Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

                                                          

 

 

К ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02500 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.С, Б.Б, Э.Энарт холбогдох  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65 635 530 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 1 969 065 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 16 000 төгрөг, нийт 67 620 596 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Бгийн К ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Отгонжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Мягмарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.С нь К ББСБ ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ15/40 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, барьцаалбар үйлдэн 65 000 000 төгрөгийг Н.Сгийн дансанд шилжүүлж, тэрээр зээлийг хүлээн авсан болно. Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтанд талууд тохиролцсон. Зээлдэгч Н.С нь эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, үндсэн зээл эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг нийт 263 хоногоор хэтрүүлээд байна. Хамтран зээлдэгчээр Б.Б, Э.Энар орсон. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 87 удаагийн зээлийн эргэн төлөлтөнд 52 195 000 төгрөгийг үндсэн зээл болон хүүнд төлсөн ба үүнээс хойш зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөөгүй. Удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар ямар нэг үйлдэл хийгээгүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т ...Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиодолд энэхүү гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хүчингүй болгож, зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй, 7.1.1-т “Зээлдэгч нь зээлийн хүүг болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг хавсралт-1-д заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн зэрэг нь зээлийн гэрээг цуцлан үндсэн зээлийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн хүү, үндсэн хүү нэхэмжлэх эрхтэй” талаар заасан болно. Иймээс ББСБ гэрээний 3.1.2, 7.1.1-заалтыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээл /зээлийн үлдэгдэл/ 51 197 894 төгрөг, хүү 14 206 363.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231 272.70 төгрөг, өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 1 969 065 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16 000 төгрөг, нийт 67 620 596 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Н.С болон зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан Б.Б, Э.Энараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Н.С болон К ББСБ ХХК нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №ЗГ15/40 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэ зээлийн гэрээнд хариуцагч Н.Сгийн эхнэр Э.Энхчимэг, Б.Б нар гарын үсэг зурсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дэх хэсэгт зааснаар зээлийг хүлээн авах этгээд Н.С байх бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8 дэх хэсэгт “...зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно... гэж зааснаар 65 000 000 төгрөгийг Н.С хүлээн авсан. Б.Б зээлийн мөнгөн хөрөнгөнөөс хүлээж авсан зүйл байхгүй болно. Б.Б нь зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаан нь 2015 оны 11 дүгээр сард хариуцагч Н.С Б.Бгийн гэрт ирж Б.Бг өөрийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз таун, 40И байрны 44 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 65 000 000 төгрөгт барьцаалж өгөөч, оронд нь би циркийн хажууд байдаг өөрийн өмчлөлийн 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны гэрчилгээг таны нэр дээр таны орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хүртэл түр шилжүүлж өгье гэснийг Б.Б хүлээн зөвшөөрсөн юм. Дараа нь Н.С 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Бг ажлаа хийж байхад К ББСБ ХХК-ийн байранд хүрээд ирээч гэж дуудсан ба Б.Б нь нөхөр Н.Мөнх-Одын хамт очиж зөвхөн барьцааны гэрээнд л гарын үсэг зурсан. Харин К ББСБ ХХК-ийн ажилтан тухайн үед Б.Бгийн иргэний үнэмлэхний хуулбарыг олон хувилж авч байсан. Б.Бг барьцааны гэрээнд гарын үсэг зурах үед тэнд Н.С, түүний эхнэр Э.Энар байсан. Б.Б нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсан ба тойргийн нотариатч болон Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өөрийн биеэр огт очоогүй байдаг. Харин тохиролцоо ёсоор зээлдэгч Н.Сгийн Б.Бгийн нэр дээр шилжүүлж өгөх байсан 130 м.кв орон сууцны гэрчилгээ нь Н.Сгийн нэр дээр биш байсан бөгөөд тухайн үед Н.С орон сууцны өмчлөгчөөс нь итгэмжлэл хийлгэн авсан байсан ба тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Бгийн нэр дээр шилжүүлж авч чадалгүй Н.Сд хууран мэхлэгдсэн. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б хариуцахгүй тул надаас 67 620 596 төгрөг гаргуулах, энэ шаардлагыг Б.Бгийн нэр дээрх барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ Өргөн чөлөө гудамжны 40И байрны 44 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь өнөөдрийн байдлаар иргэн Б.Б байгаа болно. Нэхэмжлэгч К ББСБ ХХК барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шаардлага гаргаснаар Б.Бгийн хууль ёсны эд хөрөнгө өмчлөх эрхэнд шууд халдах бодит нөхцөлийг бий болгож байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар: ...Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй... гэж заасан. Бодит нөхцөл байдалд Н.С циркийн хажууд байдаг 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгч биш байсан, мөн түүнийг бусдын нэр дээр шилжүүлэх ч эрхтэй этгээд байгаагүй. Хэрвээ Н.С нь Б.Бг хууран мэхлээгүй байсан бол би иргэн Н.С болон К ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулагдаж буй уг барьцааны гэрээнд гарын үсэг зурж, барьцааны гэрээг хийхгүй байх байсан. Мөн түүнчлэн иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээнд хэлбэрийн хувьд бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн үндсэн шаардлага тавигддаг. Гэтэл Б.Б нь зөвхөн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тухайн гэрээг нотариатаар батлуулах, улсын бүртгэлд бүрттүүлэхэд биечлэн байлцаагүй, түүний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй байхад нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн, улсын бүртгэлд хандан өмчлөгч хуулийн дагуу мэдүүлэг гаргаагүй байхад улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүд гаргасныг Б.Б 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр олж мэдсэн. Дээр дурьдсан үндэслэлүүдээр К ББСБ ХХК болон иргэн Б.Б нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан №БГ15/31 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн дугаар зүйлийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан Н.С, Э.Энараас 57 970 866 төгрөгийг гаргуулж К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9 649 729 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бгийн К ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Б.Бгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчиийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүнд тооцсон мөнгийг үндсэн зээлээс хасч тооцон үндсэн зээлийн үлдэгдлийг 57 279 367 төгрөг болгож бууруулсан нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш биш, харин гэрээний үүрэг зөрчсөн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцож бодолт хийх учиртай байсан. ...Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн тооцооллын хувьд буруу бодож нэхэмжлэлийн шаардлагаас 9 649 729 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн нар давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Мөн шүүхээс хийсэн зээлийн тооцооллын хувьд илт зөрүүтэй, үндэслэл муутай болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагад тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул нөхөн гаргуулав...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсон. Хариуцагч Б.Бгийн зүгээс “...барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага” гаргасныг дурдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй шаардлага гаргаж, улмаар шүүхээс уг шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүх хэт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад тооцооллын өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

           

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Н.С, Э.Энхчимэг, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65 635 530 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 1 969 065 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 16 000 төгрөг, нийт 67 620 596 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, Б.Б болон К ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсансан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхжаргал 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр С.Ууганбаярт 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон /хх 23/, уг итгэмжлэлийн хугацаа дууссаны дараа тус компанийн гүйцэтгэх захирал Киова Ёшимасагаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг С.Ууганбаярт олгожээ. /хх 164/

 

Харин Киова Ёшимаса нь К ББСБ ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд гүйцэтгэх захирлаар М.Энхжаргал бүртгэлтэй байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулалгүйгээр С.Ууганбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд төлөөлүүлэгчээс олгосон эрхийн хүрээнд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн үүргээ хэрэгжүүлсэн, хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

Мөн хариуцагч талд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн материал танилцуулснаас хойш хэрэгт цугларсан 88 хуудас материалыг огт танилцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан эсрэг талын тайлбар, нотлох баримттай танилцснаар нөгөө тал тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжийг шүүхээс олгосон гэхэд эргэлзээтэй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 182/ШЗ2018/00827 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 182/ШЗ2018/11092 дугаартай захирамжаар уг ажиллагааг сэргээсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамжид зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхад анхан шатны шүүх зохигчийн гомдол гаргах эрхийг олголгүйгээр ажиллагаа сэргээснээс хойш 1 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Мөн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2018/11092 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай захирамж гараагүй байхад ажиллагаа явуулж шүүх хуралдааны товыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 345 төгрөгийг, хариуцагч Б.Бгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 345 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН