| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/04286/И |
| Дугаар | 101/ШШ2023/04513 |
| Огноо | 2023-10-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2023/04513
| 2023 10 18 | 101/ШШ2023/04513 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ холбогдох
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 тоот Тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц /№3428/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, өмгөөлөгч М.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3232 тоот шийдвэрээр хариуцагч Т.Т, Ч.Д нараас 236,725,993 төгрөгийг гаргуулах, мөн үүргийн гуйцэтгэлийг эд хөрөнгийн эрхийн Ү-0 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 0 хороо, 10 тоот 109,72 мкв бүхий 3 өрөө орон сууц, эд хөрөнгийн эрхийн Ү-0 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 0 хороо, 0 тоот 77002 мкв бүхий 2 өрөө орон сууцаар тус тус хангуулах шийдвэр гарсан. Уг анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон 2018 оны 0 сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдсэн. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудасны хамт гарч, НШШГГт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаагаар дээрх 2 оарьцаа хөрөнгө хүдалдан борлогдож, гомдол гаргагч худалдан авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох зэрэг агуулгаар 2019 оны 3 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын хооронд нийт 3 удаа шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 3 удаа түдгэлзүүлсэн байдаг ба энэхүү 3 удаагийн гомдол, нэхэмжлэлийг авч хэлэлцсэн нийт 9 удаагийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд явагдаж ирсэн гэдэг нь тогтоогдсон. Гэвч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 тоот Тогтоол хүчингүй болгох тухай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хариуцагч өөрийн зохион байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дахь удаагийн албадан дүудлага худалдааг Худалдан борлогдсон дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, талуудад танилцуулаагүй байх бөгөөд үүний улмаас хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Уг тогтоолын улмаас бүтэн 5-6 жилийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ямар ч үр дүнгүй болж, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, төлбөр авагчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй 5-6 жилийн нүүрийг үзсэн дээрээ нэмээд, дахиад барьцаа хөрөнгийг хураах, битүүмжлэх, үнэлэх, дуудлага худалдаанд оруулах гэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ахиад эхнээсээ эхлэн хүгацаа алдаж, нэхэмжлэгч, төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Маргаан бүхий 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 тоот Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр авагчийн төлөөлөгчид 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулж, хуулбарыг өгсөн гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж, гүйцэтгэх баримт бичигт тэмдэглэл үйлдсэн байдаг боловч төлбөр авагчийн төлөөлөгч нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тогтоолыг хүлээн авч танилцаагүй, тухайн өдөр НШШГГт очоогүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг танилцүулсан, хүлээлгэн өгсөн гэх тэмдэглэл, бичиг баримтад гарын үсэг зураагүй байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад танилцуулах ажиллагааг хийлгүй байж байгаад, сүүлд нөхөж хийхдээ тогтоолыг төлбөр авагчид танилцуулж, хуулбарыг хүлээлгэн өгсөн мэтээр худал тэмдэглэл үйлдсэн буюу төлбөр төлөгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хүулийн 40 зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхээр хангаагүй, хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжийг олгоогүй. Мөн энэхүү ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын 4-р догол мөрөнд ... дуудлага худалдааны орлого, дэнчинг ... 2020 оын 9 дүгээр сарын 10-ны өдөр ялагчид буцаасан шилжүүлсэн гэж дурдсан байх боловч үнэн хэрэгтээ манай компани 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 20/1281 тоот албан бичгээр дуудлага худалдааны үнийг шилжүүлэхийг шаардсаны дагуу Буцаалт бус Т.Т, Ү.Д-н төлбөр гэдэг гүйлгээний утгатайгаар манай компанийн дансанд орж ирсэн. Гомдол гаргагч төлбөр авагчийн зүгээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 Тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт Дуудлага эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна, мөн зүйлийн 71.13 дахь хэсэгт Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй, мөн зүйлийн 71.14 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж тус тус заасан байна. Хариуцагч НШШГГ, түүний шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтуудад заасан ажиллагааг бодит үйл баримтын хүрээнд хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тодруулбал 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсаны дараа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч нарыг дуудаж уулзаад, 2 барьцаа хөрөнгө болох орон сууцууд 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаагаар зарагдсан, 14 хоногийн дотор төлбөрөө төлвөл барьцаа хөрөнгө буцаан авч болно гэж тайлбарлаж, улмаар төлбөр төлөгч нарын зүгээс дуудлага худалдааны талаар гомдолгүй гэж мэдүүлсэн үйл баримт нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 55 минутад үйлдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогддог. Мөн төлбөр төлөгч нарын зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаагаар 2 барьцаа хөрөнгө орон сууц борлогдсон, энэ талаар мэдсэн, дуудлага худалдаатай холбоотой ямар нэгэн гомдол байхгүй, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг заасан хутацаанд төлж барагдуулах боломжгүй тул хугацаа олгоно уу гэдгээ 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн болон 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тус тус тайлбар бичиг, төлбөр төлөх баталгаа зэргээр илэрхийлж, мэдэгдсэн нь гүйцэтгэх баримт бичигт авагдсан байдаг. Дээрх үйл баримтаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан ажиллагааг Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс бодит байдал дээр бүрэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Нөгөө талаас дээр дурдсанчлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох зэрэг агуулгаар 2019 оны 3 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын хооронд нийт 3 удаа шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж 3 шатны 3 удаагийн гомдол, нэхэмжлэлийг авч хэлэлцсэн нийт 9 удаагийн шүүх хуралдаанаар хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явж ирсэн гэж өөрсдийн үйл ажиллагаа, шийдвэрийг хамгаалж ирсэн боловч, өөрсдийн явуулсан бүтэн 5-6 жилийн үйл ажиллагааг өөрсдийн санаачилгаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 тоот тогтоолд дурдагдсан асуудлаар төлбөр төлөгч нарын зүгээс ямар нэгэн гомдол, санал хүсэлт гаргаагүй, гэнэт үгүйсгэж, дуудлага худалдааг хүчингүй болгосон нь туйлын ойлгомжгүй, тодорхойгүй, хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Уг тогтоолыг хүчингүй болгуулах талаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг дээд шатны байгууллагуудад зохих гомдлуудыг шат шатанд нь удаа дараа гаргаж ирсэн боловч, дээрх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй хэмээн хамгаалж үлдсэн тул Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 зүйлийн 44.4 дэх хэсэгт шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан зохицуулалтын дагуу гомдлыг гаргаж байгаа болно.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 тоот Тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэв.
2. Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3232 дугаар шийдвэрээр Г.Т, Ү.Д нараас 236,725,993 төгрөгийг гаргуулж К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.Т, Ч.Д нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа гардуулахад төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0 хороо, 0 тоот, 109,72 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0 хороо, 10тоот, 77,02 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцуудыг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0, 0 дугаар тогтоолоор тус тус битүүмжлэн хураан, албадан дуудлага худалдаанд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оруулахад Баянзүрх дүүргийн 0 хороо, 0 тоот орон сууц 92,100,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 0 хороо, 10тоот 65,300,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон боловч худалдан борлогдсон дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг дуудлага худалдааны авагчид шилжүүлэх тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, талуудад танилцуулаагүй тул хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх боломжгүй байх тул 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0, 0 дугаар тогтоол болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүйд тооцсон байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /орчуулгын хамт/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Ж ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаа, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Ж ББСБ ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20/1281 дугаартай албан бичиг, 2023 оны 0 сарын 17-ны өдрийн 23/705 дугаартай албан бичиг, 2023 оны 0 сарын 17-ны өдрийн 23/706 дугаартай албан бичиг, 2023 оны 0 сарын 17-ны өдрийн 23/707 дугаартай албан бичиг, нотариатын мөнгөний тасалбар, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлэгийн баримт, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 7/2525 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2/504 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/1302 дугаартай албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/1306 дугаартай албан бичиг, Дэвжих номингийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны баримт, нэхэмжлэгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ж ББСБ ХХК-ийн 2023 ны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23/374 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой харилцсан тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгыг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэлүүд, хариуцагчийн хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материалын нүүрэн хэсэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн мөн өдрийн 0 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 0 сарын 03-ны өдрийн 0 дугаартай тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 0, 0 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 8/1183 дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2018 оны 0 сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн мэдэгдэл, Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 11 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд, сонингийн зар, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/306, 0 дугаартай мэдэгдлүүд, 12 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, сонингийн зар, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0дугаартай мэдэгдэл, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, сонингийн зар, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримтууд, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаартай магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай шийдвэр, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай магадлал, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай захирамж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай захирамж, Г.Тийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тайлбарыг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Ү.Д, Г.Т нарын иргэний үнэмлэхтэй 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан тайлбар, төлбөр төлөгч нарын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан төлбөр төлөх баталгааны талаар, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр авагчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийг тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.11, 71.14, 71.16, 71.18 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу холбогдох ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийгээгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг зөвтгөн явуулах үүднээс холбогдох ажиллагааг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай шийдвэрээр Ү.Д, Г.Т нараас 235,391,088 төгрөг гаргуулж, К ББСБ ХХК-д олгож, Баянзүрх дүүрэг, 0 хороо, 0 тоотод байрлах Г.Тийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 0 хороо, 0 тоотод байрлах Ү.Дгийн өмчлөлийн орон сууцнууд барьцаалагдсан болохыг дурдаж шийдвэрлэсэн ба давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаж, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
К ББСБ ХХК нь оноосон нэрээ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ж ББСБ ХХК болгон өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.
3б. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 0 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 0, 0 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авах ажиллагааг НШШГГ явуулжээ.
3в. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар удаа дараа ажиллагаатай холбоотой гомдлын шаардлага гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
3г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, Ж ББСБ ХХК ялагч болжээ.
4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор ... Худалдан борлогдсон дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, талуудад танилцуулаагүй байх бөгөөд хөрөнгийн хамтран өмчлөгч гуравдагч этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/16928 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэлээр дуудлага худалдааны орлого, дэнчинг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ялагчид буцаан шилжүүлжээ. Хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгох тухай өмчлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийг гурван шатны шүүхээс тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх боловч хуульд заасан хугацаанд дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг гаргаж, талуудад танилцуулаагүйгээс хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх боломжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, 63 дугаар зүйлийн 63.1, 71 дүгээр зүйлийн 71.10, 71.11, 71.14, 71.18 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2 дахь заалт-ыг үндэслэн, 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн Эд хөрөнгө хураах тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0, 0 тоот тогтоол болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүйд тооцсон байна.
4а. Дээрх 0 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч нь тогтоол гарсан өдөр төлбөр авагч Ж ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Од мэдэгдсэн гэх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд М.О нь энэ өдөр шийдвэр гүйцэтгэх газарт очоогүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү нэхэмжлэлийн тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Ийнхүү төлбөр авагч нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дээрх тогтоолыг мэдээгүй гэж үзвэл, Ж ББСБ ХХК-ийн НШШГГт 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гомдолд 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн байх бөгөөд уг мэдэгдэх хуудасны агуулгаас үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 0 дугаартай тогтоолоор ажиллагааг хүчингүй болгож, зөвтгөн явуулж байгаа талаар дурдсан байна.
Улмаар төлбөр авагч нь эрх бүхий байгууллагуудад 2023 оны 0 сарын 17-ны өдөр гомдол гаргаж, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Өргөдөл шилжүүлэх тухай албан бичгээр өргөдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай мэдэгдэх хуудсаар хариу өгсөн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай албан бичгээр тус тус хариу өгсөн байна.
4б. Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь тус шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлагаа гаргажээ.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 зүйлийн 44.1, 44.2-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хийх ажиллагааг заасан бөгөөд мөн хуулийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ.
5а. Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь дээрх хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг 3 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг авснаар мэдсэн гэж үзвэл энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргахаар байхад 0 сарын 17-ны өдөр гомдол гаргаж, энэхүү хугацааг хэтрүүлсэн, түүнчлэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариуг 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд энэ хугацаанаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байхад 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдлын шаардлагыг гаргасан байна.
5б. Ж ББСБ ХХК нь энэхүү хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн шийдвэр гүйцэтгэгч нь тогтоолыг танилцуулж, хуулбарыг хүлээлгэн өгсөн мэтээр худал тэмдэглэл үйлдсэн буюу төлбөр төлөгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хүулийн 40 зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхээр хангаагүй, хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжийг олгоогүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой тайлбар үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т энэ хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцохоор зохицуулжээ.
Иймд нэхэмжлэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 зүйлийн 44.4-т заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 тоот Тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ