Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 102/2022/06019/И |
Дугаар | 102/ШШ2023/01813 |
Огноо | 2023-05-09 |
Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/01813
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 00 дугаар хороолол, 00 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух Б.Т
Хариуцагч “М.Д” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 25.360.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н
Хариуцагчийн өмгөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан 25.360.650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-00-УНУ улсын дугаартай “lexus-570” маркийн автомашиныг “К БББС” ХХК-ийн барьцаанд тавьж, 100.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийг авахдаа М.Д ХХК-ийн “premium” даатгал буюу үнэлгээг нэг хувиар даатгадаг даатгалд 2.600.000 төгрөгөөр даатгуулсан.
2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн орой Ховд аймгийн Булган сумын ойд явж байх замдаа Өвөрхангай аймгийн “Шартын даваа”-ны орчимд явж байгаад адуу мөргөсөн.
Осол гарах үед утас сүлжээгүй байсан учраас дуудлага өгч чадаагүй.
Хөдлөөд цааш 3-4 километр газар сүлжээтэй болоод урд талд явж байсан Д.Б найзтайгаа холбогдож болсон явдлын талаар хэлээд Өвөрхангай аймгийн төв орж хоносон.
Ингээд хот руу Ж.С найзтайгаа ярьж, манай гэр бүлийн хүн буюу эхнэрийн машиныг найз маань Өвөрхангай аймагт унаж ирээд, эргүүлээд миний гэмтсэн машиныг унаж явсан.
Иймээс М.Д ХХК-аас даатгалын хохирлын төлбөрт 25.360.650 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
Тээврийн хэрэгслийн гэрээ дээр заасны дагуу ямар, ямар үед даатгалд хамрагдах бэ? гэдгийг заасан.
Үүний дагуу манайх нэг хувийн даатгал буюу “premium” ангиллаар даатгуулсан.
Тэгэхээр энэ машин зогсоолд зогсож байсан, хөдөлгөөнд оролцож байсан гээд ямар нэгэн байдлаар эрсдэл учирсан тохиолдолд даатгалыг 100 хувь авна гэж ойлгож байна, гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: К ББСБ” ХХК-ийн нэр дээр өмчлөлтэй 00-00-УНУ улсын дугаартай “lexus-570” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч жолоодож яваад адуу мөргөсөн гээд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу материалаа бүрдүүлэн өгсөн.
Ингээд манай байгууллага Б.Т ын бүрдүүлж өгсөн материалын дагуу шалгаж үзээд, нэхэмжилсэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь:
2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 000/0000 дугаартай “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт даатгуулагч энэхүү гэрээгээр нөхөн төлбөр олгогдож болох аливаа хохирлын талаарх тухайн эрсдэл учирсан ослын газраас хөдлөхгүйгээр даатгалын тохиолдлыг газар дээр нь мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хэрвээ нэн даруй мэдэгдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол даатгагчид 24 цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй тухай заасан.
Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй талаар мөн заасан. Хууль болон гэрээнд тусгайлан үүрэг болгоод заасан учир даатгалын тохиолдлыг болсон үгүйг нь тодруулах ач холбогдолтой.
Даатгуулагч компанид даатгалын тохиолдлын тухай мэдэгдэж, зургыг явуулах ёстой байсан. Тиймээс даатгуулагч энэ үүргээ биелүүлээгүй.
Даатгуулагч 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө даатгалын тохиолдол болсон боловч манай компанид 09 дүгээр сарын 06-ны өдөр буюу аль хэдийн осол болоод ослын газраас хөдлөөд аль хэдийн Улаанбаатар хотод ирснийхээ дараа мэдэгдсэн.
Иймээс нэгдүгээрт даатгуулагч хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, даатгалын тохиолдол болсон эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Даатгуулагч нөхөн төлбөрийг олгохыг хүсэж М.Д ХХК-д материал бүрдүүлэн өгөхдөө хуульд заасны дагуу бичгээр гаргасан өргөдөл, холбогдох эрх бүхий албан тушаалтны хохирол үнэлгээний баримт, аваар осол болсон тухай холбогдох мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгөх ёстой байдаг.
Б.Тын гаргаж өгсөн баримт хууль болон гэрээнд заасан баримт байгаагүй, шаардлага хангаагүй учраас хариуцагчийн зүгээс нэмэлт баримтыг өөрсдөө цуглуулах ажиллагаа хийсэн.
Нэмэлт баримт цуглуулахад Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсээс ослын талаар тодруулахаар албан бичиг явуулсан боловч 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0000 дугаартай Албан бичгээр осол гарсан өдөр нэхэмжлэгчийн зүгээс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирээгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.
Энэ талаар өмнөх шүүх хуралдаанаар нотлох баримтаар гаргаж, үзлэг хийлгэх талаар дурдахад нэхэмжлэгч үзлэг хийлгэх шаардлагагүй энэ талаар маргахгүй гэсэн учраас дурдаад явъя.
Иймд бид гэрээ болон даатгалын тухай хуульд заасны дагуу татгалзаж шийдвэрлэсэн. Мөн энэ талаар даатгагч татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд маргааныг Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлэхээр заасан.
Үүний дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан.
Санхүүгийн зохицуулах хорооноос талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан хохирлыг нотлох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг албан бичгээр өгснийг нэхэмжлэгч хэрэгт хавсаргаж өгсөн байдаг.
Даатгалын компанид хураамж төлснөөр нөөц санг бий болгож аваар осол гарсан үед даатгуулагчид буцаан олгох замаар ажилладаг. Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ зөрчсөн үйлдэлд нөхөн төлбөр олгоно.
Бусад хураамж төлсөн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж буй харилцагч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж нөөц санг буруу зүйлд ашигласан үйлдэл болно гэж үздэг.
Ийм учраас энэ сангаас даатгалын нөхөн төлбөрийг гаргах боломжгүй тул олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Мэдээж ангиллаас нь хамаараад даатгалын компани хувь хэмжээгээ тогтоодог.
Гэхдээ таны даатгалын баталгаа дээр “premium” гэсэн боловч ямар тохиолдолд даатгал олгох, ямар тохиолдолд даатгал олгохгүй байх бэ? гэдэг үндэслэлийг тусгаж өгсөн.
Танд даатгал олгохоос татгалзсан шалтгаан даатгал олгохгүй байх нөхцөл байдалд хамаарч байгаа тул татгалзсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.
5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, “А “ ХХК-ийн үнэлгээний тайлан, төлбөр төлсөн баримт, Б.Т-ын “Х” банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, “Шонхор үнэлгээ аудит” ХХК-ийн аудиторын тайлан
7.Хариуцагчаас хариу тайлбар, Ц.Н олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,өмгөөлөлийн хууль зүйн туслалцааны гэрээ, “К ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээ”, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,
8.Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Д ХХК-аас тээврийн хэрэгслийн мэдээлэл, гэрээ, М.Д ХХК-д гаргасан Б.Тын хүсэлт, М.Д ХХК-аас Б.Тд хүргүүлсэн хүсэлтийн хариу, “К ББСБ” ХХК-ийн албан бичиг, гэрч Д.Б, Ж.А, Б.Б, Т.Д, Ж.С нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, үзлэгийн тэмдэглэл
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Нөхөн төлбөр олгох бүх баримтыг хариуцагчид гаргаж өгсөн бөгөөд миний бие нэг хувийн даатгал “premium” ангиллаар автомашинаа даатгуулсан учраас даатгалын эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр авна гэж ойлгосон. Ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй” гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нэхэмжлэлийн татгалзлаа “Нэхэмжлэгч хууль, гэрээнд зааснаар ослын тохиодол болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Мөн баримтаа бүрэн бүрдүүлж өгөөгүй. Даатгалын тохиолдлыг газар дээр нь мэдэгдэх үүрэгтэй. Хэрвээ нэн даруй мэдэгдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол даатгагчид 24 цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй. “Рremium” даатгал гэдэг бусад даатгалаас машины зогсоол, грашинд байсан үед ослын тохиодол бий болоход хамаарагддаг даатгал. Нөөц сангаас нөхөн олговрын мөнгийг олгох боломжгүй” гэж илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч М.Д ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулж, 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсад орж ирсэн, арлын 0000000, улсын 00-00-УНӨ дугаартай, “Lehus-LX-570-J200” маркийн хар саарал өнгийн суудлын автомашиныг нэг жилийн хугацаатай, 2.600.000 төгрөгөөр даатгуулж, даатгалын хураамж 2.600.000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргахгүй байна.
6.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3 дахь хэсэгт зааснаар “Даатгалын гэрээ”-ний харилцаа үүсэж, гэрээг бичгээр байгуулж хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.
7.Хариуцагч нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөрт 25.360.650 төгрөг гаргуулах мөнгөн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
8.Хавтас хэргийн 22-24 дүгээр хуудсанд авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 00000 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралтаар хариуцагч даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байна.
9.Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас даатгуулагч шаардах эрхтэй.
10.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгагч, даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол, хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэйг зохицуулжээ.
11.Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд “2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн орой Өвөрхангай аймгийн “Шартын даваа”-ны орчимд явж байхад адуу гарч ирээд мөргөсөн. Осол гарах үед утас сүлжээгүй байсан тул дуудлага өгч чадаагүй. Хөдлөөд 3-4 километр газар сүлжээтэй болсон. Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Гэрч нар машин адуу мөргөснийг гэрчилнэ” гэж тайлбарласан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн даатгуулсан автомашин гэмтсэн болох нь түүний шүүхэд нотлох баримтаар өгсөн гэрэл зургаас харагдаж байгаа хэдий ч Өвөрхангай аймгийн “Шартын даваа” гэх нэртэй газар адуу дайрч осол болсон эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй мөн гэрч нар “адуу дайрсан, гэмтсэн автомашиныг хотод унаж авчирсан” гэх мэдүүлгийг шүүхэд мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлэг хуульд заасны дагуу бичгийн баримтаар нотлогдох ёстой.
12.Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь хэсэгт зааснаар даатгагч даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцлийг даатгуулагчид танилцуулсан эсэх талаар зохигчдын хэн аль нь маргаагүй ба нэхэмжлэгч “Рremium” даатгалын гэрээний нөхцлөөр даатгуулсан гэж мэтгэлцэж байх тул хариуцагчийг танилцуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
13.Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч автомашины хурдыг тохируулсан эсэх, харанхуй үед, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явсан эсэхийг зөрчөөгүй гэдгээ нотлох баримтаар нотлож чадаагүй, хэрэгт гэрэл зургаас өөрөөр зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл, гэм бурууг тогтоосон баримт авагдаагүй мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5 “г” дахь хэсэгт заасны дагуу ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх, 3.6 дахь хэсэгт замын тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолоочийн тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч, даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г” -д заасан үүргээс чөлөөлөгдөхөөр заасныг тайлбарлаж хэрэгжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
14.Зохигчдын байгуулсан “Рremium” даатгалын гэрээнээс авч үзвэл гэрээний ялгаатай, онцлог заалт нь даатгалын эрсдэл хэсгийн 2 дахь заалт “зогсоолын эрсдэл” буюу зогсоолд байрлуулах үедээ бусад биетийг шүргэх, мөргөх, зогсоол, грашинд байх үед барилга нуралт, сантехникийн гэмтлээс үүдсэн усанд автах, гуравдагч этгээдийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлийг эрсдэлд тооцон нөхөн төлбөр олгохоор заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага энэ заалтад хамаарахгүй байна гэж дүгнэлээ.
15.Иймээс нэхэмжлэгч Б.Т тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо “А” ХХК-ийн үнэлгээний тайлангаар 25.360.650 төгрөгөөр тогтоож нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй шэж үзлээ.
16.Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч Б.Т өөрийн өмчлөлийн маргаан бүхий тээврийн хэрэгслийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “К ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, тээврийн хэрэгсэл банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийг өмчлөх эрхээсээ хуульд зааснаар татгалзсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч шүүхэд хандах эрхтэй.
17.Хавтас хэргийн 8-13, 95-96 дугаар хуудсан авагдсан бичгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, 439.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Д ХХК-д холбогдох 25.360.650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.853 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА