2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2730

 

2025          12          01                                             2025/ШЦТ/2730

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

Улсын яллагч Л.Төвхүү,

Хохирогч: н.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ж.М, М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугааp зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай  М, Ж.М нарт холбогдох хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *************** төрсөн, нас ***, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ****************** оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М.Ч, /РД:***********/.

Монгол Улсын иргэн, **************** төрсөн, нас ***, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, *************** ажилтай, *************** оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж, /РД:**********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ч, Ж.М нар нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** баарны үүдэн иргэн Б.О-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж салж явах үед Ж.М нь Б.О-н ардаас нь баруун шанаа хэсэг рүү 1 удаа цохиж унах үед М.Ч нь Б.О-н нүүрэн тус газар буюу баруун хөмсөг хэрэг рүү өшиглөж Б.О-н эрүүл мэндэд баруун хөмсөгний гадна доод хэсэгт шарх, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ч, Ж.М нар нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** баарны үүдэн иргэн Б.Оой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж салж явах үед Ж.М нь Б.О-н ардаас нь баруун шанаа хэсэг рүү 1 удаа цохиж унах үед М.Ч нь Б.О-н нүүрэн тус газар буюу баруун хөмсөг хэрэг рүү өшиглөж Б.О-н эрүүл мэндэд баруун хөмсөгний гадна доод хэсэгт шарх, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов.

Үүнд:

Хохирогч У.О-н "... Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хөл бөмбөгийн бэлтгэлээсээ тараад найз охин болох Ц.Д Цирк дээр уулзаад найз охин болон найз охины дүү Н хамт ******* лоунж орж жин тоник 2 ширхэг уугаад 00 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо ****** баар луу орсон. Бааранд 1, 1 шил 0.33 граммын хэйникн пиво авч уугаад бүжиглэж байгаад манай найз охины дүү болох Н согтоод байхаар нь гарсан. ******* баарнаас гараад явж байх үед цагаан подволктой хүн өдөж хоргоосон, сээтэгнэсэн байдалтай манай найз охин руу аашлаад байсан. Тэгээд од манай найз охин өөдөөс нь алгадаад авахаар нь би салгаад боль боль согтуу хүмүүс байна. Гэж хэлээд явж байтал хойноос чи яасан гэнээ гээд миний баруун нүд, хацар хэсэг рүү цохихоор нь би унасан. Тэгээд манай найз охин намайг хамгаалаад миний дээрээс хэвтэж байх үед манай найз охины нуруу руу нь өшиглөөд, тэгээд бас миний баруун хөмсөг хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд тэр хүмүүс зугтах гээд байхаар нь би ойрхон байсан нэг ахад хэлсэн чинь баарны хамгаалагч нарыг дуудаад бид нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст авч ирсэн...." гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, -58- 59-р хуудас),

Гэрч М.Ч "... Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******** ажлаа хийгээд 18 цагийн үед тараад удаан уулзаагүй найз болох М 19 цагийн үед Баруун дөрвөн зам дээр уулзаад цааш 13-р хороолол, зүүн дөрвөн зам, ******* плацад ажилладаг найз болох Д уулзаж ******* Плазагийн саунд орсон. Тэгээд тухайн сауны газраас 22 цагийн орчим гараад ****** плазагийн доор байрладаг ********** дэлгүүрээс 2, 2 ширхэг 0.5граммын касс пиво авч, өөрийн ********* улсын дугаартай ******* маркын тээврийн хэрэгслийг жолоодон Зайсангийн зогсоол дээр зогсож авсан пивоо уусан. Тэгээд Зайсангийн ******* дэлгүүрээс дахиад 2.2 ширхэг 0.5 граммын касс пиво худалдаж аваад тэндээ ууж дуусгаад тэгээд цагаа сайн санахгүй байна ямартай ч Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо *******  баар луу манай огт уугаагүй найз болох Д миний машиныг жолоодож явсан. Тэгээд баар луу бид гурав ******* баар луу орох гэхэд манай хоёр найз болох Д, М  нарын үнэмлэхийг шалгаад насанд хүрээгүй гээд баар луу оруулаагүй. Тэгэхээр нь би за найз нь ороод нэг гучин минут бүжиглэчхээд гараад ирье гэж хэлээд орсон. Тэгээд бүжиглэж байгаад би нээх удалгүй гарахад манай хоёр найз үл таних 3 хүнтэй зодолдох гээд барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би харж байгаад манай найз болох М-г цохих шиг болохоор нь би очоод М-тэй барьцалдаад зогсож байсан хүний нүүрэн тус газар болох баруун шанаа руу өөрийн баруун гараараа цохисон. Тэгээд би цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Би санахад нөгөө гурван хүнтэй уучлалт гуйгаад зогсож байхад хамгаалагч нар ирээд аваад явсан санагдаж байна. Тэгээд ********* баарны хамгаалагч нар намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргэж ирээд тэндээсээ эрүүлжүүлэгдсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),

Ж.М-н ... Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр удаан уулзаагүй найз болох Ч 19 цагийн үед Баруун дөрвөн зам дээр уулзаад цааш 13-р хороолол, зүүн дөрвөн зам, ******** плацад ажилладаг Д гээд Ч-н найзтай танилцаад цуг *******  Плазагийн саунд орсон. Тэгээд тухайн сауны газраас 22 цагийн орчим гараад ******** плазагийн доор байрладаг ********** дэлгүүрээс 2, 2 ширхэг 0.5граммын касс пиво авч, Ч-н **********  улсын дугаартай ******* маркын тээврийн хэрэгслээр явж Зайсангийн зогсоол дээр зогсоод авсан пиво уусан. Тэгээд Зайсангийн ******* дэлгүүрээс дахиад 2, 2 ширхэг 0.5 граммын касс пиво худалдаж аваад тэндээ ууж дуусгаад 00 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо ******* баар луу явсан. Явах замдаа дахиад 1,1 лааз 0.5 граммын касс пиво худалдаж авч уусан. Тэгээд Ч бид хоёр ******* баар луу орох гэхэд намайг оруулахгүй байхаар нь НӨ АЛКАХОЛ Таксыг зүүж орсон. Тэгээд билмиглож байгаад би пиво уумаар санагдаад найздаа нэг ширхэг пиво аваад өгөөч гэж гуйхад надад 0.33 граммын нэрийг нь мэдэхгүй пиво 3 авч өгөөд би уусан. Тэгээд бүжиглэж байгаад нилээн согтоод би ганцаараа баарнаас гараад машиндаа сууж байх үед хажуугаар зөрсөн 2 охин, 1 бандийн 1 охиныг нь ямар хөөрхөн охин бэ гэж цонхоороо орилсон. Тэгсэн чинь өөдөөс тэр охин нэг юм хэлсэн. Тэгээд би очоод юу гэнээ, хөөрцөн юм бэ? Гэж хэлэхэд тэр охин намайг алгадсан. Тэгээд нөгөө охинтой хэрэлдээд байж байтал найз залуу нь бололтой нэг хүн ирээд за болио энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би Чи хэн юм бэ? Яах гээд байгаа юм? гэж хэлтэл нөгөө хүн энэ шал согтуу байна явъя гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь би ардаас нь очоод Баруун шанаа хэсэг рүү нь баруун гараараа цохисон. Тэгээд хоорондоо барьцалдаад байж байтал манай найз болох Ч гарч ирээд цохиж унагаад өшиглөсөн. Миний хувьд тэр хүнийг нэг цохиод нэг алгадсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12004 дугаартай шинжээчийн "1. Б.О-н баруун хөмсөгний гадна доод хэсэгт шарх, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Гэх дүгнэлт (хх-ийн 24-28-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь хохирогч Б.О-г зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нарын зодсон үйлдлийн улмаас хохирогч нар гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, М.Ч, Ж.М нар нь бүлэглэж Б.О-г зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу М.Ч, Ж.М нар нь хохирогч Б.О-г зодож хөнгөн гэмтээж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүгдэгч нараас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгоогүй байна.

Гэвч шүүгдэгч М.Ч нь хохирогч Б.О-д 2.300.000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгч М.Ч, Ж.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Ч, Ж.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ч, Ж.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан

Шүүгдэгч М.Ч, Ж.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.  

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М, Ж.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч М.Ч, Ж.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч, Ж.М нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч, Ж.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус  тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ТҮВШИНТӨГС