| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/02428/И |
| Дугаар | 101/ШШ2023/04383 |
| Огноо | 2023-10-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2023/04383
2023 10 10 101/ШШ2023/04383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:***********хот,***********дүүрэг,***********дугаар хороо, ***********, ***********, *********** барилга, *********** тоотод байрлах ***********ББСБ ХХК /хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар***********, Регистрийн дугаар ***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********хот, *********** дүүрэг, ***********дугаар хороо, ***********хороолол, *********** гудамж, ** байр, ** тоотод оршин суух *********** овогт *********** /Регистрийн дугаар ***********/,
Хариуцагч: *********** хот, *********** дүүрэг, ** дугаар хороо, ***********хороолол,*********** гудамж, *** байр, ***тоотод оршин суух ***********овогт***********Регистрийн дугаар ***********/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 140,197,548 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-*************** дугаарт бүртгэлтэй, ***********хот, *********** дүүрэг *********** дугаар хороо, *********** хороолол /13374/,********************** байр, *********** тоот, ***********талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г
хариуцагч Ц.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
гэрч Б.А, Д.Э
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Э
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.А нь ИГФ ББСБ ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 98,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сар бүрийн 22-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт ямар ч төлбөр төлөөгүй байна. Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа хамтран хариуцагч Б.Мтой хамтран өмчилдөг ************хот, ************ дүүрэг, ** дугаар хороо, ******хороолол, ************** гудамж, байр, *** тоот хаягт байрлах Ү-*************** дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан ба ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдсэн. Хариуцагч тал 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр, 2022 оны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 80 сая төгрөгт хүү бодогдож 99 гаруй сая төгрөгийг Ц.Агийн зүгээс төлж зээлийн гэрээ хаагдсан. Сүүлд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж 3 үндэслэл хэлж байна. Зээлийн гэрээнд хүүг хэрхэн бодогдох талаар тайлбарлаагүй, тэр талаар мэдээгүй гэж ярьж байна. Манайх зээлийн гэрээг танилцуулсан, зээлийн гэрээний хавсралтад хүүгийн тооцооллыг танилцуулж, 98 сая төгрөгөөс сар бүр 3.5 хувь 3,300,000 төгрөг, зарим сард 3,495,000 төгрөг гэх байдлаар сарын хоногоос хамаарч зээлийн хүү бодогдсон, энэ танилцуулга хийгдээд, зээлдэгч Ц.А гэж гарын үсэг зурсан. Бидний зүгээс хүүг нууцаар зээлийн гэрээнд 98 сая төгрөг, хүү нь 3.5 хувь байна гэж тусгасан зүйл байхгүй. Маш ойлгомжтой зүйлд түүнийг тайлбарлаагүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Бичиг үсэг мэддэг бол хэн ч харсан ойлгомжтой зүйл. Иймд хүүг тайлбарлаагүй гэдэг нь нотлогдохгүй гэж үзэж байна. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж ярьж байна. Дүр үзүүлсэн хэлцэл биш, учир нь Ц.Агийн хувьд зээл хүссэн өргөдөл байгаа. Тухайн хүсэлтэд би 98 сая төгрөгийг зээлэхийг хүсэж байна гэж зээлийн дансны дугаараа бичсэн, хүсэл зоригийн илэрхийлэл нь байна. Манай зүгээс зээлийг олгосон тул гэрээ байгуулсан боловч мөнгийг нь олгоогүй гэх хуурамч зээлийн гэрээ биш. Зээлийн хүсэлтийнх нь дагуу манай талаас мөнгийг нь шилжүүлсэн тул дүр үзүүлсэн хэлцэл биш. Мөн халхавчилсан хэлцэл гэж байна. Халхавчилсан хэлцэл гэдэг нь 1 хэлцлийн цаана 2 хэлцэл байхыг ойлгодог. Манай тохиолдолд халхавчилсан зүйл байхгүй, 98 сая төгрөгийг Ц.Агийн дансанд хийсэн, Ц.А нь 98 сая төгрөгийг авахыг хүсэж байсан. Нэмэлт зээлийн гэрээ байхгүй, хүчин төгөлдөр бусд тооцуулна гэх үндэслэл нь ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Зээл чөлөөлөх ажиллагаа хийгдсэн, үүнийг манай хөрөнгө оруулагч ************ хийсэн, тэр хүний хийсэн буруутай үйл ажиллагаа байгаа бол тэр хүн өөрөө хариуцах ёстой. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т компанийн хувьцаа эзэмшигчийн хийсэн үйлдлийг компани хариуцахгүй, компанийн хийсэн буруутай үйл ажиллагааг хувьцаа эзэмшигч хариуцахгүй гэх гол зарчим байгаа. Тиймээс энэ хөрөнгө оруулагч нь Ц.А гэх хүнд зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулснаар компани болон хувьцаа эзэмшигчийг 1 гэж ойлгож болохгүй. Учир нь энэ нь нэг нь компани, нөгөөх нь хувьцаа эзэмшигч байгаа. Хувьцаа эзэмшигч нь хэн нэгэнтэй хэлцэл хийх юм бол тэр бүхнийг компани руу хамааруулж ярих нь утгагүй зүйл. Нийлмэл хүүтэй зээл гэж хариуцагч талаас үзэж байгаа. Нийлмэл хүүтэй зээл гэж юу байдаг вэ гэвэл хүү нь үндсэн дүн рүүгээ орж тэрнээсээ дахин хүү бодохыг хэлдэг. Нийлмэл хүү хэрхэн бодогдох вэ гэвэл үндсэн зээлд нэмэгдэж явах ёстой. Өөрөөр хэлбэл манай 98 сая төгрөгийн зээлийн гэрээнд эхний сар хүү нь бодогдож 3 сая төгрөгийн хүү бодогдвол дараа сар үндсэн зээл нь 101 сая төгрөг болох зэргээр өсөн нэмэгдэхийг нийлмэл хүү гэж нэрлэнэ. Гэтэл тийм зүйл байхгүй тул үүнийг нийлмэл хүүтэй зээл гэж буруу тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 98,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 35,747,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,450,279 төгрөг, нийт 140,197,548 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн ******* тоот зээлийн гэрээний үүрэгт 140,197,548 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2.1. Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
ИГФ ББСБ ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 80,000,000 төгрөгийн зээл 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээл авсан. Зээл авснаас хойш хүүгээ төлж явсан. Ковид 19 цар тахлаас шалтгаалан хил гааль хаасантай холбоотой эдийн засгийн хямрал дайрч зээлийн хүүгээ хугацаа хэтрүүлэн төлж байсан. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагаас таны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 18 сая төгрөгт хүрсэн байна, таны зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа ч бид таны зээлийг хааж өгөөд танд 98,000,000 төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийж өгье гэсэн. Энэ үед миний бие 80 сая төгрөгөө төлж чадахгүй байж 98 сая төгрөг төлнө гэж юу байх вэ гээд зөвшөөрөхгүй байсан. Гэтэл бид тань руу ярьж дарамт шахалт хийхгүй, 3 сарын хугацаанд хүү, алданги төл гэж шаардахгүй, ярихгүй гэж амлалт өгч зээлийн гэрээ байгуулсан. Урд нь авсан 80,000,000 төгрөгийг төлж чадахгүй байхад дахин 18,000,000 төгрөг нэмж 98,000,000 төгрөг болгосон учир төлөөгүй. Нэхэмжлэгч нь тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү зэргээр 140 сая төгрөгийг нэхэмжилж байна. Бидний зүгээс энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Ц.А нь 98,000,000 төгрөгөөр энэ гэрээ нь хаагдаж байгаа юм байна гэж ойлгож шинэ гэрээг хийсэн. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-т Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан. Нэхэмжлэгч тал зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж буюу мэргэжлийн байгууллага байж тусгай мэдлэггүй этгээдэд зээл олгож байж зээлийн гэрээний нөхцөлийг тайлбарлах, ойлгуулах, хэн ч харсан ойлгомжтой байдлаар зээлийн гэрээнд тусгаж өгөөгүй, энэ талаар зээлдэгч нарт тайлбарлаж өгөөгүй, ойлгомжгүй байдал үүсгэсэн. Зээл олгож байгаа асуудалд хавтаст хэргийн 154 дүгээр талд Ц.Агийн Х банкны дансны хуулга авагдсан. Тухайн хуулгад 1 өдрийн дотор хэд хэдэн минутын зайтай зээлийг олгож, хааж, 98,000,000 төгрөгийг ИГФ ББСБ ХХК хаав, буцаан зээл олгов, буцаан ************ гэх хүний данс руу 98,000,000 төгрөгийн зарлага гаргасан байдаг. ************ гэх хүн нь ямар холбоотой хүн бэ гэвэл ИГФ ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж явдаг, хувьцаа эзэмшигч нь санхүүгийн эх үүсвэрээрээ өөрөө 98,000,000 төгрөг гаргаад, зээлийн шимтгэл гэж давхар 490,000 төгрөгийг зээлдэгч нараас авдаг. Энэ нь зээлдэгч нарт ашиггүй байдлаар зээлийн шийдвэр хийгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, энэ зээлийн гэрээний дууссан өдөр хүртэлх үнийн дүнг манайх төлөх саналтай байгаа, үүнээс үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг төлөх боломжгүй. Зээлийн эдийн засагч сар бүр зээлээ төл гэж яриагүй, 98,000,000 төгрөгөөс хүү, алданги бодож байгаа гэж тайлбарлаж өгөөгүй тул хүү, алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сард гаргасан, зээлийн хугацаа дууссаны дараа мэдэгдэл хүргүүлээгүй байж байснаа шууд шүүхэд хандсан нь буруу зүйл, зээлдэгч нарт хэлэх ёстой байсан гэж үзэж байна. Манайх өөрсдөө 98,000,000 төгрөг авчирч өгөөд тухайн зээл хаагдсан зүйл байхгүй. ИГФ ББСБ ХХК нь өөрөөсөө дахин 98,000,000 төгрөг гаргаж, тухайн мөнгөөрөө зээлийг хаачхаад буцаагаад шинэ гэрээнд 98,000,000 сая төгрөгийг авсан мэт үндсэн зээл гэж, нэг ёсондоо нийлмэл хүүтэй зээл олгосон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А-203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан. Гэтэл 80,000,000 төгрөгт 18,000,000 төгрөгийг нэмж 98,000,000 төгрөг болоход 98,000,000 төгрөгөөсөө дахин хүү, алданги тооцож байгааг нийлмэл хүү гэж ойлгохгүй юу гэж ойлгох юм. Зээл олгосон асуудлаа тодорхой мэдэж байж манайх хувьцаа эзэмшигчийн асуудлыг хариуцахгүй гэж байна. Компанийн тухай хуульд тийм байгаа боловч зээл олголтын хүсэлтэд тээврийн зуучлал эрхэлнэ, 98,000,000 төгрөг олгож өгнө үү гэсэн боловч хүсэлтийн дагуу 98,000,000 төгрөгийг огт ашиглаж чадаагүй. Зээлийн хүсэлтийн дагуу ашиглаж чадаагүй байхад зээлийг ашигласан гэдэг нь үндэслэлгүй. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийн хүү, алданги нь өнөөдрийг хүртэл 140 сая төгрөг болсон, дунд нь шинэ гэрээ хийснийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Манайх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээг хаасан 98,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, үүнээс үүссэн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2023.03.30-ны өдрийн итгэмжлэл /хх-4/, ИГФ ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-5, 6/, 202211.14-ний өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ /хх-7-10/, 2022.11.14-ний өдрийн ******* дугаартай Барьцааны гэрээ /хх-11-12/, 2022.11.18-ны өдрийн зээл хүссэн өргөдөл /хх-13/, зээл эргэн төлөлтийн карт /хх-14/, ИГФ ББСБ ХХК-ийн******** банкны ******* дугаар дансны хуулга /хх-15/, 2023.06.20-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-81/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-82/, зээлийн карт /хх-83/, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023.07.06-ны өдрийн 3-2/66 дугаартай албан бичиг /хх-101/, 2023.08.07-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-121/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-122/, зээлийн карт /хх-123/, 2023.09.12-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-208/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-209/, зээлийн карт /хх-210/, 2023.10.02-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-223/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-224/, зээлийн карт /хх-225/,
3.2. Хариуцагч нараас ирүүлсэн: Ц.Агийн 2023.03.21-ний өдрийн итгэмжлэл /хх-19/, хариу тайлбар /хх-25/, Б.Мгийн 2023.04.20-ны өдрийн итгэмжлэл /хх-26/, 2023.07.03-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-93/, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн 2023.07.24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны хууль эрх зүйн газарт гаргасан хүсэлт /хх-111, 112, 113/, Ц.Агийн 2022.11.18-ны өдөр ИГФ ББСБ ХХК-д гаргасан тайлбар /хх-124/, Монгол банкны 2023.08.07-ны өдрийн Б-10/612 дугаартай албан бичиг, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаал, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам /хх-127, 128, 129-151/, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.08.01-ний өдрийн 7/3027 дугаартай албан бичиг /хх-152/, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023.08.04-ний өдрийн 4/71 дугаартай лавлагааны хуудас /хх-153/, Ц.Агийн ******* банкны ******* дугаар дансны хуулга /хх-154/, хариу тайлбар /хх-173, 174/, Ц.Агийн 2023.09.26-ны өдрийн итгэмжлэл /хх-231/, ИГФ ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-240/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: зээлдэгч Ц.А, Б.М нарын хувийн хэрэг /хх-55-80/, зээлийн карт /хх-55/, 2022.02.21-ний өдрийн 22/02 дугаартай зээлийн гэрээ /хх-56-59/, 2022.02.21-ний өдрийн 22/02 дугаартай Барьцааны гэрээ /хх-60-63/, 2022.02.21-ний өдрийн зээл хүссэн өргөдөл /хх-64/, зээлийн карт /хх-65/, 2021.08.27-ны өдрийн 206 дугаартай Эвлэрлийн гэрээ /хх-66-68/, 2020.05.16-ны өдрийн 19/19/А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-69-70/, нотариатын 2021.01.25-ны өдрийн 0076 дугаартай баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэл /хх-71/, 2020.11.16-ны өдрийн 19/19/А1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-72-74/, 2019.05.16-ны өдрийн 19/19 дугаартай Зээлийн гэрээ /хх-75-77/, 2019.05.16-ны өдрийн 19/19 дугаартай Барьцааны гэрээ /хх-78-79/, 2019.05.16-ны өдрийн зээл хүссэн өргөдөл /хх-80/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ИГФ ББСБ ХХК нь хариуцагч Ц.А, М.М нарт холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 98,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 11,389,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2,132,910 төгрөг, нийт 111,522,389 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-*************** дугаарт бүртгэлтэй, ************ хот, ************ дүүрэг ************дугаар хороо, ************ хороолол /13374/, ************ гудамж, ************ дугаар байр, ************ тоот, ****** м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл 98,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 20,410,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,059,616 төгрөг буюу 10,948,077 төгрөгөөр, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээл 98,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 29,206,685 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5,164,734 төгрөг буюу 9,900,953 төгрөгөөр, 2023 оны 69 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээл 98,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 33,153,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5,931,551 төгрөг буюу 4,713,666 төгрөгөөр, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл 98,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 35,747,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,450,279 төгрөг буюу 3,112,463 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 98,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 35,747,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,450,279 төгрөг, нийт 140,197,548 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсныг хүлээн зөвшөөрнө, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул уг гэрээний дагуу хүү төлөх талаар тайлбарлаж өгөөгүй тул хүү, алданги төлөх үүрэггүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. ИГФ ББСБ ХХК болон Ц.А, М.М нар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг тус тус байгуулж, 98,000,000 төгрөгийг бизнес үйл ажиллагааны зориулалтаар, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн Ү-*************** дугаарт бүртгэлтэй, ************ хот, ************ дүүрэг ************дугаар хороо, ************хороолол /13374/, ************ гудамж, 83 дугаар байр,************тоот, 89,83 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-10, 11-13/
5. Зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зээлийн гэрээг бичгээр байгуулах, барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан байна.
Зохигчид дээр дурдсан гэрээг байгуулсан талаар маргаагүй
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
ИГФ ББСБ ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Х банкны 5114398766 дугаартай данснаас 98,000,000 төгрөгийг Ц.Агийн ************-ны ************ дугаартай данс руу шилжүүлсэн байна. /хх-ийн 15/
7. Хариуцагч тал Х банкны дансаар 98,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй боловч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, ******* дугаартай зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх тайлбарыг гаргаж маргасан.
Мөн хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ИГФ ББСБ ХХК-ийн зүгээс өмнөх зээлийн гэрээний үүргийг хааж өгөх саналыг тавьж, тус компанийн хувьцаа эзэмшигч ************ 98,000,000 төгрөгийг тодорхой шимтгэл авч шилжүүлснийг ИГФ ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлсэн тул зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, ашиглах боломжийг олгоогүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.
8. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц.Агийн Х банкны *********** дугаартай дансны хуулгаар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19:29 цагт орлого гэсэн гүйлгээний утгатай 98,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, уг данснаас 16.44 цагт Х банкны 5114398766 дугаартай данс руу 22/02 зээл хаав гэсэн гүйлгээний утгатай 98,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, мөн 16:55 цагт Х банкны 5114398766 дугаартай данснаас ******* зээл олгов гэсэн гүйлгээний утгатай 98,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 154/
Дээр дурдсан Х банкны *********** дугаартай дансны хуулгаас үзэхэд Ц.А нь өөрийн дансанд орлогоор орсон 98,000,000 төгрөгийг ИГФ ББСБ ХХК-тай байгуулсан 22/02 дугаартай зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн зээлээ хаасан байх ба үүний дараа ИГФ ББСБ ХХК-аас ******* дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 98,000,000 төгрөгийг Ц.Агийн данс руу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
9. ИГФ ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлээр хариуцагч нартай гэрээ байгуулах үед тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд буюу Гүйцэтгэх захирлаар Д.Э хувьцаа эзэмшигчээр БНСУ-ын хуулийн этгээд ******** ХК, иргэн ************* гэсэн бүртгэл хийгдсэн болох нь тогтоогдож байна.
Тус компанийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн ************* нь хариуцагч Ц.Атай өөрийнх нь хувьцаа эзэмшдэг ИГФ ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлөх мөнгийг өгөх талаар тохиролцож, мөнгө шилжүүлсэн, улмаар Ц.А нь зээлийн гэрээний үүрэгт 98,000,000 төгрөгийг ИГФ ББСБ ХХК-тай байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22/02 дугаартай зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
БНСУ-ын иргэн ************* нь ИГФ ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн боловч түүний Ц.Ад мөнгө өгч, хураамж авсан асуудал нь нэхэмжлэгч компанийн өмнөөс хийсэн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн ************* нь өөрийн нэрийн өмнөөс зээлдэгч Ц.Атай хийсэн тохиролцоо, мөнгө зээлсэн, зээлдүүлсэн, шимтгэл хураамж авсан үйл ажиллагаа нь ИГФ ББСБ ХХК-д хамааралгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.
Хариуцагч Ц.А нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ИГФ ББСБ ХХК-аас ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 98,000,000 төгрөгийг ашиглаж чадалгүй, ИГФ ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн *************-д шилжүүлсэн гэх асуудалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байх ба олгосон зээлийг нэхэмжлэгч буцаан авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
10. Хариуцагч тал нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ нь талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл 80,000,000 төгрөг, түүний хүү 18,000,000 төгрөгийг төлөх үүргийг баталгаажуулж хийсэн дүр үзүүлэн хийсэн гэрээ гэх тайлбарыг гарган зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.
ИГФ ББСБ ХХК болон Ц.А, М.М нарын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээнд 98,000,000 төгрөгийг бизнес үйл ажиллагааны зориулалтаар, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлдүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон талаар дурдсан гэрээг бичгээр байгуулж, гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлжээ.
Зохигчдын байгуулсан дээрх тохиролцоо бүхий гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 193 дугаар зүйлийн 193.1-д үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, зээлийн гэрээний үндсэн шинжийг агуулсан, мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байна.
Хариуцагч нь тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байх боловч зохигчдын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч ИГФ ББСБ ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 98,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Агийн данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алиных нь Х банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж дүр үзүүлэн хийсэн гэрээ гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Хариуцагч нь ИГФ ББСБ ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний дагуу хүү төлөх талаар танилцуулаагүй гэх тайлбарыг гаргаж буй нь үндэслэлгүй байх ба 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулах үед хариуцагч нар нь уг гэрээг хүчин төгөлдөр бус болох талаар маргаж байгаагүй байх бөгөөд энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ, гэрээний нөхцөл, үүрэг, хариуцлагын талаар нэхэмжлэгчээс тайлбарлаагүй, дарамт шахалт үзүүлэн тус гэрээг байгуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн тайлбар, татгалзал тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн тайлбар, татгалзалд дурдсан нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч түүнд өмнөх зээлийн гэрээг хаах талаар тохиролцсон гэх асуудал, компанийн хувьцаа эзэмшигчээс шилжүүлсэн авсан мөнгөө тухайн өдөр нь хэдэн минутын зайтай нэхэмжлэгч компанийн данс руу шилжүүлсэн гэх асуудал нь талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.
11. Хариуцагч нар нь ИГФ ББСБ ХХК болон Ц.А, М.М нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ******* дугаартай Барьцааны гэрээг байгуулсан болон тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
12. Хариуцагч нь ИГФ ББСБ ХХК 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсныг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд зээл 98,000,000 төгрөг гэж бичин нийлмэл хүүтэй зээл олгосон гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч нь ИГФ ББСБ ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Х банкны 5114398766 дугаартай данснаас 98,000,000 төгрөгийг Ц.Агийн Х банкны *********** дугаартай данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч талын нийлмэл хүүтэй зээл олгосон гэх тайлбар үндэслэлгүй байна.
13. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч ИГФ ББСБ ХХК нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж гэрээний үүргийг зээлдэгчээс гаргуулахаар шаардсан байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч тал гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч тал болох нэхэмжлэгч нь гэрээг цуцалж гэрээний үүргийг шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд нийцэж байна.
14. Хэрэгт авагдсан ИГФ ББСБ ХХК-ийн Х банкны 5114398766 дугаартай данснаас хуулгаар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт 98,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Агийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 98,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 35,747,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,450,279 төгрөг, нийт 140,197,548 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус өдрөөр нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй тул тухайн цаг хугацаанаас хойших хугацааны хүүг нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлгүй гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг шаардсан бөгөөд нэхэмжлэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний төлбөрөө шаардаж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох эрх зүйн үр дагаврыг бий болгож буй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй юм.
15. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Ц.А, Б.М нараас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 98,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 11,389,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2,132,910 төгрөг, нийт 111,522,389 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИГФ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,675,159 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
16. Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаартай Барьцааны гэрээг байгуулан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээл төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийн үүргийг хангуулахаар барьцааны гэрээний үүргийг шаардсан нь хуульд нийцнэ.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-*************** дугаарт бүртгэлтэй,************* хот, ************дүүрэг ************дугаар хороо, ************ хороолол /13374/, ************н гудамж, 83 дугаар байр, 65 тоот, 89,83 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,304,370 төгрөг /785,765 + 190,120 + 173,366 + 90,369 + 64,750/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 785,762 төгрөг /715,562 + 70,200/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
18. Хариуцагч Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.А, Б.М нараас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 111,522,389 /нэг зуун арван нэгэн сая таван зуун хорин хоёр мянга гурван зуун наян есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИГФ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,675,159 /хорин найман сая зургаан зуун далан таван мянга нэг зуун тавин есөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.А, Б.М нар нь зээлийн гэрээний үүрэгт 111,522,389 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-*************** дугаарт бүртгэлтэй, ************ хот, ***********дүүрэг ***********дугаар хороо,*********** хороолол /13374/, ***********-ийн гудамж, ***********байр, 65 тоот, 89,83 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,304,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, Б.М нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 785,762 төгрөг /715,562 + 70,200/-ийг гаргуулан нэхэмжлэгч ИГФ ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР