| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/295 |
| Огноо | 2025-10-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум ******* анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дашням,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000000255 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Уулбаян суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг "******* *******"-ын 5 дугаар гудамж 3 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг ******* ******* 8 айлын 5 тоотод оршин суух,
урьд өмнө Сүхбаатар аймаг дахь сум ******* шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар аймаг дахь сум ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар аймаг дахь сум ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар аймаг дахь сум ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар аймаг дахь сум ******* анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар, мөн тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн,
******* овогт ******* *******/ регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн зуузай” худалдааны төвд барааны лангуун дотор байсан цүнхнээс 500,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: нь манай найзтай үерхдэг байсан. Би лангуугаар нь орсон. Тухайн үед надаас өөр хүн тус лангуунд ороогүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул тухайн мөнгийг юугаа ч мэдэхгүй авсан байсан. Хохирлоо барагдуулсан. Миний хувьд ар гэрийн асуудалтай байгаа. Эхнэр групптэй, хүүхдүүд нялх, том хүү оюутан, байр түрээсэлж амьдардаг. Би хар бор ажил хийж байрны сарын түрээс болох 400 гаруй мянган төгрөгийг төлдөг. Ээж эмчийн хяналтад, эхнэр хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадваргүй тул намайг хөнгөн ялаар шийтгэж өгнө үү... гэв.
Эрүүгийн 2530000000255 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын: Би энэ хэрэгт урьд өмнө сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Тухайн үедээ өөрийн хийсэн буруутай үйлдлийн талаар бүгдийг нь ярьж өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би хохирлыг бүрэн барагдуулсан, Ж нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. бид хоёрын дунд хувийн таарамжгүй харилцаатай болон өс хонзонтой асуудал байхгүй… гэх мэдүүлэг (хэргийн 29-30 дугаар хуудас),
- Хохирогч : Би 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Мөнгөн зуузай” худалдааны төвд байх барааны лангуун дээрээ сууж байхдаа нойр дутуу жоохон унтчихсан байсан. Нэг үл таних залуу орж ирээд надтай юм ярьж байснаа гараад явсан. 30 орчим минутын дараа би өөрийн цүнхээ хартал цахилгаан нь онгойчихсон байсан. Тухайн үед би цүнхэн дотроо дэлгүүрийн урьд өдрийн орлого болох 500,000 төгрөгийг хийчихсэн байсныг тэр үл таних залуу хулгайлаад аваад явсан байсан. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг ( хэргийн 6-7,10 дугаар хуудас),
- Хохирогч 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “*******ын ар гэр нь хохирлыг барагдуулсан тул надад өөр гомдол санал байхгүй” гэх хүсэлт ( хэргийн 14 дүгээр хуудас),
- Гэрч : Намайг лангуун дээрээ байж байхад нэг танихгүй залуу согтуу дэлгүүрт орж ирээд манай лангууны баруун талын хамгийн цаад талын лангуу руу орж байгаа харагдсан. Тэр залуу тухайн өдөр гадаа гудамжинд согтуу явж байсан залуу мөн байна лээ. Тухайн үед ээлжийн ажлаасаа буусан гээд нойрмог байгаа харагдсан. Тэр танихгүй залууг орсны дараа “яв” гээд хөөгөөд байгаа сонсогдсон. Тэр залуу лангуунаас гараад явсан.Тэрнээс хойш 5-10 минутын орчимд “хүүе ээ эгчээ цүнхэнд байсан мөнгө алга болсон байна. Сая тэр залуу орж ирэхээс өмнө үзэхэд байсан” гэж хэлж байсан…гэх мэдүүлэг (хэргийн 17-18 дугаар хуудас),
- Хохирогч д “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварын танилцуулсан” мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 11-13 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум ******* шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол ( хэргийн 38-39 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоол( хэргийн 40-53 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоол ( хэргийн 54-58 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоол ( хэргийн 59-65 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум ******* анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол ( хэргийн 66-77 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1097 дугаартай албан бичиг ( хэргийн 79 дүгээр хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 37 дүгээр хуудас)
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 82-85 дугаар хуудас),
10 дугаар сарын 22-ны өдрийн 1/413 дугаартай тодорхойлолт
, нарын төрсний гэрчилгээний хуулбар, гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр,
дугаар сарын 02-ны өдрийн 01/1333 дугаартай албан тоот зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Мөнгөн зуузай” худалдааны төвд иргэн барааны лангуун дотор байсан цүнхнээс 500,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Би энэ хэрэгт урьд өмнө сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Тухайн үедээ өөрийн хийсэн буруутай үйлдлийн талаар бүгдийг нь ярсан. нь манай найзтай үерхдэг байсан. Би лангуугаар нь орсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул тухайн мөнгийг юугаа ч мэдэхгүй авсан байсан. Хохирлоо барагдуулсан. Миний хувьд ар гэрийн асуудалтай байгаа. Эхнэр групптэй, хүүхдүүд нялх, том хүү оюутан, байр түрээсэлж амьдардаг. Би хар бор ажил хийж байрны сарын түрээс болох 400 гаруй мянган төгрөгийг төлдөг. Ээж эмчийн хяналтад, эхнэр хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадваргүй тул намайг хөнгөн ялаар шийтгэж өгнө үү...” гэх,
хохирогч “ 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Мөнгөн зуузай” худалдааны төвд байх барааны лангуунд сууж байхдаа нойр дутуу жоохон унтчихсан байсан. Нэг үл таних залуу орж ирээд надтай юм ярьж байснаа гараад явсан. 30 орчим минутын дараа би өөрийн цүнхээ хартал цахилгаан нь онгойчихсон, цүнхэнд байсан урьд өдрийн орлого 500,000 төгрөгийг тэр үл таних залуу хулгайлаад аваад явсан байсан. *******ын ар гэр нь хохирлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй,нэхэмжлэхгүй ”гэх,
гэрч “ Намайг лангуун дээрээ байхад танихгүй согтуу залуу дэлгүүрт орж ирээд манай баруун талын хамгийн цаад талын лангуу руу орж байгаа харагдсан. Тэр залуу өдөр гадаа гудамжинд согтуу явж байсан залуу мөн байна лээ. ээлжийн ажлаасаа буусан гээд нойрмог байгаа харагдсан. Тэр танихгүй залууг орсны дараа “яв” гээд хөөгөөд байгаа сонсогдсон,тэр залуу лангуунаас гараад явсан.Тэрнээс хойш 5-10 минутын орчимд “хүүе ээ эгчээ цүнхэнд байсан мөнгө алга болсон байна. Сая тэр залуу орж ирэхээс өмнө үзэхэд байсан” гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүд,
хохирогч 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “*******ын ар гэр нь хохирлыг барагдуулсан тул надад өөр гомдол санал байхгүй” гэх хүсэлт,
хохирогч д “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварын танилцуулсан ” мөрдөгчийн тэмдэглэл,
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1097 дугаартай албан бичиг,
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
*******ын Иргэний үнэмлэх, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс “ Зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй”гэв” гэ,шүүгдэгч *******аас “Хохирогчид 500,000 төгрөгийг буцааж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй ” гэж мэдүүлж гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
3. Хууль зүйн ойлголтоор “Хулгайлах” гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “ бага хэмжээний хохирол"-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор тогтоожээ.
4. Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мөнгөн зуузай” худалдааны төвд хохирогч барааны лангуун дотор байсан цүнхнээс 500,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүний 500,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
6. Шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор иргэн лангуунаас 500,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Гэм хор, хохирлын талаар:
1. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч д 500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс 500,000 төгрөгийг өгч, хохирол нөхөн төлөгдсөн болох нь хохирогч тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтээр (хх-14 дугаар хуудас) тогтоогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Хэрэгт мөрдөгчөөс хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус үндэслэн “нэгдүгээр зэрэглэл”-ээр тогтоож, танилцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (Хулгайлах)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д заасны дагуу “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч...танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана ” гэж тус тус зааж тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.
Иймд тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад шүүх шийдвэрлэх боломжгүй юм.
3. Харин хохирогч аас “*******ын ар гэр хохирлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй ” гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч *******ын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ ялд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай ” гэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс “ ******* өөрийн үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шат хүртэл үнэн зөвөөр мэдүүлдэг. Гэм хор, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг бол 6 сараас 5 жил хүртэл хугацааны хорих ялын шийтгэлтэй. Өмгөөлөгчийн зүгээс 6 сар буюу ялын доод хэмжээгээр зүйлчлэн шийдүүлэх саналтай байна. Өмнөх буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас үлдсэн 8 сар 6 байгаа. Үүнийг хорих ялаар солих зохицуулалттай. Шүүгдэгч нь гэр бүлийн хувьд 3 хүүхэдтэй. Том хүүхэд нь оюутан. Бага хүүхэд нь 3, дунд хүүхэд нь 13 настай. Гэр бүлийн хүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй, 70 хувиар групп тогтоолгосон байдаг. Хар бор ажил хийж гэр бүлээ тэжээдэг гэж шүүх хурал дээр ч хэллээ. Ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх санал,
шүүгдэгч *******аас “Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргав.
3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
4. Шүүгдэгч *******ын согтуурсан үеийн байдал тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, ам бүл 5, 03-18 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон, түүний удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын (долоо) сарын хугацаагаар хорих ялд, Сүхбаатар аймаг дахь сум ******* анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 06 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 3 сар 6 хоногоор тогтоолоо.
Бусад:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоон) сарын хугацаагаар хорих ялд,
Сүхбаатар аймаг дахь сум ******* анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 06 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 3 сар 6 хоногоор хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч д учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН