Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/18

 

 

                                                                                                             Н.Идэрсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга,

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэн /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолтой Н.Идэрсайханд холбогдох 2115000000064 дугаартай эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Чин ван овогт Нямаагийн Идэрсайхан /рд:*******/, Булган аймгийн Х сумын Хялганат тосгонд ***оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, Булган аймгийн С сумын ** дугаар багийн “Зүүн гол” гэх газарт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, 34 настай эрэгтэй урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Идэрсайхан нь Булган аймгийн С сумын * дугаар багийн нутаг “Зэд хангай бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын “Зүүн голын Дашлин” гэх газраас ойгоос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.242 м.куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай HYUNDAI PORTER” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Чин ван овогт Нямаагийн Идэрсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1.  Шүүгдэгч Н.Идэрсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  2. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Идэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Н.Идэрсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Идэрсайханаас байгаль экологид учирсан хохирол 628407 /зургаан зуун хорин найман мянга, дөрвөн зуун долоо/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: ******/Төрийн сан дахь ******** тоот дансанд шилжүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Идэрсайханы эзэмшлийн 2200000 /хоёр сая хоёр зуу мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** БУА улсын дугаартай “НҮ11МОА1 РОРТЕР” загварын тээврийн хэрэгсэл болон 10 ширхэг буюу 1.242 м3хэмжээтэй модыг тус тус хурааж, хохиролд тооцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирлоос үлдэх хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: *******/Төрийн сан дахь ********тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, хар өнгийн, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа “***** гэсэн бичигтэй моторт цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  4. Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжпэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэн давж заалдах гомдолдоо: “...Гомдлын үндэслэл: Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг санхүүжүүлэх тухайд

1.Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р багийн иргэн Н.Идэрсайханы хууль бусаар бэлтгэсэн модны хохирол нөхөн төлбөрийн 628,407 төгрөгийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 2. “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн” гэдэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Газар хагалах, ухах, тэслэгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга, чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг” хориглох гэж заасан байдаг.

Иймд Булган аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны 2021/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолын 5 дах хэсгийг хүчингүй болгож “Зэд Хантай Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р багийн иргэн Н.Идэрсайханы хууль бусаар бэлтгэсэн модны хохирол нөхөн төлбөрийн 628,407 төгрөгийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ” гэсэн заалтын дагуу Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны  /Төрийн сан банк ********/ тоот дансанд шилжүүлэх шийдвэр гаргаж хуульд нийцүүлж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэнгийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Идэрсайхан нь Булган аймгийн С сумын ** дугаар багийн нутаг “Зэд хангай бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын “Зүүн голын Дашлин” гэх газраас ойгоос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.242 м.куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай ”HYUNDAI PORTER” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэм буруутай болох нь:

-шүүгдэгч Н.Идэрсайханы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэн, гэрч А.Ганшагай, Г.Өнөрбат нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлгүүд, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээгээр шинэс 1.50 м урттай, 10 ширхэг модны үнэлгээ нь 1.242 м.куб буюу 209,469.51 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2100057 дугаартай тээврийн хэрэгсэл болон цахилгаан хөрөөний үнэлгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Шүүгдэгч Н.Идэрсайхан 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар иргэдэд түлээний мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 209,469.51 төгрөгийн хохирол учруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэхь хэсгийн 1-д тус тус зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” буюу 628,407 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд бэлтгэсэн”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Идэрсайханд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны байх, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон түүний хувийн байдал зэргийг харгалзсан нь үндэслэлтэй болсон байна.

  Шүүгдэгч Н.Идэрсайханы хувьд зөвшөөрөл болон төлбөр хураамж төлсөн нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр гэдгийг иргэн ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх буюу ойн дагалт нөөцийг ашиглахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг хэлнэ.

Шүүгдэгч Н.Идэрсайханы гэмт хэрэг үйлдсэн газар нутаг нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар “Төлбөрийн муж тогтоох тухай”, “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлдэж ашигласны төлбөр тогтоох мужлал”-ын Нэгдүгээр мужийн 1 дэх хэсэгт  “Монгол улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой”-д хамаарч байгаа газар байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэн нь “...Н.Идэрсайханы хууль бусаар бэлтгэсэн модны хохирол нөхөн төлбөрийн 628,407 төгрөгийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ” гэсэн заалтын дагуу Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны /Төрийн сан банк ********/тоот дансанд шилжүүлэх шийдвэр гаргаж хуульд нийцүүлж өгнө үү...” гэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасан байдаг.

Харин хуулиар хориглосон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг дээрх хуульд заасан нөхөн төлбөрийн оролго гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөө хэлбэл гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол хор уришиг нь бусад хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүний улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрөөс өөр ойлголт юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилжээ.

Иймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Идэрсайханы гэм буруутай үйлдлийн улмаас ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 628,407 төгрөгийн хохирлыг байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд уг сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иймд ирэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай

          

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

                                  ШҮҮГЧИД                                        З.ХОСБАЯР 

                                                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН