Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/02798

 

023 оны 09 сарын 13 өдөр Дугаар 181/ШШ2023/02798 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ Ж Г” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас үүссэн хохиролд 132,497,770 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, /хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г У К” ХХКнь 2020 оны 02 сарын 12-ны өдөр “Ж Г” ХХК-тай Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засвар /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6,15,18,25,26 дугаар хороо/-нд хийгдэх авто замын ажлын зураг төсөв боловсруулах ГУК-20/14 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.3-т заасны дагуу манай компанийн зүгээс ажлын зураг, авто замын төсөв, геодези, техникийн шаардлага, тайлбар бичиг зэргийг хийж гүйцэтгэн төлбөр 60,000,000 төгрөг авахаар тохиролцсон, 2021 оны 06 сарын 28-ны өдөр акт үйлдэж, Нийслэлийн авто замын хөгжлийн газар хүлээлгэж өгсөн. “Ж Г” ХХК нь 2020 оны 03 сарын 19-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлж ажил гүйцэтгүүлсэн төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөөгүй ба манай компанийн зүгээс удаа дараа ажил гүйцэтгэсэн төлбөрөө шаардахад удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд ажил хийж гүйцэтгэсэн төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “Ж Г” ХХК 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ. /хх-21/

 

Мөн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх-33/

 

3. Хариуцагч “Ж Г” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Жинчин гранд" ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Г У К” ХХК-тай Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засвар /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6,15,18,25,26 дугаар хороо/-нд хийгдэх авто замын ажлын зураг төсөв боловсруулах ГУК-20/14 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.3-т Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засвар /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6,15,18,25,26 дугаар хороо/-нд хийгдэх авто замын ажлын зураг төсөв боловсруулах ажлыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 60,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэтэл гүйцэтгэгч нь авто замын ажлын зургийг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийж хүлээлгэж өгсөн хугацаа хэтрүүлж ажлын зураг төсөл хүлээлгэж өгсөн гэдэг нь зураг төсөл хүлээлцсэн актаар нотлогддог. Гэрээнд заасан хугацааг хэтрүүлснээс “Ж Г” ХХК-д их хэмжээний хохирол үүссэн.

1. Учир нь Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засварын ажлын захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 8 сарын 18-ны өдөр эхний гүйцэтгэлийг баталгаажуулсан. Гэтэл манай компани энэ хугацаанд ажлыг өөрийн зардлаар хийсэн. Бид гэрээгээ зөрчихгүй ажлаа тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Б И Д ББСБ” ХХК-аас 12 сарын хугацаатай 100,000,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 байр, 1 тоот 176.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгөө барьцаалсан. Ингээд эхний гүйцэтгэлээс 26,374,050 төгрөгийг ББСБ төлсөн. Улмаар зураг төсөл хугацаандаа гараагүйгээс шалтгаалж дараа дараагийн гүйцэтгэл хойшилж байсан. Хугацаандаа зураг төсөл батлагдсан байсан бол гүйцэтгэлээ ажил эхлэхээс өмнө авч ББСБ-аас зээл авч хохирохгүй байсан. Гэтэл ажил эхлээд 50 хувьд хүрч байхад эхний гүйцэтгэл орж ирж байгаа нь манай компанид ямар ч ашиггүй харин ч маш их хэмжээний хохиролтой ажил болж хувирсан. Зураг төсөл хугацаандаа хийгдсэн байсан бол ажил эхлээд 20,30 хувийн явагдсан байхад гүйцэтгэл бичигдээд явах боломжтой байсан. Ингээд ковидын нөхцөл байдал үүсэж үргэлжлээд ажлын зураг төсөл хийгдээгүйгээс шалтгаалж гэрээ цуцлагдан бид банк бусын төлбөрөө төлж чадаагүй шүүхэд хүртэл дуудагдсан “Б И Д ББСБ” ХХК-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 153,123,719.62 төгрөг нэхэмжилсэн ба үүнийгээ ч өнөөдрийг хүртэл төлж чадаагүй.

2.Зураг төслийн дагуу Баянзүрх дүүрэг, 25-р хороо. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас 39г байр хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажлын борооны ус зайлуулах шугамын ажил" мөн Баянзүрх дүүрэг, 25-р хороо. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас "Шинэ монгол сургууль чиглэлийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажил 2 байршлын Борооны усны шугамын ажлыг гүйцэтгүүлэхээр ГАНСОР ХХК-тай 2020 оны 08 сарын 01-ний өдрийн Т/20-007 дугаартай 76,000.000 төгрөгийн дүн бүхий гэрээг байгуулсан Шугамын ажил гүйцэтгэх явцад Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас 39г байр хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажлын борооны ус зайлуулах шугамын ажил-д “Г У К” ХХК-ийн гүйцэтгэсэн алдаатай зургийн улмаас холболтын худгийг өөрчлөх шаардлага гарсан. Тус өөрчлөгдсөн ажилд нэмэлтээр 53,000,000 төгрөгийн зардал гарч Гансор" ХХК гүйцэтгэсэн. Иймд “Г У К” ХХК-иас гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 132,497,770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч “Г У К” ХХКнь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай зүгээс гэрээгээр тохирсон зураг төслийг чанартай бүрэн бүтэн гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Зураг төслийг жилийн дараа баталгаажуулсан болохоос биш хугацаандаа хийгээгүй, дутуу хийсэн зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Манай ажлын доголдлоос үүссэн хохирол гэж үзэх боломжгүй, эдгээр нь баримтаар нотлогдоогүй тул сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс:

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

- Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм,

- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,

- Итгэмжлэл,

 

Хариуцагчаас:

- Итгэмжлэл,

- Улсын бүртгэлийн гэрчилгээ,

- 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т/20-007 дугаар Туслан гүйцэтгэх гэрээ,

- Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/109 албан тоот,

- 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №05/18/01 тоот Эвлэрлийн гэрээ,

- Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа,

- 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн гэрээ дүгнэх маягт, хурлын тэмдэглэл,

 

Шүүгчийн захирамжаар:

- Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ГУК-20/15 дугаартай Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засвар /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6,15,18,25,26 дугаар хороо/-нд хийгдэх авто замын ажлын зураг төсөв боловсруулах гэрээний эх хувь зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “Г У К” ХХКнь хариуцагч “Ж Г” ХХК-д холбогдуулан зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засвар ажлын зураг төсөв боловсруулах гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а/ “Г У К” ХХКнь “Ж Г” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6,15,18, 25, 26 дугаар хороонд хийгдэх зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засварын ажлын зураг, төсөв боловсруулах гэрээг байгуулсан, эдгээр гэрээний дагуу холбогдох ажлыг чанартай хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний үндсэн үүрэгт 50,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч “Ж Г” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд зураг төслийг хийж гүйцэтгээгүй, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийж хүлээлгэж өгсөн. Тодруулбал, зураг төслийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүйгээс шалтгаалан ажлын гүйцэтгэл хойшилсны улмаас гүйцэтгэлийн хөрөнгөө захиалагчаас авч чадаагүй, өөрсдийн хөрөнгөөр, мөн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, ажлыг гүйцэтгэсэн. Хугацаандаа зураг төсөл батлагдсан байсан бол гүйцэтгэлээ ажил эхлэхээс өмнө авч ББСБ-аас зээл авч хохирохгүй байсан. Ажлын зураг төсөл хийгдээгүйгээс шалтгаалж үндсэн гэрээ цуцлагдан, төлбөрт орсон. Мөн зураг төслийг гаргуулахаар Гансор ХХК-тай 76,000.000 төгрөгийн дүн бүхий гэрээг байгуулсан. Шугамын ажил гүйцэтгэх явцад “Г У К” ХХК-ийн гүйцэтгэсэн алдаатай зургийн улмаас холболтын худгийг өөрчлөх шаардлага гарсан. Тус өөрчлөгдсөн ажилд нэмэлтээр 53,000,000 төгрөгийн зардал гарч Гансор" ХХК гүйцэтгэсэн. Иймд “Г У К” ХХК-иас гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 132,497,770 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

I. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

5. Нэхэмжлэгч “Г У К” ХХКнь “Ж Г” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6,15, 18, 25, 26 дугаар хороонд хийгдэх зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засварын ажлын зураг, төсөв боловсруулах гэрээг байгуулжээ.

а/ Гэрээний ерөнхий нөхцөлөөр Баянзүрх дүүргийн 6,15, 18, 25, 26 дугаар хороонд хийгдэх зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засварын ажлын зураг, төсөв боловсруулах ажлыг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/05-05-МЗХ2019/05-16 тоот зургийн даалгаврын дагуу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 60,000,000 төгрөгөөр гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, нийт ажлын үнэд геодезийн зураглал, эх загвар зураг боловсруулах, техникийн нөхцөл, ажлын зураг төсөв боловсруулах, экспертиз, НӨАТ-ын зардлуудыг багтсан байхаар гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

б/ Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой ажлыг хийж гүйцэтгэн дуусгавар болгосон боловч төлбөрийг тун удахгүй төлнө гэх шалтгаан хэлсээр төлбөр төлөх хугацааг хойшлуулсан, үлдэгдэл ажлын хөлсийг төлөөгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсонтой холбогдуулан хариуцагч нь үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг төлөхгүй, учир нь гүйцэтгэгчийн хийсэн ажлын доголдлын улмаас их хэмжээний хохирол учирсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч эдгээр үндэслэл, татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

в/ Учир нь талуудын хооронд байгуулсан Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засварт хийгдэх авто замын ажлын зураг төсөв боловсруулах гэрээний дагуу гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч тал нь хугацаандаа өгөөгүй боловч 2020 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан, хугацаандаа хүлээлгэж өгөөгүй шалтгааныг ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан хөл хорионы улмаас хойшилсон гэж тайлбарласан, улмаар “Ж Г” ХХК нь тухайн зураг төслийг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн, энэ хугацаанд буюу ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих хугацаа, түүнээс хойш нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандах хүртэлх хугацаанд ажлын үр дүнгийн доголдлын талаар аливаа шаардлага гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна Иргэний хуулийн 353 дугаар зүйлд заасан ажлын үр дүнгийн доголдолд хамаарах баримт илрээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэв.

6. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар захиалагч хуулиар тогтоосон хэм хэмжээний дагуу шаардах эрхтэй боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй чанаргүй гүйцэтгэсэн гэх үндэслэлийг хариуцагч баримтаар нотлоогүй, мөн ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон хугацаанд зураг, төслийг хүлээлгэн өгөөгүй гэх үйл баримт, үүнтэй холбоотойгоор гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзах шаардлага гаргасныг хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэв.

7. Түүнчлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заажээ.

8. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг тохиролцоогүй тохиолдолд хуулиар тогтоосон хугацааг баримтлах бөгөөд захиалагч буюу “Ж Г” ХХК нь гүйцэтгэгч “Г У К” ХХК-ийг гэрээгээр тохирсон хугацааг хожимдуулж, мөн чанарын шаардлага хангаагүй зураг төслийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зураг төслийг хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа тохиолдолд үүнээс хойш 1 жилийн хугацааны дотор шаардлага гаргах эрхтэй байжээ.

9. Гэтэл энэ хугацаанд аливаа шаардлага гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар тайлбар эсэргүүцэл гаргасныг нотлох баримтыг гаргаагүй тул зураг төслийг захиалагч талд чанарын шаардлага хангасан байдлаар боломжит хугацаанд хүлээлгэн өгсөн, гүйцэтгэгч тал нь элдэв шалтгаан тоочиж, төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар ирсэн гэх нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг бодитой гэж үзэв.

10. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор ажлын доголдол, чанар, хугацаа хоцроосон гэх асуудлын талаарх үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд, “Ж Г” ХХК нь ажлын доголдол гарсныг гүйцэтгэгчээр засуулах, хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор гэрээг цуцлах, татгалзах шаардлага гаргасан гэх баримтгүй, мөн гүйцэтгэгчийн хийсэн ажил нь доголдолтой байсан, хугацаа хэтрүүлсэн талаар түүнд мэдэгдсэн, гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс шалтгаалан хохирол учирсан тухай аливаа шаардлага гаргасан талаарх үйл баримт нотлогдоогүй тул хариуцагчийн тайлбар, татгалзалд дурдсан доголдлыг нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлын доголдол гэж шууд үзэх үндэслэлгүй юм.

11. Түүнчлэн 10,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар болон гэрээний нийт үнэ 60,000,000 төгрөг байсан талаар зохигчийн хэн алин нь маргаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага эрх зүйн үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй.

12. Иймд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6,15,18, 25, 26 дугаар хороонд хийгдэх зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засварын ажлын зураг, төсөв боловсруулах гэрээний үндсэн үүрэгт 50,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг захиалагч төлөх ёстой байна.

II. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

1. Хариуцагч “Ж Г” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн, мөн зураг төсөл алдаатай гүйцэтгэсэн доголдлын улмаас учирсан хохиролд нийт 132,497,770 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. Тодруулбал:

1.1. “Г У К” ХХКнь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, шугамын ажил гүйцэтгэх явцад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, М.Дамдинсүрэнгийн гудамжнаас 39г байр хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажлын борооны ус зайлуулах шугамын ажлын зургийг алдаатай гүйцэтгэснээс шалтгаалан холболтын худгийг өөрчлөх шаардлага гарч, энэхүү өөрчлөгдсөн нэмэлт ажлаар 53,000,000 төгрөгийн ажлыг Г ХХК-иар гүйцэтгүүлсэн,

1.2. ”Г У К” ХХКнь гэрээнд заасан хугацааг хэтрүүлснээс шалтгаалан зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засварын ажлын захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 8 сарын 18-ны өдөр эхний гүйцэтгэлийг баталгаажуулсан. Энэ хугацаа хүртэл ажлыг гэрээгээ зөрчихгүй ажлаа тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд өөрийн зардлаар хийхдээ 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Б И Д ББСБ” ХХК-аас 12 сарын хугацаатай 100,000,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, эхний гүйцэтгэлээс 26,374,050 төгрөгийг тухайн ББСБ-д төлсөн. Хугацаандаа зураг төсөл батлагдсан байсан бол гүйцэтгэлээ ажил эхлэхээс өмнө зээл авч хохирохгүй байсан. Мөн ажлын зураг төсөл хийгдээгүйгээс шалтгаалж гэрээ цуцлагдан “Б И Д ББСБ” ХХК-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 153,123,719.62 төгрөг нэхэмжилсэн ба үүнийгээ ч өнөөдрийг хүртэл төлж чадаагүй тул гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нийт 132,497,770 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийг тодорхойлсон.

1.3. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд “Ж Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл болох 132,497,770 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлгүй байна.

2. Учир нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж хуульчилсан, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх; доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх; доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардлага гаргах эрхтэй байна.

3. Гэвч “Ж Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “Г У К” ХХК-ийн чанаргүй гүйцэтгэсэн гэх ажлуудыг илрүүлсэнтэй холбоотой, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

4. Түүнчлэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ.

5. Хариуцагч “Ж Г” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гүйцэтгэгчийн алдаатай гүйцэтгэсэн ажлын улмаас өөр хуулийн этгээдтэй гэрээ байгуулан нэмэлтээр 53,000,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн талаар дурдаж, үүнийг хохиролд тооцон нэхэмжилсэн боловч “Г У К” ХХК-д тухайн ажлын гүйцэтгэлд доголдол илэрсэн талаар шаардлага хүргүүлсэн гэх үйл баримтыг нотлоогүй, энэ талаар баримт гаргаагүй тул тухайн доголдлыг “Г У К” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд шууд хамаатуулан үзэх үндэслэлгүй юм.

6. Мөн ажлын доголдол гарсан эсэх талаар хариу татгалзсан, үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах нөхцөл байдлын талаар тодорхойлсон гэх үйл баримт тогтоогдоогүй тул доголдлын талаар хариу шаардлага гаргаагүй гэж үзнэ.

7. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ж Г” ХХК, “Г “ ХХКнарын хооронд байгуулсан 76,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий/ гэрээний 7 дугаар зүйлд ажлын хөлсийг 53,000,000 төгрөг болгон тохиролцсон/ Туслан гүйцэтгэх гэрээ, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/109 дүгээр албан бичгээр тодорхойлсон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Ж Г” ХХК нарын хооронд байгуулсан гэрээг цуцлах тухай мэдэгдэл, “Б И Д ББСБ” ХХК, Г.Энхтулга нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №05/18/01 дугаар бүхий Эвлэрлийн гэрээ /135,000,000 төгрөг/, Г.Эын Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн баримт, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Зам талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зам, авто замын засварын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх тухай “Ж Г” ХХК, Нийслэлийн замын хөгжлийн газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн маягт, мөн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Ж Г” ХХК үндэслэж байгаа боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын улмаас доголдол үүссэн гэх үйл баримт нь эдгээр баримтаар нотлогдоогүй, уг баримтуудад нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн зураг төсөл шаардлага хангаагүй, гэрээнд заасан хугацаандаа зураг төслийг хүлээлгэн өгөөгүйгээс шалтгаалан үндсэн гэрээ цуцлагдах болсон гэх үйл баримт, мөн сөрөг нэхэмжлэлээр шаардсан хохирол учирсан гэх үйл баримт нотлогдоогүй байна.

8. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 132,497,770 төгрөгийн шаардлага нь хэрхэн үүссэн нь тодорхой бус, “Г У К” ХХК-ийн хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн ажлын улмаас үүссэн хохиролтой шалтгаант холбоотой эсэх нь нотлогдоогүй тохиолдолд гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас үүссэн хохирлыг шаардах эрхгүй гэж үзэв.

9. Иймд “Г У К” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдол, хугацаа хэтрүүлсний улмаас үүссэн хохиролд нийт 132,497,770 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

10. 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мандал, болон хариуцагчийн төлөөлөгч Г.Э нарыг биечлэн оролцуулан хийсэн тус шүүхийн шүүх хуралдаанд “Г У К “ ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ж Г” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх дараагийн шүүх хуралдааныг 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16:30 цагт эхлүүлэхээр товлон зарлаж, зохигчид Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-Баримт №9-д гарын үсэг зурж баталгаажуулсан боловч хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

11. Иймд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Ж Г” ХХК-иас 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г У К “ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.2.3, 352 дугаар зүйлийн 352.3, 355 дугаар зүйлийн 355.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 132,497,770 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Ж Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1-т зааснаар нэхэмжлэгч “Г У К “ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөг, хариуцагч “Ж Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 820,439 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ж Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г У К “ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД