Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/03160

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 10 181/ШШ2023/03160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТМ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ӨАГ ТБАГ-д холбогдох,

Гэрээний үүрэгт 15,918,000 төгрөг, гэрээний алдангид 7,959,000 төгрөг, нийт 23,877,000 төгрөг гаргуулах тухай хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ТМ ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Манай компани нь ӨАГ ТБАГтэй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан. Тус гэрээний дагуу манай компани 1 жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийг хариуцагчид нийлүүлсээр ирсэн бөгөөд үүнээс нийт 64,836,900 төгрөгийн хариу төлбөрийг хүлээн авсан.

Манай компани нь 2022 оны 05-р сарын 10-ны өдөр 4 нэр төрлийн 8,728,000 төгрөгийн, 2022 оны 05-р сарын 19-ний өдөр 2 нэр төрлийн 1,190,000 төгрөгийн, 2022 оны 06-р сарын 07-ны өдөр 3 нэр төрлийн 6,000,000 төгрөгийн, нийт 15,918,000 төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг ӨАГ ТБАГт нийлүүлсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд манай компани хариуцагч ӨАГ ТБАГт хандан гэрээний үүргээ биелүүлэх, дээрх төлбөрийн үлдэгдлийг гэрээний хугацаанд төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, төлбөрийн нэхэмжлэх явуулж, утсаар холбогдож шаардлага хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл авлага барагдуулах талаар ямар ч ажлыг хийгээгүй, төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй.

Гэрээний талуудыг төлөөлж ТМ ХХК -ийн нягтлан бодогч Г.Баярмаа, ӨАГ ТБАГийн нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт үйлдэж нийт 15,918.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг баталгаажуулсан байдаг.

Талуудын Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ-ний 4.2 дах хэсэгт "Эм барааг зээлээр худалдан авсан тохиолдолд зээлийн төлбөрийг төлөх хугацаа 14 хоног байх бөгөөд төлбөрийн хугацааг хэтрүүлбэл зээлийн анхны үндсэн үнийн дүнгээс бодсон алдангийг ханган нийлүүлэгч талд төлөх бөгөөд зээл авснаас хойшхи 14-28 дахь хоногт төлбөр хэтэрсэн хоног тутамд хоногийн 0.5 хувийн алдангийг, харин үүнээс хойшхи хугацаанд хоногийн 1 хувийн алдангийг ханган нийлүүлэгч талд үл маргах журмаар төлнө" гэж заасны дагуу Иргэний хуулийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч нь гэрээний хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги төлөх үүрэгтэй. Иймд зээлээр бараа авснаас хойшхи 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 24 сар 29 хоног /нийт 746 хоног/-т гэрээний үнийн дүнгээр 14-28 хоногт 0,5 хувиар, үүнээс хойшхи хоног тутам 1 хувиар алданги тооцоход нийт 117,750,440 төгрөгийн алдангийг төлүүлэхээр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зуйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу зээлийн үндсэн төлбөрийн 50 /тавин/ хувь болох 7,959,000 төгрөгийн алдангийг хариуцагчаар төлүүлэхээр шаардаж байна.

Иймд хариуцагч ӨАГ ТБАГээс эм эмнэлгийн хэрэгслийн үнэ 15,918,000 төгрөг, гэрээний алданги 7,959,000 төгрөг, нийт 23,877,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ӨАГ ТБАГ ТБАГ нь шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: ТМ ХХК -ийн нэхэмжилсэн 15,918,000 төгрөгийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас ТМ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ, Тооцооны үлдэгдэлийн баталгаа, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8,728,000 төгрөгийн нэхэмжлэх, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1,190,000 төгрөгийн нэхэмжлэх, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6,000,000 төгрөгийн нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТМ ХХК нь хариуцагч ӨАГ ТБАГ ТБАГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 15,918,000 төгрөг, алданги 7,959,000 төгрөг, нийт 23,877,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ТМ ХХК нь хариуцагч ӨАГ ТБАГ-ээс эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, алданги гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч ӨАГ ТБАГ нь эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг төлөхийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөөгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч ТМ ХХК нь хариуцагч ӨАГ ТБАГ-тэй 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, худалдагч ТМ ХХК нь нь эм барааг нийлүүлэхээр, худалдан авагч ӨАГ ТБАГ нь эм, барааг хүлээн авч тохиролцсон хугацаанд үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 6-7 хуудас/

Талуудын хүсэл зоригийн илэрхийллийн агуулга, зорилго нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад нийцсэн, гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

2. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

2.1. Талууд гэрээний дагуу эм, эмнэлэгийн хэрэгслийг нийлүүлж, төлбөр тооцоог хийж байсан бөгөөд ТМ ХХК нь 2022 оны 05-р сарын 10-ны өдөр 4 нэр төрлийн 8,728,000 төгрөгийн, 2022 оны 05-р сарын 19-ний өдөр 2 нэр төрлийн 1,190,000 төгрөгийн, 2022 оны 06-р сарын 07-ны өдөр 3 нэр төрлийн 6,000,000 төгрөгийн, нийт 15,918,000 төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг ӨАГ ТБАГт хүлээлгэн өгсөн, ӨАГ ТБАГ нь үнийг төлөөгүй болох нь талуудын Тооцооны үлдэгдэлийн баталгаа, Нэхэмжлэхүүд зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 9-12 хуудас/

 

Хариуцагч ӨАГ ТБАГ нь эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ нийт 15,918,000 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Хариуцагч ӨАГ ТБАГ нь ТМ ХХК -тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр эм, эмнэлэгийн хэрэгслийг хүлээн авсан даруйд төлбөр тооцоог хийхээр, зээлээр авсан тохиолдолд 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон байх боловч үнийг төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байна.

 

Иймд хариуцагч ӨАГ ТБАГ-ээс дээрхи эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ 15,918,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТМ ХХК -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Алдангийн тухайд,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд уг зүйлийн 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхойлсон.

 

2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ-ний 4.2-д Эм барааг зээлээр худалдан авсан тохиолдолд зээлийн төлбөрийг төлөх хугацаа 14 хоног байх бөгөөд төлбөрийн хугацааг хэтрүүлбэл зээлийн анхны үндсэн үнийн дүнгээс бодсон алдангийг ханган нийлүүлэгч талд төлөх бөгөөд зээл авснаас хойшхи 14-28 дахь хоногт төлбөр хэтэрсэн хоног тутамд хоногийн 0.5 хувийн алдангийг, харин үүнээс хойшхи хугацаанд хоногийн 1 хувийн алдангийг ханган нийлүүлэгч талд үл маргах журмаар төлнө гэжээ.

Уг заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал хуульд заасан алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс, 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр тооцохоор заасан байтал зээлийн анхны үндсэн үнийн дүнгээс, хоногийн 1 хувиар тооцохоор заасныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд талуудыг алдангийн талаар тохиролцсон буюу анзын гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч тал нь алданги 7,959,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн 23,877,000 төгрөгийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 277,335 төгрөгийг урьдчилан төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ӨАГ ТБАГ -аас 15,918,000 /арван таван сая есөн зуун арван найман мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТМ ХХК -д олгож, нэхэмжлэлээс алданги 7,959,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТМ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,335 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨАГ ТБАГ-иас 237,540 /хоёр зуун гучин долоон мянга таван зуун дөч/ төгрөгийг гаргуулж ТМ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА