Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 433

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Оы нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/00126 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Оы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Бөд холбогдох  

 

11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Энхтунгалаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.Бөд 11 000 000 төгрөгийг Геронтологийн төвийн урд газрыг хөөцөлдүүлэхээр өгсөн, гэвч газрын асуудал шийдэгдэхгүй удаад байсан тул бид нар 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, мөнгө өгсөн тухай бичгээр баримт үйлдсэн. Угтаа Д.Б надаас 11 000 000 төгрөгийг буцааж өгнө гэж зээлсэн. Тухайн үед би 6 000 000 төгрөгийг бэлнээр, дараа нь 5 000 000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Тэрээр надаас мөнгө авахдаа н.Эрдэнэбатад битгий хэлээрэй гэж гуйсан, хожим газрын эрх сэргээх асуудал шийдэгдэхгүй байсан тул би гэрч н.Эд хандан Д.Бөд мөнгийг минь яаралтай эргүүлж өг гэж хэлүүлсэн. Ингээд манай ажил дээр бид 3 уулзаж 11,000,000.00 төгрөгийг хэзээ хэрхэн буцаан өгөх талаар ярилцаж энэ тухай тэмдэглэл үйлдсэн. Нэхэмжлэгч миний бие Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн газрыг хувьчилж авсан байсан боловч хүчингүй болсон. Үүнийг хариуцагч Д.Б хуулийн дагуу хувьчлагдаагүй байна, би засаж залруулж өгнө гэж хэлээд надаас 11 000 000 төгрөг авсан. Бидний уулзалтын дагуу 4 000 000 төгрөгийг 2 удаа өгөх болон газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй юм. Иймд, хариуцагчаас 11 000 000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 11 000 000 төгрөгийг зээлж аваагүй, харин 4 000 000 төгрөгийг хүчингүй болсон газар эзэмших эрхийг сэргээх ажилд зориулж авсан. Хэрэгт авагдсан 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгийг үйлдсэн талаар маргахгүй боловч 4 000 000 төгрөгийг авсан байхад 11 000 000 төгрөг өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие газрын гэрчилгээ авч очсон удаа байхгүй. Нэхэмжлэгч Д.Оы газрын эрхийг хүчингүй болгох тухай Төрийн өмчийн хорооны шийдвэр гарсан байсан. Гэтэл тэрээр газрынхаа дуудлага худалдааны анхны үнийг төлсөн байсан тул бид төр хариуцлагагүй хандсан талаар ярилцсан. Би газрын гэрчилгээ барьцаалж мөнгө зээлээгүй. Миний бие авсан 4 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. н.Эрдэнэбат гэж хүнд мөнгө авсан талаар хэлээгүй бэ гэхээр хүнд тусална гэж хэлчихээд мөнгө авсан гэвэл буруу зүйл болчих гээд байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигт сандарч гарын үсэг зурсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Д.Бөөс 11 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт гэрчээр оролцсон Х.Баасансүрэн, П.Түвшинжаргал нар нь Д.Оы ажилтнууд бөгөөд нэхэмжлэгчийн хүссэнээр мэдүүлгийг өгсөн, мөн эдгээр хүмүүс намайг танихгүй, нэрийг маань ч мэдэхгүй. “Өр авлагын тухай ярилцав” гэсэн баримтад н.Батмөнх санал: “Зуслангийн газар өгье, 2 саяар хувааж өгье, 2017 оны онд багтаан өгнө, зуслангийн газар цулгуй газар, 5 жилийн хугацаатай газар бий...” гэсэн нь би 4 сая төгрөг авснаа хүлээн зөвшөөрч түүнийг хоёр, хоёр саяар нь төлнө гэснээ илэрхийлсэн үйлдэл бөгөөд дээрх баримтыг анхан шатны шүүх 11 сая төгрөг авснаа илэрхийлсэн гэж үзсэн нь үгийн утгыг буруу ойлгожээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад өөрийн үзэмжээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө” гэжээ.

 

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Бөд холбогдуулан 11 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Б нь 11 000 000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Геронтологийн төв эмнэлгийн урд байрлах газрыг хөөцөлдөж өгнө гэж авсан, газрын асуудал шийдэгдэхгүй удаад байсан тул Д.Б, н.Эрдэнэбат, Д.О нар 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уулзаж өр, авлагын тухай ярилцаж баримт үйлдсэн” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...мөнгийг зээлж аваагүй, 4 000 000 төгрөгийг авсан талаар маргахгүй, газар эзэмших эрх хүчингүй болсон байсныг зохицуулах гэж авсан” гэж тус тус тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Хэрэгт 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “нэхэмжлэгч Д.О, хариуцагч Д.Б, н.Эрдэнэбат нар уулзаж өр, авлагын тухай ярилцав” гэх баримт авагдсан байх ба уг баримтын агуулгаас үзвэл 11 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /хх 3/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарах тул талуудын гаргасан тайлбараар маргааны үйл баримтыг тогтоох боломжтой. Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан үндэслэлээ нотолж чадаагүй болно.

 

Гэрч Г.Э-ийн “...Д.О 11 000 000 төгрөг гэсэн. Д.Б 10 000 000 орчим төгрөг ярьж байсан. График гаргаж өгнө гэж хэлсэн...” гэх, П.Түвшинжаргалын “...Д.О эмчийн өрөөнд харсан. Д.О эмч намайг сейфнээс мөнгө аваад өг гэхээр нь 6 000 000 төгрөгийг авч ширээн дээр тавьсан” гэх, Х.Баасансүрэнгийн “...Д.Б гэх хүнийг эмнэлэг дотор хэд хэдэн удаа харсан. Нэг удаа 5 000 000 төгрөгийг эмчийн хэлснээр авч өгсөн” гэх мэдүүлгүүд, “2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д.Б, н.Эрдэнэбат, Д.О нар уулзаж өр, авлагын талаар ярилцав” гэх бичгийн баримт, талуудын тайлбартай харьцуулан үзэж, хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Д.Оаас 11 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

            Нөгөө талаар хариуцагч Д.Б нь өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцээгүй байх тул шүүх хариуцагч Д.Бийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН