Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00677

 

Д.Долгоржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар шийдвэр,        

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Долгоржавын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ганчимэгт  холбогдох,

8.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагч Д.Ганчимэг, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Д.Ганчимэгт 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, 5 000 000 төгрөгийг зээлүүлсэн юм. Д.Ганчимэгээс гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагчаас миний зээлүүлсэн 5 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, алданги 2 950 000 төгрөг, нийт 8 850 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би анх Д.Долгоржаваас түүнтэй цуг ажилладаг байсан Б.Нарангоо гэдэг хүүхнээр дамжуулан сарын 10 хувийн хүүтэйгээр 3 000 000 төгрөг зээлж авсан. Би сар болгон хүүгээ тогтмол төлж байгаад 2013 оны 5 дугаар сард 1 000 000 төгрөг, хүү 300.000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг Д.Долгоржав эгчийн дансанд хийсэн. Ингээд сар бүр 200 000 төгрөг тогтмол хийж явсан.Мөнгөө Б.Нарангоогийн дансанд, эсхүл бэлнээр ажил дээр нь аваачиж өгч байсан. Гэтэл 2013 оны 8 дугаар сард би ерөөсөө энэ Д.Долгоржав гэдэг хүнтэй өөрөө яриад шууд данс руу нь хийж байя гэж бодоод 88378855 гэдэг утас руу нь яриад данс руу нь 200 000 төгрөг хийтэл Д.Долгоржав надаас чи хэдэн төгрөг зээлсэн бэ гэхэд би 3 000 000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн, сар бүр тогтмол 300 000 төгрөг төлж байгаа. Чамайг машин авна гэхээр нь би 1 300 000 төгрөг өгсөн гэхэд би 10 хувь биш 6 хувийн хүүтэй зээлүүлсэн  гэхээр нь би 2013 оноос 6 хувийн хүү өгч байгаад дахин 500 000 төгрөг нэмж авсан. 2014 оны 11 дүгээр сард 1 750 000 төгрөгийг данс руу нь хийсэн. Би сар бүр тогтмол 200 000-300 000 төгрөг төлдөг байсан. Бүтэн 3 жил гаран энэ хүнд мөнгө төлсөн. Нийт 12 000 000-13 000 000 төгрөг төлсөн. Энэ хүнийг нэг ч удаа хохироогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Д.Долгоржавын нэхэмжлэлтэй Д.Ганчимэгт холбогдох 8 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 156.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэргийг бодит нөхцөл байдлаас буруу ташаа дүгнэсэн гэж үзэж байна.Нэхэмжлэгч Д.Долгоржав нь Д.Ганчимэгт 2013 оны 11 дүгээр сараас анх 2 500 000 төгрөгийг, 2014 оны 1 дүгээр сарын сарын 08-нд 1 000 000 төгрөгийг, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1 500 000 тус тус зээлүүлж нийт 5 000 000 төгрөг болгож, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ирж зээлийн гэрээ байгуулсан.Нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сараас хойш нийт 4 100 000 төгрөгийг дансаар болон бэлнээр буцааж авсан. Улмаар 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нэмж 1 500 000 төгрөгийг зээлсэн байдаг. Хариуцагч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргадаггүй бөгөөд нийт зээлж авсан 6 500 000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг зээлж авснаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрдөг.Хэдийгээр нэхэмжлэгч нь мөнгө буюу эд зүйлийг шилжүүлсэн талаар баримтгүй бэлнээр өгч байсан боловч  хариуцагч  мөнгө  аваагүй  гэж маргаагүй  бөгөөд зээлийг буцаан төлсөн талаар маргадаг. Иймд хариуцагч мөнгө зээлж аваагүй гэж маргаагүй учраас хариуцагч зээлийг буцаан төлсөн эсэх дээр шүүх дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь үнэхээр бодитойгоор мөнгө зээлээгүй байж хоосон дүр эсгэсэн зээлийн гэрээ байгуулсан бол гэрээний дагуу шаардах эрхгүй байх нь зүйн хэрэг юм. Хэргийн нөхцөл байдлаас харахад хариуцагч мөнгө зээлж авснаа зөвшөөрч харин төлсөн эсэх дээр маргаж байхад гэрээний дагуу мөнгө бодитоор шилжүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь буруу юм.Нөгөө талаар хариуцагч Д.Ганчимэг нь Иргэний хуулийн 199.1, 199.3-т зааснаар нэгэнт үүссэн өөрийн өр төлбөрөө хүлээн зөвшөөрч, энэ тухай бичгээр зээлийн гэрээний ард мэдэгдэж тайлбараа бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.Хариуцагчийн “5 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр хүүгийн хамт 2016 оны 01 дүгээр сарын 20-ны дотор төлнө” гэж бичиж гарын үсгээ зурсан баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримтыг хариуцагч үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд гарын үсэг биш ч гэж маргадаггүй. Гэрээг хүчин төгөлдөр бус, гэрээг байгуулаагүй гэж талууд маргаагүй байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолгүй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүй хууль ёсны шийдвэр болж чадсангүй.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                                       ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Долгоржав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.Ганчимэгээс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 850 000 төгрөг шаардсан бол хариуцагч Д.Ганчимэг нэхэмжлэгчээс 2012 онд 3 000 000 төгрөг, 2013 онд 500 000 төгрөг, 2014 онд 900 000 төгрөг тус тус зээлж авсан ба зээлийн төлбөрт нийт 12-13 сая төгрөг төлж, зээлдэгчийн үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ. 

Зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч уг гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 5 000 000 төгрөгийг бэлнээр, эсхүл дансаар шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Долгоржав  зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Ганчимэгт 5 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй тул түүнд уг гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэжээ.   

Хариуцагч Д.Ганчимэг 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөг аваагүй, харин урьдах зээлийн төлбөр тооцооны үндсэн дээр гэрээ байгуулагдсан талаар шүүхэд тайлбарласан байх тул “хариуцагч  мөнгө  аваагүй  гэж маргаагүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын үндэслэл бодит байдалд нийцээгүй байна. Нөгөө талаар, дээрх гэрээний ар талд байгаа “2015-7-20-нд. Сар болгоны 20-д 250 000 төгрөг Долгоржавд хүү гэж 5% 5 000 000 төгрөг төлнө”  гэх бичвэр нь нэхэмжлэгч Д.Ганчимэг 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөг хүлээн авсан гэх агуулгагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй ба шүүх нотлогдоогүй шаардлагыг хангах боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх тухай хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 366 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН