Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2026/ШЦТ/03

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М-,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-,

      Шүүгдэгч Х.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К овогт Х-ы Е-ад холбогдох эрүүгийн 2513000000476 дугаар хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 19..... оны .... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, К овогт Х-ы Е-, регистрийн дугаар: УП............;

    

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Х.Е- нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Х-г ямар нэгэн шалтгаангүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын цус хуралттай, баруун чамархай хавантай, баруун чихний арын хэсэгт хавантай, зүүн доод зовхи, зүүн хацарт, баруун бугалгад, зүүн далны дээд хэсэгт, баруун бүсэлхий орчим, дээд уруулд, баруун хацарт, зүүн гуяны урд хэсэгт тус тус цус хуралттай зөөлөн эдийн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Х.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Х.Е- нь бусдад төлөх төлбөргүй” гэв.

            2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос гаргасан саналыг дэмжиж байна” гэв.

 

            4. Шүүгдэгч Х.Е- нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Х-г ямар нэгэн шалтгаангүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын цус хуралттай, баруун чамархай хавантай, баруун чихний арын хэсэгт хавантай, зүүн доод зовхи, зүүн хацарт, баруун бугалгад, зүүн далны дээд хэсэгт, баруун бүсэлхий орчим, дээд уруулд, баруун хацарт, зүүн гуяны урд хэсэгт тус тус цус хуралттай зөөлөн эдийн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, холбогдох материал /хавтаст хэргийн 01 дэх тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 02-05 дахь тал/, хохирогч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07  дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №820 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13-15 дахь тал/, шүүгдэгч Х.Е-ын согтолтын хэмжээг шалгасан тухай баримт /хавтаст хэргийн 20 дахь тал/, шүүгдэгч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33, 42 дахь тал/, хохирогч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           

            7. Шүүгдэгч Х.Е- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            8. Энэ хэргийн улмаас хохирогч Х.Х- /өөрийн эхнэр/ нь шүүгдэгч Х.Е-аас хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Е-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 1100 нэгж буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд шүүгдэгч Х.Е-ад Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1100 нэгж буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

12. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

13. Шүүгдэгч Х.Е-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч К овогт Х-ы Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Х.Е- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Х.Е-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Е-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК