| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2022/02898/И |
| Дугаар | 181/ШШ2023/02952 |
| Огноо | 2023-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2023/02952
| 2023 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2023/02952 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх
хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н Х” ХХК -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “П Н” ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “А С Н” ХК,
Үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н Х “ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Амарын гудамж 2 тоот хаягт орших, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ............дугаартай, 2304 м.кв тапбайтай 2 давхар барилгын хууль ёсны өмчлөгч юм. Манай компанийн нэрлэсэн нийт энгийн хувьцааны 20 хувийг “А С Н” ХКнь 2012 оноос эзэмших болсон ба 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Амарын гудамж 2 тоот хаягт орших, манай компанийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ............. дугаартай барилгын 2 дугаар давхрыг бүхэлд нь “А С Н” ХКгэрээний үндсэн дээр түрээслэж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан. “А С Н” ХКнь, түрээсийн гэрээ хэрэгжих хугацаанд гэрээний үнийг манай компанийн дансанд төлдөггүй гэх зэрэг гэрээний үүргээ зөрчсөн учир, манай зүгээс “А С Н” ХК-д байгуулсан түрээсийн гэрээг цаашид сунгахгүй тул байр чөлөөлж, актаар хүлээлгэж өгөх тухай мэдэгдлийг удаа дараа бичгээр хүргүүлсэн боловч гэрээний хугацаа дуусахад байрыг чөлөөлөөгүй. Гэтэл, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “М Н” ХК/Тэнгэр телевиз/-иас манай өмчлөлийн барилгын 2 дугаар давхрыг түрээслэх, түрээсийн гэрээг байгуулах, хамтран ажиллах хүсэлтийг ирүүлсэн, энэхүү нэхэмжлэлийг гаргах өдрийн байдлаар “М Н” ХК/Тэнгэр телевиз/ нь “А С Н” ХК-ийн түрээслэж байсан, барилгын 2 дугаар давхрыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж, ашиглаж байгаа болно. “А С Н” ХКнь манай компанийн 20 хувийн хувьцааг эзэмшигч, мөн манай өмчлөлийн байрыг Түрээслэгч байсан болохоос манай өмчлөлийн байрыг захиран зарцуулах, гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, давхар түрээслэх эрх бүхий этгээд биш юм. Промедиа нетворкХХК-ийн дээрх үйлдэл нь биднийг үл хүндэтгэсэн, хууль бус бүдүүлэг үйлдэл гэж бид ойлгож байна. Иймд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, .................. тоот хаягт орших, манай компанийн хууль ёсны өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ............дугаартай барилгын 2 дугаар давхрыг Промедиа нетворкХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “П Н” ХХКшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “А С Н” ХК-тай 2022 оны 7 сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Тодорхой тооны эд хөрөнгийн хамтаар ашиглаж түрээслэхээр болсон. Хуулийн дагуу түрээсийн гэрээг байгуулсан. Төлбөр мөнгөө цаг хугацаанд нь төлөөд явж байсан. Гэтэл манайд холбогдуулж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Ард санхүүгийн нэгдэл нь “Н Х” ХХК-тай байгуулсан түрээийн гэрээгээ хүчин төгөлдөр гэж хэлж байсан. Гэтэл маргаан үргэлжилж байсан учраас “А С Н” ХК-тай байгуулсан түрээсийн гэрээг цуцлахаар болсон. 2023 оны 9 сарын 11-ний өдөр төлөөлөгч томилж эд хөрөнгийг хүлээлцэж акт үйлдэн, бүх зүйлийг чөлөөлсөн. Одоо бид нар хууль бусаар эзэмшихгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх маргаан бүхий талбайд үйл ажиллагаа явуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А С Н” ХКшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А С Н” ХХКнь “Н Х” ХХК-тай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг 2014 онд байгуулж 2020 оны 6 сарын 12-ны өдөр сунгасан. Түрээсийн гэрээний 4.2-д түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч талууд татгалзаагүй бөгөөд аль нэг тал гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө дуусгавар болгох тухай бичгээр мэдэгдээгүй тохиолдолд гэрээ цаашид адил хугацаагаар сунгасанд тооцно гэсний дагуу талууд уг гэрээг дуусгавар болгох тухай аль аль талдаа бичгээр мэдэгдээгүй. Гэрээнд заасны дагуу 5 жилийн хугацаанд сунгагдаж түрээсийн төлбөрийг төлж байгаа. Гэрээний 3.1.7-д зааснаар цааш нь өөр этгээдэд дамжуулан түрээслэх эрхтэй байхаар зохицуулсан. Гэрээтэй холбоотой асуудалд гуравдагч этгээдэд гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгөөгүй. Гэрээ сунгагдсан учраас гэрээний 3.1.7-д заасныг үндэслэн дамжуулан түрээсэлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар маргаантай холбоотой “П Н” ХХК-иас манайд байнга хандаж байсан. 2023 оны 8 сарын 30-ны өдөр түрээсийн гэрээг цуцалж байгаа мэдэгдлийг ирүүлсэн. Ингээд түрээсийн байрыг хариуцагч манайд хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл маргаан бүхий хөрөнгөд хариуцагч үйл ажиллагаа явуулаагүй. Иймээс хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх боломжгүй. 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш түрээсийн гэрээтэй холбоотой маргаан байхгүй. Нэхэмжлэгч талаас төлбөр мөнгө шаардсан зүйл байхгүй. О.Бнь “Н Х” ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй юм. О.Баясгалангийн эрх дуусгавар болсон. 2014 оны 11 сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээ сунгагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 11 сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний 2020 оны 06 сарын 12-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний 2016 оны 01 сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 05 сарын 13-ны өдрийн №2022/24 дугаартай албан бичиг, №22/07/22 тоот албан бичиг, №2022/47 тоот итгэмжлэл, фото зураг, 2022 оны 05 сарын 16-ны өдрийн болон 2022 оны 05 сарын 31-ний өдрийн төлбөрийн баримт, “Н Х” ХХК-ийн №2022/33 дугаартай албан бичиг,
Хариуцагчаас: №22/102 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, №22/141 дугаартай итгэмжлэл, Ард санхүүгийн нэгдлийн №22/150 дугаартай албан бичиг, Ард санхүүгийн нэгдлийн №22/158 дугаартай албан бичиг, 2022 оны 07 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, “П Н” ХХК-ийн №22/88 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2022/17578 дугаартай захирамж, №23/119 дугаартай итгэмжлэл,
Гуравдагч этгээдээс: №23/020 дугаартай итгэмжлэл, цахим гүйлгээний баримт, зээлийн дансны хуулгууд, түрээсийн байр, эд хөрөнгө хүлээлцэх акт, хүлээцсэн эд хөрөнгийн жагсаалт, “П Н” ХХК-ийн №23/131 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Н Х “ ХХКнь “П Н” ХХК-д холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ........................ тоот хаягт орших, өөрийн компанийн хууль ёсны өмчлөлийн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ............дугаартай барилгын 2 дугаар давхрыг “П Н” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаарджээ. Үүнд:
2.а. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ...................... тоот хаягт орших, “Н Х” ХХК-ийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрыг “А С Н” ХКнь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээний үндсэн дээр түрээслэн, үйл ажиллагаагаа явуулдаг байсан, улмаар гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. “А С Н” ХКнь түрээсийн гэрээ хэрэгжих хугацаанд гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн учир түрээсийн гэрээг цаашид сунгахгүй талаар мэдэгдсэн боловч хөрөнгийг чөлөөлж өгөөгүй.
Улмаар “П Н” ХХКнь барилгын 2 дугаар давхрыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж, ашиглаж эхэлсэн, шаардлага тавихад чөлөөлөхгүй байгаа тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрыг “П Н” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч “П Н” ХХКнь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. “Н Х” ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх эсэх талаар санал хүргүүлэхэд ямар нэгэн хариу ирүүлээгүй, улмаар “А С Н” ХКнь “Н Х” ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ дуусгавар болоогүй, мөн дамжуулан түрээслэх эрхтэй талаар тайлбарласантай холбоотойгоор дамжуулан түрээслэгчтэй түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл манай байгууллагыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хөрөнгийн өмчлөгч нь гаргасан, шүүхээр маргаантай байсан учир “А С Н” ХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээ цуцалж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон хөрөнгийг чөлөөлсөн, “А С Н” ХК-д хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А С Н” ХКнь “Н Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус хуулийн этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 давхрын хэсгийг ашиглах зорилгоор 2014 онд Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг өмчлөгчтэй байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч талууд гэрээнээс татгалзаагүй, гэрээний хугацаа дуусгавар болгох талаар манайд бичгээр мэдэгдээгүй тул гэрээний зохицуулалтын дагуу 5 жилийн хугацаагаар сунгагдсан, түрээсийн төлбөрийг өмчлөгчид төлж байгаа. Түүнчлэн гэрээнд зааснаар дамжуулан түрээслэх эрхтэй байхаар зохицуулсныг үндэслэн “А С Н” ХКнь “П Н” ХХК-тай түрээсийн гэрээг байгуулсан.
Гэвч “П Н” ХХКнь 2023 оны 8 сарын 30-ны өдөр түрээсийн гэрээгээ цуцалж байгаа мэдэгдлийг ирүүлж, улмаар түрээсийн байрыг манайд хүлээлгэж өгсөн. Одоо маргаан бүхий хөрөнгөд хариуцагч үйл ажиллагаа явуулаагүй тул хариуцагч “П Н” ХХК-ийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх боломжгүй. Харин “А С Н” ХК-ийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзсэн тохиолдолд бидэнд холбогдуулан шаардлага гаргах ёстой байсан. Түүнчлэн нэмэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал О.Бнь “Н Х” ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй, учир нь түүний төлөөлөх эрх дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
5. Нэхэмжлэгч “Н Х “ ХХКнь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, .................... тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй, 2304 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 2 давхар барилга, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд “А С Н” ХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ-г байгуулжээ. /хх-6/
5.1. Түрээсийн гэрээний ерөнхий нөхцөлөөр “Н Х” ХХК-ийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын 1,150 м.кв талбай бүхий хэсгийг түрээслэгчид гэрээнд заасан хугацаагаар/ 5 жил/ эзэмшүүлж, ашиглуулах, түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөр, хөлсийг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
5.2. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр “Н Х “ ХХКболон “А С Н” ХКнь үндсэн түрээсийн гэрээний зарим заалт буюу түрээсийн төлбөр, хугацаа зэргийг харилцан тохиролцож, түрээсийн гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байхаар өөрчилжээ. /хх-10/
5.3. Түрээслэгч тал нь түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлдөггүй, гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэхгүй байхаар гэрээнд заасан байхад эдгээр үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний хугацааг цаашид сунгахгүй болохыг мэдэгдэж “П Н” ХХКнь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №2022/24 албан бичгийг “А С Н” ХК-д, мөн гэрээний хугацааг сунгахгүй болсныг мэдэгдэж, түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр, алданги зэргийг төлөхийг шаардаж, 2022.05.31-ний өдрийн №2022/33 албан бичгийг “А С Н” ХК-д тус тус шуудангаар илгээж, түрээсийн гэрээний харилцааг дуусгавар болгожээ. /хх-13, 179/
5.4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А С Н” ХКнь түрээсийн гэрээг дуусгавар болгосон талаарх ямар нэгэн мэдэгдэл хүлээн аваагүй, хүлээлгэж өгөөгүй тул “Н Х “ ХХКболон “А С Н” ХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээний харилцаа гэрээний 4.2-т зааснаар сунгагдан, үргэлжилж байсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, мөн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д Гэрээний хугацаанд түрээсийн байрыг гэрээнд заасан зориулалтын дагуу гуравдагч этгээдэд дамжуулан түрээслүүлэх-ээр заасны дагуу “П Н” ХХК-д түрээслүүлсэн тул хариуцагч хууль бусаар эзэмшээгүй гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Н Х” ХХК-иас “А С Н” ХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлж байсан болох нь хавтаст хэргийн 178 дугаар талд авагдсан Монгол шуудан-гийн Байгууллагад очих баримт-уудаар нотлогджээ.
5.5. Тодруулбал, тухайн шуудангаар илгээсэн баримтын цаг хугацаа нь “Н Х “ ХХКболон “А С Н” ХКнарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээг цуцлах тухай түрээслүүлэгчийн албан бичгийн огноотой тохирч байгаа нь “Н Х” ХХК-иас түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг түрээслэгч “А С Н” ХК-д удаа дараа хүргүүлж байсан гэх үйл баримт нотлогдоно.
6. Иймд “Н Х “ ХХКболон “А С Н” ХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор гэрээг цаашид сунгахгүй болохыг мэдэгдэж, хүсэл, зоригоо бүрэн илэрхийлсэн түрээслүүлэгчийн мэдэгдлийг “А С Н” ХКшуудангаар хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй, харин түрээсийн гэрээг 5 жилээр сунгасан тул дамжуулан түрээслэх эрхийн дагуу бусдад түрээслэсэн гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.
7. Түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А С Н” ХКнь түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүлээн аваагүй гэх тайлбарыг шүүхэд гаргаж маргасан боловч нэхэмжлэгч талын гэрээ цуцлах мэдэгдэл-ийг түүнд шуудангаар хүргүүлсэн болохыг нотолж шүүхэд гаргасан баримтыг няцаах, түүнийг үгүйсгэх баримтыг гаргаагүй тул дуусгавар болсон гэрээний зохицуулалт үйлчлэхгүй бөгөөд гэрээнд зааснаар бусдын өмчлөлийн эд зүйлийг дамжуулан түрээслэх эрхийнхээ дагуу бусдад түрээслэсэн гэх тайлбар, татгалзал нь энэ хэрэг маргаанд ач холбогдолгүй гэж үзэв.
7.1. Тодруулбал, “Н Х “ ХХКболон “А С Н” ХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон, гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор цаашид талуудын хооронд байгуулсан гэрээг сунгахгүй болсон тухай мэдэгдлийг түрээслэгч талд баталгаат шуудангаар удаа дараа хүргүүлсэн байх тул гэрээ дуусгавар болсныг түрээслэгч мэдсэн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон гэж үзэх юм.
7.2. Нэгэнт гэрээ дуусгавар болсон тохиолдолд тухайн гэрээний харилцаанд үндэслэн татгалзал гаргах үндэслэлгүй тул бусад этгээдэд гэрээний дагуу дамжуулан түрээслэсэн гэх тайлбар, татгалзлыг үндэслэн хариуцагчийг хууль ёсоор үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх үндэслэлгүй юм.
8. Дээр дурдсан үндэслэлээр “Н Х “ ХХКболон “А С Н” ХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэв.
9. Хариуцагч “П Н” ХХКнь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч “Н Х” ХХК-д хандан үл хөдлөх эд хөрөнгийг нь урт хугацааны туршид түрээслэн ашиглах, гэрээ байгуулах тухай саналыг хүргүүлж байсан нь “Н Х” ХХК-ийг тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч буюу захиран зарцуулах эрхтэй этгээд байсныг, мөн “А С Н” ХК-тай байгуулсан урт хугацааны түрээсийн гэрээний харицаа дуусгавар болсон гэдгийг анхнаасаа мэдэж байсан гэх үндэслэл болно. /хх-14/
10. Гэтэл “А С Н” ХК-тай түрээсийн гэрээ байгуулах замаар үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан тул хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрнө, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээний түрээслүүлэгч тал болох “А С Н” ХК-тай байгуулсан гэрээний харилцааг дуусгавар болгож, хөрөнгийг хүлээлгэн өгсөн тул хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж маргажээ.
11. “Н Х “ ХХКболон “А С Н” ХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон боловч “П Н” ХХКнь “А С Н” ХК-тай түрээсийн гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан талаар маргаагүй байна.
11.1. Түүнчлэн “А С Н” ХКболон “П Н” ХХК-ийн хооронд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөнгийн түрээсийн гэрээг нотлох баримтаар шүүхэд өгсөн зэргээс дүгнэхэд зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг дуусгавар болсноос хойш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээдийг “Н Х “ ХХКболохыг мэдсээр атлаа “Н Х” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 давхрын хэсэгт хариуцагч ”П Н” ХХКүйл ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.
12. Хариуцагч “П Н” ХХКнь нэхэмжлэгч “Н Х” ХХК-тай гэрээ, эрх зүйн харилцаанд оролцоогүй боловч дамжуулан түрээслэх эрхтэй этгээдтэй түрээсийн гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хэдий ч “Н Х” ХХК-тай эрх зүйн харилцаанд оролцоогүй, тухайн хөрөнгийн өмчлөгч байсныг анхнаасаа мэдэж байсан, бусадтай байгуулсан өмнөх түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсныг мөн мэдэж байсан, улмаар хоорондын гэрээ, хэлцэл байгуулаагүй, зөвшөөрөл аваагүй атлаа бусдын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, байгаа үйлдэл нь хууль бус эзэмшилд хамаарна гэж үзэв.
13. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх бөгөөд ”А С Н” ХКболон “П Н” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу “П Н” ХХКнь түрээсийн төлбөр төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, түүнчлэн “Н Х” ХХК-ийг өмчлөх эрхтэй этгээд болохыг “П Н” ХХКанхнаасаа мэдэж байсан зэргээс дүгнэхэд хууль ёсоор эзэмших эрхтэй байсан гэж үзэх боломжгүй юм.
14. Нөгөө талаас “А С Н” ХКнь “Н Х” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацааг сунгасантай холбоотойгоор зохих төлбөрийг “Н Х” ХХК-д шилжүүлж байсан гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч нэхэмжлэгч тал үүнийг эс зөвшөөрсөн, мөн хариуцагч талаас түрээсийн төлбөр төлсөн гэх баримтууд нь түрээсийн гэрээний хүчин төгөлдөр харилцааны үеийн буюу 2022 оны 10 сарын 27-ны өдрийн баримт байхаас гадна Пүрэвийн Эрдэнэтогтох гэсэн хүний зээлийн дансны хуулгаар энэ байдал тогтоогдоогүй байна. /хх-151-160/
15. П.Эрдэнэтогтох, “А С Н” ХК-ийн хооронд зээлийн маргаантай харилцаа байгаа, хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдүүдийн хувьд маргаантай асуудал байгаа талаар гуравдагч этгээд маргасан хэдий ч энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тусдаа эрх зүйн харилцаа байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс бусад маргаантай асуудлыг энэхүү шаардлагад хамаатуулан хэлэлцэх үндэслэлгүй юм.
16. Мөн “П Н” ХХКнь “А С Н” ХК-иас гадна “Н Х” ХХК-д түрээсийн төлбөр төлсөн гэх үйл баримт нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн үндэслэлтэй гэж үзэв.
17. Хариуцагч “П Н” ХХКнь “А С Н” ХК-тай байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн чөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлага нь хангагдсан ч биелэх боломжгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, мөн нотлох баримтаар “А С Н” ХК-тай үйлдсэн Түрээсийн байр эд хөрөнгө хүлээлцэх акт-ыг гаргаж мэтгэлцсэн боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж аваагүй талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг няцаах үүргээ хэрэгжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн чөлөөлсөн болох нь баримтаар нотлогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.
18. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч “Н Х” ХХК-ийн хариуцагч “П Н” ХХК-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Амарын гудамж 2 тоот хаягт орших, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ............дугаартай барилгын 2 дугаар давхрыг “П Н” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ......................... тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн ............дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, 2304м.кв талбайтай, “Н Х” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрыг “П Н” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Н Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П Н” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД