| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/01596/И |
| Дугаар | 181/ШШ2023/02982 |
| Огноо | 2023-09-25 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2023/02982
| 2023 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 181/ШШ2023/02982 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ү ХХК-д холбогдох
Ажилласан хугацааны цалин болон нэмэгдэл урамшуулал, ажилгүйдлийн тэтгэмж, зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Аминий бие 2004 оны 09 дүгээр сараас эхлэн “Ү” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр анх ажилд ороод, тасралтгүй 18 жил ажилласан. Ажиллах хугацаандаа борлуулалтын менежер, нягтлан бодогч, ахлах нягтлан, ерөнхий нягтлан, гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалд дэвшин ажиллаж байсан болно. Миний бие тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж, ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Б23/003 тоот тушаалаар хариуцан ажиллаж байсан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тус компанитай хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, харилцаагаа дуусгавар болгох явцдаа өөрийн ажиллаж байсан хугацааны 2 сарын цалин, ээлжийн амралтын мөнгө, урамшуулалт цалингийн үлдэгдэл, ажилгүйдлийн тэтгэмж, мөн “Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан зээлийн үлдэгдэл төлбөр зэргийг компанийн удирдлагаас бүрэн шийдвэрлэж өгөөгүй учир нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. 2022 оны 10 сарын үндсэн цалин болон ээлжийн амралтын мөнгө 6,944,831 төгрөг болон мөн оны 12 дугаар сарын үндсэн цалин 3,206,928 төгрөг, нийт 10,151,759 төгрөг
2. 2020 оноос хойшхи урамшуулалт цалингийн үлдэгдэл 8,538,363 төгрөг
3. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээ ажил олгогчийн буруугаас авч чадаагүй учир 10,085,550 төгрөг
4. 2022 оны 01 сард Симпл аппликейшны Ашид капитал ББСБ-аас компанийн ажилд зориулан 19,000,000 төгрөгийн зээл авсан, өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр болох 8,831,445 төгрөг, нийт 37,607,117 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд миний нэхэмжилсэн 37,607,117 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. /хх-1,2/
1.1 Нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ”Ү” ХХК-иас миний ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 07 сараас 2023 оны 03 сар хүртэл хугацааны нийт 2 жил, 8 сарын эрүүл, мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй. Иймд миний ажиллаж байсан дээрх хугацааны 29,086,181.42 төгрөг бүхий эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэв. /хх-88/
2. Хариуцагч “Ү” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оноос хойшхи урамшуулалт цалин болох 8,538,363 төгрөгт холбогдох хэсгээс бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэв./хх-117/
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа,
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
- 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ү” ХХК-ийн Б/001 Ажилд томилох тухай захирлын тушаал
- 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ү” ХХК-ийн Б23/003 дугаар Хөдөлмөр эхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай захирлын тушаал,
- ”Ү” ХХК-д гаргасан Г.А-ийнөргөдөл,
- ”Ү” ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан Г.А-ийнөргөдөл,
- 2022 оны 10, 12 дугаар сарын цалингийн мэдээлэл бүхий мэйл, /нотлох баримтын шаардлага хангаагүй/
- ”Ү” ХХК-ийн нийт ажилчдын нэмэлт цалингийн хуваарь,
- Зээлийн дансны хуулга,
- ”Ү” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
- Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны №33 дугаар хуралдааны тэмдэглэл/шийдвэр
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн №33 хариу хүргүүлэх тухай албан тоот,
Хариуцагчаас:
- ”Ү” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
- ”Ү” ХХК-ийн дүрэм,
Шүүгчийн захирамжаар:
- 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ү” ХХК-ийн Б/001 Ажилд томилох тухай захирлын тушаал,
- 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ү” ХХК-ийн Б23/003 дугаар Хөдөлмөр эхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай захирлын тушаал,
- ”Ү” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.Ань хариуцагч ”Ү” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин болон нэмэгдэл урамшуулалт, ажилгүйдлийн тэтгэмж, зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Г.Ань ”Ү” ХХК-д 2004 оны 09 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажилд ороод, тасралтгүй 18 жил ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа борлуулалтын менежер, нягтлан бодогч, ахлах нягтлан, ерөнхий нягтлан, гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалд дэвшин ажиллаж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Б23/003 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан боловч ажиллаж байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө, урамшуулалт цалингийн үлдэгдэл, ажилгүйдлийн тэтгэмж, мөн “Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан зээлийн үлдэгдэл төлбөр зэргийг бүрэн төлж барагдуулаагүй тул
- 2022 оны 10 дугаар сарын үндсэн цалин болон ээлжийн амралтын олговорт 6,944,831 төгрөг, мөн оны 12 дугаар сарын үндсэн цалин 3,206,928 төгрөг, нийт 10,151,759 төгрөг,
- 2020 оноос хойшхи урамшуулалт цалингийн үлдэгдэл 8,538,363 төгрөг,
- Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээ ажил олгогчийн буруугаас авч чадаагүйгээс учирсан хохиролд 10,085,550 төгрөг,
- 2022 оны 01 сард Симпл аппликейшны Ашид капитал ББСБ-аас компанийн ажилд зориулан 19,000,000 төгрөгийн зээл авсан, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр болох 8,831,445 төгрөгийг хариуцагчаас гаргуулах буюу нийт 37,607,117 төгрөгийг гаргуулна гэж,
б/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.А-ийн2020 оны 07 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг “Ү” ХХК нь хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.
3. Хариуцагч ”Ү” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2022 оны 10 дугаар сарын үндсэн цалин болон ээлжийн амралтын олговор 6,944,831 төгрөг, мөн 12 дугаар сарын үндсэн цалин 3,206,928 төгрөг, нийт 10,151,759 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчийн буруугаас авч чадаагүй хохиролд 10,085,550 төгрөгийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрчээ.
3.1. Түүнчлэн 2022 оны 01 дүгээр сард Г.Ань Симпл аппликейшнаас “Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан 19,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 8,831,445 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч “Ү” ХХК нь тухайн зээлийг компанид ашиглах зорилгоор Г.Аөөрийн нэрээр авсан боловч зээлийн төлбөр, хүү зэргийг “Ү” ХХК-иас төлж байгаа, одоогийн байдлаар 3,666,570 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Г.А-аар цаашид төлүүлэх шаардлагагүй, хариуцагч талаас энэхүү үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулан дуусгавар болгох тул тухайн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан маргах зүйлгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зээлийн үлдэгдэл нь 3,666,570 төгрөг болсонтой холбоотойгоор тухайн үлдэгдлийг хариуцагчаар төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хариуцагч зөвшөөрчээ. /хх-118/
3.2. Нэхэмжлэгч Г.А-ийн“Ү” ХХК-д ажиллаж байх хугацаа буюу 2020 оны 07 дугаар сараас 2023 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд бичилт хийсэн боловч шимтгэлийг төлөөгүй байгаа тул энэ шаардлагад холбогдох хэсгийг нь мөн хүлээн зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч талаас 2020 оны 7 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд бичилт хийлгүүлэх, нөхөн төлүүлэх шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд 2023 оны 1 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд “Ү” ХХК-д ажилласан талаар дурдаж, 2020 оны 07 дугаар сараас 2023 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд бичилт хийлгүүлэх, нөхөн төлүүлэх талаар нэхэмжлэгч шаардлагаа тодруулсан байх тул зохигч энэ талаар маргаангүй гэж үзэв. /хх-118/
3.3. Харин 2020 оноос хойшхи урамшуулалт цалингийн үлдэгдэл 8,538,363 төгрөгийг “Ү” ХХК-иас гаргуулах тухай Г.А-ийннэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4. Нэхэмжлэгч Г.Ань “Ү” ХХК-д 2004 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №Б/001 Ажилд томилох тухай ерөнхий захирлын тушаалаар гүйцэтгэх захирлаар томилогдсон, улмаар Хөдөлмөр эхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №Б23/003 “Ү” ХХК-ийн захирлын тушаалаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. Зохигчид урамшуулалт цалингийн үлдэгдэл 8,538,363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бусад шаардлагын хэсэгт маргаагүй, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
4.1. Иймд Г.А-ийннэхэмжлэлийн шаардлагаас,
-2022 оны 10 дугаар сарын үндсэн цалин болон ээлжийн амралтын мөнгө 6,944,831 төгрөг, мөн оны 12 дугаар сарын үндсэн цалин 3,206,928 төгрөг, нийт 10,151,759 төгрөг гаргуулах,
-Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээ ажил олгогчийн буруугаас авч чадаагүйн улмаас учирсан хохирол 10,085,550 төгрөг гаргуулах,
-Нэхэмжлэгч Г.А-ийн“Ү” ХХК-д ажиллаж байх хугацаа буюу 2020 оны 07 дугаар сараас 2023 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд бичилт хийлгүүлэх, нөхөн төлүүлэх шаардлага,
-2022 оны 01 сард Симпл аппликейшнаас “Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан 19,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 3,666,570 төгрөгийг “Ү” ХХК-иар төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрсөн, зохигчид тухайн асуудлаар маргаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.
5. Харин нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн татгалзсан хэсэг болох 2020 оноос хойшхи урамшуулалт цалингийн үлдэгдэл 8,538,363 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгч нь 2020 оноос хойшхи урамшуулалт цалингийн үлдэгдэл 8,538,363 төгрөгийг гаргуулахаар шаардсантай холбоотойгоор хариуцагч тус нэхэмжлэлийн шаардлага бүхий хэсэгт нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар тохиролцоогүй, урамшуулалт цалин, хөлс тооцох тухай дотоод журам, аргачлал зэргийг тус компанид мөрдүүлдэг эсэхийг мэдэхгүй, Г.Ань компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учир тухайн урамшууллыг хэрхэн тооцдог, олгодог эсэхийг өөрөө сайн мэдэж байгаа тул энэ хэсэгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэх-ээр заасан хэдий ч “Ү” ХХК-ийн хувьд тухайн урамшууллыг хэрхэн яаж тооцдог талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
5.3. Нэхэмжлэгч талаас тухайн урамшуулал нь цалин болон нийгмийн даатгалын шимтгэлд тооцогддоггүй тусдаа олгогддог асуудал гэж тайлбарласан. Улмаар 2020 оны 1 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэл хугацааны урамшууллын үлдэгдлийг шаардаж байгаа гэх боловч 8,538,363 төгрөгийн урамшууллыг хэрхэн, яаж тооцож гаргасан нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын тус хэсгийг нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хариуцагч талаас тухайн хуулийн этгээдэд урамшуулал тооцож олгох талаар ямар нэгэн журам байхгүй гэж тайлбар гаргасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэсэгт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.
5.4. Түүнчлэн нэхэмжлэгч нь сүүлд урамшуулал авсан гэх дансны хуулганд үндэслэн урамшууллын асуудлыг шийдвэрлэх /хх-131/, мөн хавтаст хэргийн 17 дугаар талд зурган хэлбэрээр авагдсан “Ү” ХХК-ийн нийт ажилчдын нэмэлт цалингийн хуваарь гэсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус баримтыг шүүх үнэлж, шийдвэрлэх үндэслэлгүй юм.
5.5. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч урамшуулал шаардаж буй үндэслэлийг нотлоогүй, энэ талаар хэрэгт холбогдох баримт авагдаагүй байна.
5.6. Мөн “Ү” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5-д Ажилтанд ажлын гүйцэтгэлийн үр дүнг харгалзан үндсэн цалингаас гадна нэмэгдэл, урамшуулалт, шагналт цалин олгож болно гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч урамшууллыг шаардаж байгаа боловч энэхүү ерөнхий зохицуулалтын хүрээнд тухайн урамшууллын асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй юм.
5.7. Эдгээр үндэслэлээр 2020 оноос 2022 оны 12 сар хүртэлх хугацааны урамшуулалд 8,538,363 төгрөгийг “Ү” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А-ийннэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар хариуцагч “Ү” ХХК-иас 2020 оноос хойшхи урамшуулалт цалингийн үлдэгдэл 8,538,363 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А-ийннэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан
-2022 оны 10 сарын үндсэн цалин болон ээлжийн амралтын олговорт 6,944,831 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын үндсэн цалин 3,206,928 төгрөг, нийт 10,151,759 төгрөг гаргуулах,
-Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээ ажил олгогчийн буруугаас авч чадаагүйн улмаас учирсан хохирол 10,085,550 төгрөг,
-Нэхэмжлэгч Г.А-ийн“Ү” ХХК-д ажиллаж байх хугацаа буюу 2020 оны 07 дугаар сараас 2023 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд бичилт хийлгүүлэх, нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага,
-2022 оны 01 сард Симпл аппликейшнаас “Ү” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан 19,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 3,666,570 төгрөгийг “Ү” ХХК-иар төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.А-ийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү” ХХК-иас 264,623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД