Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/22

 

 

                                                                                                                  О.Очид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор П.Шижиртуяа

Шүүгдэгч О.Оч

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолтой О.Очид холбогдох 2115000400082 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Чин Ван овогт Оюумаагийн Оч /рд:ГИ*******/, Булган аймгийн С суманд 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, Булган аймгийн С сумын ** дугаар багийн “С” гэх газарт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группд байдаг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг гэх, 37 настай, эрэгтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар

О.Оч нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн С сумын ** дугаар багийн нутаг Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын Зүүн голын “Д” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор

   Шүүгдэгч Чин ван овогт Оюумаагийн Очийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

  Шүүгдэгч О.Очийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Очид гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.Очид сануулж, хэрэгт шүүгдэгч О.Оч нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Очид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасныг баримтлан шүүгдэгч О.Очоос байгаль экологид учруулсан хохирлын үлдэгдэл 479841 төгрөгийг, Төрийн сангийн ******** дугаарын данснаас 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь ********* тоот дансанд олгож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн **-** УБА улсын дугаартай “Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн иргэн Б-ын Мөнх-Очир /РД: АН*******/-ын эзэмшилд үлдээж, шүүгдэгч О.Очоос **-** УБА улсын дугаартай “Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн үнэ 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг; 3.913 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 49 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж ,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа шар өнгийн маниултай, баруун талдаа таггүй, “JIN SHI WANG гэсэн бичиглэлтэй, бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож,

Энэ хэрэгт шүүгдэгч О.Очоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч О.Очийн өмгөөлөгч М.Найдан би 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар 2021/ШЦТ/108 шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу тогтоох хэсгийн 7 дугаарт заасан **-** УБА улсын дугаартай “HUYNDAI PORTER” тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болох 1.700.000 /нэг сая долоон зууй мянга/ төгрөгийг О.Очоос хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гуйцэтгэх байгууллагад даалгасугай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байдаг.

Гэтэл шүүгдэгч О.Очийн **-** УБА улсын дугаартай “HUYNDAI PORTER” тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болох 1.700.000 / нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг О.Очоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь хохирлын хэмжээнээс давсан байна. Бодит хохирол болох экологид учирсан 659.947 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 1.979.841 төгрөгний хохирлын 1.500.000 төгрөгийг О.Оч прокурорын шатанд төлсөн ба үлдэгдэл 479.841 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжтой тул заавал тээврийн хэрэгслийн үнийг О.Очоос гаргуулах нь үндэслэлгүй” гэжээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

  Шүүгдэгч О.Оч нь Булган аймгийн С сумын ** дугаар багийн нутаг Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын Зүүн голын “Д” гэх улсын тусгай хамгаалалтай газраас ойгоос 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3.913 м.куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

   Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутаг нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар батлагдсан “Төлбөрийн муж тогтоох тухай”, “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлдэж ашигласны төлбөр тогтоох мужлал”-ын Нэгдүгээр мужийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Монгол улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой”-д хамаарч байна.

О.Очийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд тэрээр байгаль экологид 659.947 төгрөгийн бодит хохирол учруулжээ.

   Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Очийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан Хууль ёсны байх, Шударга ёсны, Гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчид хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хор уршгийг арилгах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Мөн **-** УБА улсын дугаартай “HYUNDAI PORTER” тээврийн хэрэгслийн үнэ болох 1.700.000 төгрөг болон 3.913 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 49 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Харин шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч О.Очоос гаргуулж Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь ******** тоот дансанд олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасан тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж үзнэ.

   Түүнээс гадна 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт шүүхээс тэнссэн хугацаа болон албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан.

   Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд шүүгдэгч О.Оч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр өршөөлд хамааруулахгүй нөхцөлд хамаарахгүй байх тул шүүхээс тэнссэн хугацаа болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасныг баримтлан шүүгдэгч О.Очоос байгаль экологид учруулсан хохирлын үлдэгдэл 479841 төгрөгийг, Төрийн сангийн ******** дугаарын данснаас 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Төрийн сан дахь ********* тоот дансанд...” гэснийг

“...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Очоос байгаль экологид учруулсан хохирлын үлдэгдэл 479.841 төгрөгийг, Төрийн сангийн ******** дугаарын данснаас 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т тус тус зааснаар О.Очид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаа болон гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        С.УРАНЧИМЭГ 

 

                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН