Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 159

 

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

иргэдийн төлөөлөгч Г.Баасанжав,

нарийн бичгийн дарга C.Буянхишиг,

шүүгдэгч Б.Алтантулга түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогч Ө.Магсар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Базарваань овогт Баяраагийн Алтантулгад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626022865 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Базарваань овогт Баяраагийн Алтантулга, /ЧЛ85042015/ 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байр 74 тоотод бүртгэлтэй боловч 2005 оноос хойш тодорхой оршин суух хаяггүй амьдарч байгаа, хэрэгт холбогдох үедээ Бамбай харуул хамгаалалтын компанид ажиллаж байсан,

Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар  3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 05 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

 

Шүүгдэгч Б.Алтантулга нь согтуугаар танхайн сэдэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын хойд талд хохирогч Ө.Магсарыг “архи авч өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь  гараараа цохиж , өшиглөн баруун нүдийг сохолж эрхтэнээс хагацааж бие махбодид нь баруун нүдний алимны  нэвтэрсэн шарх, баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдэнд хиймэл алим суулгах мэс заслын дараах байдал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Алтантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би урьд нь Магсартай хамт архи ууж байсан. Би санаатайгаар Магсарын нүдийг нь хутга, мэсээр сохлох гэсэн зүйл байхгүй. Түүнийг нэг л удаа цохисон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би албаар хохирогчийн нүдийг сохлоогүй. Энэ хэрэг гардаг өдөр архи зардаггүй өдөр байсан бөгөөд бид байнга архи авдаг дэлгүүрээсээ архи авсан. Тухайн үед өмнөх өдөр нь архи уусан бага зэргийн шарталттай байсан. Гэхдээ согтуу байгаагүй.  Тэр үед 30 дугаар байрны Мөөгий хажууд байсан. Тэр хүн намайг явъя гэхэд Магсар ах хамт архи ууя гэж хэлсэн” гэв.

 

Хохирогч Ө.Магсар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дэлгүүрээс нэг хайрцаг тамхи авсан. Тэгтэл Алтантулга намайг “авсан архинаасаа өг” гэхээр нь “ах нь архи аваагүй” гэж хэлээд зам гарахад араас дагаж гараад зэрэгцэж явж байгаад цохьсон. Тэгэхээр нь би доошоо суусан. Тэгэхэд Алтантулга “би шоронд байсан” гэх зэрэг юм ярьсан. Би түүнийг “болиоч ах нь чамайг дийлэхгүй шүү дээ” гэхэд намайг олон удаа өшиглөж байгаад явсан. Тэр үед хоёр залуу надад туслаад намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгэхэд “манайд нүдний эмч байхгүй, нэгдүгээр эмнэлэгт үзүүл” гээд бичиг хийж өгсөн. Тэгээд би Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд эмч нар нь ажлаа тараад явсан байсан. Тэгээд жижүүрийн эмч нь “таны нүд эвгүй болсон байна. Ямар ч байсан эмнэлэгт хэвтүүлье” гээд ор гаргаад эмнэлэгт хэвтүүлсэн. Маргааш нь нүдний эмчид үзүүлэхэд нүдний алим нэвт хатгагдсан байна гэсэн. Тэгээд шүүх эмнэлгийн эмчид үзүүлэхэд гараараа цохиогүй байна. Гараар цохиход нүдний алим нэвт хатгагдахгүй. Таны энэ нүд хараа орох ямар ч боломжгүй гэж хэлсэн. Миний нүдний цөцгий гоожсон байсан. Тэгээд хагалгаанд орсон. Би нүдний хиймэл алим 150.000 төгрөгөөр хийлгэсэн. Би үнэхээр их гомдолтой байна. Одоо 850.000 төгрөгөөр эрээн нүд хийлгэхээр захиалсан байгаа. Би 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Алтантулга архи авах мөнгөгүй хүн. Сүүлийн нэг сар хамгаалалтын газар ажиллаж байгаа гэж сонсогдсон. Би түүнийг өрөвддөг. Балга архи хүнийг гэмтээх шалтаг биш” гэв.

 

Шүүгдэгч Б.Алтантулга нь танхайн сэдэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын хойд талд хохирогч Ө.Магсарыг “архи авч өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж өшиглөн баруун нүдийг сохолж эрхтэнээс хагацааж бие махбодид нь баруун нүдний алимны  нэвтэрсэн шарх, баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдэнд хиймэл алим суулгах мэс заслын дараах байдал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

УНТЭмнэлгийн өвчний түүх. /хэргийн 37-41 дүгээр хуудас/

Хохирогч Ө.Магсарын “2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16 цаг өнгөрч байхад 3 дугаар хорооллын эцсийн буудлын замынхаа урд талд шуудангийн баруун талд хуучин Сумо нэртэй дэлгүүр байгаа одоо Тэси гэх нэртэй дэлгүүрээс орж тамхи худалдаж аваад буцаад гарахад барзгар хочтой Тулгаа гэдэг залуу над дээр хүрч ирээд архи авсан бол архинаасаа өг гэхээр нь би өнөөдөр архи зардаггүй өдөр, юугаараа архи авах юм тамхи авлаа гэж хэлээд зам хөндлөн хойшоо гарахад Тулгаа миний  араас дагаад гарсан. Тэгээд  чи архиа авчихаад харамлаад байна гэж хэлээд надтай зэрэгцэж явж байгаад миний нүд рүү гэнэт гараараа цохиод энэ үед миний нүднээс оч бутрах мэт халуу дүүгээд би хамраа дараад доош суухад намайг өшиглөөд байхаар нь би болиоч ахын дүү гэхэд баахан зодож байгаад намайг үлдээгээд явсан. Түүнийг явсаны дараа босоод харах гэтэл нүд тагларсан бололтой юм харахгүй байхаар нь би гэмтлийн эмнэлэгт очиход намайг нүдний эмч байхгүй та 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь би ганцаараа такси барин 1 дүгээр эмнэлэгт очин үзүүлэхэд баруун нүдний цөцгийн гоожсон байна, хараа орох ямар ч боломжгүй гээд шууд намайг эмнэлэгт хэвтүүлээд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус эмнэлэгт нүдний хагалгаанд орж баруун нүдээ авахуулсан. Эмч нар хэлэхдээ нүдээ тэс цохиулсан байна гээд миний нүдийг авах хагалгаа хийсэн. Одоо миний баруун нүд байхгүй. Хиймэл нүд нийсэн байгаа. Барзгар гэдэг нь хоч. Харин  түүнийг Тулгаа гэж дууддаг. ...Тухайн үед Тулгаатай, Хуягаа, Лхагваа, Галаа гэдэг хүмүүс хамт явж байгаад дэлгүүрийн араар орж намайг зодсон. Хуягаа, Лхагваа ,Галаа нар намайг зодож байхыг харсан эсэхийг мэдэхгүй. Өөр ямар нэг хүн байгаагүй. Би эмчилгээнд тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Одоогоор баримтаа сайн бүрдүүлээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Би баримтаа бүрдүүлж байгаад нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

“... Би архи аваагүй гэж хэлэхэд худлаа хэлээд архи харамлаад байна пизда минь гээд миний нүд рүү гараараа цохиод миний нүднээс гал гарч байгаа юм шиг манас гээд явсан. Тэгээд би нүдээ доош дараад суухад чи архи харамлалаа гээд миний толгой руу өшиглөөд байсан. Энэ үед би нүдээ дарсан байхад нүднээс цус гарч байсан ба Алтантулга намайг 2-3 удаа өшиглөж байгаад явсан. ...Алтантулга, Галаа нар хамт байгаагүй. Алтантулга ганцаараа явж байсан. Би хагалгаанд ороход 150.000 төгрөг төлсөн. Түүний баримт надад байгаа. Одоо хиймэл нүд хийлгүүлэхэд 800.000 төгрөг шаардлагатай гэсэн. Би энэ мөнгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Сүрэнгийн “... Өлзий-Очир овогтой Магсар гэдэг хүнийг би танина. Энэ хүн миний төрсөн эгч Алтанцэцэгийн хүүхэд байгаа юм. ...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ө.Магсар хүнд зодуулаад 1 дүгээр эмнэлэгт хүргэгдэн очсон байсан. Харин 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Ө.Магсар 1 дүгээр эмнэлгийн эмч над руу залгаад “танай дүү Ө.Магсар хүнд зодуулаад 11 дүгээр сарын 01-ний  өдөр гэмтлийн эмнэлгээс манайд хүргэгдэн ирсэн. Одоо хагалгаанд орох гэж байна” гэж  хэлсэн. Тэгээд би 1 дүгээр эмнэлэгт ирэхэд Ө.Магсар баруун талын нүдээ боосон байсан ба одоо  нүдний хагалгаанд орох гэж байгаа гэж хэлсэн. Харин эмч нь “энэ баруун талын нүд ямарч харах боломжгүй болсон. Цөцгий гоожсон тул одоо хагалгаанд оруулна гэж хэлсэн. Ингээд тэр өдрөө хагалгаанд орж баруун талын нүд бүрэн хараагүй болсон. Одоо бол нүд юу ч харахгүй болсон. Магсар надад хэлэхдээ 3, 4 дүгээр хороолол Дүүхээ төвийн орчмоор архи ууж  явдаг Базгар хочит Тулгаа гэдэг хүнд зодуулсан талаар хэлсэн ба Тулгаа гудамжинд таараад архи авч өг  гэхээр нь архи зардаггүй өдөр гэж хэлэхэд Барзгар Тулгаа нүд рүү нь гараараа цохисон. Гэхдээ бээлий дотор нь ямар нэг юм байсан байх их хатуу зүйл туссан. Тэгээд харахгүй болсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №15150 дугаартай:

“1. Ө.Магсарын биед баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдэнд хиймэл алим суулгах мэс заслын дараах байдал, /2016.11.03/ баруун заовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Баруун нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.1-н 31.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “Баруун нүдний алимны нэвтэрсэн шарх гэмтэл нь 1 удаа гараар цохих үед үүсэх бүрэн боломжтой гэмтэл ба дүгнэлтийн нэг дэх хэсэгт заасан гэмтлүүд нь нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлүүд юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч  Б.Алтантулга нь танхайн сэдэлтээр буюу хохирогч Ө.Магсарыг “архи авч өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь  гараараа цохиж нэг нүдийг нь сохолж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Алтантулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 46 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан бөгөөд хамгийн сүүлд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 05 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байжээ.

Иймд түүнийг ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ө.Магсарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Хиймэл нүд хийлгэх 800.000 мянган төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулж бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Алтантулга нь хүнд гэмт  хэрэг үйлдсэн, урьд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж биечлэн эдэлж байсан зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулах ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Базарваань овогт Баяраагийн Алтантулгыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтантулгыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Алтантулгад оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтансүхийн энэ хэрэгт цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Алтантулгад  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтантулгад 150.000 /нэг тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Магсарт олгосугай.

 

8. Хохирогч Ө.Магсар нь бусад болон цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Алтантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

  

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ

                                          

                     

ШҮҮГЧИД                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                                                         

         Л.ОЮУН