2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2670

 

2025          11           28                                               2025/ШЦТ/2670

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч С.Батгэрэл, хохирогч Ө.О, түүний өмгөөлөгч Ж.Г, Ц.М, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч  Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2308 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Э” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Сүмбэр тауэр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

   С овогт Чгийн М /РД:**00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д /машин механизм тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх/ гэсэн заалтыг зөрчсөн, цаас зүсэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийн хутгатай эргэлдэгч хэсгийн хаалт хамгаалалтыг хийгээгүй, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 17 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” ХХК-ны хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрийн ажлын байран дээр иргэн Ө.О нь цаас зүсэгч төхөөрөмжид баруун гараа хавчуулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 308 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирогчийн эрүүл мэнд, хохирлын баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий байдал, эх сурвалжийг харьцуулан үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд: Шүүгдэгч *******.

1.1. Улсын яллагчаас шүүгдэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учирсан гэм буруутай гэсэн дүгнэлт гаргаж,

1.2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс цаас зүсэгч тоног төхөөрөмжид хаалт байх шаардлагагүй, улсын байцаагчийн гэрчилгээтэй байсан эсэх нь хохирогчид учирсан хохиролтой объектив шалтгаант холбоогүй, хохирогч өөрийн болгоомжгүй байдлаас болж осолд орсон тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай,

1.3. Хохирогч, түүний өмгөөлөгч нараас улсын яллагчийн байр суурийг дэмжиж, хохирол төлүүлэх байр суурьтай тус тус мэтгэлцэж оролцсон болно.

2. Хэргийн үйл баримтыг сэргээн авч үзэхэд: 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 17 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” ХХК-ны хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрийн ажлын байран дээр хохирогч Ө.О нь ажлаа хийж байхдаа цаас зүсэгч төхөөрөмжид баруун гараа хавчуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан. Энэхүү осол болох шалтгаан нь “Э” ХХК-ийн захирал *******ын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цаас зүсэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийн хутгатай эргэлдэгч хэсгийн хаалт хамгаалалтыг хийгээгүй, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллаагүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учирсан гэж үзлээ.

Энэ нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг 17 минут 57 секундийн үед хохирогч Ө.О нь шар өнгийн малгайтай цамц, хар өнгийн мөрөвчтэй өмдтэй төхөөрөмжийн зүүн урд талын хэсэг рүү ойртож байгаа харагдах бөгөөд төхөөрөмжид ямар нэгэн эд эрхтнээ хавчуулсан бололтой тэмцэлдэж байгаа нь харагдах бөгөөд хамт ажиллаж байсан Ц.Б нь төхөөрөмжийн удирдлага хэсэгт очин унтрааж байгаа нь хяналтын камерын дүрс бичлэгт хадгалагдан үлдсэн байв...” гэсэн /хх10-15/,

Хохирогч Ө.Оийн “...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э ХХК-нд байрлах ажлын байран дээрээ ажиллаж байсан. Тухайн үед цаас зүсэгч машин дээр ажиллах хүнгүй шинэ хүн ирчихсэн намайг өмнө нь 2 сарын хугацаанд тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан болохоор зааварчилгаа өгөхийг ээлжийн мастер Б гэх хүн үүрэг болгосон. Тэр үед би тухайн тоног төхөөрөмжид дээр шинээр ажиллаж байсан. Б гэх залууд тухайн цаас зүсэгч төхөөрөмжийн ажиллах үйл явцыг зааварчилж танилцуулан хамт 10 минут орчим ажиллаж байсан юм. Тэгэхэд Урлон /цаасны гол/-той цаасыг зүсэгч хэсэгт шилжин зүсэж байсан юм. Тухайн үед цаасыг эргэлдүүлж байсан дамрын хоёр захаар цаас дамартай орооцолдчихсон. Тэр үед би тоног төхөөрөмжийг нэн даруй гацаж эвдрэхээс сэргийлэн баруун талын зүсэгдэж гацсан унжсан цаасыг баруун гараараа татаж байхад гэнэт огцом эргэлдэж байсан төхөөрөмж гарыг минь цаастай хамт татаж гар маань тухайн төхөөрөмжид хавчуулагдаж гацсан. Тэгээд би шууд хамт ажиллаж байсан Б гэх залууд төхөөрөмжийг унтраах товчийг дар гэж хэлээд төхөөрөмжийг унтраасны дараагаар ээлжийн мастерыг дуудаж минут орчмын дараа Б төхөөрөмжийн хажууд ирж төхөөрөмжийг өргөж гарыг маань салгаж авсан. Тухайн үед миний баруун гарын арьс болон өөхөн давхарга бугуйнаас урагшаа хэсэг нь бүхэлдээ унжиж, яс маань гарчихсан байсан. Тэгээд би байгууллагын захирал Ббаатарт мэдэгдээд машин надад гаргаж өгч Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэж эмчид үзүүлээд шууд хагалгаанд орсон. Тухайн компанид 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс цаас зүсэгч хэсгийн ээлжийн туслах ажилтнаар 2022 оны 07 сард хүртэл ажиллаж, 2022 оны 07 сараас 08 сар хүртэлх хугацаанд үйлдвэрийн ээлжийн мастер, 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд тоног төхөөрөмжийн оператор албан тушаалтайгаар ажиллаж байсан. Тухайн цаас зүсэгч машин дээр ажиллаж байх үедээ Бт зааварчилгаа өгч сурган дадлагажуулах үүргийг миний ажлын байранд заагдсан тодорхойлолтод тийм үүрэг байхгүй. Тухайн үед миний ажиллаж байсан цаас зүсэгч машин дээр хаалт төмөр байх ёстой байсан бөгөөд тэр үед хуучин гар аргаар хийсэн байсан унжсан төмөр хаалт нь байхгүй байсан учир тухайн цаас гацсан байсан. Манай компанид хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Б гэх хүн байдаг бөгөөд тэр үед мөн ажиллаж байсан. Манай компанид аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр байдаг. Ажилчдыг өглөө болгон ажилдаа гарахад нь зааварчилгааг өгч гарын үсэг зуруулан ажиллуулдаг. Тухайн өдрийн ээлжийн мастер Б нь цаас зүсэгч тоног төхөөрөмжийн дээр ажиллах хүн байхгүй учир надад зааварчилгаа өгч ажилд гаргасан. Анх ажилд ороход буюу 2022 оны 04 сард гэрээ хийж байсан. Тухайн өдрийн тоног төхөөрөмжид дээр яаж ажиллах зааварчилгааг тэр үед өгөөгүй. Тоног төхөөрөмжид дээр тухайн төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах талаар санамж бол байдаггүй. Харин анхааруулсан зурган хэлбэртэй тэмдэглэгээ байдаг. Анхааруулсан бичмэл зааварчилгаа байдаггүй. Эмчилгээний зардал тооцоог бүрэн гүйцэд бодож, хохирлын хэмжээний дагуу Э ХХК-с нэхэмжлэх болно. Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр тухайн үед гарсан эсэх талаар мэдэхгүй, Гэмтэл согог судлалын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү" гэсэн мэдүүлэг /1хх19-20/,

Гэрч Л.Бын "...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 09 цаг 45 минутын үед ээлжийн амралттай гэртээ амарч байсан. Тухайн үед манай хүний нөөцийн мэргэжилтэн Содбилэг залгаад "үйлдвэрлэлийн осол боллоо та гэмтлийн эмнэлэг дээр тосож аваарай" гэж хэлсэн. Тэгээд би 10 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн яаралтай хүлээн авах тасагт очиход манай компанийн Ө.О нь баруун гараа боочихсон байдалтай байсан. Тэр үед би юу болсон талаар ажилтнаасаа асуухад "цаас зүсэх төхөөрөмжид дээр ажиллаж байгаад гараа хавчуулсан" гэж хэлсэн. Тэгээд би ажилтнаа авч яван хүлээн авахын эмчид үзүүлээд рентген зураг авхуулж, эмч үзээд урьдчилсан байдлаар оёдол хийсэн гэж байсан. Түүнээс хойш 16 цагийн үед тус эмнэлгийн эмч нар хуралдаад Ө.Оийг гар сарвууны хагалгаанд оруулаад 2023 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн үед хагалгаа дуусаж ар гэрийнхэнтэй нь уулзаж тухайн өдрийн эмчилгээний зардал болох 172,000 төгрөгийг эмнэлэгт өгч, ар гэрийнхэнд нь эмчилгээний зардал мөнгө 2,000,000 төгрөгийг Ө.Оийн данс руу шилжүүлэн өгсөн. ...Тухайн үед эмнэлэгт орсон хагалгаа болгоны зардал болох нийт 2,200,840 төгрөгийн эмчилгээний зардлыг манай компаниас олгож байсан бөгөөд эмчилгээ болгон дээр миний бие хамт байсан. Би Э ХХК-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажилладаг бөгөөд 2022 оны 03 дугаар өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Ө.О нь манай компанид 2022 оны 04 сараас эхлэн үйлдвэрийн туслах ажилтан, ээлжийн мастераар тус тус ажиллаж байсан туршлагатай ажилтан. Өдөр тутамд тоног төхөөрөмжид ажиллахад ээлжийн мастер буюу тухайн өдрийн ахлах ажилтан нь ажилд гарахын өмнө өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч гарын үсэг зуруулан санамж анхааруулга өгч зааварчилгааны видео шторк бичлэгийг үзүүлсний дараагаар ажилдаа ордог. Тухайн материалууд маань бүгд баримттай байгаа. Би шинэ ажилтны сургалт хоёр удаа 2022 оны 10, 11 сард гэж санаж байна зохион байгуулахад Ө.О нь чөлөө авахад манай компанийн туршлагатай ээлжийн мастераар ажиллаж байсан хүн болохоор чөлөө олгоод явуулж байсан. Харин манай Хүний нөөцийн захирал Чулуунбаатарын зохион байгуулсан аюулгүй ажиллагаа, байгууллагын соёл, хөдөлмөр аюулгүй байдлын сургалт болон бусад төрлийн сургалтуудад хамрагдаж байсан. Мөн тухайн сургалтуудад хамрагдсан зургийн нотломжууд байгаа. Байгууллага анх 2022 оны 04 дүгээр сард үйл ажиллагааг явуулж эхлүүлэхэд бух тоног төхөөрөмжид анхааруулга, санамж зэргийг байршуулсан байдаг. Байгууллагын тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэлтэй тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулдаг асуудал тухайн үед байгаагүй. ...Мөн тухайн үед Ө.О нь уг тоног төхөөрөмжийг асааж, цаасыг бэлэн болгон хувааж зүссэний дараа тоног төхөөрөмжийг унтрааж гарсан хог хаягдлыг саваа модоор зайлуулж бэлэн бүтээгдэхүүнийг дүүжин караанаар авхуулдаг. Уг тоног төхөөрөмжийг БНХАУ-с 2021 онд оруулж ирсэн бичиг баримттай 2023 оны 01 сард суурилуулсан. Тухайн тоног төхөөрөмж нь Хятад хэлнээс орчуулсан Монгол заавартай. мөн уг тоног төхөөрөмжийн хэв загварыг өөрчлөөгүй үйлдвэрийн загвараар байгаа. Уг тоног төхөөрөмж нь бэлэн болсон цаасыг захиалгын хэмжээгээр хувааж зүсдэг бөгөөд төхөөрөмжөөс гарсан хаягдал цаасыг саваа модоор холдуулж зайлуулдаг..." гэсэн мэдүүлэг /1хх22-23/,

Гэрч Ц.Бын "...2023 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед өөрийн ажилладаг Э ХХК-ны үйлдвэрийн цаас зүсэгч машин дээр Ө.Оийн хамт ажиллахаар болоод зааварчилгааны гарын үсэг зурчхаад ээлжийн мастераас үүрэг чиглэл аваад ажлаа эхэлсэн. Тухайн үед би цаас зүсэгч машины операторын удирдлагын хэсэгт очиж асаан дахин боловсруулах цаасыг бэлтгэхээр тоног төхөөрөмжийг асаасан. Тэгэхэд цаасыг ороох төхөөрөмжид эргэлдэж байгаад зүсэгдсэн хаягдал цаас нь төхөөрөмжид ороогдоход Ө.О нь төхөөрөмжийн орооцолдоог гаргахаар очсон. Тэгтэл гэнэт Ө.О нь орилж хашхираад эргээд хартал төхөөрөмжийн гол хэсэгт гараа хавчуулчихсан байсан. Тэгэхээр нь би хараад шууд төхөөрөмжийг унтрааж аюулгүй болгосон. Удалгүй ээлжийн мастер болон бусад ажилчид ирээд төхөөрөмжөөс Ө.Оийг салгаж аваад гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт Ням-Очир бид хоёр хүргэж өгсөн. Би тухайн байгууллагад 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 05 сар хүртэл ажилласан. Уг байгууллагад бутлуурын хэсэг, чулуун бул, цаас зүсэгч гэх мэт тоног төхөөрөмжүүд дээр туслах ажилтнаар ажилладаг байсан. Бид нарыг аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичмэл хэлбэрээр цаасан дээр гарган өгч уншуулж гарын үсэг зуруулдаг байсан. Тухайн үед бол хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Б нь ажил дээр байгаагүй бөгөөд ээлжийн мастер Б нь ажилчдыг аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулсан..." гэсэн мэдүүлэг /1хх25-26/,

Гэрч Т.Бгийн "...2023 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн үед гэж санаж байна Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эны үйлдвэртээ ирж ажилчдаа ажилдаа гаргахад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөхөөр ирсэн юм. Тухайн үед би 13 орчим ажилчид байсан гэж санаж байна хохирогч оператор Ө.О маань Б гэх үйлдвэрийн операторын хамт цаас зүсэгч машин дээр ажиллахаар болоод надаас зааварчилгаа авч давхар видео бичлэг үзээд аюулгүй ажиллагааны 6000002 зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зураад ажилдаа гарсан юм. Тэгэхэд би цаасны шугамын төхөөрөмжийн дээр илүүдэл цаасны захыг янзлаад байж байсан. Тэгтэл гэнэт эмэгтэй орилох чимээ гарсан юм. Тухайн үед би ажилчдыг ахалж байсан болохоор чимээг нь сонсоод Ө.О, Б нарын зүг очсон юм. Тэгэхэд цаас зүсэгч машины дэргэдээс Ө.Оийг манай ажилчид түшээд над рyy гарах хаалган дээр хүрээд ирсэн. Би 2022 оны 04 дүгээр сараас эхлэн ээлжийн мастераар ажиллаж байгаа юм. Миний хийдэг ажил нь уг үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажилчдын хэвийн үйл ажиллагааг хянаж зааварчилгаа өгч 12 цагийн хугацаанд ажилладаг. Миний бие ажилчдыг өглөө ажилдаа гарахад нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, мөн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг инженерүүдийн хамт зааж зааварчлан ажилд нь гаргадаг. Би ерөнхийдөө тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг хүн бөгөөд аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилчдад ажилд гарахын өмнө нь өгч ажилд нь гаргах ёстой эсэх талаар мэдэхгүй байна. Намайг анх ээлжийн мастераар ажилд ороход ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсгийг мөн зуруулж ажилд нь гаргах ёстой гэж зааж өгсөн. Цаас зүсэгч машин дээр аюулгүй ажиллагааны зөвлөмж, заавар, анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ миний мэдэхээр байдаг бөгөөд ажиллуулж байгаа тохиолдолд гар хүрч болохгүй, эргэлдэх эд ангид хүрч болохгүй гэсэн анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг. Оператор Ө.О нь тэр үед цаас зүсэгч машинаас гарч байсан хаягдал цаасыг цагаан саваагаар холдуулах үүрэгтэй ажиллаж байсан юм. Тэр үед би дэргэд нь байгаагүй болохоор ямар асуудал болсныг сайн мэдэхгүй байна. ХАБ-н инженерээр манай компанийн хэмжээнд Б гэх ганц хүн байдаг. Тухайн үйлдвэрийн осол болох үед бол байгаагүй. " гэсэн мэдүүлэг /1хх28-29/,

Шүүгдэгч *******ын яллагдагчаар мэдүүлсэн "...Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай үйлдвэрийн байранд хаягдал цаас боловсруулах цаас зүсэх бул төхөөрөмжид ажилтан Ө.О гараа гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэг гарсан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай үйлдвэрийн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Л.Б нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал Л.Бын тушаалаар ээлжийн амралтаа авсан байсан. Л.Быг ээлжийн амралттай байх хугацаанд ээлжийн мастер Т.Б хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар журмыг баримтлан үүрэгт ажлаа хийж гүйцэтгэсэн байсан. Ө.О нь манай үйлдвэрт чулуун булын тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан ба ээлжийн мастер өөрийн эрх үүргийн хэмжээнд Ө.Оийг өөр ажил үүрэг дээр ажиллуулах эрхтэй. Тиймээс цаас зүсэх бул тоног төхөөрөмж дээр ажиллуулсан байсан. Уг тоног төхөөрөмж дээр ажиллахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд заасан дүрэм, журам, зааварчилгааг өгсөн байдаг. Хэрэв үйлдвэрт осол аваар гарах, хүн бэртсэн тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар комиссын гишүүд ажиллаж ослын акт бүрдүүлж ажиллах ёстой. Ямар асуудал гарснаасаа хамаарч хэн хариуцах нь тодорхойлогдоно. "Э" ХХК-ны улсын бүртгэлийн хуулийн этгээдийн гэрчилгээ дээр 3 үүсгэн байгуулагч байдаг. Миний бие нь уг компанийн үүсгэн байгуулагч, хуулийн этгээдийг бүрэн төлөөлж, шийдвэр гаргах эрх бүхий удирдлага мөн учраас уг хэрэгт "Э" ХХК-г төлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хариуцагчаар татах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх126, 173/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “Э” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага 2023.01.06-аас хойш ******* гэж бүртгэгдсэн /2хх111/, ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44 дугаартай Туршилтаар ажиллуулах болон 2022 оны 05 сарын 25-ны өдрийн Б-24 дугаартай Ө.О жинхлэн ажиллуулах тухай /оператораар/ захирлын тушаал, Хөдөлмөрийн гэрээ, ХХАА-ны Зааварчилгаа /1хх-ийн 88-89,92-103, 121-127/, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/07 дугаартай "Э” ХХК-ны захирлын "Ээлжийн амралт олгох тухай” тушаал буюу хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер Л.Б 2023.01.09-2023.02.16-ны өдөр хүртэл амралттай байсан тухай /2-р хх176-177/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн тухай шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3.1. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 444 дугаартай Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд "...Ө.Оийн биед баруун гарын сарвууны арьс зөөлөн эдийн бүрэн хууларч яс шөрмөс ил гарсан, алганы шивнүүрийн хугарал, судас мэдрэл, яс шөрмөс, гэмтээсэн шарх, уг шархаар зүслэг хийж зөөлөн эдийг мохоо аргаар чөлөөлөх үхжилт хэсгийг эрүүл хэсэг хүртэл хэсэгчлэн тайрах мэс засал зэрэг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.15.98.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 40% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ө.Оийн биед баруун гарын сарвууны арьс зөөлөн эдийн бүрэн хууларч яс шөрмөс ил гарсан, алганы шивнүүрийн хугарал, судас мэдрэл, яс шөрмөс, гэмтээсэн шарх, уг шархаар зүслэг хэсэгчлэн тайрах мэс засал. 3.4-р хурууны зөөлөн эд нөхсөн үхжилт эдийг авч арьс нөхөх хэвлийн доод хэсэгт судсан сурвалжит унжлага үүсгэх мэс заслын дараах байдал, арьс нөхөх зориулалтаар авсан хэвлий, хоёр гуяны биеийн нийт гадаргуугийн 2-3% талбайг хамарсан сорви гэмтлүүд нь нийлээд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 45% алдагдуулна. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын гаргасан хөдөлмөрийн чадвар алдалт нь хүний ажил мэргэжлийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог харин шүүх эмнэлгийн ерөнхий ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт гэдэг нь хүн өөрөө өөртөө үйлчлэх буюу буюу өдөр тутмын амьдралын хэвийн үйлдэл хөдөлгөөн хийх чадварыг үнэлдэг. Жишээлбэл: Хүн нүүр гар угаах, хувцаслах, хооллож ундлах зэрэг болно." гэсэн дүгнэлт гарчээ. /2р хх71-77/,

3.2. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/14 дугаартай Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын шинжээчийн дүгнэлт: "Э" ХХК-ийн хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрт оператор ажилтай Ө.О 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цаас зүсэх машинд зүүн гараа хавчуулж гэмтээснийг тус компанийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/024 дугаартай тушаалаар томилсон "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс" судалж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт"-ыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын ахлах байцаагч хянаж баталгаажуулсан байна. Тус үйлдвэрлэлийн ослын талаарх мэдээллийг om.inspection.gov.mn цахим бүртгэлийн систем сайтад бүртгүүлсэн байна. Ө.О нь ажлын байран дээрээ осолд өртсөн нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 дэх заалтад "ажлын байрандаа ажил үүрэг гүйцэтгэж байх үед” гэж заасан осолд хамаарах болно. "Э" ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д /машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх/ гэсэн заалтыг зөрчсөн байна. Цаас зүсэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийн хутгатай эргэлдэгч хэсгийн хаалт хамгаалалтыг хийгээгүй, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллаагүй байна. Э ХХК-ийн ээлжийн мастер ажилтай Т.Б гэрчийн мэдүүлэгт дурдахдаа 2023 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн үед хохирогч Ө.Оийг Ц.Б гэх үйлдвэрийн операторын хамт цаас зүсэгч машин дээр ажиллах үүрэг өгснөөр Ө.О, Ц.Б нар нь "Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт тусгасан /Хөдөлгөөний ба эргэж буй эд ангиудад хүрэхгүй байх, гар хөлөө хавчуулах... илэрсэн доголдол, зөрчлийн талаар холбогдох удирдах ажилтан, механик инженерүүдэд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч аюулгүй байдлыг бүрэн хангуулна... гэсэн зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан байна. "Э" ХХК цаас зүсэх машины бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цаас зүсэх машины эргэлдэгч хутгатай хэсэгт хаалт хамгаалалт хийгээгүй, аюулгүй ажиллагаа хангагдаагүй тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд ашигласан нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тухайн осол гарсан өдөр хохирогч Ө.Оийн ажиллаж үрлонтой цаасыг эргэлдүүлж байсан дамарны хоёр захаар зүсэгдсэн нарийн цаас байсан цаас зүсэх машины эргэлдэгч хутгатай хэсэгт хаалт хамгаалалтгүйгээс дамартай орооцолдсоныг баруун гараараа татаж авах гэж байгаад эргэлдэж байсан тоног төхөөрөмжид гарын хуруунуудыг тастуулсан байна. Тухайн осол гарсан өдөр цаас зүсэх машины эргэлдэгч хутгатай хэсэгт хаалт хамгаалалтгүй байснаас дамарны хоёр захаар зүсэгдсэн нарийн цаас дамартай орооцолдсоныг хохирогч Ө. О баруун гараараа татаж авах гэж байгаад хуруунуудаа таслуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн ажилтны үүргийг биелүүлээгүй байна. Э ХХК-аас ажилтнуудад ажил үүрэг гүйцэтгэх үед хэрэглэх ажлын хувцас хэрэгсэл олгосон байна. Хохирогч Ө. О нь тухайн өдөр Б гэх үйлдвэрийн операторын хамт цаас зүсэгч машин дээр ажиллахаар ээлжийн мастер Т.Бгээс аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, гарын үсэг зурж ажилдаа гарсан байна. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрээр үйлдвэрлэлийн осолд өртсөн Ө.Оийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон байна. Тус компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх заалтыг үндэслэн хохирогч Ө.Оийн нэг сарын дундаж цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 13.500.000 төгрөг олгосон байна. Мөн Ө.Оийн эмчилгээний зардал, цалинд 25.812.169 төгрөгийг олгосон байна." гэсэн байна. /1хх243-245/,

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор заасан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч ******* дээр дурдсанаар “Э” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байх ба хохирогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан тул ажил олгогч, ажилтын эрх, үүргийн харилцаа үүссэн. Ажил олгогч нь ажил гүйцэтгүүлэхдээ холбогдох хууль болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллуулах, гүйцэтгүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотой хэм хэмжээний акт, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах, ийнхүү биелүүлэн ажиллаагүйгээс осол болсон гэж үзэх үндэслэлтэй байна.  

Тодруулбал, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/14 дугаартай Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын шинжээчийн дүгнэлтэд “..."Э" ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д /машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх/ гэсэн заалтыг зөрчсөн байна. Цаас зүсэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийн хутгатай эргэлдэгч хэсгийн хаалт хамгаалалтыг хийгээгүй, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллаагүй байна. "Э" ХХК цаас зүсэх машины бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цаас зүсэх машины эргэлдэгч хутгатай хэсэгт хаалт хамгаалалт хийгээгүй, аюулгүй ажиллагаа хангагдаагүй тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд ашигласан нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна...” гэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлд машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлагын талаар хуульчилсан ба 9.1 дэх хэсэгт Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна гээд 9.1.3 дахь заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх” гэж заасан.

Мөн зүйлийн 9.3 дахь хэсэгт “Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна”, 9.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно” гэж заасныг ажил олгогч байгууллага үйл ажиллагаандаа баримтлаагүй байна.

Мөн хуулийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэснээр шүүгдэгч нь байгууллагын удирдах албан тушаалтны хувьд хуульд заасны үйлдвэрлэл явагдаж байгаа эсэх, тоног төхөөрөмжүүд зөвшөөрөлтэй эсэхэд хяналт тавих үүрэгтэй байна. “Э” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр Л.Б гэх хүнийг томилон ажиллуулж байсан, тэрээр хэрэг болох цаг хугацаанд ээлжийн амралттай байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Үүнээс дүгнэхэд, тухайн үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулах боломжтой эсэхийг эрх бүхий улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл аваагүй нь машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулахыг хориглосон нөхцөл байдалд хамаарна. Улмаар ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй буюу тоног, төхөөрөмжийг хуулийн дагуу ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй эс үйлдэхүйгээс ажилтан үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж хүнд гэмтсэн үйлдэлд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг буруутай гэсэн яллах талын үндэслэл нь зөв байна.   

5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийн буруутай үйлдлээс осол гарсан, осол болон тоног төхөөрөмжид зөвшөөрөл, гэрчилгээ авсан эсэх нь хоорондоо объектив шалтгаант холбоогүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй юм. Энэ тохиолдолд төхөөрөмжийг хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй тул ашиглалтад оруулах ёсгүй байсан гэсэн хууль үр дагавар үүснэ. Тиймээс осол болон улсын байцаагчийн ашиглалтад оруулах зөвшөөрөл нь шалтгаант холбоотой, улсын байцаагчийн зөвшөөрөл нь уг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллах боломжтой эсэхэд ач холбогдол бүхий баримт бичиг гэж үзнэ.     

6. Хэрэг нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болсон байх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “Э” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ******* нь 2023.01.06-аас хойш ажиллаж байсан, ажлаа аваад 1 сарын хугацаа болоогүй байсан нь түүний гэм бурууг үгүйсгэхгүй боловч эрүүгийн хариуцлага дээр харгалзан үзэх нөхцөл болохоор байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд “...хохирогч Ө.О баруун гараараа татаж авах гэж байгаад хуруунуудаа таслуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн ажилтны үүргийг биелүүлээгүй байна...” гэсэн нь нөхөн төлөгдөх гэм хорыг багасгах, эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал болохоос үүргээ биелүүлээгүйгээс осол гарсан гэм бурууг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

9. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний хохиролд 11,600,166 төгрөг, ажилгүй байсан хугацааны 30,000,000 төгрөг, хохирогчийг асарч, сувилсан зардалд 2,400,000 төгрөг, шатахууны зардалд 5,740,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 25,500,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 18,208,080 төгрөг тус тус нэхэмжилсэн. 

Мөн улсын яллагчаас хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан зардал болох 2,597,300 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх дүгнэлт гаргасан.

10. Тус хэрэгт “Э” ХХК-г иргэний хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу хохирогчид учирсан хохирлыг ажил олгогч болох иргэний хариуцагч “Э” ХХК-аас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

11. Иргэний хуулийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

11.1. Иргэний хариуцагч “Э” ХХК-аас хохирогчид эмчилгээ, ажилгүй байсан хугацааны хохиролд нийт 25,598,693 төлснийг дурдаж байна. /2хх190/

Хохирогчийн нэхэмжилж буй хохирол нь “Э” ХХК-аас төлсөн үнийн дүнгээс хойших хугацаанд үүссэн эмчилгээ, цалин хөлсийг нэхэмжилсэн хохирол байна. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 11,600,166 төгрөг, 2023 оны 10 сараас 2025 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд ажилгүй байсан цалин хөлсөнд (нэг сарын цалинг 1,500,000 төгрөгөөр тооцон, цалингийн хэмжээ гэрээнд заасан 1хх194) 30,000,000 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх нь зөв байна.

11.2. Харин хохирогчийн нэхэмжлэлээс шатахууны зардалд 5,740,000 төгрөг нэхэмжилснийг зайлшгүй зардалд хамаарахгүй, уг шатахуунтай холбоотой дийлэнх баримт гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.3. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 18,208,080 төгрөг нэхэмжилснийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 899 дугаартай дүгнэлтэд "хохирогч Ө.Оийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна" гэжээ. /2-р хх82-84/,

2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэрэг учрал болсон бөгөөд сэтгэцэд учирсан гэм хорын холбогдох зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд болсон хохиролтой холбоотой сэтгэцийн хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна. Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Тиймээс сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг шүүгдэгчид хүлээлгэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.4. Хохирогчийг өвчтэй байх хугацаанд асарч, сувилсан зардалд 2,400,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 25,500,000 төгрөг нэхэмжилснийг тус хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болно.

12. Улсын яллагчаас хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан зардал болох 2,597,300 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх дүгнэлт гаргасныг хэлэлцэхгүй орхих нь зөв байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан. Тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох ажилтныг тогтоогоогүй, прокурор нь Эрүүл мэндийн даатгалын санг итгэмжлэлгүйгээр төлөөлөхгүй тул уг асуудлыг шүүх хэлэлцэн шийдвэрлэх үндэслэлгүй байна.  

13. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Э” ХХК-аас 41,600,116 төгрөг гаргуулж хохирогчид олгуулж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

14.1. Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах дүгнэлт дүгнэлт,    

14.2. шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хуулийн этгээдийг яллагдагчаар татсан зүйл байхгүй тул хуулийн этгээдийн эрхийг хасах нь үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлтийг,

14.3. хохирогчийн өмгөөлөгч нараас “...торгуулийн ял оногдуулахад орлого тодорхой бус, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөлийг харгалзан хорих ял оногдуулж өгнө үү. ...мөн хуулийн этгээдэд ажиллах эрхийг хасах нь үндэслэлтэй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

15. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

16. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хуулийн дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах үүргээ биелээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хууль бус эс үйлдлийн шинж байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

17. Шүүгдэгчийн үйлдэлд хуульд зааснаар хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж 2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж заасан.

Энэ тохиолдолд хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хуульд заагаагүй, хуулийн этгээдийг яллагдагчаар татаагүй байхад хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм.   

Шүүгдэгч *******ын хувьд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх тул бусад тодорхой эрх болох хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар (гүйцэтгэх удирдлага) ажиллах эрхийг хасах нь зөв байна.

Улмаар шүүгдэгч *******ын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

18. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллах эрх хасах хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Э” ХХК-аас 41,600,116 төгрөг гаргуулж хохирогчид олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын цаашид гарах хохирол болон сахиуртай холбоотой зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

6. Хохирогчийн нэхэмжлэлээс шатахууны зардал 5,740,000 төгрөг, сэтгэцийн гэм хорд 18,208,080 төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлыг хэлэлцээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР