| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/02431/И |
| Дугаар | 102/ШШ2023/01688 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2023/01688
| 2023 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2023/01688 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Л
Хариуцагч: М
Хариуцагч: Б
Нэхэмжлэлийн шаардлага: 1,808,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Д.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Б.М, Б.Б нараас 1,808,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч Б.М, Б.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Д.Л миний эрүүл мэндэд согтуу үедээ хүндэвтэр гэмтэл бүлэглэн санаатайгаар учруулсан. Энэ нь намайг насан турш эдгэхгүй өвчинтэй болгосон бөгөөд энэ үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутай нь тогтоогдсон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 915 тоот шийтгэх тогтоолын 6-т заасныг үндэслэн өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал 1,308,000 төгрөгийг хариуцагч Б.М, Б.Б нараас, дээрх хэргийн улмаас өмгөөлөгчид төлсөн 1,000,000 төгрөгийг хариуцагч нар хуваан төлөхөөр үүрэг хүлээж хариуцагч Б.Б нь заасан хугацаандаа 500,000 төгрөгийг төлсөн боловч Б.М нь хүлээсэн үүрэгт хугацаагаа зөрчин 1 жил 6 сар боллоо. Иймд хариуцагч Б.М-ээс эмчилгээний зардал 654,000, өмгөөлөгчийн хөлсний үлдэгдэл 500,000 төгрөг, хариуцагч Б.Б-аас эмчилгээний зардал 654,000 төгрөг, нийт 1,808,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/, эмчилгээний төлбөрт төлсөн төлбөрийн баримтууд /хх 3-35/, Б.М нотолгоо нэртэй бичгийн баталгаа /хх 36/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 915 дугаар шийтгэх тогтоол /хх 37/.
3. Хариуцагч нараас хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй.
4. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 915 дугаар шийтгэх тогтоолоор Б.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан холбогдох ял шийтгэлийг ногдуулжээ.
2. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Б.М, Б.Б нарт холбогдуулж гэм хорын хохиролд буюу эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлсөнд нийт 1,808,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч Б.М-ээс ...эмчилгээний зардал 654,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсний үлдэгдэл 500,000 төгрөг-ийг, хариуцагч Б.Б-аас ...эмчилгээний зардал 654,000 төгрөг-ийг тус тус шаарджээ.
3. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч нарын буруутай үйлдлээс миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Үүнээс шалтгаалан байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээний зардал 1,308,000 төгрөг болсон. Хариуцагч нар дээрх төлбөрийг хуваан төлөх ёстой. Мөн өмгөөлөгчийн төлбөр 1,000,000 төгрөгийн 500,000 төгрөгийг Б.Б төлж барагдуулсан. Харин Б.М уг төлбөрийг төлнө гэсэн баталгаа гаргасан боловч төлөөгүй байгаа. Иймд эмчилгээний төлбөр дээр нэмж 500,000 төгрөгийг Б.М-ээс нэхэмжилнэ гэж тайлбарласан.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
6. Нэхэмжлэгч өөрийн биед гэмтэл учирсан, үүнээс шалтгаалж тодорхой хэмжээний зардал гарсан, энэ нь хариуцагч нарын буруутай үйлдлээс шалтгаалсан гэдгийг нотлох үүднээс хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 915 дугаар шийтгэх тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Б.М-ийн гараар бичиж өгсөн Нотолгоо нэртэй бичгийн баримт, төлбөрийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Мөн хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
8. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд, тооцооллыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.
9. Иймд хариуцагч Б.Б-аас эмчилгээний зардалд 654,000 төгрөгийг, хариуцагч Б.М-ээс эмчилгээний зардалд 654,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсний үлдэгдэл 500,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 43,878 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 654,000 төгрөг, хариуцагч Б.М-ээс 1,154,000 төгрөгийг тус гаргуулан нэхэмжлэгч Д.Л-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 43,878 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.АРИУНАА