн төсөл хэрэгжиж орон сууцны барилгууд баригдсан бол 13******* тоот нэгж талбарын дугаартай газар дээр төсөл хэрэгжээгүй, ямар нэгэн барилга байгууламж шинээр баригдаагүй бөгөөд улмаар Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Энэхүү 13******* тоот нэгж талбарын дугаартай газарт манай компанийн 000805086 тоот дугаартай, 676 м.кв талбай бүхий Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 10 тоот дугаартай 587 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд тус тус байгаа. ******* Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар 13******* буюу шинэчилсэн 1 нэгж талбарын дугаартай, 6042 м.кв газрыг “И” ХХК-д 4 жилийн хугацаанд олгосон боловч энэ хугацаанд тус компани нь Газрын тухай хуульд заасан газрын төлбөр, хураамжийг зохих хугацаанд нь төлөөгүй, хуульд заасан хугацаанд газрын гэрчилгээг сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газрыг зохих ёсоор ашиглаагүй учраас газар эзэмших эрх дуусгавар болсон. Энэ талаар тодруулгыг тус компаниас авсан боловч тухайн төсөл нь цаашид хэрэгжих боломжгүй болсон яагаад вэ гэхээр гүйцэтгэгч компанитай маш их хэмжээний маргаан үүссэн. Иймд хоёр дахь төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон учраас газрыг буцаан олгоход татгалзах зүйлгүй гэдгээ бичгээр гаргаж өгсөн. Уг газрыг “Б*******” ХХК анхнаасаа эзэмшиж байсан бөгөөд уг газарт манай компанийн үл хөдлөх хөрөнгүүд байгаа байгаа тул газар эзэмших эрх шинээр авахаар Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын А/156 дугаар тушаалын хоёр дугаар хавсралтаар батлагдсан газар эзэмших тухай маягт болон холбогдох баримтыг бүрдүүлж ******* Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийг шинээр авах хүсэлт гаргасан.

******* газар зохион байгуулалтын албанаас 1 асуудлаар 2 өөр зөрүүтэй хариу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, нэг дахь хүсэлтийн хариуд дурдсанаар ямар нэг материалын бүрдэл дутуу өгөөгүй. Шинээр газар эзэмших хүсэлт өгч байгаа учраас албан бичигт дурдсан өмнөх газар эзэмшигчтэй газар шилжүүлэх гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Хоёр дахь албан бичгийн хариуд дурдсан ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Учир нь “И” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “И” ХХК-ийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авсан. Өөрөөр хэлбэл “И” ХХК-ийн нэр дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгүүд дуусгавар болсныг 1 жилийн дараа болсон арга хэмжээг үндэслэж газар эзэмших хүсэлтийг хангахаас татгалзаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар ашиглагчийн эрх, үүрэг-ийг, 35 дугаар зүйлийн 35.1.5-д ....газар ашиглах эрхийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан тохиолдолд гэрээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар эрхийн гэрчилгээний хугацаан сунгуулах хүсэлт гаргах эрхтэй талаар зохицуулсан байна. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн хугацаа дууссан бөгөөд сунгуулах талаар хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан байх ба уг зохицуулалт газар ашиглах эрх бүхий этгээдэд мөн адил үйлчилнэ. Гэтэл И ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон, сунгуулах хүсэлт гаргаагүй учраас маргаан бүхий газарт гуравдагч этгээдтэй газрыг давхцуулж олгосон буюу эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд байхгүй гэж үзэж байгаа бөгөөд ******* Засаг даргаас ирүүлсэн албан бичгийн хариу үндэслэлгүй байна. гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 12 сарын 23-ны өдер Улаанбаатар хот Тус шүүхэд хянагдаж байгаа "Б*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* даргад холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Засаг ******* Засаг даргын 2014 оны А/52 дугаар захирамжаар "Б*******" ХХК нь Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3761 м.кв болон 1780 м.кв, 8895 м.кв газрын эрхийг "И" ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эрх шилжүүлсэн байна. Үүний дараа ******* Засаг даргын 2016 оны А/207 дугаар захирамжаар "И" ХХК нь Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 133013/0036 нэгж талбарын дугаартай 6615 м.кв. 133013/0035 нэгж талбарын дугаартай 6042 м.кв газруудыг эзэмшсэн байна. Нэхэмжлэгч "Б*******" ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа "И" ХХК нь "өнгөрсөн хугацаанд гэрээний дагуу газрын төлбөр, хураамжийг цагт нь төлөөгүй, хуульд заасан хугацаанд газрын гэрчилгээг сунгуулаагүй" талаар дурдсан байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд Газар эзэмшигчийн эрх, үүргийг заасан бөгөөд тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх", 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. "И" ХХК-д ******* Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжаар 4 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эзэмших эрх дууссан байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана" гэж заасан бөгөөд "И" ХХК нь мөн хүсэлт гаргаагүй байна. Дээрх газартай холбогдуулан ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4-189/7680 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* Засаг дарга 2014 оны 52 дугаар захирамжаар Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3761 м.кв болон 1782 м.кв, 8895 м.кв газрыг ашиглуулах эрхийг И ХХК-д олгосон. Үүний дараа ******* Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 207 дугаар захирамжийн дагуу газрын нэгж талбарыг 2 хуваасан, 13******* тоот нэгж талбарын дугаартай газар нь 6615 м.кв, 13******* тоот нэгж талбарын дугаартай газар нь 6042 м.кв газрыг “И” ХХК нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ашиглах эрхийг 4 жилийн хугацаагаар 2 хувааж олгосон. Тус компанид олгосон ашиглах эрхийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д Газар ашиглагчийн эрх, үүрэг-ийг заасан. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэсэн зохицуулалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн. “И” ХХК нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргах ёстой байтал гаргаагүй. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичиг ирсэн. Нэхэмжлэгч талын тайлбарласнаар газар эзэмших эрх дуусгавар болсон байтал олгохгүй байна гэсэн. Гэтэл уг хоёр компани гэрээ байгуулж анх газраа шилжүүлсэн бөгөөд үүнийг газар зохион байгуулагч нар мэдэж байсан. “Б*******” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гаргасан. Тэгэхээр эдгээр нөхцөл байдал үүссэний дараа хүсэлт гаргаж буй учраас ******* Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас тухайн газрыг түдгэлзүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Иймээс тухайн газрыг олгож болохгүй гэдэг агуулгаар хандаж өнөөдрийг хүрсэн байгаа. Хариуцагчаас тодруулахад материалын бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн. Улмаар ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн учраас юу хийхээ мэдэхгүй өнөөдрийг хүрсэн, ямар нэг эс үйлдэхүйгээс хамаараагүй учир нь дээрх нөхцөл байдал үүссэний улмаас уг шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М: Нэхэмжлэгч талаас хууль бус үйлдэл байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл ******* Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд ямар нэг хууль бус эс үйлдэхүй байхгүй. Хүсэлтийн хариуг хуульд заасан журмын дагуу буцааж өгсөн. Мөн газрын эрх шилжүүлээгүй, шинээр эзэмших хүсэлт гаргасан гэж байна, ингэхдээ Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулж, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар авах ёстой. Тиймээс нэхэмжлэгч талын эхэнд гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргаж өгөх боломжгүй юм.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь “И” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон өмнөх эзэмшигчээс газрын эрх шилжүүлж авах талаар хүсэлт гаргаагүй учир нь уг газарт “Б*******” ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө байгаа, мөн гуравдагч этгээдийн өмчлөлтэй давхцаагүй өмнө нь эзэмшиж байсан газраа авахаар хүсэлт гаргасан, материал бүрдэл дутуу гэх үндэслэлээр татгалзсан буцаасан боловч хууль, журамд заасан ямар материал дутуу байгаа талаар дурдаагүй” гэж, хариуцагч нь “И ХХК-д олгосон газар ашиглах эрхийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичиг ирсэн. “Б*******” ХХК шинээр газар эзэмших хүсэлт гаргаж байгаа бол Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулж, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар авах ёстой. Тиймээс нэхэмжлэгч талын эхэнд гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргаж өгөх боломжгүй гэж тус тус маргасан.

3.Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь ******* Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 203 дугаар захирамжаар Б дүүргийн 5 дугаар хороонд 8895 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар, ******* Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 783 дугаар захирамжаар Б дүүргийн 5 дугаар хороонд 5541 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшихээр эрхийг шилжүүлэн авчээ.    

4.******* Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/52 дугаар захирамжаар “Б*******” ХХК-ийн эзэмшиж байсан Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3761 м.кв болон 1780 м.кв /үл хөдлөх хэд хөрөнгийн Ү-2, Ү-2 дугаар гэрчилгээтэй/, 8895 м.кв /үл хөдлөх хэд хөрөнгийн Ү-22*******, Ү-2 дугаар гэрчилгээтэй/ газрын газар ашиглуулах эрхийг “И” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар ашиглуулахаар эрх шилжүүлсэн байна.

5.******* Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/207 дугаар захирамжаар Б дүүргийн 22 дугаар хороо /одоо 41 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт 133013/0036 нэгж талбарын дугаартай 6615 м.кв, 133013/0035 нэгж талбарын дугаартай 6042 м.кв газруудыг “И” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатай ашиглуулахаар баталгаажуулсан байна.

6.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.“Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 39 дүгээр зүйлийн 39.1.“Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1.“газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмшигч, ашиглагч нь эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах эрх үүрэгтэй байх бөгөөд дээрх байдлаар хүсэлтээ гаргаагүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болохоор байна.

7.Маргаан бүхий тохиолдолд “И” ХХК нь газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаагүй байх бөгөөд хуулийн дээрх заалтуудын дагуу “И” ХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болжээ.

8.Дээрх үйл баримттай “И” ХХК болон тус хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

9.Б дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Зарим хороодыг шинээр байгуулж, нутаг дэвсгэрийн хилийн зааг, /цэс/-ийг шинэчлэн тогтоох тухай” 27 дугаар тогтоолоор Б дүүргийн 5-р хороог хувааж шинээр 22-р хороог байгуулсан байна.

10.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5/2462 дугаар албан бичигт “1.Албан бичигт дурдсан 13*******, 1 нэгж талбарын дугаараар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас хайлт хийхэд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна. 2.“Б*******” ХХК //-ийн өмчлөлд Б дүүргийн 5 дугаар хороо, Б.Д гудамж тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;, Б дүүргийн 5 дугаар хороо, Б.Д гудамж 170 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Б дүүргийн 5 дугаар хороо, Б.Д гудамж-156, 174 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тус тус бүртгэлтэй байна. 3. Б дүүргийн 22 дугаар хороо, Цайз /13292/ Б.Д гудамж, 104/26 тоот хаягт байршилтай 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрх анх 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт “И” ХХК /*******/-ийн өмчлөлд бүртгэгдэж, улмаар гэрээ хэлцлээр бусдын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар иргэн Ч.А /9/-ын өмчлөлд бүртгэлтэй байна.” гэжээ.

11.Дээрх албан бичгээс үзвэл, маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******, Ү-2, Ү-22******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд бүртгэлтэй байна.

12.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл.“Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах”, 33.1.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.2.“энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. ...” гэж тус тус зааснаас үзвэл газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр байна.

13.“Б*******” ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаартай албан бичгээр ******* Газар зохион байгуулалтын албанд хандаж “13******* буюу шинэчилсэн 1 нэгж талбарын дугаартай 6042 м.кв газрыг манай “Б*******” ХХК анхнаасаа эзэмшиж байсан бөгөөд уг газар дээр манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүд байгаа тул газар эзэмших эрхийг шинээр олгож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.

14.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж авах эсэхтэй маргаагүй байх бөгөөд харин дахин шинээр эзэмшихийг хүссэн гэж үзэхээр байна.

15.******* Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01-08/2938 дугаар албан бичгээр “танай ирүүлсэн материал бүрдэл дутуу байх тул тус хурлаар хэлэлцүүлэх боломжгүй байна. Иймд үйлчилгээний маягтын дагуу материалыг бүрдлийг ханган ******* үйлчилгээний төвүүдэд хандаж хүсэлтээ ирүүлнэ үү” гэсэн хариуг өгчээ.

16.Нэхэмжлэгч “Б*******” ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай албан бичгээр ******* Засаг даргад хандаж “13******* буюу шинэчилсэн 1 нэгж талбарын дугаартай 6042 м.кв газрыг “Б*******” ХХК эзэмших хүсэлтийг хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг дахин гаргасан байна.

17.******* Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01-08/4003 дугаар албан бичгээр “И” ХХК-ийн ашиглалтад бүртгэлтэй 6042 м.кв газрыг ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 4-189/7680 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул танай компанид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна“ гэсэн хариу өгчээ.

18.******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “******* газар зохион байгуулалтын албан”-нд гэх 4-189/7680 дугаартай албан бичигт “Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2021/07150 дугаар захирамжаар “И” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 504,832,502 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр захирамжилжээ. Хариуцагч “И” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэхийг тодруулж, гэрчилгээний хуулбарын хамт ирүүлнэ үү. ...” гэсэн байна.

19.Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2021/07150 дугаартай захирамжид “... 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “И” ХХК-д холбогдох 504,832,502 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсугай.” гэжээ.

20.Дээрх захирамжийн агуулгаас үзвэл, маргаан бүхий газрын эзэмших эрхийг битүүмжлээгүй мөн дуусгавар болсон газар эзэмших эрхийг битүүмжилж, түүгээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй юм.

21.Иргэний хуулийн 84 дүгээр зүйл.“Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө”, 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.” гэж зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгө нь газрын хамт байхаар байх бөгөөд иргэн, хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ түүний доорх газрыг эзэмших эрхийн хамтаар хэрэгжүүлэхээр байна.

22.Тодруулбал, маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “Б*******” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ тэдгээрийн доорх газруудыг эзэмших эрхтэй болсноор тус үл хөдлөх эд хөрөнгүүдээ өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна.

23.Иймд нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж, нэхэмжлэгч “Б*******” ХХК-аас ******* Засаг даргад холбогдуулан гаргасан “Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13буюу шинэчилсэн 13 нэгж талбарын дугаартай 6042 м.кв талбайтай газарт “Б*******” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

24.Харин энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч “Б*******” ХХК нь маргаан бүхий газрын дуудлага худалдааны үнийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13буюу шинэчилсэн 13 нэгж талбарын дугаартай 6042 м.кв талбай бүхий газрыг “Б*******” ХХК-д эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий 6042 м.кв газрыг “Б*******” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч ******* Засаг даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэл Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ