Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 475

 

 

 

 

 

 

 

 

 

Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02018 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК-д холбогдох  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 966 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батнямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч А ХХК-тай харилцан тохиролцож, БН2015-06 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр 1300 м3 бетон зуурмагийг манай компани нийлүүлэх, нийт үнийн дүн 93 644 000 төгрөгийг төлөхөөс 29 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн. Үлдэгдэл 64 644 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.-т зааснаар худалдан авагч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирцсон. Уг тохиролцоог үндэслээд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 30 хоногийн дотор гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлөх үүргээ биелүүлээгүй учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 64 644 000 төгрөгөөс 0.5 хувиар алданги тооцож, тухайн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах заалтаар нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 50 хувиар тооцоод 32 322 000 төгрөгийг, үлдэгдэл төлбөр 64 644 000 төгрөг, нийт 96 966 000 төгрөг болсон. Үл хөдлөх эд хөрөнгөөр манайх тохирсон асуудал байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгөөр сольж төлбөр барагдуулахад алдангиас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй. Өнгөрсөн хугацаанд удирдлагууд утсаар ярьж 64,644,000 төгрөгөө төлөөч гэж шаардаж байсан. Үлдэгдэл төлбөрөө орон сууцаар төлж болно гэсэн байдлаар гэрээнд заасан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч талаас ямар нэг байдлаар үл хөдлөх хөрөнгө төлнө гэсэн зүйл ярьж байгаагүй. Одоо үл хөдлөх хөрөнгө буюу байр өгнө гэвэл хүлээж авахад бэлэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Ажнай” цэгц ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ш ХХК-тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Тус гэрээндээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор заасан. Хэдийгээр үлдсэн хувийг тухайн үед өгч чадаагүй ч гэсэн одоо бол яг өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага 96 966 000 төгрөгийг маргаж байгаа зүйл байхгүй. Харин алданги болох 32 322 000 төгрөгийг өгөхөд тодорхой хугацаа хэрэгтэй байна. Нэхэмжлэгч талаас гаргасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй санал нийлэхгүй байх тул шүүх хуралдааныг хуулийн дагуу явуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 96 966 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 642 780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас хариуцах хураамжид 642 780 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Батням давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан "Бетон зуурмаг худалдах, худалдан авах" гэрээгээр гэрээний төлбөрийн 70 хувийг үл хөдлөх хөрөнгөөр төлнө гэж тохиролцсон. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон төлбөр төлөх талаар тохиролцоог хууль бусаар өөрчилж, мөнгөн хэлбэрээр төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ш ХХК нь А ХХК-аас авах төлбөрөө үл хөдлөх хөрөнгөөр авахгүй, мөнгөн хэлбэрээр төлүүлэх талаар ямар нэг байдлаар мэдэгдээгүй тул үл хөдлөх хөрөнгөөр гэрээний төлбөрийн 70 хувийг төлнө гэсэн гэрээний 6.1-д заасан заалтаас татгалзсан гэж дүгнэх боломжгүй. Талууд гэрээний үндсэн төлбөр түүний хэмжээ, төлөх хэлбэр болон алдангийн хэмжээ, төлөх хугацааны асуудлаар харилцан тохиролцох хүсэл зоригтой байхад шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Ш ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 966 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч шүүх хуралдаанаар хэргийг  хэлэлцүүлэх захирамж гаргах, уг захирамжид шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг товлох, шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ажиллагааг явуулах үүрэгтэй.

 

Гэтэл анхан шатны шүүх иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаагүй байхдаа шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдэж ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д “...хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдаан хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заасныг зөрчсөн. Шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагаа хангалттай хийгдээгүй байна.

 

Түүнчлэн хэрэгт шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамж авагдаагүй байхад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг зөрчсөн тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна. 

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөн, дахин гүйцэтгүүлэх болможгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН