Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00173 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Хт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 675 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч А ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь иргэн Н.Хтай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дугаар ЗГ-17091801 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.Хт 5 000 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаатайгаар 1 сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хавсралтаар 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17091801 тоот фидуцийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн болно. Фидуцийн гэрээгээр Тоёота приус-20 маркийн 24-91 УНВ улсын дугаартай, суудлын зориулалттай, цайвар ногоон өнгийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч Н.Хтай зээлийн гэрээгээр үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүг 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сар бүрийн графикийн дагуу төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл зээлдэгч Н.Х зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Н.Хаас зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөг, зээлийн хүү 1 675 000 төгрөг, зээлийн гэрээний 2.1 дэх заалтад зааснаар зээлдүүлсэн зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 2 500 000 төгрөг, нийт 6 675 000 төгрөгийг Н.Хаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А ХХК-тай ЗГ-17091801 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг тухай бүр хийж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны төлөлтийг төлөлгүй 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр А ХХК-ийн байранд очиж уулзан зээлийг бүгдийг төлж дуусгах талаар ярилцаад үндсэн зээл 2 499 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 сарын зээлийн хүү 300 000 төгрөг, нийт 2 799 000 төгрөгийг төлөх гэтэл компанийн зүгээс зээлийн үндсэн төлбөр 2 499 000 төгрөг, хүү 450 000 төгрөг, алданги 375 000 төгрөг, нийт 3 324 000 төгрөг төлөхийг шаардсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний заалтыг зөрчиж, үндэслэлгүй өндөр төлбөр нэхэж байсан учир төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд алдаатай, буруу бодсон нэхэмжлэлийн шаардлагын дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Хаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4 198 005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 476 995 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 82 118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдолдоо: “...Н.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр "Алтан шургуул" ХХК-тай ЗГ-17091801 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг тухай бүр хийж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны төлөлтийг төлөлгүй, 2018 оны 02 дугаар сарын 16-нд "Алтан шургуул" ХХК-ийн байранд очиж уулзан зээлийг бүгдийг төлж дуусгах талаар ярилцаад үндэн зээл 2 499 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 2 сарын зээлийн хүү 300 000 төгрөг, нийт 2 799 000 төгрөгийг төлөх гэтэл компанийн зүгээс зээлийн үндсэн төлбөр 2 499 000 төгрөг, хүү 450 000 төгрөг, алданги 375 000 төгрөг, нийт 3 324 000 төгрөгийг төлөхийг шаардсан. Компанийн ажилтанд зээлийн дүнгийн талаар буруу бодож байгааг удаа дараа тайлбарласан боловч манай компани зээлийн эргэн төлөлтийг ингэж боддог гэх тайлбарыг хэлсээр тухайн өдрөө тохиролцоонд хүрч чадаагүй.

Дахин 2018 оны 03 дугаар сарын 17-нд зээлийн хугацаа дуусах өдөр "Алтан шургуул" ХХК-ийн байранд очиж уулзан зээлийг төлж дуусгах талаар ярилцаад үндсэн зээл 2 493 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 3 сарын зээлийн хүү 449 820 төгрөг, нийт 2 948 820 төгрөгийг төлөх нэхэмжлэгч тал дахин хүлээж аваагүй. Учир нь үндсэн зээл, хүү, алданги гээд 5 000 000 гаран төгрөг Н.Хаас нэхсэн. Зээлийн төлбөрт 2 948 820 төгрөгийг төлөх гээд мөнгөө өгөхөөр ажилтнууд нь авдаггүй, дансанд нь тушаах гэхээр зээлийн гэрээнд данс бичээгүй, мөн ажилтнууд нь дансаа хэлдэггүй нөхцөл байдал үүсч, зээлийн төлбөрийг төлж чадаагүй.

Хариуцагчийн хувьд 00173 тоот шийдвэрээр үндсэн төлбөр 2 498 814 төгрөг, хүү 449 784 төгрөг, нийт 2 948 598 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг бүрэн зөвшөөрч, харин алданги 1 249 407 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

                                                                   ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан байх боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйг залруулан өөрчлөх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Н.Хт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 675 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2 950 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Талууд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ-№17091801 дугаартай зээлийн болон тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээг тус тус байгуулж, 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний хугацаанд Тоёота Приус-20 маркийн 24-91 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд, зээл эргэн төлөх хуваарь, А ХХК-ийн зарлагын баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 4, 5-6, 7-8, 23-24/

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Хаас 4 198 005 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 476 995 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн тооцоолол зөв боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөх нь зүйтэй.

 

            Хэргийн 11-12 дугаар талд авагдсан А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх 0001680 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй хуулийн этгээд байна.

 

            Энэ тохиолдолд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж хууль буруу тайлбарлажээ.

            Зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн талууд зээлийн гэрээний 1.6 дахь хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар” алдангийн талаар тохиролцон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн тул нэхэмжлэгч нь алдангийг шаардах эрхтэй. Иймээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2...” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Хаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

           

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН