Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 116

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

хохирогч Э.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.Ган-Оргил түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар  зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Баясгалангийн Ган-Оргилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201626022772 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, металл боловсруулах машины оператор мэргэжилтэй, Скай стар тоглоомын газар хамгаалагч ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум 12 дугаар баг 4-51 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Баясгалангийн Ган-Оргил /РД:МЙ95021718/

 

Шүүгдэгч Б.Ган-Оргил нь 2016 оны 10 дугар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай стар автомат тоглоомын газрын гадна иргэн Э.Пүрэвсүрэнтэй маргалдаж улмаар түүний хөлийг хамаж түлхэж унагаан нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун хоншоор, хацар ясны хугарал, хамрын ясын цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхи хамрын нурууны цус хуралт, зулгаралт, баруун хацрын төвгөр, 2 тохой, нурууны зулгаралт, шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талын цус хуралт, дээд үүдэн хиймэл суулгацтай шүднүүдийн сулрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ган-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай найз намайг автомат тоглоомын газар ажилд оруулна гээд дагалдан хийж байсан. Би хашааны гадаа зогсож байтал Нэмэхээ гэдэг залуутай ярьж зогсож байгаад над дээр ирээд түрүүн үүдэн дээр чи намайг оруулахгүй гээд байсан билүү гээд надтай муудалцсан” гэв.

Шүүгдэгч Э.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай найзын төрсөн өдөр байсан. Би найзуудтайгаа пабад 23 цаг хүртэл сууж байгаад гараад Дурсамж гэдэг бааранд орсон. Манай найз гараад явахаар нь би тоглоомын газар очтол тухайн газар хааж таарсан. Би тухайн газарт ажилладаг таньдаг залуучуудтай уулзаад зогсож байтал тэдний захирал гэх нэг эмэгтэй гарч ирээд намайг зайл гэхээр нь би хуцаад байгаарай гэсэн. Тухайн гадаа байсан Ган-Оргил намайг цохиж унагасан. Тэгтэл намайг босоод ирэхэд яваад өгсөн байсан. Би хүний утас гуйж 102 руу залгасан. Цагдаа нар 30 минутын дараа ирсэн. Цагдаа нар зодуулсан газраас миний утсыг олж өгсөн. Миний эрүүний яс цөмрөөд би хадуулсан. Би Орбит эмнэлэгт эмчлүүлсэн. Миний гаргаж өгсөн баримтаар 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасагт хагалгаанд орсон баримтууд гаргаж өгч 1.000.000 гаран төгрөгийг авсан. Нүдний хагалгаанд 3.000.000  төгрөгөөр орсон. Ган-Оргил надад байгаа мөнгө нь 2.200.000 төгрөг өгсөн. Би тухайн авсан мөнгөөр нүдээ янзлуулсан. Би Ган-Оргилоос шүд эмчлүүлэх 4.000.000 төгрөгийг авсан тохиолдолд гомдол саналгүй” гэв.

         

           Шүүгдэгч Б.Ган-Оргил нь 2016 оны 10 дугар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай стар автомат тоглоомын газрын гадна иргэн Э.Пүрэвсүрэнтэй маргалдаж улмаар түүний хөлийг хамаж түлхэж унагаан нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун хоншоор, хацар ясны хугарал, хамрын ясын цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхи хамрын нурууны цус хуралт, зулгаралт, баруун хацрын төвгөр, 2 тохой, нурууны зулгаралт, шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талын цус хуралт, дээд үүдэн хиймэл суулгацтай шүднүүдийн сулрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

Хохирогч Э.Пүрэвсүрэнгийн “Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо Энэр төвийн В1 давхарт байрлах Очир титэм нэртэй караоке дээр байсан ба уг караокег би түрээслүүлэн ажиллуулдаг юм.  ... Уг бааранд суух хугацаанд 1 шил 0,7 граммтай Чингис аваад бүжиглэх нь бүжиглээд байж байсан ба тухайн үед Занданбат байхгүй болохоор нь уг баарнаас гараад хойд талд нь үйл ажиллагаа явуулдаг Автомат тоглоомын газар луу нь орох гэтэл нэг өндөр туранхай  залуу манайх хааж байна гэж хэлсэн ба тухайн үед уг автомат тоглоомын газрын хүмүүс хаагаад гарч ирсэн ба би өөрийн зүс таних жижигхэн биетэй хоёр шанаагаараа сахалтай залууг дуудаад хашааны гадна юм ярьж байтал уг авто тоглоомын газрыг ажиллуулдаг цагаан куртиктэй туранхай биетэй хүүхэн намайг чи одоо зайлаач гэж хэлэхээр нь би урдаас нь чи битгий хуцаад бай гэж хэлэхэд нөгөө хүүхэн нь наад залуугаа алаач гэж хэлэхэд түрүүлж гарч явсан том биетэй залуу нь миний зүүн талын шанаа руу цохиод авсан бөгөөд тухайн үед би арагшаа унасан ба намайг тал талаас өшиглөөд байхаар нь би нэг хөл барьж аваад босоод ирэхэд нэг өндөр туранхай залуу нь байсан ба дахиад зууралдаад газар унаад дахиад намайг тал талаас цохиод байх шиг байсан ба нэг хэсэг би ухаангүй болчихсон байсан. Тэгээд нэг харахад нөгөө намайг зодсон хүмүүс машинд суугаад явсан. ...Би эхлээд нэг том биетэй, түрүүлээд хашааны гадна зогсож байсан  хүн миний зүүн тал руу гараар цохисонг санаж байгаа бөгөөд би газар унасан. Тэгээд юу болсонг сайн санахгүй байна. Тэгээд  юу болсонг сайн санахгүй байна. Тэгээд дахиад босож ирэхэд дахиж зууралдаж унагаагаад миний нүүрний баруун тал руу хөл  орж ирсэнг санаж байна. ...Тэгээд бас эмчилгээнд гарсан зардал мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна.Тиймээс гомдлоо барагдуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

Гэрч Д.Отгонзаяагийн “...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Скай стар автомат тоглоомын газарт теллерийн үүрэг гүйцэтгэж байсан ба тухайн өдөр манай ажил дээр дарга Мандах, хамгаалагч Ган-Оргил, хамгаалагч Батзориг, хамгаалагч Нэмэхбаяр бид нар хамт ажил дээр ажиллаж байсан. ...манай ажлын хаалгыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 02 цагийн үед нэг үл таних хүн нүдээд байхаар нь манай ажлын хамгаалагч болох Батзориг  очоод манайх хаачихсан  байна гэж  хэлэхэд нөгөө хүн нь урдаас нь би орж тогломоор байна, танайх хаагаагүй байгаа мэдэж байна гээд орилоод байхаар нь би хамгаалагч Батзоригийг онгойлгоод наад хүндээ харуулчих гэж хэлсэн бөгөөд  Батзориг хаалга нээгээд та өөрөө харалдаа манайх хаачихсан байгааг гээд харуулахад нөгөө хүн нь би ормоор байна, орж  тогломоор байна гээд дайраад байхаар нь манай хамгаалагч Батзориг хаачихсан оруулахгүй гэж хэлсэн боловч үл тоосон байдалтай би орж тогломоор байна танайх яахлээрээ ийм эрт хаадаг юм бэ, чи ер нь хэн  юм бэ гээд хамгаалагч Батзориг руу дайраад байхаар нь би хэн юм болоо гэж бодоод очиж харахад өмнө нь манай тоглоомын газар орж ирж тоглодог байсан том биетэй зүс таних залуу байсан ба тухайн үед их согтуу архи үнэртүүлсэн байсан. ...манай захирал Мандах эгчийн урдаас шууд чи муу гичий дуугүй бай чамд хамаагүй, юу гээд байгаа юм бэ, хэзээ танайх ийм болсон юм бэ гээд Ган-Оргилыг заамдаж аваад эхлээд мөргөхөөр нь Ган-Оргил ах та битгий ингээд хэрүүл хийгээд байгаач, одоо харьж амрах хэрэгтэй ах гэж хэлээд зүүн гар талаас нь сугадаад явах гэхэд нөгөө согтуу залуу чи муу ер нь яах гээд байгаа ямар том юм бэ гээд Ган-Оргилыг заамдаж аваад эхлээд мөргөхөөр нь Ган-Оргил нөгөө согтуу залууг түлхээд баруун гараараа нүүр лүү нь цохиод авсан юм. Тэгтэл нөгөө залуу нь газар унаж босож ирээд Ган-Оргилтой барьцалдаж авахаар нь Ган-Оргил хашаатай хамт шахаж бариад та яагаад байгаа юм бэ ах гэж хэлэхэд нөгөө согтуу том биетэй залуу дахиж мөргөөд хавсарч унагаах гэж оролдсон юм. Тэгэхэд Ган-Оргил нөгөө том биетэй залууг хойш нь түлхээд куртикээ тайлаад газарт тавихад нөгөө залуу ч гэсэн цамцаа тайлаад газар шидэхэд Ган-Оргилыг цохих гэхэд нь Ган-Оргил доошоо суугаад хоёр хөлийг нь давхар хамж унагаагаад нүүр лүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би Нэмэхбаяр бид хоёр очоод салгахад нөгөө согтуу том биетэй хүний хамарнаас цус гарчихсан байсан ба өөрөө цамцаараа цусаа арчаад за за хоёулаа маргааш эр хүн шиг уулзъя, хоёулаа танилцъя гэж хэлээд Ган-Оргилтой танилцаад гар бариад салаад Номин их дэлгүүрийн зүг тал руугаа  яваап өгсөн юм. Тэгээд бид нар Мандах эгчийн машинд суугаад явцгаасан юм...”гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч О.Нэмэхбаярын “...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ажиллаж байгаа газар болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Скай стар автомат тоглоомын газарт дарга Мандах, Ган-Оргил, Батзориг, Заяа нарын хамт ажил дээр байсан. ...Маргаан бол хэрүүлээс л эхэлсэн. Манай захирал Мандах, Буян-Аврал нар согтуу хүн хэзээ ч оруулж болохгүй, хэрэв орж ирвэл хамаг эд зүйл эвдээд байдаг юм гэж зааварчилгаа өгсөн байсан юм.  Тэгээд л нөгөө ах их согтуу байхаар нь оруулахгүй хаачихсан байна  гэж хэлэхэд нөгөө ах гэнэт уурлаад л танайх яадаг болсон юм бэ, та нарыг ална шүү гээд л орилоод эхэлсэн. Тэгээд гадаа Мандахыг гичий минь ална шүү намайг, танайх хэзээ хаадаг болсон юм бэ гээд байсан. Тэгээд бас Ган-Оргилыг Батзоригтой андуураад чи намайг дотор юу юу гээд байлаа гээд андуурсанаас л болсон. Ганцхан Ган-Оргил л тэр ахтай зодолдсон. Өөр хүн зодолдоогүй. Би болон Заяа бид хоёр дундуур нь орж салгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/

Гэрч Я.Хажидмаагийн “ ...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай найз Наранбулагийн төрсөн өдөр болсон. Тэгээд өөрийн нөхөр Пүрэвсүрэн, найз Наранбулаг, Занданбат, Аюур, Ану, Болороо нарын хамт хорооллын Миланж нэртэй пабад ороод архи , пиво ууж төрсөн өдөр тэмдэглэж байгаад гараад Дурсамж нэртэй бааранд ороод 1 шил архи аваад бүжиглэцгээсэн. Тэгтэл манай нөхөр Пүрэвсүрэн бүжиглэхгүй ширээний хажууд сууж байсан ба нэг харсан чинь босоод явчихсан байсан. ...уг баарны хамгаалагч нэг залуу бид нар дээр ирээд Пүрэвсүрэн гэж хүн манай баарны гадаа тоглоомын газрын үүдэнд хүнд зодуулчихсан гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар баарны гадаа гартал Пүрэвсүрэн ганцаараа тоглоомын газрын үүдэнд доошоо тонгойчихсон зогсож байсан ба дээшээ өндийх үед би нүүрийг нь хартал манай нөхрийн хамар, амнаас нь цус гарчихсан, уруул нь хавдчихсан байсан. ...Зодооны талаар би болон манай найз нар хараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/

Гэрч С.Батзоригийн “Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ажиллаж байгаа газар болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Скай стар автомат тоглоомын газарт хамгаалагчийнхаа ажлаа хийгээд байж байсан. ... Тэр согтуу ах манай ажил руу орох гээд дайрах үед манай ажлын Мандах эгч, Отгонзаяа, Ган-Оргил авч гарсан ба Нэмэхбаяр араас нь гарсан. Яг гадаа  ямар маргаан болсонг би  мэдэхгүй. Би  дотор түлхүүр хайгаад хаалга түгжих гэж байсан. Тэгээд хаалгаа түгжээд гараад ирсэн чинь Ган-Оргилтой зодолдож байсан. ...Намайг гараад ирэхэд тэр хоёр гадуур хувцсаа хоёулаа тайлчихсан байсан. Тэгээд бас нөгөө согтуу ахын хамарнаас нь цус гарчихсан. Өөр ямар нэгэн зүйл ажиглагдаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/

Гэрч  Б.Лхагвасүрэнгийн “...Нөгөө таксины жолоочоос ямар маркийн ямар дугаартай машинд сууж явсан талаар асуухад 51-13 ДАХ улсын дугаартай Бенз маркийн машинд суугаад явсанг би харсан гэж хэлэхээр нь би дуудлага мэдээллийн хуудсан дээр бичиж авсан. Дуудлагаар очиход Баянгол дүүргийн 14 дүгээр  хороо Скай стар тоглоомын автомат тоглоомын газрын баруун урд талд нүүр ам нь цус болчихсон ганцаараа зогсож байсан. Нилээн согтуу байсан. Тэгээд хамарнаас нь цус гарчихсан, баруун нүдний доод хэсэгт жаахан цус болсон байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/

Гэрч Д.Баянмөнхийн “...миний машин унтарчихаад асахгүй болохоор нь машинаа түрэх гээд зогсож байтал миний машины гэрэлд Номин дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талд хүмүүс зодолдоод байх шиг харагдсан. Тэгэхээр нь би тэр зодолдож байгаа хүмүүс рүү хартал том биетэй ах нэг залуутай зодолдоод том биетэй ах газар унасан чинь нөгөө зодоод байсан ах нь тэр ахын нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл хажууд нь басан 2 залуу салгаад нөгөө залуугаа хар өнгийн суудлын бенз маркийн автомашинд суулгаад аваад ертөнцийн зүгээр баруун зүг рүү явчихсан. Тэгэхээр нь тэр залуугийн сууж явсан машиных нь дугаарыг хараад зогсож байтал нөгөө зодуулсан ах над дээр нилээн согтуу байдалтай ирээд цагдаад дуудлага өгчих гээд гуйгаад байхаар нь би өөрийнхөө утаснаас 102 руу залгаад дуудлага өгсөн. ...барагцаагаар 20-25 метр орчим зайнаас харсан байхаа. Тэгэхдээ машины гэрэлд болсон үйл явдал надад их тод харагдсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14766 дугаартай дүгнэлтэнд :

1. Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, баруун хоншоор, хацар ясны хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал зүүн нүдний ухархайн дотор ханын гүн цөмөрсөн хугарал 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт зулгаралт, баруун хацрын төвгөр, 2 тохой, нурууны зулгаралт, шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талын цус хуралт, дээд үүдэн хиймэл суулгацтай шүднүүдийн сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 43/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Б.Ган-Оргил нь Скай стар автомат тоглоомын газрын гадна иргэн Э.Пүрэвсүрэнтэй маргалдаж улмаар түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ган-Оргилын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 51 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул  түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

           

           Шүүгдэгч Б.Ган-Оргил нь хохирогч Э.Пүрэвсүрэнд 2.200.000 төгрөг төлсөн тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мєрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч Б.Ган-Оргил нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ган-Оргилд шүүх  ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж сайн дураараа хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Боржигон овогт Баясгалангийн Ган-Оргилыг  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар   Б.Ган-Оргилыг 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Оргил нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зїйлийн 298.1.1, 298.1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Оргил нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ган-Оргилд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бїхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ган-Оргилд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ