Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/03481

 

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/03481

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Н З” Дундын хоршоо-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, биеэр эдэлж чадаагүй амралтын нөхөн оловрыг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ш.С, гэрч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би тус хоршоонд 2006 оноос ажиллаж ирсэн бөгөөд 2017 оны 01-р сарын 01-нөөс хөдөлмөрийн гэрээний дагуу кассын нярав гэсэн албан тушаалд үндсэн ажилтнаар, мөн хяналтын зөвлөлийн дарга, гишүүний ажил албан тушаалын үүргийг давхар хашиж, хариуцсан ажилдаа ямарваа нэг алдаа дутагдал болон сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай болон Хоршооны тухай хууль, дүрмийг баримтлахгүйгээр “Н З” дундын хоршооны2023 оны 03-р сарын 17-ны өдрийн Тэргүүлэгчдийн ээлжит хурлын 5-р тогтоол, тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн хэмнэлтийн горимоор ажиллахын тулд намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Миний эрхэлж байсан ажил, албан тушаал бодитоор байхгүй болоогүй бөгөөд намайг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсанаар кассын хөтлөх ажлыг тэргүүлэгч Л.Бд даалгасан байдлаас тогтоогдож байгаа нь намайг хоршооны кассын нярав болон даргын үйл ажиллагаа, санхүүгийн талаар ил тод, шударга хэлдэг нөхцөл байдлаас шалтгаалан ажлаас халсанд гомдолтой. Тэргүүлэгчдийн 2023 оны 03-р сарын 17-ны өдрийн ээлжит тус хурлаар төсөв баталсан хурал болсон бөгөөд уг хуралдаанаас дундын хоршооны ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан тухай тогтоол, мөн Хоршооны даргаас бүтэц орон тоог баталсан тухай тушаал гараагүй зөвхөн кассын хөтлөгч гэж нэршил өөрчлөгдсөн байхад хэмнэлтийн горимоор орон тоог хассан, бууруулсан, цөөрүүлсэн гэж үзэхгүй. Иймд, дээрхи үндэслэлээр намайг ажлаас хууль бусаар халсан болохыг тогтоож, урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, холбогдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Анх ажилд орсон 2019 оны 1-р сараас 2023 оны 04-р сарыг дуустал хугацааны миний ээлжийн амралтыг, эдлүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.2, 110.3-т зааснаар ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгуулах шаардлагыг гаргаж байна. “Н З” дундын хоршоонь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж, шимтгэл төлөхөөс зайлсхийхийн тулд ногдох орлогыг нуусан тул ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хуулийн үндэслэлтэй. Иймд Л.О миний 2017 оны 1-р сараас 2023 оны 04-р сар хүртэлх хугацаанд ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй тул эдгээр хугацаанд ногдох ээлжийн амралтын цалинг 1.5 хувиар тооцвол 534,673,9 төгрөг болж байгаа ба 6 жилд аваагүй тул 6 жилээр тооцвол 534673,9х6=3,208,044 төгрөг болж байгаа тул энэхүү олговрыг нөхөн тооцуулж гаргуулж өгнө үү.

2019 оны 1-р сараас 2023 оны 04-р сар хүртэлх ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг “Н З” дундын хоршоонддаалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.О нь хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд давхар кассын няравын ажлыг бүтэн бус цагаар гүйцэтгэдэг байсан. Тэргүүлэгчдийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн хуралдаан дээр Л.О нь няравын ажлаа өгөх тухай бидэнд хэлж, үүний дагуу бид 2023 оны 04 сарын 01-ний өдрийн 1/19 тоот тушаалаар няравын ажил үүргийг өөр тэргүүлэгчийн ажил үүргийн хуваарьт тусгаж, Л.Оыг няравын ажил үүргээс нь чөлөөлсөн. Гэтэл тушаалыг Л.О эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооны хуралдаанаас биднийг эвлэрэхийг зөвлөсөн. Л.О нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 1. Ажиллаж байсан албан тушаалд томилох, 2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 3. Ажлаас буруу халсан тухай бүх гишүүдийн өмнө уучлал гуйх гэсэн шаардлагуудыг тавьсан. Манай байгууллага 2023 оны 05 сарын 26-ны өдөр и-мэйлээр Л.Оыг ажилд эгүүлэн томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ, мөн ажил үүргийн хуваарь буюу ажлын байрны тодорхойлолтыг хүргүүлсэн. Гэтэл Л.О өөрөө ажилдаа эргэж орохыг зөвшөөрөөгүй бөгөөд үүнийгээ албан ёсоор имэйл болон фэйсбүүк чатаар бидэнд илэрхийлсэн. Өөрийнх нь хүсэлтийн дагуу 2023 оны 06 сарын 09-ний өдөр түүний цалинг 500,000 төгрөгөөр тогтоож тушаал гаргасан бөгөөд уг тушаалаа засаж 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 7/24 тоот тушаалаар түүний эдийн засгийн чадамжийг бууруулахгүйгээр дээрдүүлсэн нөхцөлөөр сарын 1,000,000 төгрөгөөр цалинжуулж, холбогдох татвар шимтгэлийг төлж байгаа. Тэргүүлэгчид анх гаргасан алдаатай тогтоолыг хүлээн зөвшөөрч Л.Оаас албан ёсоор уучлалт гуйсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал гараагүй, 2023 оны 06 сарын 14-ний өдрийн тушаалаар ажилд эгүүлсэн томилсон ч өөрөө ирж ажлаа хийхгүй байгаа, мөн 4,5,6, 7 саруудын цалин бодогдож олгогдож байгаа. Мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа. Түүний нэхэмжлэлд дурьдагдсан бүх шаардлагууд хангагдсан бөгөөд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй байгаа болно гэжээ. 

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.04.01-ний өдрийн №1/9 тоот тушаал, 2021.10.15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2023.06.14-ний өдрийн №69 дугаартай Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл,  2023.06.14-ний өдрийн №1/24 тоот тушаал, 2023.03.17-ны өдрийн №5 тоот тогтоол, 2023.03.17-ны өдрийн хурлын тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Голомт банк ХХК-ийн дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Хариуцагчаас: Хуудийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, “Н З” дундын хоршооныдүрэм, “Н З” дундын хоршооны2023.06.14-ний өдрийн №1/25 тоот албан бичиг, Акпар аудит ХХК-ийн тайлан, Мажик консултинг аудит ХХК-ийн тайлан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч Л.О нь “Н З” дундын хоршоондхолбогдуулан ажлаас хууль бусаар халсан болохыг тогтоолгох, урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй тул ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж, нийт 3,208,044 төгрөгийг нөхөн гаргуулах, 2019 оны 1 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгч эдгээр шаардлагаа бүхэлд нь дэмжсэн.

 

6. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Л.О нь тус хоршоонд 2006 оноос хойш ажиллаж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний дагуу кассын няравын ажил, албан тушаалд үндсэн ажилтнаар, хяналтын зөвлөлийн дарга, гишүүний ажил албан тушаалын үүргийг давхар хашиж байсан. Гэтэл “Н З” дундын хоршооны2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тэргүүлэгчдийн ээлжит хурлын №5 тогтоол, тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн хэмнэлтийн горимоор ажиллах гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тус хурлаар ажил, албан тушаалын жагсаалт, бүтэц орон тоог баталсан тухай тушаал гараагүй зөвхөн кассын хөтлөгч гэж нэршил өөрчлөгдсөн байхад хэмнэлтийн горимоор орон тоог хассан, бууруулсан, цөөрүүлсэн гэж үзэхгүй тул ажлаас хууль бусаар халсан болохыг тогтоолгож, урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, холбогдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэнэ.

Мөн 2019 оны 1 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны миний ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж 3,208,044 төгрөгийг гаргуулна, 2019 оны 01 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн зүгээс огт төлж байгаагүй тул нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгуулна гэж тайлбар гарган мэтгэлцсэн.

 

7. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Л.О нь хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд давхар кассын няравын ажлыг бүтэн бус цагаар гүйцэтгэдэг байсан. Тэргүүлэгчдийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн хуралдаанд Л.О нь няравын ажлаа өгөхөө хэлсэн, үүний дагуу 2023 оны 04 сарын 01-ний өдрийн 1/19 тоот тушаалаар няравын ажил үүргийг өөр тэргүүлэгчийн ажил үүргийн хуваарьт тусгаж, Л.Оыг няравын ажил үүргээс нь чөлөөлсөн, гэтэл тэрээр эс зөвшөөрч маргасан. Улмаар манай байгууллага нь 2023 оны 05 сарын 26-ны өдөр цахим шуудангаар Л.Оыг ажилд эгүүлэн томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ, мөн ажил үүргийн хуваарь буюу ажлын байрны тодорхойлолтыг хүргүүлсэн. Гэтэл Л.О өөрөө ажилдаа эргэж орохыг зөвшөөрөөгүй бөгөөд үүнийгээ албан ёсоор цахим шуудан болон фэйсбүүк чатаар бидэнд илэрхийлсэн. Өөрийнх нь хүсэлтийн дагуу 2023 оны 06 сарын 09-ний өдөр түүний цалинг 500,000 төгрөгөөр тогтоож тушаал гаргасан бөгөөд уг тушаалаа засаж, 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 7/24 тоот тушаалаар түүний эдийн засгийн чадамжийг бууруулахгүйгээр дээрдүүлсэн нөхцөлөөр 1,000,000 төгрөгөөр цалинжуулж, холбогдох татвар, шимтгэлийг төлж байгаа. Тэргүүлэгчид анх гаргасан алдаатай шийдвэрээ хүлээн зөвшөөрч Л.Оаас албан ёсоор уучлалт гуйсан бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал гараагүй, 2023 оны 06 сарын 14-ний өдрийн тушаалаар ажилд эгүүлэн томилсон ч өөрөө ирж ажлаа хийгээгүй. Мөн 2023 оны 4-7 саруудын цалин бодогдож олгогдсон ба мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа. Түүний нэхэмжлэлд дурьдагдсан бүх шаардлагууд хангагдсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг хөндөгдөөгүй. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

8. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

             I.        Ажлаас хууль бусаар халсан болохыг тогтоолгох, урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, холбогдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

1. Нэхэмжлэгч Л.О нь 2017 оноос "“Н З” дундын хоршоондхөдөлмөрийн гэрээ байгуулан тогтвортой ажиллаж байгаад, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн өдрийн №1/9 тоот даргын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

2. Нэхэмжлэгч нь "“Н З” дундын хоршооныдарга Ц.Цэнд-Аюушийн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №1/9 тушаалыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримтад маргасан ба хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр нь хууль зөрчсөн тул эрх зүйн үндэслэлгүй гэж гомдлын үндэслэлийг тайлбарласан.

 

3. Ажил олгогчоос Л.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгааныг нэхэмжлэгч өөрөө ажлаа өгөхийг хүссэнтэй холбоотойгоор түүний ажил үүргийг өөр тэргүүлэгчийн ажил үүргийн хуваарьт тусган, ажлаас нь чөлөөлсөн, мөн хэмнэлтийн горимоор ажиллах шаардлагатай байсан гэж тайлбарласан, Л.Оыг ажилд нь эгүүлэн томилсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд хэрэгт цугларсан баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

4. Л.Оыг ажлаас чөлөөлөхдөө “Н З” дундын хоршооны2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тэргүүлэгчдийн ээлжит хурлын 5 дугаар тогтоол болон тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

5. Учир нь ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны, эсхүл олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой байхад Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар буюу ямар үндэслэлээр цуцалсан нь тушаалд тодорхой тусгагдаагүй, нөгөө талаас ажилтан өөрийн хүсэл зоригоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үндэслэл хэрэг цугларсан баримтаар нотлогдоогүй тул Л.Оыг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.

 

6. Түүнчлэн тушаалд дундын хоршооны Тэргүүлэгчдийн хурлын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар тогтоол, тэмдэглэлийг баримталсан байх боловч уг тогтоолд нь Л.Оыг үүрэгт ажлаас нь ямар үндэслэлээр чөлөөлсөн талаар тусгагдаагүй байгаагаас гадна нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийг ажлаас чөлөөлсөн тушаалд тусгаагүй, ...тэргүүлэгчдийн хурлаар байгууллагын санхүүгийн боломжоо хэлэлцээд хэмнэлтийн горимоор ажиллуулахын тулд кассын няравын ажлаас Л.Оыг чөлөөлсөн.... нь хариуцагч талаас шүүхэд гаргасан О.Оюунсайхан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэх тайлбарыг үгүйсгэжээ. /хх-5, 32, 33/

 

7. Тушаал, шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд, эрх зүйн үр дагавар үүсгэдэг учир хэлбэрийн болон хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой боловч энэ шаардлага хангагдаагүй, түүнчлэн талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.7-д ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг зөвхөн хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан боловч хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр Л.Оыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх үйл баримт нотлогдоогүй тул хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.

 

8. Ажил олгогчийн зүгээс Л.Оыг үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн тухай гомдол, саналыг нь хүлээн авч, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа түүнийг “Н З” дундын хоршооныдаргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №1/24 тушаалаар Л.Оыг өмнө нь ажиллаж байсан ажлын бүтэн бус цагийн Цагаан алт дэлгүүрийн кассын няравын ажилд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн авч ажилд томилсон, Л.Отай ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хуулийн зөрчлийг нь арилган дахин шинээр байгуулж, цалин хөлсийг 1,000,000 төгрөгөөс тооцон нэг цагт ногдох цалин хөлсийг 6,000 төгрөгөөр бодож олгохоор тогтоосон, уг тушаал гарсан цагаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, цалин хөлсийг нь олгож байгаа боловч нэхэмжлэгч нь үүрэгт ажлаа сайн дураар ирж гүйцэтгээгүй, тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн тайлбарыг хариуцагч гаргаж мэтгэлцсэн.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбар, татгалзалтай холбогдуулан, өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа талаар хуралдаанд илэрхийлсэн, хэдийгээр эвлэрэх хүсэл зорилго байсан боловч ажил олгогчоос “Н З” дундын хоршооныдаргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №1/24 тушаалаар Л.Оыг өмнө нь ажиллаж байсан кассын няравын ажилд томилохдоо өмнө үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэм хэмжээг илтэд дордуулж буюу цагийн хөлсөөр тооцож цалин хөлс олгохоор тогтоосон, тодруулбал өмнөх хөдөлмөрийн гэрээгээр сарын цалин хөлсийг бүтэн тооцдог байхад энэ тохиролцоог өөрчлөн, үндсэн цалинг 1,000,000 төгрөгөөр тогтоон, үүнээс зөвхөн ажилласан цагаар цалин, хөлс олгохоор тушаал гаргасан нь өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцлийг дордуулсан, учир нь энэ тушаал, хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан тохиолдолд өмнө нь авч байсан 1 сарын үндсэн цалинг авч чадахгүй хохирох учир энэ нөхцлийг зөвшөөрөхгүй, гэж маргасан байна.

 

10. Ажил олгогч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаантай асуудлыг шийдвэрлэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон тул түүний эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж маргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, сүүлд ажилд томилсон тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээг өмнөх нөхцөл бус, ажил олгогчид ашигтай хэлбэрээр цалин, хөлсийг олгох журмыг өөрчилж тулган шаардсан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж буй тул өөрийн хөдөлмөрлөх эрх сэргэсэн гэж үзэхгүй гэж мэтгэлцсэн байна.

 

11. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд Л.Оы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу үүрэгт ажлаас чөлөөлсөн хэм хэмжээний агуулгад дүгнэлт хийж шийдвэрлэх тул хариуцагчийн татгалзалд дурдсан “Н З” дундын хоршооныдаргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №1/24 тушаал нь хэрэг маргаанд ач холбогдолгүй гэж үзэв.

 

12. Мөн хариуцагч “Н З” дундын хоршоонь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №1/9 тушаалаар хэмнэлтийн горимоор ажиллуулах гэдэг үндэслэлээр Л.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.-т Аж ахуйн нэгж, байгууллагын орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлд хамаарах мэт боловч мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй нь хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл болжээ.

 

13. Иймд нэхэмжлэгч Л.Оы 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

14. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, мөн журмын 2.1.2.-т ажилтны нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тодорхойлно гэж тус тус заасны дагуу Л.Оы ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 350,000 төгрөг байсантай хэн алин нь маргаагүй, нэг өдрийн дундаж цалин хөлс нь /350,000:21/ =16,666 төгрөг болно.

 

15. Нэхэмжлэгч Л.Оы 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь /350,000 х 6 сар / 6 сар буюу 2,100,000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

16. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу “Н З” дундын хоршоонднэхэмжлэгч Л.Оы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

17. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх талаар шүүхээс дүгнэж, хууль зөрчсөн тушаалын үр дагавар болох ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоолгох шаардлагыг шийдвэрлэх тул "“Н З” дундын хоршооны2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн өдрийн №1/9 тоот даргын тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрт тусгах шаардлагагүй гэж үзэв.

 

18. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т Хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Л.Оыг “Н З” дундын хоршооныкассын няравын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

                   II.        2019.01-2023.04 дүгээр сарыг дуусталх хугацааны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй тул ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж 3,208,044 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

1.  Нэхэмжлэгч Л.О нь 2019 оны 01 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй, 4 жил хагасын хугацаанд хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу ээлжийн амралтыг эдлүүлээгүй тасралтгүй ажиллаж байсан учир ээлжийн амралтын цалинг холбогдох журмын дагуу тооцуулан, олговрыг 1.5 дахин нэмэгдүүлж авах эрхтэй гэсэн үндэслэлээр нийт 3,208,044 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно гэж, мөн хуулийн 110.2-т Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно гэж, 110.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгох-оор зохицуулжээ.

 

3.  Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хэм хэмжээний хүрээнд ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх боловч энэ хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх хугацаанаас өмнөх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ээлжийн амралтын цалингийн харилцаа нь хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай /1999 он/ хууль түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актаар зохицуулагдах харилцаа байх тул 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хөдөлмөрийн харилцаанд үүссэн ээлжийн амралтын цалинтай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

4.  Харин Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ хууль дагаж мөрдөгдсөн хугацаанаас хойшхи ээлжийн амралтын цалинг мөн хуулийн 110.1, 110.2-т зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

5.  Нэхэмжлэгч Л.О нь 2022 онд бүтэн ажилласан боловч ээлжийн амралтын цалинг ажил олгогчоос хуульд заасан хэмжээгээр олгоогүй үйл баримт тогтоогдсон тул зохих журмын дагуу тооцож, /2022 он нийт 3,640,000/252 хоног =14,444 төг, 14,444х22=317.768 төгрөг 317,768х1,5 =476,652/ ээлжийн амралтын цалинг тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

                                  III. 2019 оны 1 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгуулах шаардлагын тухайд,

 

1.  ”Н З” дундын хоршоонь ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж, шимтгэл төлөхөөс зайлсхийхийн тулд ногдох орлогыг нуусан тул ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах үндэслэлтэй, 2019 оны 1 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг “Н З” дундын хоршоонддаалгуулна гэж нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлжээ.

 

2.  Зохигчийн тайлбар хэрэгт цугларсан баримтаар “Н З” дундын хоршоонь нэхэмжлэгч Л.Оы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр шаардлагад дурдсан хугацаанд төлж байгаагүй болох нь нотлогдсон, уг шалтгааныг санхүүгийн хувьд сул дорой байсан гэж тайлбарлажээ.

 

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, ажилтан нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй юм.

 

4. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар дээр дурдсан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр хуулиар тогтоосон хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар ажил олгогч болон даатгуулагч нь шимтгэл төлөх талаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх; нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах үүрэгтэй байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах үндсэн эрхтэй, мөн хуулийн 43.2.7-д зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговортой тэнцэх хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж, холбогдох байгууллагад тайлагнах, баталгаажуулах үүргийг ажил олгогч хариуцах бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлага мөн эрх зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

6.  Иймд нэхэмжлэгч Л.Оы 2019 оны 1 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хариуцагч “Н З” дундын хоршоонддаалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Л.Оыг ”Н З” дундын хоршооныЦагаан алт дэлгүүрийн кассын няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,100,000 төгрөгийг хариуцагч “Н З” дундын хоршооноос гаргуулан нэхэмжлэгч Л.Од олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Л.Оы төлбөл зохих 2019 оны 01 дүгээр сараас 2023 оны 04 сар хүртэлх хугацааны, мөн ажилгүй байсан /2023.04-2023.11 сар хүртэлх/ хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Н З” дундын хоршоонддаалгасугай.

 

3.  Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.2-т зааснаар 2019.01-2023.05 дугаар сарыг хүртэлх хугацааны ээлжийн амралтын цалин 3,208,044 төгрөгийг гаргуулах шаардлагаас 317.768 төгрөгийг хариуцагч “Н З” дундын хоршоо-оос гаргуулж нэхэмжлэгч Л.Од олгож, үлдэх 2,890,276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид, 48,550 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД