Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/04346

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 06 101/ШШ2023/04346

 

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***************** хот, *********** дүүрэг, *********** хороо,*********** хороолол, *********** байр, ***********хаягт оршин суух *********** овогт ***********-ийн *********** /Регистрийн дугаар ***********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *********** хот, ***********дүүрэг, *********** хороо, ***********гудамж, ***********байр, *********** хаягт оршин суух*********** овогт ***********-ын *********** /Регистрийн дугаар ***********/-т холбогдох,

 

2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгч: Д.М

хариуцагч Г.Б /цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Н

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.М миний бие иргэн Г.Бтай 2022 оны 6 дугаар сард 22-ны өдөр Ү-****************, ************* дугаартай хувийн сууц, Ү-********, ************* дугаартай агуулах, Э-************* , *************  дугаартай 700 м.кв газрын хамт газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж зах зээлийн ханшаар 85,000,000 төгрөгөөр тооцож худалдсан болно. Миний бие урьдчилгаа 30,000,000 төгрөгийг авсан, үлдсэн мөнгийг 2 машин зараад өгнө гэж хэлсэн. Би түүнд нь итгээд нэрийг нь солихоор нотариат орж, үл хөдлөхийн гэрчилгээгээ шилжүүлж өгсөн. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр залгахад машин зарагдахгүй байна гээд 5,000,000 төгрөгөөр хийсээр 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд цувуулж өгсөн нь 78,000,000 төгрөг болсон. Г.Бын төрсөн ах Г.Б-ээс 5,000,000 төгрөг авснаар, нийт 83,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй, миний хүсэлтийг хүлээн авахгүй байгаа тул Г.Баас 2,000,000 төгрөг гаргуулахааар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бид хоёр үнэ дээрээ тохирсон байсан бол гал тогооны тавилгаа үлдээж болох байсан. Гал тогооны тавилгыг үлдээе гэсэн болохоос үнэ тохирч зараагүй. Гал тогооны тавилгыг байшингийн үнэд оруулаагүй. Манай эхнэр үлдээхгүй гэж байна гэж би хэлэхэд хавар ав гээд хэлэхээр нь үлдээхэд одоо болтол өгөөгүй. Би хөргөгчөө ачаад явсан. Хашааны хувьд Г.Б надад 10,000,000 төгрөг дутуу өгсөн байх үед 2022 оны 10 дугаар сард би контейнероо авсан. Үлдсэн хэсэгт нь хашаа барьж өгөх гэтэл одоо барьж өг гээд би хашааг нь барьж өгсөн. Блок гэж яриад байгаа боловч надад тийм үүрэг байхгүй. Би хашааг нь бөглөөд өгье л гэж хэлсэн. Блокоор барьж өгөх гээд хайргаа хашаанд үлдээсэн, хашаа бариулж байж үлдэгдэл мөнгөө өгөх гээд байгаа юм байна гэж ойлгоод хашааг нь барьж өгсөн. Банзаар хашааг нь барьж өгсөн. Үүнээс хойш мөнгөө өгөхгүй гээд маргаж эхлээд, олон удаа хэрүүл болсон. Блокоор бариулахаар бол хавар бариул гэж би хэлсэн. Тэгэхэд одоо барьж өг гээд бариулсан. Хашаа барих талаар тохирсон зүйл огт байхгүй. Грашийн хаалга дээр хөөс хадаад өгөөч гэхээр нь хөөсөөр яадаг юм гэж л би хэлсэн. Грашийн цоожийг хүртэл авна гэж хэлж байсан. Мөнгөө өгөхгүй байх олон шаардлага хэлж байсан. Тэр нь надад огт хамаагүй. Мөнгөөр авсан нь надад огт хамаа байхгүй. Миний барьсан байсан хашааг өөрөө авсан болохоос би захиалгаар хашаа байшин барьж өгөөгүй. 4-5 метр газрыг блокоор би барьсан байсан тул блокоор ижил барья гэж байсан ч намайг луйварчин гээд байхаар нь барьж өгөөгүй. Урд айлтайгаа хашаа тусгаарлаагүй байгаа юм байна гэж ойлгоод банзаар хашаа барьж өгсөн. Хашаа байшин зарснаас биш хашаа барихаар тохироогүй. Дараа нь би хашааг нь битүүлж өгөөд, гал тогооны тавилгаа өгнө гэж хэлсэн нь үнэн. Дараа нь буцааж авахаар болсон. Утасны бичлэгээ баримт гэж үзээд байх шиг байна. Цемент яаж өрөх талаар ч мөн хэрүүл болсон. Утсан дээр зориудаар тавилгаа аваад явсан байна гэж бичлэг хийгээд баримт гэж зүтгээд байгаа нь хэцүү. Анхнаасаа блокоор хашаа барина гэж хэлээгүй .Банзаар барихад өөрөө хашаа барилцсан. Намайг хэл амаар доромжилсон. Хариуцагч Г.Баас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Б нь Д.Моос 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр************* дүүргийн *************  хороо, ************* гудамж,************* т үл хөдлөх болон хашаа байшинг 85,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Анх тохиролцохдоо байшинд хөргөгч болон гал тогооны тавилгатай, хашааны урд хэсэгт 20 тн контейнер тавьсан хэсгийн гадна талд 6-7 м хашаагүй хэсгийг блокоор барьж өгөхөөр тохиролцон авсан. Дараа нь төлөлт дуусах хугацаанд Д.М нь анх тохиролцсоноосоо буцаж эхэлсэн. Нэг ирээд хөргөгчөө аваад явсан. Дараа нь ирэхдээ манай эхнэр гал тогооны тавилгаа өгөхгүй гээд байгаа авна гэсэн. Сүүлд нь тооцоо хийж дуусгах болтол газар хөлдсөн гээд хашаагүй хэсгийг блокоор барих боломжгүй гээд модоор таглаад явсан. банз буулгаад шон зоогоогүй, эвлүүлээд барьсан байсан нь хавар унаад хэмхэрсэн. 6-7 метр хашааг барихад тооцоо нь 1,200,000 төгрөг болох байсан. Н.Мын хэлснээр бага мөнгө хэлээд байсан. Иймд миний бие нь анх тохиролцсон гал тогооны тавилга, хөргөгч, хашааг блокоор барьж өгөхийг шаардсан. Үүнээс үл ойлголцол үүссэн. Төлбөр дуусахаас өмнө хашаагаа барьж өг гэж зөндөө ярьсан. Болохгүй байсан тул бичлэг хийсэн, бичлэг хийж байгаагаа ч өөрт нь хэлсэн. Миний бие Д.Моос хашаа болон гал тогоо, хөргөгчөө шийдэж өгвөл үлдэгдэл болох 2,000,000 төгрөгийг өгнө гэдгийг хэлсэн. Нэгэнт шүүхэд өгөөд асуудал үүсгэж байгаа тул анхны тохиролцсоноор гал тогоо, хөргөгчөө нэхэж байгаа. Тийм учраас 2,000,000 төгрөгт хашаагаа янзлаад болгоё гэж хэлсэн. Төлбөр дуусахаас өмнө хашаагаа барьж өгнө гэж зөндөө ярьсан. Огт худал зүйл яриад байна. Болохгүй байсан тул бичлэг хийсэн, бичлэг хийж байгаагаа өөрт нь хэлсэн гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Д.Мын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Х банк-ны ************* дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-4-13/, 2022.06.22-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-14-15/, 2022.06.22-ны өдрийн ******** бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ /хх-16-17/, 2022.06.22-ны өдрийн *****бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ /хх-18-19/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Г.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-22/, хариу тайлбар /хх-27/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2023.09.04-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Г.Бт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч Г.Б нь гэрээний төлбөрөөс 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч байх боловч Д.М нь тохиролцсоноор гал тогооны тавилга, хөргөгч өгөх, мөн хашааны контейнер байрлуулсан хэсэгт блокоор хашаа барих үүргээ хэрэгжүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийн 3057 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Д.М нь эрхийн улсын бүртгэлийн Э-************* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1331902179 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад-49 гудамж, 823 тоот хаягт байрлах 700 м.кв /0,07га/ гэр орон сууцны хашааны зориулалттай газрын эрхийг Г.Бт шилжүүлэхээр тохиролцсон. /хх-14-15/

4.2. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийн ******** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.М нь эрхийн улсын бүртгэлийн Ү-**************** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад-49 гудамж, 823 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Бт худалдахаар тохиролцсон. /хх-16-17/

4.3. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийн************* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.М нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, ************* дүүргийн ************* хороо,************* гудамж, 8************* хаягт байрлах 96 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Бт худалдахаар тохиролцсон. /хх-18-19/

4.4. Дээр дурдсан бүртгэлийн 3057 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд газрыг үнэ төлбөргүй шилжүүлэх, бүртгэлийн ******** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд 43 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 15,000,000 төгрөгөөр худалдах, бүртгэлийн *****дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд 96 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 15,000,000 төгрөгөөр худалдах гэж бичсэн байгаа боловч Д.М, Г.Б нар газар, хувийн сууц, агуулахын үнийг нийт 85,000,000 төгрөгөөр тохиролцсоноос Г.Б нь 83,000,000 төгрөгийг төлсөн.

 

Дээр дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй ба тэдний байгуулсан гэрээний тохиролцооноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчид гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Г.Б нар нь************* дүүргийн ************* хороо, ************* гудамж, *************  хаягт байрлах 700 м.кв /0,07га/ гэр орон сууцны хашааны зориулалттай газар, 43 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 96 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 85,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болон эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6. Хариуцагч нь худалдан авсан эзэмшлийн газар, өмчлөлийн хувийн сууц, агуулахыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, төлбөрт нийт 85,000,000 төгрөгийг төлөхөөс 83,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Д.М өөрийн худалдаж буй хувийн сууцанд байсан гал тогооны тавилга, хөргөгчийг түүнд өгөхөөр тохирсон боловч өгөөгүй, мөн хашааны контейнер байрлуулсан хэсэгт 6-7 метр блокоор хашаа барьж өгөхөөр харилцан тохиролцсон боловч анх тохиролцсон тохиролцоогоо биелүүлээгүй, хашааг блокоор барих зардал 1,200,000 төгрөг болж байгаа гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

8. Нэхэмжлэгч нь өөрийн худалдаж буй хувийн сууцны гал тогооны тавилга, хөргөгчийг үлдээж болох талаар хариуцагчид хэлж байсан боловч эхнэр зөвшөөрөөгүй тул өгөх боломжгүй болсон, худалдсан газар, хувийн сууц, агуулахын төлбөрт гал тогооны тавилга, хөргөгчийн үнийг оролцуулан тооцохоор тохиролцоо хийгээгүй, хариуцагчид эдгээр хөрөнгийг өгөх үүрэггүй гэх тайлбарыг гаргаж маргасан.

 

Мөн худалдсан хашааны контейнер байрлуулсан хэсгийг блокоор барьж өгөх талаар хэлж байсан боловч ийм үүргийг хүлээгээгүй, 7 метр хашааг блокоор барихад 350,000 орчим төгрөг болох бөгөөд ийм өртөг бүхий банзаар барьж өгсөн гэх тайлбарыг гаргасан.

 

9. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж, 254 дүгээр зүйлийн 254.1Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар худалдан авагч буюу хариуцагч нь худалдан авсан эзэмшлийн газар, өмчлөлийн хувийн сууц, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зохих ёсоор шилжүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар нөгөө талдаа шаардлага гаргах эрхтэй бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүснэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг анх тохиролцсоны дагуу гал тогооны тавилга, хөргөгч өгөөгүй, барихаар тохирсон хашааг зохих ёсоор бариагүй гэж үзсэн тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах шаардлага гаргах эрхтэй боловч гаргаагүй байна.

 

10. Зохигчдын хооронд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бүртгэлийн 3057 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, бүртгэлийн ******** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, бүртгэлийн *****дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэхэмжлэгч Д.М гал тогооны тавилга, хөргөгчийг гэрээний төлбөрт тооцон өгөх, 6-7 метр блокоор хашаа барьж өгөх үүргийг хүлээсэн талаар дурдаагүй байна. /хх-14-19/

 

11. Хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлыг нотлохоор эхнэрийн 96113993 дугаартай утсанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 06 минутад хийсэн аудио бичлэгт үзлэг хийлгэсэн ба үзлэгээр Д.М нь үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж Г.Б нь 6-7 метр хашааг блокоор барьж өгсөн тохиолдолд мөнгийг өгөх талаар ярилцсан болох нь тогтоогдож байх боловч тус ярианы бичлэгээр нэхэмжлэгчийг хариуцагчид гал тогооны тавилга, хөргөгчийг гэрээний төлбөрт тооцон өгөх, 6-7 метр блокоор хашаа барьж өгөх үүргийг хүлээсэн гэж үзэх боломжгүй байна. /хх-54-64/

 

12. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүрэгт гал тогооны тавилга, хөргөгчийг гэрээний төлбөрт тооцон өгөх, 6-7 метр блокоор хашаа барьж өгөх үүргийг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байх ба хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид худалдсан эзэмшлийн газар, өмчлөлийн хувийн сууц, агуулахын төлбөрт нийт 85,000,000 төгрөгийг авахаас 83,000,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 121,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Баас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мод олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 121,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 дугаар данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Мод олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР