| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2022/04832/И |
| Дугаар | 181/ШШ2023/02338 |
| Огноо | 2023-07-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2023/02338
2023 оны 07 сарын 28 өдөр Дугаар 181/ШШ2023/02338 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх
хуралдаанаар,
Нэхэмжлэгч: АНДХОГ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.У-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийг Фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, С.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Э.У-тай2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ00200358 Зээлийн гэрээ байгуулан 4,500.00 ам.долларыг сарын 2,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч үндсэн зээлийн төлбөрөөс 100 ам.доллар, зээлийн хүүний төлбөрт 1,446.64 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 88.00 ам.доллар, нийт 1,634.64 ам.доллар төлсөн. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоход Үндсэн зээл- 4,400.00 ам.доллар, Гэрээт болон хэтэрсэн хугацааны хүү/2022.12.31-ний өдрөөр/ - 2,326.36 ам.доллар, Нотариатын зардал-16,000.00 төгрөг буюу, нийт 6,726.36 ам.доллар буюу 23,007,985.23 төгрөг, нотариатын хөлс 16,000.00 төгрөг, нийт 23,023,985.23 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар №ФГ00200358 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/ байгуулж, 2016 онд үйлдвэрлэгдсэн, Nissan Rogue маркийн, ..... улсын дугаартай, КNMAT2MT0GP707855 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын автомашины өмчлөлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьсан тул автомашиныг Захиран зарцуулах эрхийг нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
1.а. Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш гурван сар гаруй хугацаа өнгөрсөн тул Зээлийн хүүг 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцоход: 364.53 ам.доллар буюу 1,285,485.88 төгрөг болж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүүгийн 1,285,485.88 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нийт 24,309,471.11 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
1.б. Нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2023.04.01-05.10-ны өдрийг дуусах хугацаагаар 40 хоногт тооцогдох зээлийн хүү 162,02 ам.доллар/564,299.46 төг/-аар нэмэгдүүлж, хариуцагчаас 24,873,770.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.в. Нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэгч нь Э.У-аасЗээлийн гэрээний үүрэгт 24,873,770.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь зээлээ төлөх хүсэл сонирхолгүй, Фидуцийн гэрээний зүйл болох автомашин нь хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй, тухайн тээврийн хэрэгсэл дээр төлөгдөөгүй торгууль их хэмжээгээр хуримтлагдсан байгаа тул Фидуцийн гэрээний зүйл болох ..... улсын дугаартай, КNMAT2MT0GP707855 арлын дугаартай, Nissan Rogue маркийн ..... улсын дугаартай автомашиныг хариуцагчийн эзэмшлээс гаргуулан Зээлдүүлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн авсан эсэх асуудлаар маргаангүй боловч хариуцагч Э.У-ынөмчлөл, эзэмшлийн автомашиныг 5,000 ам.долларт тооцон хүлээн авах гэж байгааг зөвшөөрөхгүй. Автомашины зах зээлийн бодит үнэлгээ нь түүний зээлийн төлбөр төлөх мөнгөн хөрөнгөөс илүү учир зээлдэгчийн эрх ашигт хохиролтой юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Э.У-ыниргэний үнэмлэхийн хуулбар, Э.У-ыноршин суугаа хаягийн тодорхойлолт, дансны хуулга
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүгчийн захирамжаар: Тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1Я1/Ш32023/06831 тоот шүүгчийн захирамжаар АНДХОГ ББСБ ХХКболон Э.Унарын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.Ухэзээ, хэдэн төгрөг төлснийг тодорхойлох холбогдох баримтууд авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч АНДХОГ ББСБ ХХКнь хариуцагч Э.Уд холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №ЗГ00200358 тоот Зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр байгуулсан №ФГ00200358 тоот Фидуцийн гэрээний дагуу ..... улсын дугаартай, КNMAT2MT0GP707855 арлын дугаартай, Nissan Rogue маркийн ..... улсын дугаартай автомашиныг хариуцагчийн эзэмшлээс гаргуулан Зээлдүүлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг удаа дараа тодруулж, нэмэгдүүлсэн ба Э.У-тай2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №ЗГ00200358 Зээлийн гэрээний үүрэгт 24,873,770.57 төгрөг гаргуулах шаардлагаа өөрчилж, талуудын хооронд байгуулсан Фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу уг гэрээний зүйл болох, КNMAT2MT0GP707855 арлын, ..... улсын дугаартай, Nissan Rogue маркийн автомашиныг хариуцагчийн эзэмшлээс бодитоор гаргуулахаар шаарджээ.
3. Хариуцагч Э.Унь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ00200358 зээлийн гэрээний дагуу 4,500 ам.долларыг зээлсэн, хүлээн авсан тухайд маргаагүй боловч автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь автомашины зах зээлийн бодит үнэлгээ нь түүний зээлийн төлбөр төлөх мөнгөн хөрөнгөөс илүү учир зээлдэгчийн эрх ашигт хохиролтой гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч АНДХОГ ББСБ ХХК, хариуцагч Э.Унарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №ЗГ00200358 Зээлийн гэрээг байгуулж, 5,000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлжээ.
5.а. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №ФГ00200358 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулж, Э.У-ынөмчлөл, эзэмшлийн КNMAT2MT0GP707855 арлын, ..... улсын дугаартай, Nissan Rogue маркийн автомашины өмчлөлийг бодитоор шилжүүлэн авчээ.
6. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч хариуцагч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, улмаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар үндсэн зээл 4,400 ам.доллар, зээлийн үндсэн хүү 2,326.36 ам.доллар буюу нийт 6,726.36 ам.доллар/23,007,985.23 төгрөг/-ийн үүргийг гүйцэтгээгүйн улмаас уг мөнгөн төлбөрийг нэхэмжилсэн боловч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй байна.
7. Зохигч 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ00200358 Зээлийн гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №ФГ00200358 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал болон уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгө, автомашины өмчлөх эрхийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн асуудлаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн шаардаж буй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүүгийн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор фидуцийн гэрээний дагуу автомашины эзэмшлийг хариуцагчаас бодитоор шилжүүлэн авах шаардлагын хувьд маргасантай холбоотойгоор дараах үйл баримт тогтоогдсон.
8. Зохигчийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 5,000 ам.долларын зээлийн гэрээний хугацаа/6 сар/ буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болж, нэхэмжлэгч шүүхэд хандах хүртэлх хугацаанд зээлдэгч нь нийтдээ 1,634.64 ам.долларын төлөлтийг гүйцэтгэжээ.
9. Улмаар зээлдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 5,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй тул 6,726.36 ам.долларын үүргийг нэхэмжлэгч анх шаардаж, нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлэн 7,252.91 ам.доллар буюу 24,873,770.57 төгрөгийг хариуцагч Э.У-аасгаргуулахаар нэхэмжилжээ.
10. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. АНДХОГ ББСБ ХХКнь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Э.Унь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ00200358 Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр юм.
11. Мөн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №ФГ00200358 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. АНДХОГ ББСБ ХХКнь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, эсхүл фидуцийн гэрээнд зааснаар өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийг бодитоор гаргуулан авснаар зээлийн гэрээний болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болох юм.
12. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаж мөнгөн хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэгч шаардлага тодорхойлсон боловч тухайн шаардлагаа өөрчлөн фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлсэн автомашины эзэмшлийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй юм.
13. Учир нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
14. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох тул зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй Э.У-ынэзэмшилд байгаа автомашиныг үүргийн гүйцэтгэлд бодитойгоор гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т нийцжээ.
15. Мөн талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасан хэлбэрийн шаардлагыг хангаснаас гадна гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч Э.Уэзэмшиж байгаа болох нь тодорхой байгаа тохиолдолд нэхэмжлэгч энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой юм.
16. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд фидуцийн гэрээний зүйл болох автомашины зах зээлийн бодит үнэлгээ нь зээлийн төлбөрөөс илүү гарах магадлалтай гэж маргасан боловч нэхэмжлэгч фидуцийн гэрээний үүргийг буюу машиныг бодитоор гаргуулан авахаар хариуцагчаас шаардсан тохиолдолд машины үнэ ханш нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.
17. Эдгээр үндэслэлээр АНДХОГ ББСБ ХХК, Э.Унарын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, Фидуцийн гэрээний үүрэгт 2016 он үйлдвэрлэгдсэн, КNMAT2MT0GP707855 арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, ............. улсын дугаартай, Nissan Rogue маркийн суудлын автомашины эзэмшлийг хариуцагч Э.У-аасбодитоор гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг баримтлан хариуцагч Э.У-аасКNMAT2MT0GP707855 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгөтэй, ....... улсын дугаартай, Nissan Rogue маркийн суудлын автомашиныг бодитоор гаргуулан нэхэмжлэгч АНДХОГ ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч АНДХОГ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.У-аас326,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АНДХОГ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД