Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 144

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

улсын яллагч М.Нямжав,

шүүгдэгч Д.Сансардорж түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар  зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Их мянган овогт Доржжавын Сансардоржид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020280 дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол Улсын иргэн, Их мянган овогт Доржжавын Сансардорж, /РД:УБ75092513/ 1975 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчидын 1 дүгээр гудамжны 147 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаяган дээрээ оршин суудаггүй, хамтран амьдрагчийн хамт  Баянгол дүүргийн  2 дугаар хороо 63б байрны 00 тоотод амьдардаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Нийслэлийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 267 дугаар зүйлийн 267.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт  зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдэж 2010 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 

Шүүгдэгч Д.Сансардорж нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд согтуугаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 1 дүгээр орцонд 81 настай эмэгтэй Ц.Охиноогийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан 200.000 төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдэж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч Д.Сансардорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.Сансардорж нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд согтуугаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 1 дүгээр орцонд 81 настай эмэгтэй Ц.Охиноогийн эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан 200.000 төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Эд зүйл хураан авсан тэмдэглэл “... Шаргал өнгийн металл ээмэг 1 ширхэг /2 хос/ уг ээмэг нь гялгар уутанд скочидчихсон гараар /мо ээмэг 2.9 гр, 3045/ тэмдэглэл үйлдсэн байв. Хас-Оргил ломбардны барьцаат зээлийн гэрээ-1 ширхэг /канондсон хувь/” гэсэн баримт. /хэргийн 14, 15 дугаар хуудас/

Хохирогч Ц.Охиноод “Шаргал өнгийн монетан ээмэг 1 хос-2 ширхэг. /хүлээлгэн өгсөн ээмгийн гадуур 3045 гэсэн тэмдэглэгээ байв/” гэсэн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Охиноогийн “Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 дугаар хорооны дэргэдэх байр буюу манай гэрээс ойролцоогоор 500 орчим метрийн зайтай байдаг найз Лхамсүрэнгийн гэрт нь очоод тэгээд 16 цагийн орчим буцаад өөрийнхөө гэр лүү ганцаараа явсан. Тухайн үед гэрэл гэгээтэй үзэгдэх орчин сайн харагдаж байсан. Тэгээд өөрийн гэр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо 34 дүгээр байрны 1 дүгээр орц руу гэр лүүгээ орохоор орц руугаа орсон. Тэгэхэд яг орцны хаалганы дотор талд үл таних этгээд ноосон ширүүндүү бээлийгээр миний ар талаас ам дарсан. Тэгээд миний зүүчихсэн байсан 2 ээмгийг сугалж аваад зугтаагаад явсан. Тэгээд би араас нь харахад куртикных нь малгай үстэй байсан. Тэгээд охин Нарангуад утсаар хэлээд тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж ирээд байна. ...Шууд л миний ээмгийг тайлаад авсан. Миний цүнхийг ч үзэж хараагүй. Шууд ээмэг аваад зугтаасан. Миний 2 талын чих урагдсан байна. Өөрөөр ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байна. Өөр нэмж хэлж ярих зүйл, санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

“... Энэ миний ээмэг мөн байна. Тухайн залуу бээлийтэй байсан. Гомдолтой байна.Тухайн залууд эд зүйлээ дээрэмдүүлснээс хойш бие маань байнга өвдөж байгаа. Би ээмгээ авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Гэрч Д.Туяагийн “... Тухайн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө би 10 цагт ажлаасаа буусан гэхэд Сансардорж над руу залгаад буух гэж байна уу, тосоод авах уу гэсэн тэгэхээр нь  би хэрэггүй ээ өөрөө яваад очъё гэж хэлчихээд тэгээд 10 цаг өнгөрөөж ээлжээ солиод тэгээд гэртээ иртэл Сансардорж байгаагүй.

...Тэгээд арай гайгүй болчихоод хэвтэх гэж байтал дахин агсамнаад уйлаад агсамнаад уйлаад ах маань гээд байсан. Ер нь агсамнана гэж ядаргаатай уйлаад байдаг юм.

...Тэгээд уйлаад агсамнаад уйлж байснаа янхан минь чи буудалд хоногоор ажилладаг хэн бэ үнэн ч юм уу худлаа ч юм уу гэхээр нь би цагдаа дуудсан. Тэгтэл Сансардорж хувцсаа өмсөөд гараад явчихсан. Тэгээд цагдаагийнхан ирсэн ба тэгээд ирэхээр нь дахиж дуудаарай гэж хэлсэн. Тэгээд цагдаагийнханыг гараад явангуут Сансардорж буцаж орж ирсэн ба тэгээд байж байхаар нь би коридорт гарч байгаад нөгөө цагдаа руу залгаад тэгээд л аваад явсан. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхийн мөнгөтэй ирж авах гэтэл хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа гэсэн юм. Тухайн өдөр сүүлд гарч яваад архи нэмж уугаад орж ирсэн. Тэгэхэд надад 20.000 төгрөгийг 3 ширхэг дэвсгэрт нийт 60.000 төгрөг өгсөн ба тэгэхээр нь би юун мөнгө бэ гэтэл найзаасаа авсан юм. Найз тааралдаад өгсөн гэхээр нь би авсан. Түүнээс гэмт хэрэг үйлдсэн талаараа мөн гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлээ хэрхсэн талаараа надад хэлээгүй. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эргэлтээр очиж уулзахад хэрэг үйлдсэнээ надад хэлсэн. Тэгээд тэр ээмгээ ломбарданд тавьсан. Тэр мөнгөнөөс 60.000 төгрөгийг нь чамд өгсөн юмаа гэсэн. Тэгээд өөрөө ломбардаа сайн зааж мэдэхгүй байна лээ.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

“...Сансардоржийн хувцсыг нь угааж цэвэрлэх гээд хармааг нь шалгахад өмднийх нь хармаанд Хос-Оргил ломбардны бичиг байсан тул уг бичгийг нь аваад Сансардоржийн дүү Нямдаваад хувцсанд ломбардны бичиг байна, чи энийг аваад ломбарданд нь очоод шалгаадахаач цагдаагаас хайгаад байсан ээмэг нь байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхэд Нямдаваа уг бичгийг нь аваад ломбарднаас ээмгийг нь аваад цагдаад хүлээлгэж өгсөн гэсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

 

Гэрч О.Нямдаваагийн “...Сансардорж ахын хамтран амьдрагч Туяа гэх эгч Сансардорж ахын хувцаснаас ломбардны бичиг гарч ирсэн гээд надад өгөхөөр нь би уг ломбарданд очоод Сансардорж ахын барьцаанд тавьсан байсан ээмэгний барьцааны мөнгийг нь өгөөд ээмгийг авчихсан учир уг ээмгийг хүлээлгэж өгмөөр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээны №1866 дугаартай:

 “1. Охиноогийн биед 2 чихний гэдсэнд зулгарал, зүүн мөчний үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө” гэсэн дүгнэлт. /хэргийн 31 дүгээр хуудас/

 

Яллагдагчаар Д.Сансардоржийн өгсөн “Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 63б-00 тоот түр оршин суух гэрээсээ гараад 1 дүгээр хороолол орохоор гарсан. Тэгээд алхаж байтал КFC түргэн хоолны газрын орчим нэг ягаан дээлтэй, ягаан малгайтай өндөр настай эмээ хальтирч унах гээд байна дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд тэр эмээ намайг сугадаад явсан. Тэгээд тэр эмээ байрныхаа гадаа ирээд энэ манай байр эмээ нь ингээд орчихъё гэсэн. Тэгээд надаас салаад явсан. Сугадаж явж байхад эмээг хартал 2 чихэнд нь монетон ээмэг зүүсэн байгаа нь харагдаж байсан. Тэгээд би эмээг салаад явахаар нь араас нь дагасан. Тэгээд орц руугаа оронгуут нь араас нь дагаж ороод дээш гаралгүй шууд чихнээс нь ээмэгийг нь сугалж авсан. Тэгээд л гараад явчихсан. Тухайн үед би савхин бээлийтэй байсан. Тэгээд би тэндээсээ 1 дүгээр хороолол орж Хархорин худалдааны төвийн арын арктай 19 дүгээр байрны эгнэсэн баахан ломбарднуудын нэрийг нь мэдэхгүй, хаалга нь ямар өнгөтэйг мэдэхгүй ломбарданд ороод 110.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Тэгээд л гэртээ иртэл Туяа архи уулаа гэж уурлаж намайг маажиж цохиж зодоод цагдаа дуудсан юм. Эмээтэй тааралдахад 12 цаг өнгөрч байсан байх. Тэгээд би гэртээ 14 цагийн орчим харьсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Иймд Д.Сансардорж нь бусдын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан 200.000 төгрөгийн эд зүйлийг нь авсан үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Сансардорж нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 47 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд урьд Нийслэлийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 267 дугаар зүйлийн 267.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт  зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдэж 2010 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байжээ.

Иймд түүний ялтайд тооцогдох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байна.

 

Хэрэгт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...Шаргал өнгийн монетон ээмэг 1 хос-2 ширхэг / Хүлээлгэн өгсөн ээмгийн гадуур 3045 гэсэн тэмдэглэгээ байв/ гэсэн баримт  /хэргийн 16 дугаар хуудас/ авагдсан бөгөөд хохирогч Ц.Охиноогийн “...Хүүхдийн эхийн нь өрөвдөөд гомдолгүй гэж бичлээ” гэсэн баримтыг өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.Сансардоржийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Сансардоржийн энэ хэрэгт 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн  Д.Сансардоржийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн өндөр настан, биеэ хамгаалж чадахгүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд хуульд зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Их мянган овогт Доржжавын Сансардоржийг бусдын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Д.Сансардоржийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

                                  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Сансардоржид оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Сансардорж нь бусдад төлөх төлбөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Сансардоржийн энэ хэрэгт цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Сансардоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Сансардоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ